Friday, April 29, 2011

Trigger point - танилцуулга

 






















Булчин хальсны өвдөлтийн үед "сэдээгч цэг"-ийг олж, түүнийг арилгах нь чухал. Анх энэ тухай Жанэт Травэлл \ 1901- 1997\ гэдэг эмч бичиж байжээ.  Энэ хүн цагтаа цагаан ордонд ерөнхийлөгч Кэнниди-гийн эмчээр ажиллаж байв. Насааараа энэ цэг дээр анхаарч ажиллачихаад, " сэдээгч цэг"-ийн талаарх анхны номоо 95 настайдаа хэвлэлтэнд өгчээ гэвэл та итгэх үү? Тэгэхээр ном шиг ном бичье гэвэл их туршлага шаардагдах мэт санагдах юм. Орчуулгын ном ч гэсэн, тэр талаараа маш сайн судалж мэдсэн, түүнийгээ энгийн үгээр тайлбарлах чадвартай болсон хойноо хийх ажил. Травэлл эмч залуу байхдаа зүрх, уушиг гээд дотрын тасгуудад нилээд хэдэн жил ажиллаж байжээ. Тэр үедээ өвчтнөөс " За таны бие хэр байна даа" гэж асуухаар " өө гайгүй дээ, гэхдээ энэ талын мөр нэг л биш. Хажуугаараа харж унтахаар өвдөөд, шөнө ч бүтэн нойртой хонуулахгүй юм." гэж хариулах нь элбэг. Зүрхний тасгийн резидент эмчээс өвдөлтийн шалтгааныг асуухаар зүрхтэй холбож тайлбарлана. Уушигны тасгийн эмчээс асуухаар уушиг өвдсөнтэй холбоотойгоор рефлексээр мөр өвдөж байгаа юм гэнэ. Тэгсэн эмнэлгийн бичиг цаас хариуцсан эмэгтэй бас л миний мөр хүзүү өвдөөд байна гэсээр орж ирэхэд энэ өвдөлт юутай холбоотой вэ гэхээр сэтгэцийн эмгэг гэсэн хариулт сонсоно. Тэгээд Травэлл энэ өвдөлтийн учрыг олохоор шийджээ. Дээрх өвчтнүүдийн мөрний өвдөлтийг тайлбарлах органик шалтгаан байгаагүй ч өвчний түүхийг судлаад байсан эмч нар булчин, араг ясны үзлэгээ огт бичдэггүй нь анхаарлыг нь татав. Тэгээд өөрөө өвчтнүүдэд үзлэг хийж, хөндүүр хэсэг болох мөр, гар, цээжний булчин дотор зангирсан багцыг тэмтэрч, тухайн үед анагаах ухаанд танигдаж амжаагүй байсан " булчин хальсны хам шинж" гэсэн оношыг анх тавьжээ. Орчин үед сэргээн засалч эмч нарын заавал хийж сурсан байх чадварын нэгт " булчин хальсны хам шинжийг" оношлох, эмчлэх асуудал зайлшгүй багтдаг болсон байна. Энэ талын гол сурах бичиг нь Травэлл ба Саймонс гэсэн зохиогчтой " Булчин хальсны өвдөлт ба үйлийн хямрал" гэсэн 2 боть ном юм. \ үргэлжлэл бий\

Monday, April 25, 2011

Siriraj Swallowing Screening

Монголын сэргээн засалч эмч нартаа зориулав. Ажилдаа сайхан хэрэглээд явна гэж найдаж байна. Сүүлийн үед блогыг маань овоо хүмсүүд уншаад байгаа бололтой. Яваандаа бүр олон эмч уншдаг болох бизээ.  Хүүхдийн хувьд залгилтын үйл ажиллагааг арай өөрөөр үнэлдэг. Тэрийг миний бие буцаж очоод тусад нь "том" ажил болгон хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ мэргэжлийн ахуй засалч манай тасагт байдаггүй болохоор жаахан бэргэшээж байгааг нуугаад яахав. Часхийсэн хэдэн сайн хөдөлгөөн, ахуй засалчтай болох юмсан. Тэгвэл ажил мөн ч урагштай явна даа.

" Сирираж" эмнэлгийн сэргээн засах тасгаас гаргасан " Залгилтыг үнэлэх сорил"

Энэ сорилыг зөвхөн хүний биеийн амин чухал үзүүлэлтүүд тогтвортой болсон тохиолдолд хийнэ.
Сорилыг хийхээс өмнөх ажиглалт
1. Өвчтөн 75-90 хэм хүртэл өндийж суух боломжтой эсэх,  хамгийн багадаа 15 минут
2. Өвчтөн өөрийн ухаантай эсэх, 2 алхамт коммандыг биелүүлж чадах эсэх
\Дээрх 2 асуултанд тийм, үгүй гэсэн хариултын аль нэгийг дугуйлна.\ Хэрвээ 2-ланд нь " үгүй" гэвэл залгилтыг үнэлэх сорилыг хийхгүй. Амны хөндийн ариун цэврийг сахих, зөв хооллох байрлалыг дэмжих тактик баримтална. Харин 2-ланд нь " тийм" гэсэн бол сорилыг үргэлжлүүлнэ.

Шалгах хуудас
1. Өвчтөн амаа бүрэн хааж чадах эсэх \ шүлс гоожихгүй байх\, хэлний хөдөлгөөн сайн эсэх
    \ дээд доод уруулаа долоож чадах байгаа эсэхээр нь үнэлнэ\, залгих рефлекс илэрч байгаа эсэх 
Дээрх 3 үйлдлийн 2-ыг нь гүйцэтгэж чадаж байвал " тийм" гэсэн жагсаалтанд оруулж 1 оноо өгнө.

2.  Өвчтнийг ханиалгуулна. Хэрвээ ханиаж чадаж байвал дахин нэг оноо.
3.   Өвчтөн шүлсээ залгиж чадаж байгаа эсэх \ хуурай залгилт\
Энэ 3-т 3-ланд нь " тийм" гэвэл " ус залгих сорил"-ыг үргэлжлүүлэн хийнэ. Хэрвээ нэгээс илүү " үгүй" бол ахуй засалч руу илгээж, " амны хөдөлгөөн сайжруулах дасгал, стимуляци" -д хамруулна.

" Ус залгих сорил"
1 цайны халбага ус уулгана. Нийт 3 халбага ус уулгана. Бүгдийг нь ууж чадаж байвал сорилыг үргэлжлүүлж 90 мл ус уулгах. Хэрвээ чадахгүй бол \ шүлс гоожих, ханиалгах, залгилт удаашрах, эсвэл залгиж чадахгүй байх гэх мэт\ ахуй засалч руу буцаан илгээх тактик баримтална.
90 мл ус ууж чадаж байвал тохирох дэглэмийн дагуу хоолонд оруулж болно гэж үзнэ. Гэхдээ өвчтний эхний хооллолтыг сорил хийсэн эмч өөрийн биеэр хянах шаардлагатай. Харин 90 мл ус ууж чадахгүй бол залгих дасгалд оруулж, хөнгөвчилсөн хооллолтонд шилжүүлэх ба дахин 7 хоног бүр сорилыг давтан хийж, өвчтнөө үнэлнэ. Өвчтөн хангалттай хэмжээний ус болоод тэжээллэгийг авч чадаж байгаа эсэхэд хяналт тавихаа мартав. Залгилтын бэрхшээлтэй өвчтнүүд ихэвчлэн хамар- ходоодны гуурсаар хооллодог. Энэхүү "идэвхигүй" хооллолтоос "идэвхитэй" лүү шилжүүлэхийн тулд дээрх илрүүлэх сорилыг хийдэг байна.


Wednesday, April 20, 2011

Архаг өвдөлтийн өвөрмөц бус эмчилгээ- Nonspecific pain treatment

Ойрд онгод орохгүй жаахан тиймхэн байна. Өнөөдөр заавал нэг бичлэг оруулна гэж хүчлээд эхэллээ. Залхуураад байвал залхуураад л байх шинжтэй.

Архаг өвдөлтийн эмчилгээний үр дүн ямар байдаг вэ? Дийлэнх хувьд өвдөлтийн эрчим сулрахаас биш өвдөлт бүр мөсөн намдана гэж байдаггүй. Яагаад вэ гэвэл өвдөлт үүсгээд байгаа шалтгааныг бид арилгаж чадахгүй. Жишээ нь: Хорт хавдар гэж "зэвүүн" өвчин байна. Энэ өвчнөөс болоод шаналж зовж байгаа түмэн хүнийг харахаар сэтгэл сэмэрч, өөрийн мэдэлгүй би хавдрыг үзэн ядаж байна гэж хашгирмаар болдог. Хавдар хүнийг идсээр байгаад л нөгөө ертөнц лүү авч оддог. Хавдрын өвдөлтийг ор мөргүй арилгах аргагүй. Хавдрын бус гаралтай архаг өвдөлт гээд бодонгуут зарим өвчний, өвдөлтийн шалтгаан тодорхойгүй байдаг. Шалтгаан тодорхойгүй өвчнийг эмчилнэ гэдэг харанхуйд зүү хайж буй мэт бэрх даваа. Гэлээ гээд эмч бид бууж өгөх учиргүй. Судална, шинжилнэ, эмчилнэ.
Саяхан би Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэгээс гаргасан сонины 2011 оны 1 сарын дугаар болох
" Өвдөлтийн өвөрмөц бус эмчилгээ" гэсэн сэдвээр илтгэл тавьлаа. Энэ тал дээр хийгдсэн маш олон судалгааны ажил байдаг юм байна. Дийлэнх ажлын үр дүнг нэгтгээд ийм нэг томьёололд хүрчээ. Ерөнхийдөө өвдөлт намдаах нь 3 хүчин зүйлээс хамааралтай.
 1-т өвөрмөц эмчилгээ
 \ хар тамхины бүлгийн болоод бусад өвдөлтийн эмүүд, өвдөлт намдаах хоригууд, бичил мэс ажилбар гэх мэт\ .
   2-т өвчний өөрийнх нь эмгэг жамаар өвдөлт буурах  \ жишээ нь:  цочмог өвдөлтийн эдгэрэх механизм байна. Гэнэт нуруу өвдлөө гэхэд дийлэнхидээ 2 долоо хоногийн дотор өөрөө аяндаа намддаг. Цөөн хувь нь л архаг өвдөлтөнд шилждэг шүү дээ\.
   3-т өвөрмөц бус эмчилгээ орно.  Өвөрмөц бус эмчилгээнд өвчтний зан араншин,  эмч - өвчтний харилцаа гол байрыг эзэлнэ. Өөрөө "ноцтой" эмгэгээр өвдөж, эмчлүүлж байсан эмч өвчтнийг их сайн ойлгодог, тэр хирээр эмчилгээний үр дүн сайн байдаг гэсэн  дүгнэлт нэг судалгааны ажлаас гарсан байна. Өөр бас нэг судалгаагаар хавдартай өвчтнүүдийн хувьд өвдөлтийн хүч, эрчимээс илүүтэй эмчийн харилцаа хандлага чухал нөлөөтэй гэсэн "мессеж" өгсөн байна лээ.
Бас нэг сонирхолтой судалгаа бидэнд чухал зүйлийг ойлгуулах юм шиг санагдаад байгаа болохоор жаахан дэлгэрэнгүй бичнээ. Өрхийн эмнэлэгт хандсан 1000 өвчтнийг түүвэрлэж аваад тэднийг 3 жил дагаж судалсан байгаан. Түүвэрлэлт хийсэн гол зовиурууд нь:  цээжээр өвдөх, хавагнах, ядарч сульдах, толгой эргэх, толгой, нуруу, хэвлийгээр өвдөх, амьсгаадах, бадайрах, нойргүйдэх гэсэн 10 зовиур оржээ. Эдгээр нь өвчтөн эмнэлэгт хандах, эмч анхаарч тэмдэглэх ноцтой шинж тэмдэг мөн тул сонгосон байна. Тэгтэл 3 жил дагаж судалсны дараа зөвхөн 16%-д нь л органик өвчний шалтгаан байсан гэвэл та итгэх үү? Эндээс хүн яах гэж эмчид ханддаг вэ гэвэл " таны энэ зовиур үхэлд хүргэхгүй гэдгийг би баттай хэлж чадна, та тайван байж, энэ эмчилгээг хийхэд сайхан болноо." гэсэн халуун дулаан үгсийг эмчийн амнаас сонсож итгэх гэж л дийлэнх хувь нь эмнэлэгт ханддаг байхнээ. Хэрвээ та эмч хүн бол өвчтөндөө хэр элэгсэг дотно ханддаг вэ? Та өвдөлтөөс илүү өвчтний айдастай эхлээд нүүр тулан тэмцэх ёстой гэдгээ мэддэг үү? Эмч хүний ажлын, эмчилгээний үр дүн харьцаа хандлагаас нь ихээхэн хамаардаг.  Чин сэтгэлээсээ хүнд туслахсан гэсэн хүслээр өвчтнөө ойлгож, халуун дотно уур амьсгал дунд хүнээ эмчилж заншвал өвчтөн тань хурдан илаарших нь байна шүү гэдгийг дэлхий дахинд хийгдсэн олон судалгаа шинжилгээний үр дүнгээр баталчихаад байна гэсэн "мессеж"-ийг л Монгол эмч нартаа түгээхийг хүслээ би.

Wednesday, April 13, 2011

Happy Songkran day







Монголын цагаан сартай адилхан Тайландын уламжлалт шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байна. 1940 оныг хүртэл Тайландчууд шинэ оныг 4 сарын 1 нээс эхлэн тоолдог байжээ. Хуурай улирлын төгсгөл, жилийн хамгийн халуун өдрүүд болох 4 сарын 13-аас 15-ны хооронд, бүх нийтээрээ амарч, Сонкран буюу усны баяраа өвөрмөцөөр тэмдэглэдэг ард түмэн юм байна. Ингээд усны байлдаанд оролцохоор гадаадууд ихээр цугладаг Као Сонг гудамж луу явлаа. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Та нартаа Тайландын шинэ жилийн халуун мэндийг хүргэе.

Thursday, April 7, 2011

Нойрны эрүүл ахуй

Шөнө нойр хүрэхгүй, өдөр ажлаа хийж чадахгүй зүүрмэглээд, ядраад яваад байхаар амьдралын чанар доройтоно. Гэхдээ нойр хүрэхгүй байлаа гээд яаран нойрны эм уух нь яавч зөв сонголт биш. Эм гэдэг бол хор юм. Аливаа нэг эм ганцхан хэсэгт үйлчилдэггүй. Асуудалтай байгаа хэсэгт үйлчилсэнээр өвчнийг бид илааршуулдаг ч асуудалгүй хэсэгт давхар нөлөөлсөнөөр эмийн гаж нөлөө илэрдэг. Гаж нөлөө нь эмчилгээнээс давсан тохиолдолд хор болно. Энэ бүх ярвигтай процессыг судалчихаад, танд үйлчилж байгаа хүн бол эмч. Тиймээс эмчийг дорд үзэн, дур мэдэн өөрийгөө эмчлэх гэж оролдох нь амиа хорлолтын нэг хэлбэр юм. Мэргэжлийн бус хүн их мэдэгч царайлан өөрийгөө төдийгүй өрөөл бусдыг эмээр бөмбөгдөх гэж оролдох нь гэмт хэрэг бөлгөө. За хадуурах нь,  Гол сэдэвтээ эргэн орое.


                                                         Нойрны эрүүл ахуй

1. Унтахаас 60-90 минутын өмнөөс бие болоод сэтгэлээ унтахад бэлтгэж эхэлнээ. Өдрийн таагүй үйл явдлын талаар битгий бод, сэтгэл зовоосон асуудлыг аль болох бодлоосоо хөөн зайлуулах гэж хичээ. Та энэ хорвоод амьдралаас таашаал авах гэж мэндэлсэн зочин болохоос ажлын мал, асуудлын үндэс биш юм. Ойр дотны хүмүүстэйгээ хүнд сэдвээр ярилцахаас зайлсхий. Хэт ихийг бодвол нойр үл хүрнэ.
2.  Булчин суллах дасгал хий. Гол үндэс нь булчингаа сайтар агшаавал сайн сулардаг. Бид энэ үйлдлийг зөнгөөрөө өдрийн туршид хэдэнтээ хийдэг шүү дээ. Сайхан гүнзгий амьгал аваад, биеэ сулла.
3. Унтахаас 3 цагийн өмнөөс хүнд хоол идэхгүй, цай, кофе, алкохольный төрлийн ундааг уухгүй байх хэрэгтэй
4. Хэрвээ та тамхичин бол ядаж оройд битгий татаарай. Тамхи төв мэдрэлийн системийг сэдээдэг.
5. Тогтсон цагт унтаж, босч занших хэрэгтэй. Амарсан мэт санагдсан л бол шууд бос. Амралтын өдөр юм чинь олон цаг унтана гэж хэвтэх нь буруу зуршил шүү.
6.  Орыг зөвхөн унтах эсвэл секс хийх зориулалтаар л ашиглана. Орондоо идэх, ном унших, компьютор тоглох зэрэг үйлдлийг хоригло.  
7.  Хэвтээд 10 минутаас илүү хугацаанд нойр хүрэхгүй байгаа тохиолдолд үсэрч босоод, өөр зүйл хий. Зөвхөн нойр хүрсэн үедээ л орондоо орж заншаарай.
8. Цэвэрхэн ор хөнжлийн даавуунд, тохирсон дэр дэрлээд, тавтай сайхан нойрсоорой.
Нойр муутай хоносоны маргааш хөдөлгөөний талаас тэнцвэр алдагдана, танин мэдэхүйн хувьд анхаарал сарниж, санах ой ердийнхөөс 20%-аар мууддаг. Хэдийгээр маргааш чухал шалгалттай эсвэл илтгэл тавих гээд бэлдэж байсан ч дуусгах гэж бүү улайр. Шууд хаяад унтахаар хэвтээрэй. Оройноос өглөө сэргэлэн гэдэг шүү дээ. Өрөөл бусдыг хайрлах нь багассан энэ хатуу, хүйтэн нийгэмд өөрийгөө хайрлаж амьдарцгаая.

Monday, April 4, 2011

Rehab rotation - 1

4 сар бол тэр чигээрээ сэргээн засалч эмч өвдөлтийн багт багтдагийн учир жанцанг яс махандаа шингэтэл ойлгож авах гол зорилго-д тэмүүлсэн сар байх болноо. Ерөнхийдөө миний сүүлийн тойролт. Энийг дуусгаад өвдөлтийн клиник дээр 2 сар байна. Тэгээд үндсэндээ өвдөлтөөр мэргэшсэн Монголын анхны сэргээн засалч их эмч болж байгаа юм даа.

Тайландын өвдөлт намдаах нийгэмлэгийн тэргүүн, проф. Прадит эмч энэ сарын удирдагч багшаар ажиллаж байгаа. Өнөөдөр энэ хүний " Өвдөлтийн менежмент-д сэргээн засах эмчийн оролцоо" гэсэн 3 цагын лекцийг сонссон. Өвдөлтийн ангилал, механизм, физикийн аппарат, халуун хүйтэн жин, дасгал, туслах хэрэгсэл яагаад архаг өвдөлтөнд чухал байр эзэлдэг талаар, механик өвдөлтийн шалтгаан, механизм, өвдөлтийн тухай мэдээллийг өвчтөнд хэлж өгөхийн чухлыг, өвчтний өвдөлтийн талаарх бодлыг яаж өөрчлөх, түүнтэй холбоотой урган гарч ирэх сэтгэцийн асуудлуудын тухай тус тус ярилцсан болно.
Өвдөлт намдаах багт анес-ийн эмч, сэргээн засалч, сэтгэцийн эмч, хөдөлгөөн засалч, өвдөлтийн сувилагч, нийгмийн ажилтан гэсэн нөхдүүд багтан ажиллах учиртай юмаа. Өвдөлтийг байршлаар нь хэвлийн, бугуйн, өвдөгний гэх мэтчилэн ангилна. Механизмаар нь үрэвсэлт, невропатик, үйлийн хямралт гэж хувааж үзнэ. Зөвхөн өвдөлтийн механизм дээр гэхэд л маш олон өнцгөөс харсан, зүсэн зүйлийн хувилбарууд байгаа. Дараа нь үргэлжлэх хугацаагаар нь цочмог \ адал явдалт кино\, архаг \ савангийн дуурь\, хавдрын өвдөлт
 \ аймшгийн кино\ гэж ангилна.  Хүний биеийн амин чухал үзүүлэлтэнд пульс, амьсгалын тоо, цусны даралт, биеийн хэм ордог. Тэгвэл орчин үед 5 дахь чухал үзүүлэлт нь өвдөлт гэж явдаг болжээ. Тиймээс эмч, сувилагч нар бүгдээрээ өвдөлтийн талаар зайлшгүй мэдлэгтэй байх шаардлага тулгарч байгаа биз.  Тайландад нийт өвдөлтийн 80%-ийг өрхийн болон бусад эмч нар намдааж чаддаг. Зөвхөн 10% нь л өвдөлтөөр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмчийн туслалцаа авдаг. Өөрөөр хэлбэл энд Сирираж эмнэлэг дээр бидний үзэж харж байгаа бүх тохиолдолууд шийдэхэд хэцүү, хамгийн хүнд хэлбэр гэж ойлгож болно гэх юм. Үргэлж хэцүү тохиолдолтой таараад байхаар эргэж нутагтаа очоод, хялбар тохиолдлыг эмчилж чадахгүй байх аюул бий шүү гэж анхааруулж байна. Бас зан заншил, соёлын ялгааг мэдэрч ажиллахын чухлыг зөвлөв. Саяхан нэг сонирхолтой судалгаа хийгджээ. Америк, Веатнам 2 улсын нас чацуу, өвдөгний үе суулгах хагалгаанд орсон хүмүүсийн хар тамхины бүлгийн хэрэглээний талаар  харьцуулан судалжээ. Тэгсэн Америк өвчтнүүдээс Вьетнам эмээ нар 3 дахин бага тунгаар морфин хэрэглэсэн бөгөөд тэдгээрийн зөвхөн 8% нь л эмийн тун өвдөлт намдаах хангалттай хэмжээнд хүрээгүй гэж үзжээ. Харин Америк эмгэчүүл 3 дахин их тунгаар морфин авсан байж 80% нь өвдөлт намдаах хангалттай тун биш гэж үзсэн байхын. Үүн дээрээс харахад өвчтний итгэл үнэмшил, зан заншил, амьдралын хэв маяг өвдөлтөнд нөлөөлөх чухал хүчин зүйл болох нь тодорхой байна. Өвдөлт гэдэг маань өөрөө субьектив учраас өвчтний бодол, сэтгэцийн байдал, хамгаалах механизм, тэмцэх чадвар зэрэг нь нөлөөлөх чухал хүчин зүйлс юм. Тиймээс өвдөлтийг эмээр эсвэл ажилбараар намдаах нь үр дүн багатай байдаг. Хамгийн гол нь би юу хэлэх гээд байна вэ гэвэл сэтгэх хүрээгээ өргөжүүлэх хэрэгтэй мэт санагдана. Нэг давхарт гарлаа өвдөлтийн органик шалтгааныг л олж харна, 2 давхарт гарвал сэтгэцийн талаас нь өргөжүүлж харна, 3 давхарт гарлаа бие, сэтгэц, нийгмийн талаас нь өвдөлттэй өвчтнийг бүрэн ойлгох боломжтой болно. Өөрөөр хэлбэл өндөрт гарах тусам харах талбай өргөн уужим болно, харах талбай өргөн болоод ирэхээр авах арга хэмжээ хүртэл аяндаа чанаржаад ирэх учиртай.

Sunday, April 3, 2011

Ayuthaya хотоор аялсан тэмдэглэл

Тайландын эртний түүхэн хот болох Аюутаяа 1350- 1767 оныг хүртэл, 400-н жилийн турш Сиам улсын нийслэл гэгдэж байсан бөгөөд энэ хотыг үе дамжин нийтдээ 33 хаан захирч байжээ. 1700 оны үед хотын нийт оршин суугчдын тоо  1 сая-д хүрч байв. 1767 онд Эртний Бурма \ одоогийн Мянмар\ улсын цэргүүд уулгалан довтолж, энэхүү гайхамшигт хотыг үнсэн товорго болгосон хар түүхтэй ажээ. 42 хэмийн халууныг үл ажран, хотын тууриар хийсэн аялал маань үнэ цэнэтэй байлаа. Тайланд-д хийсэн аялалуудаас хамгийн ихээр сэтгэгдэл төрүүлсэн газруудын нэг тул онцлон блогтоо бичлэг болгон нэмж, сайн аппаратаар авсан чанартай хэдэн зураг оруулж байна. Уншигч таны ч бас таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Балгас дундуур явж байхад, бурхдын толгой, гарыг тас цавчсан нь сүрдмээр бас аймаар сэтгэгдэл төрүүлэв.