Monday, February 17, 2014

Миний тухай

Сайн байцгаана уу?

Би Монголд СОС эмнэлэгт ажилладаг, сэргээн засах, өвдөлт намдаах чиглэлээр мэргэшсэн хүн байгаа юмаа. Энэ блогыг анх Тайландад сурч байхдаа монгол эмч нартайгаа мэдээлэл хуваалцах зорилгоор нээж, хөтөлж эхэлсэн. Одоо ч мөн ажлынхаа зав чөлөөгөөр эндээ мэдээлэл оруулаад явж байгаа. Би Бангкокын Сирираж эмнэлэгт дадлагажиж байх нэг жилийн хугацаанд маш их зүйл сурсан. Ингэхдээ Дэлхийн Өвдөлт Намдаах Нийгэмлэгийн тэтгэлэгээр тэнд ажиллаж, амьдарч байлаа. Тэгээд эргүүлээд төлбөрөө төлж байгаа хэлбэр маань энэ блог гэх үү дээ. Талархсан сэтгэлийн илэрхийлэл гэвэл илүүтэй зохих байх.
Аль болох олон Монгол эмч нар уншаасай, өдөр тутмын ажлаа хийхдээ ашиглаасай, санаа аваасай гэсэн хүслээр хөтөлдөг ийм нэг блог байгаа юм.
Холбоо барих хаягаар олон хүмүүс захидал бичиж байна. Уул нь би эмч нарыг илүү идэвхитэй өөрсдийн санал бодол, туршлагаа хуваалцах болов уу гэж найдаж байсан боловч одоогоор өвчтнүүд олноороо холбогдож байна. Өөрөө өвдсөн, ойр дотны хүмүүс нь өвдсөн, үзүүлье, зөвөлгөө авая гэсэн захиа бүрт хариулах боломжгүй учраас эндээ нэг бичлэг хийгээд үлдээлээ.
Манай эмнэлэгт хандаж, надад үзүүлж болно. Гэхдээ үзлэгийн үнэ төлбөр нилээд өндөр учраас хүн бүрт хаана байгаагаа заагаад, дуудаад байх бас нэг хэцүү юм. Яваандаа илүү туршлагажаад ирэхээр бүр олон өвчтөнд хүрч үйлчлэх боломж гарцыг нээж олох болно. Тэр болтол эндээ бичлэгээ оруулж л байя. Харин та нар минь эрүүл мэндийн асуудлаа надаар шийдүүлэх гэж цаг алдаж, найдаж хүлээх хэрэггүй шүү. Харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандаарай. Баярлалаа.