Monday, December 7, 2015

Монголчуудаа биеэ хайрлаач ээ!

Олон өвчний эх үүсвэр үндэс суурь нь таргалалттай холбоотой учраас энэ тал дээр алхам хийхгүйгээр хүн эмгэгээс салж, эрүүлжих талаар бодсоны ч хэрэггүй. Монголчууд эрүүл мэндийн боловсрол муутай учраас өвчин эмгэгээс өөрсдийгөө сэргийлж чаддаггүй, өөрийн зүгээс өвчнөө эдгээх алхмуудыг хийж мэддэггүй. Бүгдийг эмнэлэгт, эмчид даатгадаг. Хэдэн арван жилийн туршид амьдралын буруу хэмнэлтэй явсны дүнд үүссэн архаг өвчин эмгэгээ хэдхэн хоногийн дотор эмчлэн эдгээх хүсэлтэй. Тэгэх боломжгүй гэдгийг ойлгодоггүй. Тийм учраас эмч эмнэлэг ард иргэдийн хооронд цаг тутамд зөрчил гарч байгаа. Тухайн тохиолдол бүрийг нарийн шинжлээд үзвэл дийлэнх нь үл ойлголцол, үл мэдэхтэй холбоотой. Өвчтөн нь боловсордоггүй, эмч нь ярилцдаггүй. Аль аль нь сэтгэлээ 100% зориуллаа ч эцсийн дүнд хэн хэн нь сэтгэл дундуур үлддэг. Энэ байдлыг засах тал дээр өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж энэхүү блогийг хөтөлсөөр ирсэн билээ.
Зөвхөн надтай таарсан, өмнөөс нь харамсаж халаглаад барахааргүй хэдэн арван жишээг би амьсгаа авахгүйгээр дурьдаж чадна. Хамгийн ойрын жишээ гэвэл өнөө өглөө 42 настай эмэгтэй ирж үзүүллээ л дээ.

Би:  Хэзээ хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн бэ?
Өвчтөн:  Бага хүүгээ төрөх үед
Би:  Бага хүү нь одоо хэдэн настай билээ?
Өвчтөн:   Юу билээ, энэ жил 22 нас хүрэх байх шүү....

Энэ чинь одоо юу гэсэн үг вэ таминь? Өөртөө ийм хайргүй, эрүүл мэнддээ ийм хайнга хандаж болдог юм уу? Тэгээд одоо эмчилгээндээ л бүхнээ зориулаад эдгэмээр байна гэх??? Уучлаарай, өмнөх 20 жил та хаана юу хийж явсан хүн бэ? Хамаг процесс явдгаараа яваад одоо тэсэхийн аргагүй өвдөлттэй, хавдрын маркер өндөр гарчихсан байхад юунд найдаж эрүүл болно гээд байгаа билээ? Бурханд уу? Өөртөө юу? Эмчид үү? Яг үнэндээ ингэж хэлмээр байдаг ч би тухайн нөхцөлд шоконд орчихсон хүнд мэдээж хатуурхаж чадахгүй. Хэдэн талаасаа хэдүүлээ хичээгээд үзье, эхлээд энэ энэ эмийг хэрэглээрэй. Эхний ээлжинд хэдүүлээ өвдөлтөө намдаагаад авбал бас их хэрэг байхсан тийм ээ хө гэж аргадасхийгээд гаргадаг ч дотроо бол ийм сайхан залуу насандаа ингээд өвдчих гэж дээ, ядаж жилдээ нэг эмчид үзүүлээд байж болдоггүй байсан юм байх даа хэмээн халаглан зүрх минь хөндүүрлэж байдаг.

Монгол түмэн минь ээ, та нар минь эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх  амин шаардлага тулгараад байна. Өөрийнхөө биед юу болоод байгааг хамгийн сайн мэддэг хүн бол та. Таны эмч биш. Та л эмчид илэрхийлэн гаргаж хэлж чадах ганц хүн. Тиймээс өөрийнхөө биеийг бага гэлтгүй судлаач ээ..... зөв сувгаар зөв мэдээлэл хүлээж авахын тулд эх захгүй мэдээллийн далай дотроос чанартай сонголтыг хийж, сувдыг нь шүүрч чадахуйц түвшинд хүрээч ээ.
Эх зохиолч Нацагдоржийн "Хуучин хүү" зохиол мөн ч дээр үед бичигдсэн дээ. Тогоон дороосоо өндийх цаг болоогүй юу?