Tuesday, November 15, 2011

Medical English - Prescription

Эмч, сувилагч нарт эмнэлгийн англи хэл заадаг юм билүү гэсэн бодол сүүлийн үед тун эрчимтэй төрөх боллоо. Заагаач гэсэн хүсэлт бас ирээд байнаа \ аая, өөрийгөө жаахан магтчихав уу, яав?\

Миний бодлоор бол нэг ангидаа 8 хүн авчихмаар байна. Тэгээд 7 хоногт 3 удаа орж байвал зүгээр юм уу гэж санахын. Тэгсэн хичээл заах өрөө хэрэгтэй болно. Тэрийг түрээслэхээр сараар мөнгөө төлнө. Өдөр бүр ашиглахгүй бол шатчих гээд байдаг талтай бололтой. За ямартаа ч надад багшлах хүсэл асар их байна. Нэг заагаад эхэлвэл цаана нь гарч байж, өөрөөр хэлбэл таныг сургаж байж л салах магадлал өндөр учраас холбоо заавал бариарай энэ тэр. \уучлаарай, энэ рекламны пауз байлаа\.
Ингээд олон улсад жор яаж бичдэг талаар хэдэн юм хэлье гэж саналаа. Энэ зөвлөмжийн дагуу жороо бичвэл дэлхийн аль ч улсын эмнэлгийн ажилтан ойлгоно гэсэн үг. Товчлолуудыг сайн сураад аваарай.
1. Жорын эхэнд эмийн нэр байдаг. Эмийн нэрний урьд шахмал уу, бүрээс үү гэдгийг тодруулж бичнэ.
tab- tablet- шахмал
cap- capsule - бүрээс
syr- syrup - сироп
gtt- drop - дусал
ung- ointment - тосон түрхлэг
cr- cream- тос

Жишээ нь: амокциллин бүрээсээр гэвэл - cap. amoxycilline гэж бичихнээ.
2. Тухайн эмийн бэлдмэлийг хэрхэн яаж хэрэглэхийг зааж бичнэ. Ямар товчлолууд хэрэг болдог вэ?
OD- once daily - өдөрт 1 удаа
BID- twice daily- өдөрт 2 удаа
TID- three times daily- өдөрт 3 удаа
QID- four times daily - өдөрт 4 удаа
q4h- every 4 hours - 4 цаг тутамд
prn- as needed \ example: for pain\- хэрэгтэй үед \ жишээ нь: их өвдөлт өгвөл хэрэглэх\
pc- after meals- хоолны дараа
ac- before meals- хоолноос өмнө
hs- at night- унтахын өмнө
d- day- өдрийн цагаар
od- right eye- баруун нүдэнд
os- left eye- зүүн нүдэнд
po- by mouth- уух
pr- rectally- шулуун гэдсээр хийх
sq- subcutaneous- арьсан дор тарих
tsp- teaspoon- 5мл- цайны халбагаар
tbsp- tablespoon- 15 мл- хоолны халбагаар
жишээ нь: Амокциллин бүрээсээр, 500 мг-аар, 1 бүрээсийг, 6 цагийн зайтай, хоолны дараа, ууж хэрэглэнэ. Нийт 5 өдөр ууна. Нийт 20 ширхэг.  За энэ жорыг бүгдээрээ орчуулаад бичье.
Cap. Amoxycilline 500 mg, 1 cap, QID, q6hr, pc, po, 5 days # 20 гэх мэт.
Одоо танд нэг даалгавар өгнөө. Англиас монгол руу орчуулаад үзээрэй.
cap. erytromycin , 1 cap, TID, *7days, # 21
tab. cephalexin , 1 tab, BID, *10 days# 20 days



Friday, November 4, 2011

Boroldoin tsag - Indian folktale about health



Эрт урьд цагт угсаат нэгэн залуу тайж байжээ. Тэрээр байнга өвчтэй хэвтэнэ. Нэг өдөр түшмэлээсээ асуусан нь:
Би яагаад байнга өвчтэй байна вэ? Би ус бороонд норохгүй байна. Даарч хөрөхгүй, дулаан хувцаслаж байна. Аль сайн сайхныг идэж ууж байна. Гэтэл хичнээн урьдчилан сэргийлэвч дандаа л салхинд цохиулчихсан байх юм. Яагаад тэр вэ? гэв.
Түшмэл хариуд нь:
Хэтэрхий өөрийгөө бөөцийлэх нь огт хайхардаггүйгээс долоон дор шүү! Тийм байдгийг удахгүй би чамд үзүүлж өгөмз гэжээ.
Түшмэл, нөгөө залуу тайжийг дагуулаад хотын захаар гартал хоньчин хүүтэй уулзжээ. Шөнийн хар чийг, ширүүн бороонд нэвт норчихсон нөхөөс болсон хувцастай тэр хоньчин хүү өдөржингөө бэлчээрт мал дагаж халуун, хүйтний хамаг зовлонг өнгөрөөгөөд харанхуй болохоор дал модны навчаар хучсан урцандаа орж хатсан талхны хэлтэрхий, хар усаар хоол унд хийж хоног өдрийг өнгөрөөнө.
Түшмэл залуу тайжид хэлсэн нь:
За харав уу? Ямаршуу зовлон зүдгүүр туулж амьдарч байгаа хүү байна даа? Чи өвддөг үү? гэж энэ хүүгээс асуу гэв.
Тайж хоньчин хүүгээс халуурдаг уу? Үе мөч янгинаж зовоодог уу гэж асуужээ. Хоньчин инээмсгэлэн хариуд нь:
Би ер тийм юм мэдэхгүй шүү. Ноёнтон минь би хар бага наснаасаа халуун хүйтэнд дассан болохоор өвчин намайг дийлж чаддаггүй юм гэв. Тайж гайхаж түшмэлдээ:
Энэ хүү ер бишийн бие махбодтой чийрэг хүн байж таарна. Ийм хүнд ямар ч юм хор хүргэж чадахгүй гэжээ.
За яахав харж байя гэж түшмэл хэлээд, хоньчин хүүг дуудаж орд харшид аваачаад яг л залуу тайж шиг хувцаслаж, хооллож халуун хүйтнийг мэдэхгүй, гадагш гаргахгүй, ус бороонд норгохгүй хэдэн сар суулгажээ.
Нэгэн өдөр түүний суудаг ордны гантиг чулуун шатан дээр нь ус тогтсон байхыг хүү хараад олон сар хүслэн болж байсан усанд хөлөө дүрээд удаан сууж угаажээ. Гэтэл хэдэн сар танхил танхай сууж нялхарсан бие нь хүйтэн ус үзмэгцээ халуурч өвдөөд олон сарын дараа арай ядан эдгэрэв.
Ужиг өвдөж арьс яс болтол турсан хоньчин хүүтэй нэг өдөр залуу тайж уулзаад танигдахын аргагүй өөр болсон байхыг хараад ихэд гайхжээ. Хоньчин хүү яагаад өвдсөнөө залуу тайжид нэгд нэгэнгүй хэлэхэд, хэзээ ч өвдөж үзээгүй тийм эрүүл чийрэг хүнийг өвчин бас дийлнэ гэж үү? гэж бодоод хоньчин хүүгийн үгийг үнэмшихгүй байжээ. Тэгтэл түшмэл:
Ноёнтон минь энэ хоньчин хүүг сүүлийн хэдэн сарын турш хоньчин биш, харин тань шиг орд харшид суусныг мартаа юу? Энэ хоньчин халуун хүйтэн, салхи бороо алиныг ч үзэлгүй сууснаас өвчин амархан хүрчээ. Ер нь хэн тийм янзаар сууна вэ тэр хүн өвчинөөс салахгүй, харин бэрхшээл туулж хатуужвал тэр хүн өвчин гэдгийг мэдэхгүй эрүүл чийрэг энх тунх байх болно. Тэгээд ч тэр хоньчин хүү өвдсөнөөс хойш элбэг баян орд харшийг орхиж, өсөж торнисон хээр талдаа очихыг хүсэх болжээ. За, ингэхлээр эдлэл хөрөнгө эрх ямбыг эрхэмлэхийн оронд эрүүл чийргийг эрхэмлэх нь чухал юм.
Хэн хэмжээгүй баян, хэт ямбатай байвал тэр нь өвчин, хэн ядуу дутуу боловч хал үзэж, хатуужиж сурвал тэр нь эрүүл энх жаргал юм. Залуу тайж чи эрүүл чийрэг байя гэвэл хангалуун аж байдал, хашин хойргыг орхих хэрэгтэй! гэж сургасан гэнэ. Хоньчин хүү ямбатны өргөөнөөс яаран гарч эрүүл чийрэг байхын тулд эргэж хоньчин болсон юм гэдэг.


www.ulgerch.blogspot.com - oos avav.