Friday, December 16, 2011

Back pain - Нурууны өвдөлтөөс ангижрах нь №3

Нурууны архаг өвдөлтийн үеийн СЗЭ

Нурууны өвдөлт 6 сараас дээш хугацаагаар үргэлжилвэл архаг өвдөлт гэнэ. Статик болон кинетик шалтгаантай байж болно. Анагаахын хэллэгээр багана нурууны хотойсон хэсгийг лордоз, төвийсэн хэсгийг нь кифоз, нуруу муруйхыг  сколиоз гэдэг. Тэгвэл статик шалтгаантай нурууны өвдөлт гэдэг нь лордозтой холбоотой үүссэн өвдөлт юм. Эмчилгээ нь лордозыг засах зорилготой. Нурууны лордозыг засах өвөрмөц дасгал нь "аарцаг эргүүлэх" буюу "pelvic tilt" юм.  Энэ нь өвчтөн дээш харан өвдгөө нугалан улаар нь орон дээр тавьсан байрлалд хэвтэнэ. Эхлээд хэвлийн булчин, тэгээд өгзөгний булчинг чангалж, өгзгөө бага зэрэг орноос хөндийрүүлж, нуруугаа орлуу шахаж барина. Энэ байрлалд 10-15 сек бариад,  6 сек амраад 15- 20 удаа, өдөрт 3-аас доошгүй удаа хийнэ. \зураг нь дээр байгаа, pelvic tilt гээд\
Үүнээс гадна хүнд жинтэй хавтгай зүйл \ ном байж болно\ толгой дээрээ тавиад, түүнийг дээш өргөх дасгал хийхэд хүзүүний болоод нурууны лордоз багасдаг. Лордоз  их үед бөхийх хэлбэрийн, кифоз их үед тэнийлгэх хэлбэрийн дасгалыг голчлон хийж, хэвлийн болон нурууны тэнийлгэх булчинг хөгжүүлэх дасгал хийнэ.
Кинетик шалтгаант нурууны өвдөлт нь буруу хөдөлгөөнөөс улбаатай бөгөөд эмчилгээнд сунгалтын болоод хүчний дасгал, хөдөлгөөний зөв арга барилыг эзэмшүүлэх, сэтгэл санааны байдлыг тогтворжуулах зэрэг орно. Эмчилгээний дасгал нь цусан дахь эндорфины түвшинг ихэсгэж морфин төст үйлдэл үзүүлэх бөгөөд адренокортикойд гормон, кортизол, катехоламины хэмжээг ихэсгэдэг ач холбогдолтой. Ингээд та бүхэнд зайлшгүй хийж байх шаардлагатай хэдэн дасгалыг танилцуулая. \ зургыг нь дээр хавсаргасан болно\
1. Нурууны шулуун булчинг хөгжүүлэх дасгал -Quadruped arm\leg raise
Нурууны архаг өвдөлттэй хүмүүсийн нурууны шулуун булчингийн хүч сонгомлоор суларсан байдаг. Үүнийг засахын тулд энэ дасгалыг хийнэ. Өвчтөн 4 хөллөсөн байрлалаас баруун гар, зүүн хөлийг өргөж барина. 8 тоолоод амарна. Дараа нь зүүн гар, баруун хөлийг өргөж бариад 8 тоолоод амарна. Энэ дасгалыг нэг удаад 10 давтан, өдөрт 2 удаа хийнэ. 
2. Гэдэсний булчинг хөгжүүлэх дасгал - partial curl
Дээш харан өвдгөө нугалан улаар нь шалан дээр тавьсан байна. 2 гар чихний орчим байх бөгөөд толгой цээжийг 15-20 хэм орчим шалнаас хөндийрүүлж барина. Энэ үед нурууг шал руу шахсан байрлалтай байх бөгөөд эрүү цээж 2-ын хооронд зайтай байх ёстой. Энэ байрлалд 10-15 сек бариад 6 сек амрах байдалтай хийнэ. 
3. Өвдгийг нугалж цээж рүү татах 
Нэг хөлөө аажим цээжрүүгээ татах, дараа нь нөгөө хөлөө, дараа нь 2 хөлөө зэрэг аажим татаад гараар тойруулан барина. Энэ дасгалын дүнд нурууны булчин сунаж сулардаг. Дасгалыг маш аажим удаан 10 сек татаж бариад, 5 сек амарч хийнэ. Хөлөө цээж рүү татсан байрлалд урагш хойш бага зэрэг савлах хөдөлгөөн хийх нь тухайн гэмтсэн эдийн цусан хангамжыг сайжруулах, булчинг суллах сайн нөлөөтэй.

No comments:

Post a Comment