Thursday, December 8, 2011

Thought - Бодол - Хүн машин

"Thought" written by BTL \ pagvan.blogspot.com\

Бодол хаанаас ирдэг вэ? Ингэж асуух нь зарим хүмүүсийн эгдүүг нь хүргэж ч болох юм. Гэсэн хэдий ч бодол бол бидний амьд байгаагийн нэгэн төрлийн баталгаа нь болж байдаг билээ. Хүн өдөр тутам гадаад ертөнцөөс өөрсдийн таван мэдэрхүйн тусламжтайгаар агшин хором бүрт сэтгэгдлүүдийг хүлээн авж байдаг. Хэрэв нэг л хором гаднаас сэтгэгдлийг хүлээн авахаа болих аваас өөрсдийгөө үхсэнд тооцож болох юм. Энэхүү гадаад орчноос ирж буй сэтгэгдлүүд нь өнөөгийн бидний тахин шүтэх болсон БОДОЛ, ОЮУН САНАА хэмээх эцэс төгсгөлгүй гинжин холбоосийг бий болгодог аж. Тэгвэл одоо Бодол, Оюун санааг дүгнэн жаахан эргэцүүлэл хийцгээе!

Бодол, Оюун санаа нь үнэндээ тун хэрэгтэй зүйл боловч түүнийг тахин шүтэх нь зохисгүй. Хүн Бодол, Оюун санаанд үйлчлэх бус Бодол, Оюун санаа хүнд үйлчлэх хэрэгтэй.

Хүмүүс "би бодож байна..." гэж хэлэх дуртай. Гэвч тухайн мөчид хүмүүс үнэн хэрэгтээ бодож байдаг болов уу? Ой санамж бол бодол биш юм. Хүмүүс бид аливаа зүйлд шийдвэр гаргахдаа цаг үргэлж өнгөрсний талаарх дурсамжууд хийгээд ирээдүйн төсөөллөөсөө үүдэн шийдэцгээж байдаг. Хүн хэзээ ч Одоо цаг дээр оршин байдаггүй агаад өөрийн өнгөрсний дурсамж, ирээдүйн мөрөөдлийн талаар бодоцгоон өөд, уруу хийгээд өргөн, нарийн гудамжаар алхацгаан аж төрөх ажээ. Харамсалтай нь хүмүүн бид тэрхүү өнгөрсний дурсамжууд гэдэг аль хэдийнээ авслагдаж газар доор орсон шарилтай адил гэдгийг хэн нь ч үл ухаарах аж.

Бид хичнээн их хичээвч өнгөрснийг өөрчилж чадахгүй, хичнээн их санаа зовлоо ч ирээдүйг өөрчилж чадахгүй. Санаа зовсноороо бид амьдралаа нэг хором ч уртасгаж хүчрэхгүй. Бид тэгвэл юг өөрчилж чадах вэ? Бид зөвхөн одоог л өөрчилж чадна. Бид өнгөрсөндөө харамсаж суухгүйн тулд одоо хийж байгаа зүйлсээ зөв хийх шударга хийх хэрэгтэй. Бид ирээдүйгээсээ айхгүйн тулд одоо байгаа зүйлсээ үнэлж сурах хэрэгтэй. Айдас гэдэг аль ч тохиолдолд өөрөөсөө хар бараан мөрийг дагуулдаг аж. Хэрэв гудамжинд гутал тослож байгаа хүү ирээдүйгээсээ айх бол тэрээр хулгайч болно. Мөн албан байгууллагад ажиллаж байгаа хүн ирээдүйгээсээ айх бол тэрээр хууран мэхлэгч болно.

Өнгөрснийг дурсана гэдэг нэг зүйл, өнгөрснөөрөө амьдарна гэдэг нь үүнээс тэс өөр зүйл. Бид одоо цаг дээр амьдарснаар өөрөөсөө жинхэнэ бүтээлч, шинэлэг хүчийг гаргах боломжтой. Энэ бол агшин хормоор амьдрах арга ухаан билээ. Хэрэв хэн нэгэн жинхэнэ бүтээлч хүчийг өөрсдийнхөө дотроо мэдэрч түүнийг өөрөөсөө нээн илрүүлэхийг хүсэх аваас хэзээ ч өнгөрсний дурсамж, ой санамжиндаа найдах хэрэггүй. Учир нь ой санамж бол бидний нүдийг харалган болгож, бүтээлч хүчийг үгүй хийдэг итгэлгүй урвагч нэгэнтэй адил юм.

Бид хичнээн ихийг сурч, цээжлэж, тогтоосон ч цаг хугацааны явцад мартагддаг. Бид дахиад л сэргээн харах хэрэгтэй болдог. Мөн цээжилсэн зүйлс нь бидний дотоодыг айдас, үл мэдэх байдлаар улам бүр хүлсээр байдаг. Энэ бүх цээжлэж тогтоосон хэрэгтэй, хэрэггүй олон зүйлс нь Хүнийг Хүн бус Хүн Машин болгодог аж. Өнөөгийн сургалтын систем нь энэхүү хөөрхийлөлтөй байдлыг нээн илрүүлж засан сэлбэхийн оронд харин ч үүнийг улам бүр тэжээн тэтгэсээр байна. Дэлхий даяар ясли, цэцэрлэгээс аваад олон мянган оюутан сурагч ямар ч зорилго, ямар ч мэдрэмжгүйгээр их дээд сургууль, коллеж, бага, дунд сургуулиудад явах аж. Тэд цөм цээжлэж түүнийгээ эргүүлэн ярьдаг. Гэвч үүнийг тоть ч хийж дөнгөнө.

Бид бүхэн хүн гэдгээ мартах учиргүй. Энэхүү хэт механикжсан хүн машинууд хайрлахын оронд үзэн ядаж, амьдрахын оронд унтацгааж байна. Бид өөрсдийгөө завтай, чөлөөтөй болгохын тулд машин, зурагт, радио гэх мэт зүйлсийг бүтээн бий болгосон. Энэ бүх бүтээн бий болгосон зүйлс бидний төлөө, хүний ухамсрын төлөө оршин байх байтал харин ч эсрэгээрээ бид улам завгүй болцгоож, машин хүний төлөө бус хүн машиний төлөө амьдардаг харгис хэрцгий нийгмийг бид бүтээжээ. Энэ бол хөгжил дэвшил бус сүйрэл мөхөл юм. Хэрэв бид бодлын боол байхаас татгалзаж өөрсдийн дотооддоо жинхэнэ ухамсрын хувьсгалыг хийхийг чин сэтгэлээсээ хүсэх аваас өнгөрснөөс бус, ирээдүйгээс бус, нэг секундын өмнө ч бус нэг секундын хойно ч бус яг одооноос эхлэх хэрэгтэй. Энэ бол бид бүхнийг Унтаа Хүнээс Ухамсарт Хүнрүү хөтлөдөг ариун хийгээд нууцлаг цэг болно.




No comments:

Post a Comment