Wednesday, December 14, 2011

Deconditioning- Хэвтэрт удаан байхын хор хөнөөл!

1950-иад оноос өмнө аливаа өвчин эмгэгийн үед хэвтэрт байлгах аргыг өргөн хэрэглэдэг байжээ. Харин орчин үед хөдөлгөөн хязгаарласнаас болоод хүний биед гарч байгаа сөрөг муу өөрчлөлтүүдийг нийтэд нь " Үл ашиглах хам шинж" гэж томьёолон, үүний эсрэг идэвхитэйгээр тэмцэхийг уриалах болжээ. Энэ хам шинжийн үед илрэх шинжүүдийг эрхтэн систем тус бүрээр нь тайлбарлах гэж оролдоё. Уншигч авхай та бээр энэхүү бичлэгийг уншсанаар хэвтрийн өвчтний хоногийг уртасгах бус богиносгохын төлөө,  хөдөлгөөнд аль болох эрт оруулах бодолтой болж өөрчлөгдсөн бол чармайн бичигч, өчүүхэн миний зорилго биелэх нь тэр.
1. Араг яс- булчингийн систем
А. Булчин -  Булчин тоо болон хэмжээний хувьд багасах нь хөдөлгөөн хязгаарлагдсантай холбоотой хатингаршлийн үед илрэх гол шинж бөгөөд хөл, нуруу зэрэг дэлхийн татах хүчний эсрэг байрлалтай булчингуудад илүүтэй тохиолддог. Хүн огт босолгүй 10 хоног хэвтэхэд булчингийн жин 50% хүртлээ буурдаг байна. Үүнийг дагаад уургийн нийлэгжилт ч бас буурна. Коллаген ширхгийн нийлэгжилт мөн буурснаар булчингийн уян хатан, сунах чадвар алдагдаж, хөшингө үүснэ. Булчин богиноссон байдалд удаан хугацаагаар байхад бүтцийнхээ 40%-ийг алдсанаар хүч нь буурч, хөшингө болдог. Ийм учраас хэвтрийн өвчтний хөл, гар, биеийг аль болох тэнэгэр байлгаж, зөв хэвтүүлснээр булчингийн ширхгийн урт, тоо хэвийн байх нөхцлийг хангана. Мөн эсэргүүцэлтэй дасгал тогтмол хийснээр булчингийн жинг барих боломжтой.
Б. Холбогч эд, үе- Үе өөрөө мөгөөрс бөгөөд судасгүй эд, тэжээлээ үений хөдөлгөөний нөлөөгөөр үений шингэнээс шингээх байдлаар авдаг. Үе хөдлөхгүй бол мөгөөрс гэмтэнэ, остеофит буюу ясан ургацаг үүснэ. Удаан хугацаагаар үеийг хөдөлгөөнгүй байлгаж, өвчтнийг буруу хэвтүүлснээс болоод үений эргэн тойрон дахь булчин, холбогч эд, шөрмөсний сунах чадвар алдагдах, контрактур үүсэх аюултай. Нэгэнт контрактур үүссэн тохиолдолд хүний хөдөлгөөний үйл ажиллагааны чадвар, өдөр тутмын үндсэн үйл хөдлөл алдагдахаас гадна арьсыг арчлахад бэрхшээлтэй болж ирдэг. Тиймээс аль болох контрактур үүсэхээс урьдчилан сэргийлж, хэвтрийн өвчтний ор гудас тохирсон эсэхийг шалгаж, шаардлагатай бол ивээс, чиг хэрэглэн зөв хэвтүүлж, үений идэвхитэй болон идэвхигүй далайцын дасгалыг өдөрт 2-оос доошгүй удаа, бүх үенд хийнэ.
В. Яс - Эрүүл хүний яс нь түүн дээр үйлчилж буй дэлхийн татах хүч болон түүний эргэн тойрон дахь булчингийн агшилтын даралтын нөлөөгөөр хэвийн байдаг. Ясан дээрх эдгээр даралт байхгүй бол ясны жин буурч, сийрэгжинэ. Судалгаагаар булчингийн агшилтын хүч болон ясны нягт 2 шууд хамааралтайг баталсан. Эсэргүүцэлтэй дасгал хийлгэснээр хэвтэрт байгаа өвчтний яс сийрэгжихээс сэргийлнэ. Мөн зогсох, суух зэрэг энгийн үйлдлүүдийг хийлгээд байвал ясан дээр дэлхийн татах хүч үйлчилж, сийрэгжих нь бага байна. Хөдөлгөөн багатай болон хэвтрийн өвчтнүүд ясан дахь кальцийн хэмжээгээ маш амархан алддаг тул идэвхитэй хөдөлгөөн, дасгал хамгийн чухал эмчилгээ болдог.
2. Зүрх судасны систем
Удаан хугацаагаар хэвтэрт байхад тайван үеийн зүрхний цохилт 2 өдөр тутамд, минутанд 1-ээр нэмэгддэг. Босохгүйгээр 3 хоног хэвтэрт байхад багахан ачааллын үеийн зүрхний цохилт хэвийнхээс 32%-аар, 7 хоноход 62%-аар, 21 хоноход 89%-аар тус тус ихэсдэг байна. Мөн цусны нийт эзэлхүүн буурсантай холбоотойгоор зүрхний агшилтын эзэлхүүн буурна. 1950-иад оноос өмнө зүрхний шигдээстэй өвчтөнг 21 хоног хатуу хэвтрийн дэглэмтэй байлгадаг байсан бол өнөөдөр шигдээс болсноос хойш 2 дахь өдрөөс нь алхах дасгал хийлгэдэг болсон байна.
Эрүүл хүн 21 хоног хэвтрийн хатуу дэглэмд байхад босоо байрлалд дасан зохицох чадвараа бүрэн алддаг. Энэ нь цусны эргэлтийн тогтолцоо, цусны даралттай тогтвортой байлгаж чадахгүй болсонтой холбоотойгоор зогсох үед даралт буурч, чих шуугих, толгой эргэх, хөл халуу оргих, муужрах, зүрхний цохилт олшрох шинжүүд илэрдэг байна. Мөн гүний вений судсанд бүлэн үүсэх нөхцөл бүрдэнэ.
3. Амьсгалын систем
Удаан хугацаанд хэвтэрт байсны дараа уушгины амьдралын багтаамж 25%-иар, үйл ажиллагааны нөөц багтаамж 50%-иар тус тус буурдаг. Энэ нь гэдрэг харан хэвтэхэд өрцний хөдөлгөөн хязгаарлагдсанаар цээжний хөдөлгөөний далайц буурах, хавирга-нугалам болон хавирга-өвчүүний үений хөдөлгөөний далайц буурсанаар амьсгалын тоо олширч, өнгөц болдогтой холбоотой. Мөн уушгины хэсэг газрын агааржилт- нэвчих харьцаа өөрчлөгдсөнөөс болж хатгалгаа үүснэ. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эрт хөдөлгөх, хэвтэх байрлалыг 2 цаг тутамд солих, шингэнг хангалттай хэмжээгээр нөхөх, амьсгалын болон ханиалгах дасгал хийлгэх, цээжинд доргиох иллэгийг цэр гадагшлуулах байрлал эмчилгээтэй хавсарч явуулна.

4. Шээс ялгаруулах систем
Хэвтрийн дэглэмийн эхэн үед шээсний гарц ихсэнэ, түүнд байх эрдэс бодисын хэмжээ ихэснэ. Яваандаа шээсний гарц багасна, хэвтээ байрлалд шээхэд, шээс бүрэн гарч чадахгүй, үлдэгдэл шээсний хэмжээ ихэснэ, шээс зогсонгишно. Ингэснээр бөөрний чулуу үүсэх, халдварт өртөмхий болох хандлагатай.
5. Дотоод шүүрлийн систем
Хэвтэрт 3 өдөр байхад биемахбодийн глюкоз-д тэсвэртэй байдал буурдаг. Ингэснээр инсулины хэрэглээ ихэснэ. Эсэргүүцэлтэй дасгал хийснээр энэ байдлыг сайжруулах боломжтой.
Хэвтрийн өвчтөн хүн үргэлж дээш харж гөлийж хэвтэх учиргүй ээ. Эргэн тойрноо харж, идэвхитэйгээр, чанартайгаар амьдралын шинэ шинэ өдрүүдийг угтах учиртай, тэгэх ч эрхтэй. Харин та туслах үүрэгтэй.


No comments:

Post a Comment