Monday, December 5, 2011

Stroke- Тархины цус харвалт



ЭМЯ дээр 2 өдрийн турш Сэргээн Засалч эмч нарын чуулга уулзалт амжилттай явагдаж өндөрлөлөө. Японы Гунма Их Сургуулийн багш, профессорууд урилгаар оролцож, тархины цус харвалтын талаар тун сонирхолтой цуврал лекцүүдийг уншлаа. Мартахаасаа өмнө гээд Их Наран улсаас сайхан сэтгэл өвөрлөн ирсэн эмч нарын лекцээс өөрийн ойлгосноор чадан ядан эвлүүлэн, энэ бичлэгийг үйлдмой.

Тархины цус харвалтын үндсэн 2 хэлбэр байдаг. Нэг нь ишемийн буюу бүлэн, эмболи-оор судас бөглөрөх, нөгөөх нь геморрагический буюу судас хагарч, тархины хэсэг эд эс эргэшгүйгээр үхэлд өртдөг. Монголд харвалт өгчихлөө, битгий хөдөлгө,  хэвтэрт байлга, хөдөлгөх л юм бол дахиад харвачихна гэсэн ойлголт аль дивангарын үеэс одоог хүртэл үргэлжилсээр байгааг халах цаг хэдийн болсон санагдана.
Ерөнхийдөө цус харвалтын дараах сэргээн засах эмчилгээг дотор нь 3 ангилж үздэг.
1. Эрт үеийн сэргээн засах эмчилгээ \ цус харваснаас хойш эхний 14 хоног\
2. Тогтворжих үеийн СЗЭ \энэ нь 14 хоногоос 6 сар хүртэл үргэлжилнэ\
3. Архаг үеийн СЗЭ  \ 6 сараас хойших үе\
Японд 1, 2-р үеийн эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас төлдөг бол 3-р үеийн эмчилгээ халамжын даатгалаар зохицуулагддаг байна. Халамжын сувиллын даатгалыг 2004 оноос Японд насжилт их байгаатай холбогдуулан, настны бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор 40-65 насанд тархинд цус харвалт өгсөн хүмүүсийн архаг үеийн СЗЭ-ний үр дүнг сайжруулах бодлогоор хэрэгжүүлж эхэлжээ.

Тархинд цус харвасан эхний 24 цагт компьютор томограф, MRI, 3 хэмжээст ангиографийн шинжилгээ хийн оношлох бөгөөд ишемийн харвалт өгснөөс хойших эхний 3 цагт амжиж эдийн плазминоген идэвхижүүлэгчийг тарьж, цусны урсгалыг сайжруулснаар тархины үхжил цааш тэлж томрохоос сэргийлдэг байна. Мөн эхний 6 цагт амжиж, гүрээний артерид стент тавих, мэс заслаар бүлэнг зайлуулах эмчилгээг хийвэл үр дүнтэй. Эндээс хэрвээ харвалт өгсөн эхний шинж мэдэгдэх л юм бол \ хэл яриа ээдрэх, дультраатах, хөл гар сулрах г.м\ маш яаралтай нэгдсэн эмнэлэг лүү тээвэрлэх нь чухал гэсэн санаа цухалзаж байна. Эмнэлэгт ирсэн эхний өдрүүдэд амин чухал эрхтний үйл ажиллагаа төдийлөн тогтворжиж амжаагүй байдаг ч үений далайцын дасгал хийх, залгилтыг үнэлэх, аль болох эрт орноос босгох эмчилгээг эхлүүлнэ. Харин тогтворжих үед нь өдөр тутмын идэвхитэй үйл ажиллагаанд бусдаас хараат бусаар оролцох чадварыг сайжруулах тал дээр голчлон анхаарч ажиллана. \ усанд орох, хоол идэх, хийх, явах гм өөрөө өөртөө үйлчлэх чадварыг нэмэгдүүлнэ.\  Ерөнхийдөө харвалтаас хойших 3 сард тасралтгүйгээр эрчимтэйгээр сэргээн засах эмчилгээг хийвэл үр дүн сайн. Цаг алдах тусам тархины үйл ажиллагаа эрчимтэй муудаж, дараа нь хичнээн хөл гарыг нь хөдөлгөлөө ч нэгэнт тархины тодорхой хэсэг хариу урвал үзүүлэхгүй бол дэмий цагийн гарз болох аюул бий.
Төгсгөлд нь нэг бяцхаан зөвөлгөө өгөхөд хоол ундны зүйлсдээ анхаарал хандуулж байгаарай. Чипс, шарсан хуурсан бүтээгдэхүүн, улаан өнгөтэй мах, хиам, лаазалсан хүнс, diet soda зэрэг нь зүрх, тархины шигдээс, цус харвалт, судасны эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг.


Анхаарал хандуулсанд гялайлаа.

No comments:

Post a Comment