Wednesday, February 29, 2012

Зовлон шаналал= Эсэргүүцэл * Өвдөлт





3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн өвдөлтийг  “архаг өвдөлт”-нд хамруулдаг. Архаг өвдөлттэй хүмүүс өвдөлтөөсөө илүү айдсандаа хүлэгдээд, амьдралын идэвхитэй үйл ажиллагаанд оролцохоос татгалзана. Энэ нь нийгмээс өөрөө өөрийгөө тусгаарлан сэтгэл гутралын эмгэгт хөтлөх аюултай. Мөн хөдөлвөл л өвдөнө гэсэн айдсаасаа салж чадахгүйн улмаас хөдөлгөөнгүй хэвтэж “ үл хөдлөхийн хам шинж” үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Ингэснээр тахир дутуу болох хүндрэлийг дагуулах уршигтай. Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл айдастайгаа тэмцэх нь архаг өвдөлтийн эмчилгээний үндсэн нэг хэсэг болж явах учиртай. IASP \ Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэг\ - ээс сар бүр Pain update сэтгүүл гардаг бөгөөд хамгийн сүүлчийн дугаарт “Айдсаас зайлсхийх загвар” \Fear avoidance model\  гэсэн эмчилгээний аргыг практикт амжилттай хэрэглэж, судалгааны дүнд ашигтай болох нь батлагдсан гэсэн нийтлэлийг олж уншаад энэ талаар бичих хорхой улам бүр гозолзов. Нотолгоонд тулгуурласан эмчилгээний аргуудыг хэрэглэх , түүнийг олон нийтэд суртачлан таниулах нь эмч хүний үүрэг учраас энэ нэн шинэ орчин үеийн аргыг танилцуулахаар шийдлээ.Буддийн сургаалд бие болоод сэтгэл зүйн өвдөлтийг задлан шинжилж ойлгохгүйгээр эсэргүүцэн зайлсхийгээд байвал зовлон шаналал дээрх 2-ын үржвэртэй тэнцүү гэсэн ойлголт явж байдаг. Архаг өвдөлттэй хүмүүст хийдэг сэтгэл зүйн эмчилгээ нь энэ зайлсхийх, эсэргүүцэх оролдлогыг аль болох багасгаж нэгэнт өвдөлт үүсгээд байгаа шалтгааныг бүрмөсөн устгаж арилгаж чадахгүй ч бид түүнийг тархинд боловсруулахдаа өөрөөр хүлээж авах боломжтой гэсэн онол дээр тулгуурлан явагддаг. Архаг өвдөлттэй өвчтнүүд маань дан ганц өвдөлтөө бодож, түүнийхээ боол болох бус эзэн нь байж, амьдралын үнэт зүйлсээ бодитоор тодорхойлж, амьдралаас авч болох баяр баясгаланг хүртэх эрхтэй. Энэ нь өвдөлттэйгээ танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Тэгээд бодож бясалгах хэрэгтэй. Өөртэйгөө ярилц. Нэгэнт үүссэн нөхцөл байдалд гутрах бус тэмцэх нь хүний ёс. Төлөвлөгөө гарга. Өдөр өдөр цаг цагаар хийх зүйлээ төлөвлө. Өвчтнүүдийг хараад байхад бие хөнгөрөөд ирэхээр нь биеийн хүчний ачаалал гэнэт авдаг, маш олон ажил амжуулдаг. Тэгээд маргааш нь буцаад хэвтээд өгдөг. Энэ нь тун буруу хэвшил. Амралт, ачаалал 2-ыг тэнцвэржүүлэхийн тулд төлөвлөгөө гаргаж сурах хэрэгтэй. Айдсаас зайлсхийхийн тулд олон аргыг  хэрэглэж болно. Жишээ нь: алхах, дасгал хийх, усанд орох, нүүрээ будах, сахлаа хусах, үсээ самнаж өнгө зүсээ засах, гэр орныхоо ажилд туслах, хүүхдүүдтэй тоглох, өвдөлттэй байгаа хэсгээ хөдөлгөж үзэх, ажлаа хийх, бэлгийн ажил хийх гэх мэт хүний амьдралдаа өдөр тутам хийдэг тэр бүх зүйлсийг хийх байх хэрэгтэй. Дээрх үйлдлүүдийг доош жагсаан бичээд, хүснэгт хийнэ. Хөндлөнгөөр 1. Энэ үйлдлийг хийхэд өвдөх байх гэж айснаасаа болоод би хийхгүй байна уу? 2. Эмч энэ үйлдлийг хийхийг хориглосон уу? 3. Би энэ үйлдлийг бусдаас илүүтэй хиймээр байгаа эсэх? 4. Хэрэв тийм бол өдөрт хэдэн минут хэрхэн яаж эхэлж, ихэсгэх вэ гэдгээ төлөвлөх?

Энэ загвараар хүснэгт хийгээд түүнийхээ дагуу ажиллаад үзвэл яасан юм бэ гэсэн санааг өгөхийг хүслээ. Хэрхэн дэлгэрүүлэхээ уншигч та мэдтүгэй.


Tuesday, February 7, 2012

Cardiac rehabilitation - Зүрхний эмгэгийн үе дэх СЗЭ

Зүрх нь хүний атгасан гарын хэмжээтэй, дундажаар 12 см урт, 9 см өргөнтэй, боргоцой юм уу, лийр төст хэлбэртэй, 2 уушигны хооронд төвөөс бага зэрэг зүүн тийш хазайж байрлах бөгөөд хүний биеэр эргэлдэх цусыг хоёр чиглэлд шахахад зохицсон хоёр шахуурга шиг ажилладаг. Зүрх нь эрчтэй, цуцдаггүй, нарийн тохируулагддаг хос шахуурга бөгөөд хүний амьдралын хугацаанд гурван тэрбум гаруй удаа агшиж, биеийн цусны судасны нүсэр том торон сүлжээгээр цусыг тойруулан шахдаг.  Хэрвээ зохицуулга байдаггүйсэн бол зүрх нэг минутанд 100 удаа цохилох байгалийн жамтай. Гэвчиг уртавтар тархинд орших зүрх судасны зохицуулах төвийн эсүүдэд цахилгаан сэрэл үүсч энэ нь тархины 10-р хос мэдрэлийн тусламжтайгаар зүрх рүү очин зүрхийг нэг минутанд дунджаар 70 цохилох нөхцлийг бүрдүүлнэ. Сэтгэл түгшил болон хэт ачааллын үед өнчин тархины доод орчноор зохицуулагддаг симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхижин зүрхний цохилтыг түргэсгэнэ. Зүрхний цохилтонд дааврын үйлчлэл бас нөлөөлдөг. Бидний сайн мэдэх жишээ бол адреналин юм. Зүрх хэдийгээр өөрийн хэмнэлээ хянаж байдаг ч төв мэдрэлийн тогтолцооны давхар хяналтан дор ажилладаг эрхтэн билээ. Зүрхний ханын булчингийн давхарга буюу миокард нь зүрхний титэм судсаар байнгын цусан хангамжаа авч байдаг. Энэ цусан хангамж нь хязгаарлагдаж хүчилтөрөгч болон тэжээлийн бодис дутагдахад зүрхний титэм судасны эмгэг үүсдэг. Эдгээрийн нэг нь үхлийн харанга дэлдсэн та бидний сайн мэдэх зүрхний шигдээс өвчин юм. Хар ярианд тэрний тэр клапан нь гэнэт хаагдаад бурхан болсон гэнэ гэсэн өгүүлбэр олонтоо сонсогддог. Дийлэнх өвчтөнд эмнэлгийн тусламжыг цаг үетэй нь уралдан үзүүлснээр амь аврагддаг. Гэсэн хэдий ч эдгээр өвчтнүүд маань өөрөө өөртөө үйлчлэх чадвар бүрэн сэргэтлээ их уддаг. Зүрхийг тэжээгч титэм судасны өвчинд хүргэх эрсдэлт хүчин зүйлийг дотор нь 2 ангилна. Урьдчилан сэргийлэх боломжгүй хүчин зүйлд: эр хүйс, удамшил, урьд нь энэ өвчнөөр өвдөж байсан, захын судас урьд нь бөглөрч байсан, тархины судасны эмгэг тус тус орно. Харин урьдчилан сэргийлэх боломжтой хүчин зүйлд: тамхи, даралт ихсэлт, холестрол болон липопротейн А их байх, хэвлий хэсгээр тарган байх, триглицерид, инсулин их байх, хөдөлгөөний хомсдол зэрэг тус тус орно. Тэгэхээр дээрх өөрчлөх боломжтой эрсдэлт хүчин зүйлийг аль болох боломжит дээд хэмжээнд хүртэл бууруулахын төлөө зорих нь байна. 2-т зүрхний эмгэгээр өвчлөөд эмнэлэгт хэвтэж байгаа хүнд СЗЭ-г үндсэндээ 3 шатлалаар хийнэ. 
1. Зүрхний тасагт хэвтсэнээс хойш 2-4 дэх өдрөөс хяналттайгаар өөртөө үйлчлэх чадварыг аажим нэмэгдүүлэх, ойр зайд явах хүртэлх хөдөлгөөнийг хийлгэж эхэлнэ. Энэ үе нь эмнэлгээс гарах хүртэл үргэлжилдэг байна. 
2. Өвчилсөн өдрөөс хойш 21 дэх хоногоос эхлэн 2-р шатны эмчилгээг хийнэ. Долоо хоногт 1 цагаар 3 удаа ачааллыг аажим нэмэгдүүлэх замаар зүрхний үйл ажиллагааг сайжруулах дасгал хийлгэх бөгөөд энэ үе нь 3-4 сар үргэлжилнэ. 
3. 2 үеийн дараа насан туршдаа тухайн эмгэгээр өвчилсөн хүн 7 хоногт 3 удаа нэг цагаар зүрхний үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Зүрхний эмгэгтэй хүмүүст алхах, дугуй унах зэрэг дасгал хөдөлгөөн илүү зохимжтой. Гараар хийх дасгалын үед зүрхэнд ирэх ачаалал хөлөөр хийх дасгалтай харьцуулахад хавь илүү байдаг. Тиймээс аль болох дээд мөч, цээжний булчин оролцсон дасгалаас татгалзах нь зөв. Мөн дасгал хийж байх үед цээжээр өвдөх, дотор муухайрах, амьсгаадах, ухаан балартах, ядрах, царай цонхийж цайх, хөхрөх шинж илэрвэл хөдөлгөөнийг тэр даруй зогсоож, тайван суух юм уу хэвтэж амрах нь чухал.