Сүүлийн үед Монголын Уламжлалт Анагаах Ухааныг сонирхон судлаад байгаа. Уран зохиолын ном мэт яруу сайхан хэллэгтэй юм билээ. Үхлийн талаар өгүүлсэн бүлэгт
" Бие эвдрэх ёсон" гэж оруулаад, энэ нь дотроо холын, ойрын, магадгүй, магадтай 4 зүйл байдаг байна.
Үхлийн холын шинжид: элч, зүүд, дүр хувирах
элч: мууг ёрлосон элч ирэх, эмчийн сэтгэл ширүүн, өлзийгүй үгс өгүүлэх, юм огтлох, эвдэх, гал мандал үйлдэх цагт элч ирвээс өвчтөн нь үхэхийн шинж
зүүд: үхдэл хөлөглөн зүүдэлвээс үхлийн эзэнд баригдсаны шинж, Морь, гахай, илжиг, тэмээг нүцгэн хөлөглөж өмнө зүг одохыг зүүдэлвээс үхнэ. Оройд мод ургаж, шувууд үүрээ засах, дал мод, өргөст мод зүрхэнд ургах, лянхуа гарах, хавцалд унах, үхээрт хэвтэх, толгой тасрах, хэрээ, бирд, мах идэгчид хүрээлэх, хөлийн арьс хуурах, эхийн умайд орох, усанд урсах, шаварт живэх, загасанд залгигдах, төмөр, алт олох, худалдаа хийх, тэмцэлд дийлдэх, нүцгэн суух, үс сахал хяргах, үхсэнтэй хамт архи уух, түүнтэй нөхөрлөх, улаан хувцас өмсөж, эрхтнээр чимэглэсэн, үхсэнтэй хамт бүжиг үйлдэх, эдгээр нь үхлийн эзний эрхэнд орсны шинж
дүр хувирах: эмч, лам, амраг садан, гэр бүлийнхээ гишүүдэд гэнэт эвгүйцэн уурлах, өнгө зүс доройтох, эсвэл шалтгаангүйгээр сэтгэл санаа нь хэт өндөр болж, үзэсгэлэн цог нь дэлгэрэх гэх мэтээр тухайн хүний дүр төрх, зан ааш огцом өөрчлөгдөхийг хэлнэ.
Ойрын шинжийг дотор нь ойр, маш ойр гэж 2 хуваана.
Ойрын шинж нь: хор, мэс эс туссан атал 9 сүвээс нь цус гарах, хэлснээ даруй мартах, ханиах найтаахаас өмнө дуу нь хувирах, үнэр мэдрэхээ болих, хүрэлцэх мэдрэхүй алдагдах, үсний орой тослогтох, үс хөмсгөнд шинэ заадас, эргүүлэг гарах, нүд гялбаагүй, хярсан туулайн нүд мэт ухархайд ширгэх, хүүхэн харааны өнгө буурах, чих гэдрэг наалдах, хамрын нүх сартайх, хэлний гол харлан хатаж, үг өгүүлж чадахаа болих, доод уруул унжиж, дээд уруул ярзайх, нүүрэнд тоос тогтож, амьсгал хөрөх, шүдэнд хир, хаг тогтох, амьсгал дээрдэх, илч арилах, бие нь хөрөвч халуу оргих мэт санагдвал, түүнчлэн халууцаж зововч хүйтнийг тэвчиж, ёсчлон засавч, эмчилгээ хийвч, өвчин засрахгүй байхыг хэлнэ.
маш ойрын шинж нь: таван махбод, таван эрхтэн бүгд нь зэргээр шингэнэ. Хамгийн түрүүнд шороон махбод хураагдах буюу юм сайн харж чадахгүй, нүд харанхуйлан будангуйрна. Усны чадал галд шингэвэл сүвүүд хатна, галын чадал хийд шингэвэл бие хөрнө, хийн чадал огторгуйд шингэвэл гадаад амьсгал тасарна. Тэгэхээр нас барж байгаа хүн эхлээд харахгүй- сонсохгүй - үнэрлэхгүй - амт мэдрэхгүй - хүрэлцэхийг мэдрэхгүй гэсэн шатлалаар явдаг байна.
магадгүй гэдэг нь эмчилгээнд засал авч чадвал амь аврагдаж мэднэ, засал авахгүй бол үхнэ гэсэн санаа. Магад гэдэг нь эмчлээд нэмэргүй, үхэх нь гарцаагүй гэсэн санаа юм. Хүн эмчилж байгаа эмч үхлийн хол ойрын шинжийг мэдэхгүйгээр өвчнийг илааршуулах нь боломжгүй зүйл учраас түмний сонорт хүргэв.