Бид хоолоор уураг, өөх тос, нүүрс усыг авдаг. Бидний бие махбодын хэрэгцээнээс илүү гарсан нь өөхний эсэд триглицерид хэлбэрээр липидийн дусал болж хадгалагддаг. Тэгээд л бүдүүрч өгнө гэсэн үг. Триглицерид гэдэг маань нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчийн холимог билээ. Ихэнх мэргэжилтнүүд өөхийг энерги болгон хувиргаж, шатааснаар бид турдаг гэдэгт итгэдэг. Яг л мод хөрснөөсөө тэжээл авч ургадаг гэдэгт итгэдэг шиг. Үнэн гэвэл бид 10 кг жин хаялаа гэхэд 1.6 кг нь ус болж, хөлс шээсээр гадагшилдаг бол 8.4 кг нь нүүрсхүчлийн хий болж амьсгал гаргах тоолонд гадагшилсаар үгүй болдог. Харин модны хувьд нүүрсхүчлийн хий болон усны тусламжтайгаар өсөж том болдог байна. Эндээс хүн мод хоёр хамт байлаа гэхэд хүний гадагшлуулсан ус, нүүрсхүчлийн хийгээр мод тэжээгдэн хүн жижгэрч, мод томорсоор хүн эцэстээ мод болж хувирна гэсэн ойлголт гарч болно.
Тэгвэл турахын тулд гүнзгий амьсгал авч гаргаад байхад л болох биш үү гэж та бодож байна уу? Үгүй дээ эхлээд триглицеридыг задлах шаардлагатай. Тэгэхийн тулд дасгал хийх хэрэгтэй.
10 кг өөхийг задлахын тулд 29 кг хүчилтөрөгчөөр амьсгалж, 94000 ккал энерги зарцуулах шаардлагатай. Үйл явц дундуур 28кг нүүрс хүчлийн хий, 11 кг ус гадагшилдаг гэсэн тооцоо бий. Хүн нэг минутанд дунджаар 12 удаа амьсгалдаг бол өдөрт 17280 удаа амьсгална гэсэн үг. Амьсгал гаргах бүрт 10 мг нүүрсхүчлийн хий гадагшилдаг гэж бодвол өдөрт гадагшлуулах нүүрс хүчлийн хий тодорхой тоогоор хязгаарлагдаж таарах нь. Тэгэхээр турахын тулд хэдий хугацаа зарцуулахаа мөн тооцоолох боломжтой. Эндээс хамгийн гол ойлгож авах зүйл бол өөхний эс нүүрсхүчлийн хий болон ус болж задардаг гэсэн томьёо билээ. Дасгалуудын төрлөөс ёога хөгжөөд байгаа нь нотолгоонд суурилсан тураах эмчилгээний арга байх магадлалтай гэж би хувьдаа үзэж байна. Шинээр нийтлэл оруулалгүй удсандаа хүлцэл өчье.