Thursday, August 23, 2012

Scoliosis - Нурууны муруйлт




 Дунд сургуулийн 5-р ангиас эхэлж, ядаж жилдээ нэг удаа нурууны рентген зураг авч, нурууны муруйлтыг илрүүлэх үйл ажиллагаа явуулж байвал зүгээр санагдана. Охидод хөвгүүдтэй харьцуулвал 7 дахин их тохиолддог. Ихэвчлэн 30 хэмээс дотогш сколиоз нас бие гүйцсэн үеэс эхлэн даамжрахгүй, өөрөөр хэлбэл зогсдог гэж ойлгож болно. Түүнээс дээших нь жилд 1 хэмээр нэмэгддэг гэсэн судалгаа байдаг учраас нэгэнт сколиоз гэж оношлогдсон бол жилдээ нэг удаа хяналтын рентген зураг давтан авхуулаад явахад гэмгүй.  Дээрх зургуудыг ажиглавал хүний нуруу дээш доошоо хотгор гүдгэр байхаас хажуу тийшээ далийсан юм байдаггүй. Баруун зүүн аль нэг тийш далийгаад эхэлвэл бид сколиоз гэсэн онош тавьдаг. Нурууны аль хэсгийг хамарсан байна гэдгээр нь бүсэлхий нурууны сколиоз, сээр нурууны сколиоз гэх мэтээр ангилна. Нум маягаар далийсан нурууны төвгөр хэсгээр нь баримжаалж баруун эсвэл зүүн тийш хандсан сколиоз гэнэ. Өнцөг нарийсах тусмаа уушиг зүрхээ дарах хүндрэл гарна. Тэр тохиолдолд мэс заслын аргаар муруйг засдаг. Бусад хөнгөн тохиолдолд муруйг даамжруулахгүй байх зорилгоор нуруу болон хэвлийн булчинг хөгжүүлэх дасгалууд, нурууны бэхэлгээ, цахилгаанаар сэдээх зэрэг аргуудыг дангаар болон хослуулан хэрэглэдэг байна. Сколиозыг бүтцийн болон үйл ажиллагааны гэж ерөнхийд нь 2 ангилна. Үйл ажиллагааны сколиозыг илрүүлэхийн тулд өвчтнийг зогсоо болон хэвтээ байдлаар рентген зураг авч харьцуулна. Үйл ажиллагааны сколиоз нь хэвтэхэд тэгширдэг онцлогтой. 
Рентген зурган дээр муруйлтын өнцгийг Коббын аргаар тодорхойлдог.

Friday, June 22, 2012

Lifting techniques to avoid back injury - Нуруу хамгаалах техник

Дахиад л нуруугаа бичиж таарлаа хэхэ. Хүнд нуруу ганцхан олдоно, тийм болохоор нуруугаа хайрлаж байгаасай, мэдэхгүйгээсээ болоод битгий гэмтээсэй гэж хүсэх юм даа. Нурууны өвдөлт үүсэх шалтгаанд биеийн байршил буруу байх, хэт хүнд юм өргөх, байнгын стресстэй байдал, дасгал хөдөлгөөн бага хийснээс болоод бие хөшүүн болох зэрэг нь багтана. Стрессийн үед кортизол, норадреналин гэсэн дааврууд ихээр ялгарах бөгөөд эдгээр нь тухайн хүний өвдөлт мэдрэх босгыг өндөр болгодог.  Бас нэг мэдэх ёстой зүйл бол нурууны биомеханик юм. Жишээ нь: 10кг ачааг их биеэс аль болох хол зайд баривал нурууны нугалам хоорон дахь дискэнд ирэх ачаалал 100 кг болно, харин аль болох биедээ ойр нааж баривал 10 кг даралт л үзүүлнэ. 10 кг ачааг газраас өвдгөө нугалахгүйгээр шууд тонгойж авбал нуруунд ирэх ачаалал мөн 100 кг болж ихэснэ . Тиймээс энэ ачааллыг багасгахын тулд газраас юм өргөхдөө заавал өвдөг, түнхний үеэр нугалах хэрэгтэй. За тэгээд өргөх техник нь дотроо хэд хэдэн төрөлд хуваагдана. Зургыг нь харахад бараг ойлгогдоно. Ойлгомжгүй зүйл байвал коммент үлдээгээрэй.

Wednesday, June 13, 2012

TREATMENT FOR H.PYLORI - Хеликобактерийн эмчилгээ

Энэ постыг би дөнгөж 30 насандаа ходоодны өвчнөөр шаналан байж нас барсан багийн анддаа зориулж байна.

Анх 100 жилийн өмнө ходоодонд нян байдаг юм байна гэдгийг илрүүлсэн боловч энэ нь ходоодны үрэвсэл үүсгэдэг юм байна гэдгийг бүр хожуу 1970-аад онд судлан тогтоожээ. 1982 онд Маршалл, Варрен 2 ходоодны нянг ургуулан Кампилобактер пилоридс хэмээн нэрлэсэн нь хожим дахин ангилагдаж Хеликобактер пилори гэдэг нэртэй болов. Ходоодны хеликобактер нь ходоодны үрэвсэл, шарх, шархлаа, хавдрын нэг үндсэн шалтгаан болдог.  Дэлхийн хүн амын 50%-аас дээш хувь нь энэ халдвараар өвчилсөн байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд 10-аас доош насны хүүхдүүд болон 50 хүртэлх насны том хүмүүсийн 80%-аас дээш хувьд хеликобактерийн халдвар байдаг байна. Хеликобактеритай хүн давс ихтэй хоол хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэснээр нян тэсвэртэй болохоос гадна ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэл нэмэгдэнэ. Энэ бактери удамшихгүй, өтгөн- ам, ам-ам гэсэн замаар халдварлана. Өтгөн, бөөлжис, ундны усанд олон хоногоор байх чадвартай. Гол горхи, усан санд тогтмол сэлдэг, урсгал уснаас уудаг, түүхий хүнсний ногоо идэж хэрэглэдэг хүүхдүүд халдварт өртөмхий байна. Эмнэлгийн ажилчидын хувьд ходоодны шүүстэй шууд тулж харьцдаг хүмүүс болох дурангийн эмч, дурангийн жижиг хэрэгслүүдтэй харьцагч дунд мэргэжилтэн нар халдварт өртөх, халдвар дамжуулах эрсдэл өндөртэй. Хеликобактерийн халдвартай байгаад түүнийгээ бүрэн гүйцэд эмчлүүлсэн хүмүүсийн хувьд энэ нянгаар дахин халдварлагдах боломж муу,  2%-аас доош байдаг болно. Ходоодыг дурандах явцдаа биопси авч шинжилвэл хамгийн бодитой оношилгоо болох ч хатгалт, дуран хийхгүйгээр амьсгалын уреаз болон өтгөнд антиген илрүүлэх сорил, мөн цусанд нянгийн эсрэг биеийг тодорхойлж тоолох гэсэн оношилгооны аргууд бий.
Тоолоход 15-аас бага гарсан үед эмчилгээ хийхгүй, 15-60 хооронд гарсан боловч эмнэлзүйд шинж тэмдэг илрэхгүй бол эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. 60-аас дээш гарсан тохиолдолд хавсарсан эмийн эмчилгээг эхэлнэ. Гурвалсан эм уудаг гэж ярьдаг даа. Тэр нь ямар учиртай юм бэ гэвэл хеликобактер маань өөрөө грамм сөрөг нян учраас энэ төрлийн нянг устгах үйлчилгээтэй пенициллиний болон макролидийн бүлгийн эмийг, ходоодны хүчлийн ялгарлыг багасгах үйлчилгээтэй протон шахуургыг саатуулагч бүлгийн эмтэй хавсарч хэрэглээд байгаа юм. Жишээ нь: амоксициллин 1гр-аар өдөрт 2 удаа, клатримицин 500 мг-аар өдөрт 2 удаа, омепразол 20 мг-аар өдөрт 2 удаа, нийт 14 хоног ууна. Энэ бол эмч нарын хамгийн эхний сонголтын гурвалсан эмчилгээ юм. Prevpac гэсэн нэрээр дотор нь энэ 3 эмийг багтаасан шинэ эмийн хэлбэр гарсан байгаа.
За тэгээд хэрвээ тухайн хүн маань пенициллинд харшилтай бол амоксициллины оронд метронидазолыг хэрэглэж болно.
үргэлжлэл бий....

Thursday, May 24, 2012

Death signs - Үхлийн шинжүүд

Сүүлийн үед Монголын Уламжлалт Анагаах Ухааныг сонирхон судлаад байгаа. Уран зохиолын ном мэт яруу сайхан хэллэгтэй юм билээ. Үхлийн талаар өгүүлсэн бүлэгт
 " Бие эвдрэх ёсон" гэж оруулаад, энэ нь дотроо холын, ойрын, магадгүй, магадтай 4 зүйл байдаг байна.
Үхлийн холын шинжид: элч, зүүд, дүр хувирах
элч: мууг ёрлосон элч ирэх, эмчийн сэтгэл ширүүн, өлзийгүй үгс өгүүлэх, юм огтлох, эвдэх, гал мандал үйлдэх цагт элч ирвээс өвчтөн нь үхэхийн шинж
зүүд: үхдэл хөлөглөн зүүдэлвээс үхлийн эзэнд баригдсаны шинж, Морь, гахай, илжиг, тэмээг нүцгэн хөлөглөж өмнө зүг одохыг зүүдэлвээс үхнэ. Оройд мод ургаж, шувууд үүрээ засах, дал мод, өргөст мод зүрхэнд ургах, лянхуа гарах, хавцалд унах, үхээрт хэвтэх, толгой тасрах, хэрээ, бирд, мах идэгчид хүрээлэх, хөлийн арьс хуурах, эхийн умайд орох, усанд урсах, шаварт живэх, загасанд залгигдах, төмөр, алт олох, худалдаа хийх, тэмцэлд дийлдэх, нүцгэн суух, үс сахал хяргах, үхсэнтэй хамт архи уух, түүнтэй нөхөрлөх, улаан хувцас өмсөж, эрхтнээр чимэглэсэн, үхсэнтэй хамт бүжиг үйлдэх, эдгээр нь үхлийн эзний эрхэнд орсны шинж
дүр хувирах: эмч, лам, амраг садан, гэр бүлийнхээ гишүүдэд гэнэт эвгүйцэн уурлах, өнгө зүс доройтох, эсвэл шалтгаангүйгээр сэтгэл санаа нь хэт өндөр болж, үзэсгэлэн цог нь дэлгэрэх гэх мэтээр тухайн хүний дүр төрх, зан ааш огцом өөрчлөгдөхийг хэлнэ.
Ойрын шинжийг дотор нь ойр, маш ойр гэж 2 хуваана.
Ойрын шинж нь: хор, мэс эс туссан атал 9 сүвээс нь цус гарах, хэлснээ даруй мартах, ханиах найтаахаас өмнө дуу нь хувирах, үнэр мэдрэхээ болих, хүрэлцэх мэдрэхүй алдагдах, үсний орой тослогтох, үс хөмсгөнд шинэ заадас, эргүүлэг гарах, нүд гялбаагүй, хярсан туулайн нүд мэт ухархайд ширгэх, хүүхэн харааны өнгө буурах, чих гэдрэг наалдах, хамрын нүх сартайх, хэлний гол харлан хатаж, үг өгүүлж чадахаа болих, доод уруул унжиж, дээд уруул ярзайх, нүүрэнд тоос тогтож, амьсгал хөрөх, шүдэнд хир, хаг тогтох, амьсгал дээрдэх, илч арилах, бие нь хөрөвч халуу оргих мэт санагдвал, түүнчлэн халууцаж зововч хүйтнийг тэвчиж, ёсчлон засавч, эмчилгээ хийвч, өвчин засрахгүй байхыг хэлнэ.
маш ойрын шинж нь: таван махбод, таван эрхтэн бүгд нь зэргээр шингэнэ. Хамгийн түрүүнд шороон махбод хураагдах буюу юм сайн харж чадахгүй, нүд харанхуйлан будангуйрна. Усны чадал галд шингэвэл сүвүүд хатна, галын чадал хийд шингэвэл бие хөрнө, хийн чадал огторгуйд шингэвэл гадаад амьсгал тасарна. Тэгэхээр нас барж байгаа хүн эхлээд харахгүй- сонсохгүй - үнэрлэхгүй - амт мэдрэхгүй - хүрэлцэхийг мэдрэхгүй гэсэн шатлалаар явдаг байна.
магадгүй гэдэг нь эмчилгээнд засал авч чадвал амь аврагдаж мэднэ, засал авахгүй бол үхнэ гэсэн санаа. Магад гэдэг нь эмчлээд нэмэргүй, үхэх нь гарцаагүй гэсэн санаа юм. Хүн эмчилж байгаа эмч үхлийн хол ойрын шинжийг мэдэхгүйгээр өвчнийг илааршуулах нь боломжгүй зүйл учраас түмний сонорт хүргэв.

Monday, May 14, 2012

Posture Center Spinal Rehabilitation


Манайд нэг сонирхолтой өвчтөн бий. Эмчилгээнд яваад бараг 4 сар болж байна. 23 настай, эрэгтэй, оюутан. Нуруу нь өвдөөд жил гаран болсон. Гүрийгээд яваад байсан, сүүлдээ хөдөлж чадахаа больсон. Анх бөхийж албадмал байрлалд орсон, маш их өвдөлттэй хүн ирсэн. Бүсэлхий нурууны нугалам хоорондын диск цүлхийж, мэдрэлээ дарснаас болоод хөлрүүгээ өвдөлт өгнө. Үндсэндээ бол мэс заслын заалт байсан ч гэлээ бид эмийн бус эмчилгээг уламжлалт эмчилгээтэй хослуулж хийхээр шийдсэн юм. Тайландад ажиллаж байхад яг ижилхэн оноштой мэс засалд орсон нурууны өвдөлт намдах нь байтугай архагших тохиолдол цөөнгүй байсан учраас би мэс заслаас татгалз гэж зөвлөсөн юм. Өвчтөн маань ч уйгагүй эмчилгээндээ ирсэн, бид ч бүхий л чадлаараа хичээсэн. Одоо өвдөлт намдсан, булчин суларсан. Удаан хугацаагаар нурууны өвдөлтийг хайхралгүй явсны уршиг нуруу муруйлт өгсөн. Тэрийг нь засах гэж одоо зүтгэж байна даа.

Friday, May 11, 2012

SHOULDER PAIN - Мөрний өвдөлт \ эмч нарт\


Мөрний өвдөлт



Мөр өвдөж байгаа тохиолдолд 4 шалтгааныг бодож байх хэрэгтэй. Үүнд:
1.      Ротатор кафф хавчигдах эмгэгүүд
2.      Ротатор кафф-ын кальци хуримтлагдсан шөрмөсний үрэвсэл
3.      2 толгойт булчингийн шөрмөсний үрэвсэл
4.      Далны тогооны дээд ирмэгийн гэмтэл (Урдаас хойшоо чиглэсэн)- SLAP гэмтэл
Асуумжаар тодруулах гол 5 асуулт:
1.      Яг хаана нь өвдөж байна вэ? \ротатор кафф-ын тендонитийн үед яг акриомон сэртэнгийн дор өвдөнө гэж заадаг. Харин 2 толгойт булчингийн тендонитийн үед бага зэрэг доохон, гар луу чиглэлтэй өвдөнө\
2.      Ямар хөдөлгөөн хийхэд өвдөлт сэдэрч байна вэ? \ ротатор каффын эмгэгийн үед гараа мөрнөөс дээш өргөсөн хөдөлгөөнийг хийхэд өвдөлттэй. Бицефсийн болон SLAP гэмтлийн үед гар доош унжуулсан хөдөлгөөнд мэдрэг болно\
3.      Өмнө нь өвдөж байгаад одоо өвдөхөөсөө илүүтэй хөшингө оргидог болсон тал бий юу? \ хөлдүү мөрний хам шинжийг илрүүлэх гол асуулт. Эхэндээ мөр нь өвддөг байж байгаад одоо өвдөлтгүй хөшдөг болсон гэвэл мөрний үений капсулын наалдацат үрэвсэл буюу хөлдүү мөрний хам шинж гэж оношилно.\
4.      Мөр нь өвдөөд хэр удаж байна вэ?
5.      Ямар тохиолдолд мөрний өвдөлт намддаг вэ?
Сүүлийн 2 асуултыг асууснаар цаашид оношилгооны ямар шинжилгээ хийх, эмчилгээний ямар төлөвлөгөө боловсруулах вэ гэдэгт чиглэл олж авна.

Бодит үзлэг:

Мөрний үеэр хийгддэг бүх хөдөлгөөнийг шалгаж үзнэ. Ротатор кафф шөрмөс хавчигдсан хам шинжийн хурц үед гараа өргөж чаддаггүй өвдөлттэй байдаг. Архаг наалдацат үрэвслийн үед гараа өргөдөг ч 60-90 хэм орчимд бага зэрэг өвдөлтийг мэдэрдэг.
Дээрх 4 булчинг ротатор кафф гэнэ.
1.      m.subscapularis гэмтлийг илрүүлэхдээ өвчтнийг зогсоож байгаад гараа нуруундаа аваад, бүсэлхийнээс дээш өргө гэж хэлнэ. Өвчтэй талын гар бүсэлхийнээс дээш явахгүй бол ротатор каффын далны доод булчингийн шөрмөс гэмтсэн байна гэж үзнэ.  Дараа нь өвчтөн 2 гараа хүйсэндээ аваад, гэдэс рүүгээ хүчтэй шахаж өг гэнэ. Энэ тохиолдолд тохой их биеэс хөндийрч байж сая хүн хэвлийдээ хүчтэй даралт үзүүлнэ. Харин тохой их биеэс салахгүй бол мөн далны доод булчингийн шөрмөсний гэмтэл гэж үнэлнэ. Үүнийг Наполеоны сорил + гэнэ.
2.      m. supraspinatus булчингийн хүчийг шалгахдаа
Өвчтнийг 2 гарыг хэвлий дээр нь тавьж байгаад эмч тохойн дээрээс нь дараад эсэргүүц гэж хэлнэ.

3.      m. infraspinatus and m. teres minor  Энэ 2 булчин нь мөрөөр гадагш эргүүлэх хөдөлгөөн хийхэд оролцоно. Өвчтнийг тохойгоо 90 хэм нугалуулаад , эмч бугалган дээрээс нь бариад дотогш эргүүлэх хүч өгөөд эсэргүүц гэж хэлнэ. Эсэргүүцэж чадахгүй бол дээрх булчингууд суларчээ гэж дүгнэнэ. 

Эмчилгээ:
Дээрх үзлэгийн дүгнэлтээс эмчилгээний төлөвлөгөө урган гарна.
1.      Эхлээд үрэвслийн эсрэг эмчилгээг хэсгийн дулааны эмчилгээг үрэвслийн эсрэг эмийн түрхлэгтэй хавсарч хэрэглэнэ. Яагаад гэвэл акриомон сэртэнгийн дор байгаа шөрмөс хөдөлгөөн хийх тоолонд үрэгдээд үрэвсээд байх хандлагатай. Манай эмнэлэгт Инфрарэд термо шарлагын аппаратыг voltaren gel –тэй ашигладаг. Бас лазер эмчилгээ хийж болно. Манайх милта гээд аппарат ашигладаг. Ултразвук бас хэрэглэнэ.
2.      Мөр дал тохой гарын сарвууг оролцуулсан иллэг хийнэ. Эхлээд дулааны эмчилгээ буюу өнгөц дулаан үүсгэх шарлага, гүний дулаан үүсгэх ультразвук хийсний дараа иллэг хийвэл илүү үр дүнтэй. Мөрний хөдөлгөөнд дал чухал үүрэгтэй оролцдог учраас далны эргэн тойронд иллэг зайлшгүй хийж өгөх, далыг нэг гараар дарж хамгаалж байгаад дасгал өгөх зэрэгт хүмүүс алдаад байх шиг харагддаг.
3.      Зүү эмчилгээ  ерөнхийдөө суганы орчимд, humerus дагуулаад тэмтэр, эрхий хуруугаар хүчтэй дараад явахад өвчтөн өөрөө хөндүүр цэгээ хэлдэг. Тэнд нь зүүгээр хатгаж механик гэмтэл учруулж өгнө. Дараа нь сунгалтын дасгал заавал хийлгэнэ.
4.      Дээрх сорилуудаар аль булчингийн хүч суларсан байна гэдгийг тогтоогоод тухайн булчингийн хүчийг чангаруулах дасгал зааж өгнө. Ингэхдээ эхлээд үений далайцын дасгал хийлгэнэ. Дээр зураг нь байгаа. Дараа нь хэрвээ далайц хязгаарлагдсан бол эмч даралт үзүүлэн идэвхигүйгээр сунгалтын дасгал хийлгэнэ. Ингээд үений далайц сайжирсны дараа эсэргүүцэлтэй дасгал өгч булчингийн хүчийг нэмэгдүүлнэ.