Эх оронд маань ид жавар тачигнаж байх цагаар хөнгөн нимгэн хувцастай, нарны шилээр ижилссэн бидний хэдэн нөхөд үүргэвчээ үүрч, зургийн аппаратаа санжигнуулсаар Бангкокын Викториа Монумэнт \монголоор бол тээврийн товчоо юм даа\ буудлаас хүний 4000 төгрөг төлөн, саарал микро-д тухлан суугаад, аяллын гол чиглэл рүүгээ онилон гарлаа. Замдаа солонгос будааны дарс шимэн, хол ойрын сонин хуучилсаар, 2 цаг гаран зогсолтгүй давхин Паттаяа хэмээх далайн эргийн үзэсгэлэнт хотод үд өнгөрөхийн алдад хүрч очлоо. Жуулчдын хамгийн ихээр цугладаг Вокинг стрийт-ийг сонирхлоо. Таалагдсан зүйл ширхэг ч байсангүй. Ерөнхийдөө дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг газар бололтой. Ойрхон нэг газар тай хоол идлээ. Үнэ нь харьцангуй хямд мөртлөө амттай, нэг хоол 2500- 4000 төгрөгийн үнэтэй байсан санагдана. Ходоодоо баярлуулж аваад, далайн эргийн боомт дээр очиж, усан онгоц хүлээв. Ко Лан буюу Корал гэж Паттаяа-тай хамгийн ойр байдаг аралруу очиж, тэндээ нэг хонох төлөвлөгөөтэй байлаа. Сүүлийн онгоц оройн 5 цагт хөдлөх хуваарьтай байсан. За тэгээд 500 төгрөг төлж, айн байж авиран гараад, 50 минутийн турш их усан дунд уйдталаа, дотор муухайртал хөвсөөр зорьсон газраа харанхуйтай уралдан очлоо. Биднийг очиход аль хэдийн эрэг хавийн буудлууд зочдоор дүүрчихсэн байв. Тэгээд нэг жижиг ачааны машин шиг юмны тэвшин дээр суугаад, уул өөд өгссөөр Ви Ти ресорт хотхонд очлоо. Арлын гол унаа мотоцикл гэдгийг харахад л ойлгомжтой байв. Үнэндээ машин багтаж явахад бэрхтэй, нарийн гудамтай юм билээ. Аз болоход биднийг аваачсан буудал нь тухтай, цэвэрхэн газар байж, бүгдэд нь таалагдсан. Мөнгөө хэмнээд, хамтдаа нэг байшинд орлоо. Өргөн том 3 ор, тагт, ОО, шүршүүр, гал тогооны өрөө бүхий тансаг харш байв. Өглөөний цай, унааны хөлстэйгээ нийлээд 120000 төгрөг орчим болно гэдгийг ааш сайтай, инээмтгий бүсгүй дуулгалаа. Бид ч сайхан байранд орчихлоо, одоо санаа зовох юун, шөнийн далайтай танилцанаа гээд хэдийн танил болсон задгай машиндаа дэгдэж суугаад, салхи сөрөн давхисаар далайн захад хүрлээ. Эндээс миний мөрөөдөл биелж эхэлсэн юм. Монгол залуустайгаа хамт инээдээр хачирлан барьсан тэр оройн, далайн зоог хамгийн амттай, мартагдашгүй дурсамжаар дүүрэн байлаа. Харийн нутагт, хүний хүмүүстэй хамт хооллох бүртээ тойргийн гаднах хүн гэдгээ мэдэрч, хэлэх хөдлөх бүртээ ердийнхөөс 2 дахин илүү хяналт тавьж, хуурамч инээмсэглэлийн баг өмсөөд суухад амьсгалах аргагүй бүгчим болдгийн муухайг мэдэрсээр хэдэн ч сар болчихов. Энэ бүгдийн дараа ингэж сайхан өөрийн дураар аашилж, цээж тэнүүн, сэтгэл баяртай үдшийг өнгөрөөсөндөө тун их талархаж байлаа. Маргааш өглөө нь яаралгүйхэн босож, бяцхан тоглоом шоглоомоор нэгнээ өдөн инээлдсээр өглөөний цайгаа уугаад, өрөөний охинтойгоо хамт сүр клипний зураг авалт хийн жаал баясав. 10 цагийн үед ачаагаа баглаж тавьчихаад, өдрийн далайг үзэж, амтлахаар явлаа. Монголчууд хэзээний ухаан хурц, авьяас чадалаар бялхаж явдаг хойно нэг анд маань цагийн дотор усанд сэлээд зогсохгүй шумбаад сурчихсан. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдоогүй, бахархаж баярласандаа нулимс хүртэл унагааснаа дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Би гэдэг хүн их усны харшилтай ч халуун орны давстай усанд дурлаад, өдөржин шахуу түрлэг бүрийг алдалгүй амьсгалаа түгжин дээш үсэрч, загас шиг шумбахгүй ч шувуу шиг нисэж өнжлөө. Банана завин дээр зоригт Монголчууд бүгдээрээ суусан. Давхиж байгаад онхолдуулдаг хоржоонтой тоглоом байлаа. Хантаазтай болохоор живнэ гэсэн аюулгүй ч сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь аваачдаг эвгүй эд. Айдсаа ялан дийлэхэд суралцмаар иймэрхүү тоглоомуудад би яагаад ч юм их дуртай. Дараа нь асар их таашаалыг мэдэрдэг, ахин дахин тоглоод баймаар санагддаг. Өдрийн хоолоо эрэг дээр биеэ наранд шарж зүүрмэглэх зуураа идсэн. Тайландын үйлчилгээ үнэхээр сайн. Аялал жуулчлал өндөр хөгжсөн нь тай хүмүүсийн найрсаг харилцаатай тодорхой хэмжээгээр холбоотой гэдэгт эргэлзэхгүй байна. Хэлний үзүүрт давс амтагдаж, хэтрүүлэн ээсэн арьс хорсож, хүний олонд нүд эрээжилж, толгой эргэсэн ч зүрхэндээ итгэлтэй, сэтгэлдээ баяртай, харцандаа галтай, гутландаа элстэй бидний хэдэн нөхөд аяллаа өндөрлөхөөр Паттаяа луу хөдөллөө.
P.S Хэрвээ та Тайландад ирчихсэн, далайн эрэг дээр 2 хоног, 1 шөнийг амарч өнгөрөөх бодолтой байгаа бол эхлээд багаа бүрдүүлээрэй, буудлаа захиалаарай. Санаа нийлсэн 4-5 хүн байлаа гэхэд нэг хүний 100000 төгрөг байхад хангалттай. Гайхамшигтай сайхан амралт болох болно. \guarantee- forever\
Special thanks to my friends Gana, Chimge, Gombo, Ganba and Baggi.