Манай нэг үйлчлүүлэгч байгаа юмаа. 40 гаруй насны америк цэрэг. Афганистанд байхдаа баруун өвдөг мөрөндөө гэмтэл авсан. Баруун мөрний ротатор каффын 4 булчингийн нэг болох m.supraspinatus-ийн урагдалтай мөн гарын тохойн үеэр нугалагч m.biceps-ийн урагдалтай. Энэ хоёр булчингийн шөрмөсийг ястай бэхлэх дурангийн хагалгаанд орсны 7 дахь өдрөө манайд хандсан хүн л дээ. Бие бялдрын хөгжил сайтай, сав л хийвэл би хэзээ буцаад сагсан бөмбөг тоглодог болох вэ гэж асуугаастай. Тавилангийн талаарх асуулт хэзээд хариулахад бэрхшээлтэй байдаг. Учир нь СЗЭ-ний нэг онцлог нь өвчтнөөс өөрөөс нь их зүйл шалтгаалдагтай холбоотой. Эмч үйлчлүүлэгч хоёрын хоорондын харилцаа маш чухал. Сэргээн засалч их эмч, хөдөлгөөн засалч хоёрт үйлчлүүлэгч маань 100% итгэж байж сая эмчилгээ хүссэн үр дүндээ хүрдэг. За тэгээд манай баатар Хагалгааны дараа орон дээрээ унтаж чадахгүй, баруун гар мөрний хөдөлгөөн тэр чигтээ хоригдсон болохоор өөрөө өөртөө үйлчлэх чадвар маш муу, хүчтэй өвдөлттэй хүн байлаа. Үрэвслийн эсрэг эм, парацетамол кодейны холимог эмээр өвдөлтийг хянаж байсан. Нилээд зууралдсан хоёр сар гаруй эмчилгээнд яваад харьцангуй дээрдсэн.
Ерөнхийдөө хагалгааны дараах эдгэрэл жил гаруй хугацаанд үргэлжилдэг. Хөдөлгөөнгүй байлгаж байж сая мэс заслаар залгасан холбоос маань батжина. Энэ хугацаанд ашиглаагүй булчингууд хатингаршина. Гэхдээ эмчилгээний төлөвлөгөөг зөв зохиосон тохиолдолд өвчтөн 100% эдгэрэх боломжтой. Гол нь тэвчээр хатуужил, хүсэл эрмэлзэл чухал. Ерөнхийдөө ротатор каффын урагдлын хэмжээ, үйлчлүүлэгчийн нас, хөдөлгөөний идэвхит байдлын түвшин, мэс заслын бус эмчилгээний үр дүнгээс шалтгаалж хагалгаа хийх үгүйг шийддэг. Хагалгааны дараах шөрмөсний эдгэрэл 3 үе шатаар явагддаг. Үрэвслийн үе нь шөрмөсийг ясанд бэхэлсэн мөчөөс эхлэн тромбоцит, фибробласт болон үрэвслийн эсүүд мэс засал хийсэн хэсэгт цуглан бөөгнөрч долоо хоног гаруй үргэлжилнэ. Дараагийн 2-3 долоо хоногт нөхөн төлжих үйл явц явагдана. Дараа нь сорвижих үе эхэлнэ. Энэ нь мэс заслын дараах 3-4 дэх долоо хоногт явагдана. Шөрмөсний хүч их сул байдаг. Хүч дээд хэмжээндээ хүрэхэд 4 сар гаруй хугацаа зарцуулагдана. Мэс заслын дараах СЗЭ-ний эхний зорилго бол шөрмөс эдгэрэх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ аль болох бага хэмжээнд булчингийн хатингаршил, хөшингийг барьж байх явдал юм.
Мэс заслын дараа 2 долоо хоногийн турш гарыг дээрх байдлаар хөдөлгөөнгүй байлгана. Гарыг бага зэрэг өргөх байрлалд оруулсанаар судасжилтыг дэмжих мөн шөрмөсөнд ирэх ачааллыг багасгадаг ач холбогдолтой. Хэрвээ эрт үед хөдөлгөөнд оруулвал сорвижилт хугацаанаасаа өмнө явагдсанаар болоод цаашдаа мөрний үений далайц хязгаарлагдах хүндрэл илэрдэг. Ерөнхийдөө энэхүү сойлтыг мэс заслын дараах 6 долоо хоног хүртэл хэрэглэхэд тохиромжтой. Эхлээд идэвхигүй аргаар буюу хөдөлгөөн засалч үйлчлүүлэгчийн мөрийг хөдөлгөнө, \1-4 weeks\ дараа нь өвчтөн өөрөө далайцын дасгал хийнэ. \4-6 weeks\ Мөсөөр жин тавьж болно. Хүйтний эмчилгээ нь өвдөлт намдаах, хаван хавдрыг бууруулах, булчин суллах, үрэвслийн процессийг дарангуйлах нөлөөтэй. Мэс засал хийлгэсэн өдрөөс эхлэн 14 хоног хүртэл хүйтний эмчилгээг хавсруулан хийнэ. Булчингийн хүч сайжруулах дасгалын 2 сарын дараанаас эхэлнэ. Зарим нэг санаа оноо өгөхүйц дасгалын зургуудыг дор орууллаа.