Monday, January 13, 2014

Alcohol hangover mechanisms - Шарталтын эмгэг жам

Их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсний дараа илрэх биемахбодийн болоод сэтгэцийн шинж тэмдгүүдийн нийлбэрийг шарталт гэнэ. Шарталтын үед илрэх шинж тэмдгүүдийг бүлэглэн жагсаавал:
1. Бүтцийн талаас ядрах, хамаг булчин сулрах, цангах
2.  Өвдөлтийн талаас толгой болон булчин өвдөх, хөндүүрлэх
3.  Хоол боловсруулах системийн талаас дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх
3.  Хоногийн нойрсох - сэрэх хэмнэлд гарах өөрчлөлт нь нойронд муудах, нүдний алимны түргэн хөдлөлтэй нойрсолтын хугацаа буурах, нүдний алимны түргэн хөдлөлийн илрэлгүй нойрсолтын хугацаа ихсэх
4.  Мэдрэхүйн талаас толгой эргэх, гэрэл, дуу чимээнд хэт мэдрэх болох
5.  Танин мэдэхүйн талаас анхаарал төвлөрөлт буурах
6.   Сэтгэл зүйн талаас сэтгэл гутрал, сэтгэл түгшүүрлэл, уур уцаартай болох
7.    Симпатик мэдрэлийн системийн хэт идэвхижлийн шинжүүд болох салганах, хөлрөх, цусны даралт, зүрхний цохилт нэмэгдэх зэрэг шинжүүд тус тус илэрдэг байна. Эдгээр нь ямар төрлийн согтууруулах ундааг, хэр их хэмжээгээр хэрэглэснээс шалтгаалан өөр өөр байж болно. Ерөнхийдөө шарталт нь цусан дахь алкохолын хэмжээ буурч 0 болох үед маш хурцаар илэрч эхлээд 24 цаг үргэлжилнэ.Шарсан хүний зорилгот үйлийн гүйцэтгэл тааруу байдаг тул гэмтэх эрсдэл өндөр байдаг. Ерөнхийдөө удаан хугацаанд их уувал шартах магадлал өндөр. Гэхдээ хувь хүний онцлогоос шалтгаалаад зарим хүн ганц хоёр хундага татсан ч шартдаг байхад зарим хүн маш их уудаг боловч огт шартдаггүй байж болно.Сүүлд хийгдсэн судалгаануудаас харж байхад архичин хүн шартах нь бага байдаг гэсэн дүгнэлт өгч болохоор байна.

Архины биемахбодид үзүүлэх шууд нөлөө
1. Биемахбодь усгүйжих, элетролитүүдийн тэнцвэр алдагдах
Архи нь шээс хөөх үйлчилгээтэй. 250 мл шингэн дэхь 50 гр архи нь хэдхэн цагийн дотор биеэс 600мл-ээс 1 литр хүртэл шээсийг хөөж гаргадаг. Яаж тэр вэ гэвэл антидиуретик болон вазопрессин гэсэн даавруудын ялгарлыг саатуулчихдаг. Антидиуретик дааврын хэмжээ багасаад ирэхээр бөөр усаа дахин эргэн шимэгдүүлж авахаа больчихдог байна. За тэгээд дээр нь нэмээд бөөлжих, гүйлгэх, хөлрөх замаар биемахбодь дахин ус хийгээд бичил элементүүдээ алддаг. Багаас дунд зэргийн усгүйжлийн үед эмнэлзүйд ямар шинж илрэх вэ? ам цангах, бие сулрах, салстууд хатах, толгой эргэх, дотор муухайрах гэх мэт усгүйжлийн үеийн шинж тэмдгүүд шарталтын үед илэрдэг байна.
2. Хоол боловсруулах зам нөлөөлөх
Архи уунгуут шууд ходоодонд очиж үрэвсэл үүсгэх, мөн элгийг өөхлүүлэх аюултай. Үүнээс гадна ходоод, нойр булчирхай, 12 хуруу гэдэсний шүүрлийг ихэсгэж нөлөөлдөг учраас хэвлийн дээд хэсгээр өвдөх, дотор муухайрч, бөөлжих шинж илэрдэг байна.
3.  Цусны чихэр багасах
Архи уусны дараа элэг болон бусад эрхтний метаболизмд өөрчлөлт ордог. Элэг өөхлөх хандлагатайгаас гадна биеийн шингэнүүдэд сүүний хүчил хуримтлагддаг. (сүүн хүчлийн ацидоз) Эдгээр механизмаас болоод чихэр ялгарах үйл явц саатдаг. Архины гаралтай чихэр багасах нь хэд хоног хоол ундгүй дараалж уусан хүмүүст тохиолддог. Чихэр ялгаралтыг саатуулахаас гадна элгэнд гликоген хэлбэрээр нөөцлөгдөх үйл явцад саад учруулдаг.  Цусан дахь чихрийн хэмжээ багасаад ирэхээр тархи тэжээлгүйтэж ядрах, сульдах, сэтгэл санаа хоосорч гуниглах мэдрэмж төрдөг байна. Ялангуяа чихрийн шижинтэй, түүндээ эм уудаг бол архидах нь маш аюултай. Гипогликемийн шоконд орж нас барах эрсдэлтэй. 
4. Нойрны хэмнэл өөрчлөгдөх
Архи уусны дараа богино хугацаанд чанаргүй нойрсолт явагдана. Цусан дахь алкоголь-ний түвшин буураад ирэхээр эсрэгээр нойргүйдэлд хүргэдэг. Ихэвчлэн хүмүүс оройн цагаар архи уудаг нь тухайн өдрийн тайван унтаж амрах цагаас хороодог байна. Мөн архи нь залгиурын булчинг сулладаг учраас архи уусны дараа чангаар хухирч унтах хандлагатайгаас гадна зарим тохиолдолд унтаж байх үед амьсгал тасалддаг. Архи ууж байх үед биеийн температур буурдаг бол шарталтын үед өндөр болдог. Мөн архи нь шөнийн цагаар ялгардаг өсөлтийн дааварт саатуулах нөлөө үзүүлнэ. Өсөлтийн даавар нь ясны хөгжил, бусад уургийн синтез-д чухал нөлөөтэй. Мөн архи нь адренокортикотропный дааврыг ялгаруулах явцыг дэмжсэнээр кортизол ихээр ялгарна. Энэ нь нүүрс усны солилцоо хийгээд стресстэх процесст оролцдог даавар юм. Энэ замаар архи нойр хийгээд хүний биологийн хэвийн хэмнэлийг эвдэж орж ирдгээрээ маш муу үр дагавартай.
5. Архи ба толгойн өвчин
Архи ууж байх явцад судас тэлэгддэг. Дараа нь агшдаг. Үүнтэй холбоотойгоор толгой өвдөх асуудал их тохиолддог байна. Мөн толгой өвдөх эмгэг жамд чухал ач холбогдолтой оролцдог нейротрансмиттерүүд болох гистамин, серотонин, простогландиний нийлэгжилтэнд архи нөлөөлдөг. Гэвч архи ба толгойн өвчнийг холбож буй жинхэнэ шалтгаан одоо хүртэл нууц хэвээр байна. 
6. Олон хоног, долоо хоногоор дараалж ууж байгаад болих үед яагаад хүн үхэх шахдаг вэ?
Үүнийг alcohol withdrawal syndrome гэдэг.   
     Архи, этанол нь төв мэдрэлийн системийн эсүүдэд нөлөөлнө. Мэдрэлийн эсийн мембран дээр GABA, glutamate гэсэн хоёр нейротрансмиттерийн рецептор байдаг. GABA мэдрэлийн эсийг тайван байлгах, глутамат нь мэдрэлийн эсийг идэвхижүүлэх нөлөөтэй. Олон хоног архидаад ирэхээр этанол нь GABA-г дарангуйлж, глутаматыг идэвхижүүлнэ. Дараа нь уухаа больсон ч гэсэн ТМС-ийн хэт идэвхижил үргэлжилсээр салганах, хөлрөх, зүрхний цохилт олшрох шинж илэрнэ. Архаг архичдын хувьд дотор муухайрах, бөөлжих, салганах, хөлрөх, сэтгэл түгших, сандрах, толгой өвдөх, хүрэх, сонсох, харах мэдрэхүйд өөрчлөлт орсноор хий юм харах, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдах шинжүүд илэрнэ. Өөрөөр хэлвэл ТМС-ийг хөөрлийн байдалд оруулдаг байна. 
Үргэлжлэл бий 
 

Friday, January 3, 2014

Children and adolescents knee pain- Хүүхэд, өсвөр насныханд тохиолдох өвдөгний өвдөлт

Хүүхэд, өсвөр насныхан гээд бодохоор өвдөгний урд талын өвдөлт санаанд ороод байх юм. Манайхаар эмчлүүлсэн 2 тохиолдлыг дурдая гэж бодлоо.
Тохиолдол 1
16 настай эрүүл, тамирчин хүү. 2  хөлийн өвдөгний урд хэсгээр өвдөнө, зүүн хөлийн өвдөлт илүү анзаарагддаг,  гар бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнд орсны дараа 3 цаг хүртэл хугацаагаар өвдөг түгжигдэж байгаа мэт болоод, өвдгөө тэнийлгэж чадахгүй байдалд ордог. 20 минут хөдөлгөөнгүй суунгуут өвдөөд эхэлдэг. Сүүлийн нэг сар ийм байдалтай байна. Ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэв. Үзэхэд зүүн хөлийн өвдөгний урд тойг болон тойгны доод хэсэгт хөндүүр эмзэглэлтэй, бага зэрэг хаван ажиглагдана. 4 толгойт булчингийн хүчийг шалгахаар эсэргүүцэл өгөхөд өвдөлт нэмэгдэнэ. Гэхдээ үений далайц хязгаарлагдаагүй. Мэдрэлийн талаас өөрчлөлтгүй. Халуун, улайсан шинжгүй. Би дотроо менискусын урагдал байж магадгүй гэж сэжиглээд MRI хийлгэсэн. Хариу нь mild Sinding Larsen Johansson Disease гэж гарсан.

Тохиолдол 2
14 настай хүү. 2 хөлийн өвдгөөр янгинаж байгаа мэт битүү өвдөлт мэдэгдэнэ. Спортын арга хэмжээнд оролцсоны дараа өвдөлт тэсэхүйеэ бэрх болж, хэд хоног хөдөлгөөн хязгаарлаж хэвтэхээр өвдөлтийн эрчим багасдаг. Зүүн нь баруунаас илүү хүчтэй өвддөг. Өөрийн анзаарснаар бол үсрэх хөдөлгөөн өвдөлтийг сэдрээгээд байх шиг санагддаг гэв. Өвчин намдаах үрэвслийн эсрэг эмэнд өвдөлт дарагддаггүй, аажимдаа багасдаг гэнэ. Үзлэгт тойгны доод хэсэгт хөндүүр, халуун, 4 толгойт булчинд эсэргүүцэл өгөхөд мөн өвдгөөр идэвхигүй аргаар хэт нугалахад өвдөлт нэмэгдэнэ. Бага зэргийн хаван хавдар ажиглагдана. Өөр онцын өөрчлөлтгүй. Рентген зургаар Osgood Shlatter disease гэдэг нь батлагдав.
Дээрх хоёр эмгэг бол хүүхэд, өсвөр насныханд хамгийн элбэг тохиолддог эмгэгүүд юм. Үүн дээр нэмээд тойгны хагас мултрал ховор тохиолдолд үхжилт үений үрэвсэл, дунд чөмөгний толгойн эпифиз салах эмгэг тус тус багтана. Товч тайлбарлахад Sinding Larsen Johansson disease гэдэг нь тойгны шөрмөсний дээд хэсгийн үрэвсэл буюу яг тойгны доод талд үрэвсэл явагдана гэсэн үг. Харин Osgood Shlatter disease гэдэг нь тойгны шөрмөсний шилбэ ясны төвгөрт ирж бэхлэгдэх хэсэгт буюу тойгны шөрмөсний доод хэсэгт үрэвсэл явагдахыг хэлнэ. Аль аль нь өвдөгний тэнийлгэгч механизмыг хэтрүүлэн ашигласантай холбоотой. Дээр нь хүүхдийн яс бүрэн бэхжээгүй тохиолдолд гуяны урд талын булчингийн хэт хүчтэй агшилтаас болоод шөрмөс хуулрах эрсдэлээр үүсдэг эмгэг юм.
Тойгны хагас мултрал охидод элбэг тохиолддог. Гол шалтгаан нь гуяны урд талын 4 толгойт булчингийн Q өнцөг 15 хэмээс их байгаа тохиолдолд тойг хагас мултрах эрсдэл өндөр.