Friday, January 3, 2014

Children and adolescents knee pain- Хүүхэд, өсвөр насныханд тохиолдох өвдөгний өвдөлт

Хүүхэд, өсвөр насныхан гээд бодохоор өвдөгний урд талын өвдөлт санаанд ороод байх юм. Манайхаар эмчлүүлсэн 2 тохиолдлыг дурдая гэж бодлоо.
Тохиолдол 1
16 настай эрүүл, тамирчин хүү. 2  хөлийн өвдөгний урд хэсгээр өвдөнө, зүүн хөлийн өвдөлт илүү анзаарагддаг,  гар бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнд орсны дараа 3 цаг хүртэл хугацаагаар өвдөг түгжигдэж байгаа мэт болоод, өвдгөө тэнийлгэж чадахгүй байдалд ордог. 20 минут хөдөлгөөнгүй суунгуут өвдөөд эхэлдэг. Сүүлийн нэг сар ийм байдалтай байна. Ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэв. Үзэхэд зүүн хөлийн өвдөгний урд тойг болон тойгны доод хэсэгт хөндүүр эмзэглэлтэй, бага зэрэг хаван ажиглагдана. 4 толгойт булчингийн хүчийг шалгахаар эсэргүүцэл өгөхөд өвдөлт нэмэгдэнэ. Гэхдээ үений далайц хязгаарлагдаагүй. Мэдрэлийн талаас өөрчлөлтгүй. Халуун, улайсан шинжгүй. Би дотроо менискусын урагдал байж магадгүй гэж сэжиглээд MRI хийлгэсэн. Хариу нь mild Sinding Larsen Johansson Disease гэж гарсан.

Тохиолдол 2
14 настай хүү. 2 хөлийн өвдгөөр янгинаж байгаа мэт битүү өвдөлт мэдэгдэнэ. Спортын арга хэмжээнд оролцсоны дараа өвдөлт тэсэхүйеэ бэрх болж, хэд хоног хөдөлгөөн хязгаарлаж хэвтэхээр өвдөлтийн эрчим багасдаг. Зүүн нь баруунаас илүү хүчтэй өвддөг. Өөрийн анзаарснаар бол үсрэх хөдөлгөөн өвдөлтийг сэдрээгээд байх шиг санагддаг гэв. Өвчин намдаах үрэвслийн эсрэг эмэнд өвдөлт дарагддаггүй, аажимдаа багасдаг гэнэ. Үзлэгт тойгны доод хэсэгт хөндүүр, халуун, 4 толгойт булчинд эсэргүүцэл өгөхөд мөн өвдгөөр идэвхигүй аргаар хэт нугалахад өвдөлт нэмэгдэнэ. Бага зэргийн хаван хавдар ажиглагдана. Өөр онцын өөрчлөлтгүй. Рентген зургаар Osgood Shlatter disease гэдэг нь батлагдав.
Дээрх хоёр эмгэг бол хүүхэд, өсвөр насныханд хамгийн элбэг тохиолддог эмгэгүүд юм. Үүн дээр нэмээд тойгны хагас мултрал ховор тохиолдолд үхжилт үений үрэвсэл, дунд чөмөгний толгойн эпифиз салах эмгэг тус тус багтана. Товч тайлбарлахад Sinding Larsen Johansson disease гэдэг нь тойгны шөрмөсний дээд хэсгийн үрэвсэл буюу яг тойгны доод талд үрэвсэл явагдана гэсэн үг. Харин Osgood Shlatter disease гэдэг нь тойгны шөрмөсний шилбэ ясны төвгөрт ирж бэхлэгдэх хэсэгт буюу тойгны шөрмөсний доод хэсэгт үрэвсэл явагдахыг хэлнэ. Аль аль нь өвдөгний тэнийлгэгч механизмыг хэтрүүлэн ашигласантай холбоотой. Дээр нь хүүхдийн яс бүрэн бэхжээгүй тохиолдолд гуяны урд талын булчингийн хэт хүчтэй агшилтаас болоод шөрмөс хуулрах эрсдэлээр үүсдэг эмгэг юм.
Тойгны хагас мултрал охидод элбэг тохиолддог. Гол шалтгаан нь гуяны урд талын 4 толгойт булчингийн Q өнцөг 15 хэмээс их байгаа тохиолдолд тойг хагас мултрах эрсдэл өндөр.