Tuesday, August 25, 2015

Тураах хоолны дэглэмүүд ба буруу ойлголтууд

Нийтлэг тохиолддог буруу ойлголтуудыг нотолгоонд суурилсан анагаах ухааны үндэслэлтэйгээр засаад залруулаад явчихъя.

1. Хангалттай уураг идэхгүй байх нь буруу.
Уургаар баялаг хоолны дэглэм бол тураах дэглэмүүдийн хаан юм. Яагаад гэвэл уураг нь бодисын солилцоог эрчимжүүлэхээс гадна хоолны дуршлыг бууруулдаг. Уургыг задлахын тулд энерги шаардагддаг гэдэг утгаараа өдөрт шатаах илчлэгийг 80-100 ккал-аар нэмэгдүүлдэг. Өдөрт идэх хоолны 30% нь уураг бол өдөрт авах илчлэг 441 ккал-аар буурдаг. Өдөрт идэх хоолны 25% нь уураг бол өлсөх мэдрэмжийг 60%-иар бууруулна. Оройд дэл сул юм хайж, хөргөгч онгойлгох зуршлыг 50%-иар бууруулдаг ачтай буянтай дэглэм болох нь хэдийн тогтоогджээ.

2. Нүүрс усыг ор тас хасахыг оролдох нь буруу.
Нүүрс ус багасгасанаар цусан дахь чихрийн хэмжээ буурч, хоолоор авах илчлэгийн хэмжээ багасаж, давхар хоолны дуршил буурдаг нь хэдийн тогтоогдсон билээ. Гэхдээ эрч хүчтэй, цогтой хийморьтой байхад нүүрс ус тусалдаг. Тиймээс аль болох байгалийн гаралтай нүүрс усыг тодорхой хэмжээгээр авч байх хэрэгтэй.

3. Өөх тосыг аль болох хасч танахыг оролдох нь маш буруу.
50000 эмэгтэйчүүд оролцсон 8 жилийн судалгаагаар өөх тос багатай дэглэм барьж байсан эмэгтэйчүүдийн жин, жирийн хоолны дэглэмтэй эмэгтэйчүүдээс 400 грамм л бага байсан бөгөөд зүрх судасны эмгэг, хавдарт өртөх эрсдэл 2 бүлэгт яг ижил байсан. Эсрэгээр байгалийн гаралтай өөх тосыг хүнсэндээ өргөн хэрэглэх нь цусан дахь муу холестролыг задалж, сайн холестролыг нэмэгдүүлж өгдөг.

4. Жимсний шүүс уух нь буруу
Хичнээн 100% жимсний шүүс байлаа ч ус, чихэр л гэсэн үг. Жимсний шүүс, хийжүүлсэн ундаанд агуулагдах сахарын агууламж ижилхэн учраас жимсийг бүхлээр нь идэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл жимсийг бүхлээр нь идсэнээр ширхэглэгтэй сахар биед орно. Энэ нь тийм ч амархан цус руу орчихдоггүй, аажим чөлөөлөгддөг. Харин жимсний шүүс уувал хэдхэн хормын дотор цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг.

5. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь маш буруу.
Химийн бодис оролцох тусам л олон төрлийн өвчин эмгэг үүсэх, таргалах шалтгаан болдог тул боловсруулсан лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

6. Өдөрт бага багаар олон удаа хооллох нь буруу.
Өлссөн үедээ ид, цатгалан байвал нэмж бүү чих.
Судалгаагаар өдөрт 5-6 удаа хооллодог болон өдөрт 2-3 хооллодог хүмүүсийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Хооллох нь бодисын солилцоог бага зэрэг түргэсгэж өгнө. Гэхдээ өдөрт идсэн нийт хоолны хэмжээ, бүтцээс хамаарахаас бус өдөрт хэдэн удаа хооллосонтой огтын холбоогүй ажээ. Эсрэгээр хүн тодорхой хугацаанд өлсгөлөн байснаар биемахбод өөрөө өөрийгөө засварлах боломжтой болдог.

7. Өндөгний шарыг хаях нь тун буруу.
Яагаад гэвэл өндөгний шард нь байгалийн гаралтай сайн өөх тос, витамин, эрдсүүд, антиоксидантууд агуулагдаж байдаг тул өндгийг өдөр бүр бүхлээр нь шарж эсвэл чанаж хэрэглэж байх хэрэгтэй. Нийт хүн амын 90%-д хэвийн хэмжээнээс бага байдаг тархины тэжээл холин өндгөнд агуулагддаг. Мөн өндөг сайн иддэг хүн тэр бүрийд нүдний хүнд хэлбэрийн эмгэгүүдээр өвчлөөд байдаггүй байна.

8. Илчлэг тоолох нь буруу.

Өөр өөр төрлийн хүнс өөр өөр замаар биемахбодид нөлөөлдөг. Тэдгээр нь хаана ямар дааварт нөлөөлсөнтэй холбоотойгоор илчлэг шатах үйл явц хурдсах эсэх нь хамаардагаас биш хичнээн илчлэг нийтдээ авсан нь чухал биш. Хаанаас авч байгаа нь чухал юм.

9. Үйлдвэрт цэвэршүүлсэн тос хэрэглэх нь буруу.

Аль болох монгол цөцгийн тосондоо хоолоо хуурч байгаарай.

10. Болсон болоогүй олон нийтийн сүлжээнээс авсан мэдээлэлдээ итгэх нь буруу. Түүнд тулгуурлаж хоолны дэглэмээ тогтоох нь бүр буруу.
Хамгийн зөв зам бол судалгааны ажлуудаар үр дүн нь батлагдсан мэдээллийг амьдралдаа ашиглахыг эрмэлзэх явдал юм.


No comments:

Post a Comment