Tuesday, November 10, 2015

Кофе нь зүрхний эмгэгээр өвчлөх, нас барах эрсдлийг бууруулах тухай

Зүрхний шигдээс болон тархины харвалтын суурь шалтгаанд олон жилийн турш үргэлжилж буй судасны архаг эмгэг болох судас хатуурах, өөхөн товруу үүсэх эмгэг жам нөлөөлж байдаг. Үүнийг энгийн үгээр тайлбарлах юм бол ердийн үед цусаар орж ирж буй холестролыг дархлааны эс болох макрофаг залгиж, биемахбодыг хамгаалдаг. Хэрвээ холестрол буюу өөхөн дуслууд хэт их ороод ирвэл макрофаг эс маань дийлдээд, исэлдэх урвалын нөлөөнд үүргээ гүйцэтгэх боломжгүй болж үхдэг. Ингээд судасны хананд гэдсээрээ дүүрэн өөх чихсэн макрофаг эсүүдийн цогцсууд бөөгнөрч өөхөн товрууг үүсгэдэг. Энэхүү өөхөн товруу нь судасны ханыг зузаан болгож, цус гүйх зайг багасгасанаар судас нарийсч, түүгээр явах цусны урсгалын даралт нэмэгдэж, цусны даралт ихсэх эмгэгтэй болно. Нөгөө талаар энд тэнд буй овон товон өөхөн товруу нь цусны хуйлралтыг үүсгэхээс гадна тухайн эрхтэнийг тэжээх хангалттай хэмжээний цусыг тээвэрлэхэд механик саад үүсгэсэнтэй холбоотой зүрхний булчин эсвэл тархины эд үхжиж үхэлд хүргэх аюултай. Тэгвэл кофенд агуулагдах антиоксидант буюу үл исэлдүүлэх чадвартай феруликийн хүчил (ferulic acid) нь макрофаг эсийг үхэх аюулаас хамгаалсанаар өөхөн товруу үүсэх эрсдлийг бууруулдаг нь судалгаагаар нотлогджээ. Хамгийн тохиромжтой нь буюу зүрх судасны эмгэг үүсэх, нас барах эрсдлийг 21%-иар бууруулдаг хэмжээ бол өдөрт 3-5 аяга кофег тогтмол ууж хэвших явдал юм. Гэхдээ хэрвээ та ногоон цай уудаг бол кофетой мөн ижил үйлчилгээ үзүүлдэг тул өдрийн норм хэмжээ тань нийлээд 5 аягаас илүү гарахгүй байвал зохистой. Дунджаар өдөрт 2 аяга ногоон цай, 2 аяга кофе ууж дадвал урт наслах боломжтой болохоос гадна зүрхний шигдээсээс болж лав үхэхгүй байхнээ. Хэрвээ кофены орц найрлаганд ордог бодисуудад хэт мэдрэг буюу кофе уухаар зүрх дэлсээд, салгалаад байдаг бол ногоон цайг өдөрт 3-5 аягыг ууж хэвшээрэй.


No comments:

Post a Comment