Thursday, March 31, 2016

Weight control hormones №1 ИНСУЛИН- INSULIN



Инсулин нь нойр булчирхайн бета эсээс ялгардаг даавар юм. Өдрийн турш тасралтгүй бага хэмжээгээр ялгарах бөгөөд хоол идсэний дараа их хэмжээтэй ялгардаг. Инсулин нь биеийн эд эсүүдийг цуснаас сахар шингээн авч энерги болгон зарцуулах эсвэл хадгалах үйлд тусална.
Инсулин нь биед өөх хуримтлуулдаг гол даавар юм. Инсулин өөхний эсүүдэд өөх хуримтлагдахыг нөхцөлдүүлэх ба хуримтлагдсан өөх задрах үйл явцыг хориглоно. Харин биеийн эсүүд инсулинд тэсвэртэй болоод ирвэл цусан дахь сахар, инсулины хэмжээ нэмэгдэнэ. Цусан дахь инсулины түвшин удаан хугацаанд өндөр байсантай холбоотой таргалалт болон метаболик синдром үүснэ. Хэтрүүлэн идэх ялангуяа чихэр, боловсруулсан нүүрс ус, түргэн хоол зэрэг нь цусан дахь инсулины түвшинг нэмэгдүүлэхээс гадна биеийн эсүүдийг инсулинд тэсвэртэй болгодог. Цусан дахь инсулины түвшинг хэвийн болгох, эсүүдийн инсулинд тэсвэртэй байдлыг эвдэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?


 Үүнд:

1.      Фруктоз, сукроз, глюкоз огт хэрэглэхгүй байх
2.      Нүүрс усны хэрэглээг байж болох хамгийн бага түвшинд барих
3.      Уургыг тохируулж хэрэглэх (уураг нь богино хугацаанд инсулины түвшинг нэмэгдүүлэх боловч удаан хугацаанд тогтмол хэрэглээд байвал гэдэс харвинг багасгасанаар биеийн эсүүдийг инсулинд мэдрэмтгий болгож нөлөөлнө)
4.      Сайн өөх тос ид (маргарин биш цэвэр цөцгийн тос, шар тос, цөцгий, зөөхий гэх мэт) Өөх ихтэй загасны мах тогтмол идэх нь өлөн үеийн сахарыг буулгах нөлөөтэй. Хэрвээ загасны олдоц муу бол омега 3-ыг өдөрт 3 грамм хүртэлх капсулаар ууж хэрэглэнэ.
5.      Тогтмол дасгал хийж занших хэрэгтэй. Өдөр бүр 30-1 цаг алхах, шогших, гантел өргөх зэрэг эсэргүүцэлтэй дасгал хийгээд байвал 3-4 сарын дараанаас биеийн эсүүд инсулинд мэдрэмтгий болж ирдэг.
6.      Эсүүд нь инсулинд тэсвэртэй болчихсон метаболик синдромтой хүмүүсийн бие дэх магнийн хэмжээ эрүүл хүнтэй харьцуулахад багассан байдаг. Тиймээс өдөр бүр унтахын өмнө 400-500 грамм магнийг нэмэлтээр ууснаар инсулинд тэсвэртэй байдлыг бууруулах сайн нөлөөтэй.
7.      Ногоон цай тогтмол ууж хэрэглэх нь цусны сахарыг бууруулж, эсүүдийг инсулинд мэдрэмтгий болоход сайн нөлөө үзүүлнэ.

Дүгнэж хэлэхэд хэрвээ та том гэдэстэй бол, хэрвээ та тулай болон чихрийн шижин эмгэгтэй хэмээн оношлогдсон бол аль болох нүүрс ус огт  хэрэглэхгүй байхыг хичээж, тогтмол хөдөлгөөнтэй байгаарай хэмээн захих байна.

Wednesday, March 9, 2016

Advice for Diabetes №-2 Чихрийн шижин яагаад үүсдэг вэ?



Инсулин нь биемахбодид болж буй олон үйл явцыг хянаж оролцдог чухал даавар юм. Тиймээс энэхүү дааврын үйл ажиллагаа хямарсан үед биед мэдэгдэхүйц бэрхшээл учруулдаг, эмчлэхэд төвөгтэй өвчин эмгэг үүсдэг. Тэдгээрээс хамгийн бэрхшээлтэй нь биеийн эсүүд инсулин дааварт хариу урвал үзүүлэхээ больчихдог. Үүнийг эмнэлгийн хэлээр “ инсулинд тэсвэртэй байдал үүсэх” гэж нэрлэдэг. 2002 онд хийсэн судалгаагаар АНУ-ын нийт иргэдийн 32.2%-д нь инсулинд тэсвэртэй байдал хэдийн үүссэн байгаа нь илчлэгдсэн. Нийт махлаг бүсгүйчүүдийн 70% нь инсулинд тэсвэртэй болсон байдаг. Хэдийгээр эдгээр тоо баримт айдсын харанга дэлдэж буй хэдий ч нэгэнт үүссэн инсулинд тэсвэртэй байдлыг инсулинд мэдрэг болгон хувиргах боломж бас байгааг дуулгахад таатай байна.
Инсулин нь нойр булчирхайгаас ялгардаг даавар билээ. Гол үүрэг нь цусаар эргэлдэж буй биемахбодид хэрэгтэй шим тэжээлийн бодисуудыг зохих газар нь хүргэж, зохицуулах явдал юм. Хэдийгээр цусны сахартай холбогдож ажилладаг боловч өөх тос, уургийн солилцоонд мөн давхар нөлөөлдөг. Хэрвээ бид сахар ихтэй буюу нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн хэрэглэвэл тэр дороо цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг. Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдээд ирмэгц нойр булчирхай ажиллаж инсулиныг ялгаруулдаг. Цусаар инсулин аялахдаа биемахбодийн эд эсүүдэд өөрийн хэрэгцээ шаардлагаар цуснаас сахар авахыг уриалдаг. Ингээд цусан дахь сахарын багасч, эд эсүүдэд энергийн түлш болохоор очдог. Харин шаардлагатай энергиэс илүү гарсан түлш буюу сахар нь биед өөх болж хуримтлагддаг. Харамсалтай нь зарим нэг шалтгаанаас болоод эд эсүүд нь инсулинээ сонсохоо больж, инсулинд тэсвэртэй байдал үүсдэг. Энэ тохиолдолд цусан дахь сахарын хэмжээг багасгахын тулд нойр булчирхай илүү их инсулин үйлдвэрлэж цус руу хаядаг. Гэсэн хэдий ч цусан дахь сахарын хэмжээ буурдаггүй. Инсулин хэт ихээр үйлдвэрлэсэнтэй холбоотойгоор нойр булчирхайн эсүүд ядарч, гэмтэж эхэлдэг. Ингээд эргээд инсулин бага ялгарч улмаар гарахаа бүрмөсөн больдог. Эсүүд ч инсулинтэй холбоо тасарч, цусан дахь сахарын хэмжээ улам бүр ихэссээр эд эрхтнүүд гэмтэж, чихрийн 2-р хэлбэрийн шижин өвчин үүсдэг. Дэлхийн нийт амын 9% нь өвчилдөг энэхүү архаг эмгэг үүсэх гол шалтгаан нь энэ юм.
Тэгвэл яагаад инсулинд тэсвэртэй байдал үүсдэг вэ гэсэн асуулт урган гарах нь дамжиггүй. Яагаад гэвэл:
1. Цусны өөх тосны хэмжээ ихсэх. Цусан дахь чөлөөт өөхний хүчлүүд их хэмжээгээр нэмэгдсэн тохиолдолд биеийн булчингийн эсүүд сахарыг хүлээж авахаа больдог. Өөрөөр хэлбэл инсулин хичнээн хашгирсан ч тэд сонсохгүй болно. Ялангуяа бүсэлхий хэсгээр хэт таргалах нь эрхтнүүдийн дотор тарга үүссэнийг илтгэдэг. Дотор эрхтнүүд өөхлөөд ирэхээр чөлөөт өөхний хүчлүүдийг цусанд их хэмжээгээр хаядаг. Таргалалт яагаад үүсдэг вэ гэвэл илүүдэл илчлэгийн дүнд хуримтлагдах өөхөн давхаргатай холбоотой. Цаашлаад чөлөөт өөхний хүчлүүд нь үрэвслийн медиаторуудыг идэвхижүүлж, архаг үрэвслийг эхлүүлснээр инсулинд тэсвэртэй байдал улам бүр хүчээ аван батаждаг. Эндээс юу гэж ойлгох вэ гэвэл 2-р хэлбэрийн чихрийн шижинг эмчлэхийн тулд инсулинд тэсвэртэй байдлыг л инсулинд мэдрэг болгон хувиргах нь чухал. Одоогоор дэлхий дахинд мөрдөөд байгаа эмчилгээний протокол бол шалтгааны эсрэг эмчилгээ болж чаддаггүй. Цусны сахарыг буулгах эм тариа гэдэг бол ханиад хүрсэн үед халуун буулгах парацетамолтой адилхан л шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэгддэг хүчин зүйлс юм. Хэрвээ үүсгэгч нян, вирусыг устгах эмчилгээ хийхгүй л бол хичнээн халууныг бууруулж, өвдөлтийг намдаалаа гээд тухайн өвчтөн маань бүрэн эдгэрэхгүй. Түүнтэй адилхан инсулинд тэсвэрт байдалтай тэмцэхгүй л юм бол та чихрийн шижин эмгэгээс ангижирч үл чадна. Харин чадвал таны өвчин бүрмөсөн эмчлэгдэнэ.