Friday, April 8, 2016

Advice for diabetes №3- Чихрийн шижинтэй өвчтөнд зориулав №3



Тоо бодвол толгой сэргэнэ
Америкийн Диабетийн Холбооноос гаргасан зөвлөмжөөр бол диабеттэй хүн өдөрт нэг удаадаа 45 гр нүүрс ус агуулсан 3 удаагийн хоол, нэг удаад 25 гр нүүрс ус агуулсан хүнсээр өдөрт 2 удаа өл дарж болно гэж заажээ. Тэгвэл энэ хэр нийцтэй зөвлөмж болохыг хамтдаа шалгацгаая.

Талх, будаа, гурил, сүүнд агуулагдах хэлбэрээр өөр боловч угсаа гарал нэг 4 грамм нүүрс ус гэдэг маань нэг цайны халбага элсэн чихэр юм. Бидний бие махбод нэг удаадаа гаднаас хоол хүнсээр орж ирсэн 1-2 цайны халбага элсэн чихрийг л зохих газар нь зүй ёсоор хүргэх чадалтай машин юм.
Хүний биед 1 грамм нүүрс ус ороход цусан дахь сахарын хэмжээ 5-аар (0.28ммоль/л) нэмэгддэг. Тэгвэл хамтдаа тоо бодъё. Жишээлбэл: Золоогийн өлөн үеийн сахар 120 (6.6ммоль/л) байдаг. Ихэнх чихрийн шижин хэмээн оношлогдсон өвчнүүдийн сахар энэ тооноос өсөж эхэлдэг. Золоо өглөө аяга сүүнд овъёос дэвтээж идээд дараа нь зүсэм талхан дээр маргарин түрхэж идэх дуртай. Түүний өглөөний цай 45 грамм нүүрс ус агуулдаг. Өглөөний цайгаа ууснаас хойш 30-45 минутын дараагаас цусан дахь сахарын хэмжээ өгсөж эхлэх бөгөөд 45*5=225 (12.5 ммоль/л) –аар нэмэгдсэн түвшинд хэдэн цаг болно.

Ингээд зогсохгүй ээ. Золоогийн өлөн үеийн сахар хэвийнхээс өндөр байгаа тул үүнийг буулгахын тулд бие махбод аль хэдийн тодорхой хэмжээний инсулин ялгаруулчихсан ажиллуулж байгааг битгий мартаарай. Гэтэл тухайн инсулинд ажиллах боломж үл олгон нэмээд 11 цайны халбага элсэн чихэр цус руу хаячихсан байдаг. Ингээд хөөрхий цусан дахь сахарын хэмжээ 350 (19.5 mmol/l)-д хүрлээ. Нэг удаадаа нэгээс хоёр цайны халбага элсэн чихрийг л боловсруулах чадвартай бие махбодын хувьд энэ бол яаралтай тусламж дуудсан түгшүүрийн харанга юм. Ингээд хөөрхий нойр булчирхай хамаг чадлаараа ажиллан аль болох их хэмжээний инсулин ялгаруулахыг хичээнэ. Инсулин цусан дахь глюкозыг биеийн эсүүд рүү шилжүүлэхдээ илүүдэл сахарыг өөхний эсэд өөх болгон хадгал хэмээн дамжуулна.  Золоо өглөөний цайныхаа дараа нойр булчирхайг хүчээр шахан илүү их инсулин ялгаруулдаг сахарын эсрэг эм уулаа. Үүнээс хойш 2 цаг 30 минутын дараа түүний сахар 200 (11.1 mmol/l) болж буурав.
Нэг л өлсөөд болдоггүй. Тэгэхээр нь Золоо 1 том алим, 1 зүсэм бяслаг идэж орхилоо. Эдгээр нь нийлээд 25 грамм нүүрс ус болно. Цусан дахь сахарын хэмжээ дахин 100-аар өслөө. (5.5 mmol/l) Нэмэлтээр ороод ирсэн 6 цайны халбага элсэн чихрийг зохих газар нь хүргэх инсулин ялгаруулахын тулд дахиад л хөөрхий нойр булчирхай зогсолтгүй ажиллах хэрэгтэй болно.
Жоохон юм идсэн ч гэсэн нэг л өлбөлзөөд болохгүй байлаа. Дээр нь байнга ам цангах нь гачлантай. Гэсэн ч тэсч байгаад 2 цагийн дараа хоол руугаа дайран орлоо. Хар талхтай зузаахан мах бяслаг ногооны хавчуургатай сэндвич идэв. Амьхандаа л цусны сахар буулгах хоолны дэглэмээ бариад байгаа санаатай. Хийжүүлсэн ундаа уух хүсэл тэсгэлгүй их төрсөн тул нэг зеро кола уучихлаа. Нэмээд зүсэм бяслаг идэв. Ингээд манай баатрын өдрийн хоолонд агуулагдах нүүрс ус дахин 45 грамм боллоо. Тэгэхээр цусан дахь сахар 225-аар нэмэгдсэн байж таараа. Золоо өдрийн хоолны дараа дахин нэг ширхэг сахарын эсрэг эм уув. Өмнө нь идсэн алимны сахарыг буулгаж амжаагүй байхад л дараагийн сахар ороод ирдэг. Ингээд хөөрхий Золоогийн цусан дахь сахарын хэмжээ өдрийн турш хэдийгээр сахарын эсрэг эм уусан ч 200 (11.1 mmol/l)-аас буух боломжгүй болов.
Өдрийн 3 цаг Золоо дахиад л өлсөөд эхэллээ. Зузаан масло түрхээд 2 зүсэм хар талх идэж орхилоо. Дахиад л цусан дахь сахарын түвшин 125-аар нэмэгдэв. Ингээд үндсэндээ цусан дахь сахар 300 (16.7 mmol/l) давлаа. Орой гэртээ хариад хоол идэхээс өмнө сахараа үзэхэд 195 (10.8) байлаа. Жаахан мах хуураад талхтай идчихэв. Цангаад байхаар нь зеро кола уучихав. Ингээд түүний цусан дахь сахарын хэмжээ дахиад 225-аар өсөв. Сахар хэт өндөр байсан тул орой өлссөн ч юм идэхгүй тэвчээд 1000 мг метформинээ уугаад унтахаар хэвтэв. Унтахын өмнө үзэхэд сахар 260(14.4 mmol) байв. Энэ бол Золоогийн нэг өдрийн хэмнэл юм. Тэрээр өөрийгөө сахар багатай хоолны дэглэм барьж, эмээ мартахгүй ууж, сахараа байнга хэмждэг сайн өвчтөн гэж боддог болохоор цусан дахь сахарын хэмжээ олигтой буурахгүйд эмзэглэнэ.
Түүнд үлдэж буй боломж бол өдөрт авч буй нийт нүүрс усны хэмжээг 20 гр-аас илүү гаргахгүй байх, өдөрт 100 гр-аас илүү уураг идэхгүй байх (илүүдэл уураг биед ороод глюкоз болж хувирна), хэрвээ өлсөөд байвал түүнийгээ өөх тосоор дарах явдал юм. Сахарын эсрэг эм нь хүчээр цусан дахь сахарыг буулгадаг зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ билээ. Өөрөөр хэлбэл нянгийн шалтгаантай хоолой өвдөх өвчний үед бид халуурсан үедээ парацетамол ч юм уу уугаад халуунаа бууруулдаг. Гэхдээ энэ бол түр зуур л халуун бууруулж байгаа шинж тэмдгийн эмчилгээ юм. Харин нянгийн эсрэг үйлчилгээтэй антибиотек уухгүй бол тухайн өвчин эдгэрэхгүй. Яг үүнтэй адил орчин үед хэрэглэгдэж байгаа цусны сахар бууруулах эмүүд болон инсулин нь зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Харин миний дээр дурдсан хоолойгоор тань давж орж буй хоолондоо маш сайн анхаарал хандуулах нь үндсэн эмчилгээ шүү гэдгийг танд дахин дахин сануулмаар байна.



No comments:

Post a Comment