Wednesday, May 25, 2016

Найз



Найз гэдэг хүнийг ойлгох гэж битгий хичээ. Бодох ч хэрэггүй. Найзууд үргэлж сайн сайхан байх албагүй. Насаараа хайрлаж явсан анд чинь хэзээ нэг өдөр чиний элэг рүү өшигчөнө. Харин дандаа болох бүтэхгүй юм хийж, чамайг элэгдэж явсан тэр нөхөр хэзээ нэг өдөр аминд чинь орно. Нийгмийн шаар гэж бодож явсан хүнтэйгээ анд болох тохиол байхад амин хайрт найз минь гэж итгэж явсан андаа нэг нүдээрээ ч харах сонирхолгүй болж холдох нь бий.  Найзууд орон зайн хувьд ойр байх тусмаа улам дотносох агаад ямар нэгэн нөлөөллөөр орон зай нь холдоход дотносол нь алсарч одно. Найзаараа заавал өрөвдүүлэх албагүй. Зовлонгоо ярих, тусламж нэхэх, жаргалаа хуваах, зовлонгоос нь үүрэлцэхийг хүсэх, за тэгээд хэт хүлээлт үүсгэчихсэн үедээ хонзон санан өсөрхөх ч шаардлагагүй. Тийм ёс ч байхгүй. Түүнд чинь тусгайлан бэлтгэгдсэн хүнийг хань гэж нэрлэдэг юм. Харин найз гэдэг бол би чиний найз шүү гэдгээ сануулчихдаг, үе үе уулзаж, ярилцаж, хамтдаа тэнэгтэж, хоорондоо сайдаж, муудаж  явах чадалтай хүнийг хэлнэ. Заавал нэг тийм төгс харилцааг найзаасаа хүсч яах гээд байгаа юм бэ? Төгс найз байтугай төгс хань төгс чи гэж байхгүй. Сэрүүн зүүднээсээ сэрж үз. Зүгээр л өөрийгөө болоод найзыгаа тайван байлгаад, дураараа сайхан амьдарцгаа. Аандаа амьдрал ах бүгдийг ойлгуулаад өгөмз. Ойлгохгүй байгаад л байвал өөрийгөө хүүхдээрээ сайхан явнаа л гэж ойлгох хэрэгтэй. Түүнд бас давуу тал бий хихи.

Wednesday, May 11, 2016

Q and A: About painkiller- Өвчин намдаах эм байнга ууж болох уу?

Q and A: About painkiller- Өвчин намдаах эм байнга ууж болох уу?
Хариулт:
1. Өвдөлт намдаах эмүүд гэж ярих нь зүйтэй байх.
2. Өвдөлтийн шалтгааныг олж, бүрэн төгс эмчлэх, эмчлүүлэх хэрэгтэй.
3. Монголчууд эрүүл мэндийн боловсрол муутай байсаар өнөөдрийг хүрлээ. Хөгшчүүл яахав ингээд дуусдаг юм байгаа биз. Харин залуус эрүүл мэндийнхээ тал дээр харанхуй оргиод явж болохгүй. Санаа тавих хэрэгтэй. Уншиж, судалж, сонсож мэдэхийг эрмэлзээрэй. Адаглаад хэрэглэж буй эмүүдээ жагсааж бичиж байгаад эмчээсээ сайн асуудаг байх хэрэгтэй. "Мэдэхгүй, эмч цаашаа харж байгаад нэг юм найруулаад тарьчихсан, юу тарьчихав гэж асуугаагүй" , "мэдэхгүй, нэг тийм жижиг улаан эм өгсөн. Юунд өгч байгааг нь асуугаагүй. Нэрийг нь санахгүй байна" гэх жишээний л юм ярих нь элбэг байх юм. Өөрийн чинь бие энэ насаараа өмсөх хувцас чинь шүү дээ. Нэг цүнх авах гэж бөөн юм болдог байж яагаад чиний бие лүү орж байгаа химийн бодисыг сонирхож лавладаггүй юм бэ? Өвдсөн ч идэвхитэй өвчтөн бай. Монгол улсад эмчид бүгдийг даатгаж болохгүй. Ачаалал ихтэй, цалин багатай, өвчтнүүд нь боловсролгүй гээд Монголд ажиллаж байгаа эмч нарт урмын хөшүүрэг түй ч байхгүй учраас тэр бүрийд бүгдийг чамд тайлбарлаад сууна гэж гонж. Харин асуувал хариулж таарна шүү дээ.
4. Эм гэдэг маань химийн бодис гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Биеийн нэг хэсэг доголдоод тэрийг засахын тулд өгч буй эм маань зөвхөн тухайн өвдсөн хэсэгт үйлчилдэггүй. Бүх биеэр тархаад нэлэнхүйд нь нөлөөлнө. Тэр юу гэсэн үг вэ гэхээр асуудалтай хэсгийг янзлангаа зүгээр хэсэгт асуудал үүсгэдэг. Үүнийг бид эмийн гаж нөлөө гэж нэрлэдэг. Ямар нэгэн эм хэрэглэхийн өмнө эерэг үр дүн хийгээд муу нөлөө хоёрыг нь дэнсэлж бодож байж эмч тухайн өвчтөнд өгөх эсэхээ шийддэг. Тийм учраас дур мэдэн эм ууж болдоггүй юм. Ялангуяа өвдөлт намдаах дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эм болох ибупрофен, наклофен, диклоденк, кеторолак, налгезин гэх мэт (өөр олон нэрээр гарч байгаа байх, ерөнхийдөө NSAIDs гэнэ) эмүүдийг дур мэдэн удаан хугацаагаар өөрөө ууж, өрөөлд зөвлөж болохгүй ээ. Хамгийн хоруу чанар өндөртэй өвдөлт намдаах эмүүд шүү дээ.
Жишээлбэл бие өвдөөд байсан болохоор дур мэдэн диклоденк уулаа гэж бодъё. Диклоденк биед ороод үрэвсэл үүсгэдэг бодисын ялгарлыг хориглоно. Булаг шандны эхийг чулуугаар дараад хаячихлаа гэж ойлго. Тэндээс сайн ч ус гарахгүй, муу ч ус гарахгүй. Тэгэнгүүт ходоодны салстыг хамгаалдаг сайн бодис нь ялгарахаа болино, гэмтсэн судасны ханыг бүлэн үүсгэн бөглөдөг бие махбодын хамгаалах урвал явагдахаа болино. Ингэж ходоодны шарх үүсэх эх үүсвэр тавигдана. Харин чиний тархи өвдөлт намдаад хэсэгтээ аятай болсон учраас диклоденк гэдэг эмийг шүтчихнэ. Өөрөө ч юм бол уугаад, өөр хүн өвдлөө гэвэл зөвлөөд....энэ маягаар нилээд хэдэн жил явлаа. Эцэст нь ходоод шархнаас цус алдаж үхнэ. Эсвэл бөөр юмуу элэгний цочмог дутагдалд орж нас барна. Аль эсвэл зүрхний шигдээс, тархины харвалтаар хорвоог орхино. Ялангуяа удаан хугацаагаар энэ төрлийн эмийг уугаад байвал ямар ч өвдөлт зовиур илрэхгүй байж байгаад гэнэт ходоод гэдэсний замаас цус алдан үхэх эрсдэлтэй. Яагаад гэвэл энэ төрлийн эмийн өвдөлт намдаах үйлдэл эмнэл зүйд илрэх анхааруулах шинж буюу өвдөлтийг бүдэгрүүлчихдэг. Та энэ эмийг 3 эсвэл 5 хоног ууж болно. Харин түүнээс урт хугацаагаар уух бол заавал эмчтэй зөвлө гэдгийг хатуу анхааруулж байна.