Friday, December 31, 2010

Birth of Paradise




Which one is the Birth of Paradise? Таасан хүнд таван ширхэг 24-ийн чихэр өгнө шүү. 

Тэр цэцгийг Birth of Paradise гэдэг. Эрхэмсэг байгаа биз? Энэ үгийг анх сонсоод, буруу дуулчихав уу гэж дахин дахин асууж лавлаж билээ. Тэгээд буцаж очоод, ажиглаад байсан нээрээ л ийм нэртэй байхаас өөр аргагүй юм даа гэж эрхгүй бодогдов. Надад тэр цэцэг маш их таалагдсан. Өнөөдөр оны сүүлчийн өдөр. Нэг л сайхан гэгээн бичлэг оруулахгүй бол нойр хүрэх шинж алга. Сүүлийн 7 хоног аймаар байлаа. Яг хоолой дээр тултал шингэн дүүргэчихсэн юм шиг эвгүй мэдрэмж, алхаж байснаа толгой эргэж, бие сулраад унах шахсан. Тэгэхэд л дотроос ингээд яваад байж ёстой болохгүй, гарц ол, шийд шийд гэж хатгаж билээ. Яг одоо би гарцаа олчихсон, шийдвэрээ гаргачихсан додигор сууна. Энэ хэдэн нойргүй шөнүүдэд  Хүн гэж хэн юм бэ? Хүний үнэ цэнэ гэж юу байдаг юм бэ? гэсэн асуулт л эргэлдээд байлаа. Харин дөнгөж сая би хариултыг нь олчихлоо.  Human is the Birth of Paradise. Мөрөөдлийн орныхоо эх булаг нь хүн өөрөө юм байна. Яг тэр цэцэг шиг... Тэгэхээр хүний үнэ цэнийг юугаар ч хэмжишгүй. Хайраар дүүрэн амьдрал - Birth of Paradise , хэрвээ энэ киноны нэр байсан бол би ингэж орчуулах байсан.

Tuesday, December 28, 2010

14/12/2010












SECOND DAY OF WORKSHOP
Сүүлийн 4 өдрийн ерөнхий дэс дараалал адилхан. Бидний хэдэн Fellow эмч нар сүүлийн 6 сард үзсэн өвчтнүүдээсээ 20 тохиолдлыг сонгож авсан. Өмнө нь өвчтнөө үзэж бэлдэж байгаад, ээлжээр өдөрт 5 өвчтөн танилцуулсан. Өглөө нь өвчтний түүхээ танилцуулаад, шаардлагатай тохиолдолд өвчтнөө оруулж ирээд, нэмэлт анамнез авч байв. Дараа нь ашиглалтанд ороод удаагүй байгаа Сирираж-ийн бахархал болсон hybrid theatre-д Швейцарийн эмч Филиппэ тухайн өдөр танилцуулагдсан өвчтнүүдэд хориг хийж, оролцогчид харж байлаа. Ерөнхий дүр зураг бол нэг иймэрхүү. High technology гэж дуу алдмаар л юм билээ. За тэгээд энэ өдрийн live demonstration
- celiac plexus block
- lumbar hypogastric block
- ganglion impar block
- lumbar sympathetic block
- stellate ganglion block тус тус байлаа. Өдрийн төгсгөлд эргэж цуглаад, тухайн өдрийн хоригуудтай холбоотой асуулт хариулт, өөрөөр хэлбэл ажлаа дүгнэж ярилцсан.

Чадлынхаа хэрээр аль болох үйлдэл бүрийг алдалгүй зураг дарах гэж хичээсэн ч тэр бүгдийг энд оруулна гэвэл бүтэшгүй юм байна. Нэг завтай өдрөө picasa-д бүх зургаа оруулна. Сонирхсон эмч нар орж үзээрэй. Тэгээд асуух юм байвал чөлөөтэй. Би энд Монгол эмч нартаа л тус болох санаатай юу сурч байгаагаа бичээд байдаг. Харин яг хүндээ хүрсэн блог мөн эсэхийг хэлж мэдэхгүй л байна.
Anyway, i will keep going...

Monday, December 27, 2010

Short course in Interventional Pain Management


 12 сарын 13-наас 17-ны хооронд Сирираж эмнэлэгт олон улсын өвдөлтийн workshop амжилттай явагдаж өндөрлөлөө. Швецайрь, Малайз, Индонез, Сингапур, Лаос, Монгол эмч нар оролцсон. Эхний өдөр архаг өвдөлт, архаг өвдөлтийн менежмент-д анестизиолог эмчийн оролцоо, нуруу нугасны дүрст шинжилгээ, вертебропласти, периформисийн өвдөлтийн хам шинж, сакроилиак үений өвдөлт, фасет үений өвдөлт, епидурал-д стеройд тарих гэсэн сонирхолтой сэдвүүдээр лекц уншигдсан. Эхний зурган дээр байгаа эмэгтэй бол одоо миний хамрагдаж байгаа сургалтын удирдагч, өвдөлтийн клиникийн захирал проф. Понгпарадээ Чаудакшэтрин. Энэ хүний тухай тусад нь төгсөлтийн өмнө бичлэг оруулна гэж бодож байгаа. Монголчуудад их элэгтэй, монголд өвдөлтийн шинжлэх ухаан ХЭРВЭЭ хөгжвөл энэ хүний нэр зайлшгүй нэгт бичигдэх учиртай гэж л хэлмээр байна даа.

Дээрх 2 зургийн эмэгтэй нь Сирираж эмнэлгийн анестезиологийн тэнхмийн эрхлэгч  хатагтай проф. Жарияа Лэртакиаманээ, би энэ хүнтэй үг сольж үзээгүй. BARTC-ийн сургалтанд хамрагдсан эмч нар илүүтэй сайн мэддэг байх гэж бодож байна.  Эрэгтэй нь Тайландын өвдөлт намдаах нийгэмлэгийн тэргүүн, сэргээн засалч их эмч, проф. Прадит Пратээпаванич. Би энэ хүнээс их олон зүйл сурч байгаа. Багшаа гэж хүндэтгэж явах учиртай хүн, ганцхан үгээр тодорхойлвол
 " the best". Сэтгэц талаасаа өвчтөнтэй гайхалтай чадварлаг харьцдаг.


Wednesday, December 22, 2010

Монгол эмч танд баяр хүргье



Монголын Цэргийн Төв Эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний их эмч, эрхэм анд Н. Батгомбо танд албаа амжилттай хааж, магистрийн зэрэгтэй эн тэнцэхүйц диплом өвөртлөн, сэтгэл тэнүүн, хийж бүтээхийн их хүсэл эрмэлзэлтэйгээр Хайрт эх орондоо буцах гэж байгаад нь баяр хүргэж байна. Төгсөлтийн өдрөө тавьсан presentation тань бусад орны эмч нартай харьцуулахад хамгийн шилдэг нь байлаа. Энэ улаан дипломыг харахаар л хорхой хүрээд байх юм. Би бас нэг өдөр ингээд л төгсөлтийн зургаа блог-тоо нийтэлчихээд, бөөн баяр болсон хүн гэрлүүгээ буцах байх даа. Сайхан шүү. Санасан зорьсондоо хүрнэ гэдэг хамгийн сайхан бас хамгийн амттай. Ингээд Гомбоогийн хамрагдсан сургалтын талаар товч танилцуулая.  
WFSA-BARTC- Энэ сургалт нь Дэлхийн Мэдээгүйжүүлэгийн Эмч нарын Нийгэмлэгийн тэтгэлэгээр Азийн бүсийн сургалтын төв болох Бангкок-т Азийн хөгжиж буй орнуудын эмч нар нэг жилийн хугацаатай  ирж суралцдаг, мэргэжил дээшлүүлэх  хөтөлбөр юм. Анх 1996 онд эхэлсэн. Жил бүр 4 анес-ийн эмч энэ тэтгэлэгт сонгогдон суралцдаг. Тайланг нь харж байхад Монголоос хамгийн олон эмч ирж, суралцаж төгссөн юм байна. Нийтдээ 20 гаруй эмч хамрагдсан гэж бодохоор эргээд энэ хүмүүс эх орондоо очоод Тайландад суралцаж төгсөгчидийн холбоо байгуулж, хамтарч ажиллаж болмоор санагдаад байх юм. Багш ч бас хэлж байсан. Монголруу буцсан эмч нар мэдлэгээ халаасандаа нуучихаад байх шиг, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц өөрчлөлт нэг л гарч өгөхгүй байна гэж байсан. Ирэх жил Монголоос 2 эмч ирэхээр сонгогдсон байгаа. Тэгэхээр бид жил ирэх бүр улам л өнөр олуулаа болж байна. Тайландын сургалтын чанар маш сайн, эндээс хүн хэзээ ч хоосон буцахгүй. Бас дасан зохицоход хялбар сайхан нутаг. Аль болох олон эмч ирж суралцаасай, сонгон шалгаруулалт шударга, нээлттэй явагдаасай. Эргэж очоод, нэгдэж хамтарч, эмнэлэгт буглаж идээшсэн, ялзарсан хэсэг бүрийг олж илрүүлж, өөрчилж чаддаг байгаасай. Тэгвэл бид сая шат ахина, өөрчлөлтийн салхийг бидэнд итгэл хүлээлгэсэн энэ сайхан хүмүүст мэдрүүлэх болно.
WFSA-BARTC-д энэ хөтөлбөрт хамрагдсан бүх эмч нарынхаа өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.  Бас Гомбоо, түүний хайрт гэргий Ганаа 2-тоо баярлалаа. Та 2-гоо буцахаар би уйлах байх даа.

Monday, December 20, 2010

Beautiful days in Pattaya-2

 








2010 оны 12 сарын 5-8-ний хооронд Тайландын мэдрэлийн сэргээн засалч эмч нарын анхдугаар уулзалт, нийт сэргээн засалч эмч нарынх нь хувьд 13 дахь жилийн цугларалт болсон. Дэлхийн өнцөг булан бүрээс, нийт 20 гаруй орноос ирсэн алдарт уран илтгэгч, профессоруудын лекц 4 өдрийн турш уншигдлаа. Эндээс дэлхийн сэргээн засах АУ-ны ерөнхий чиг хандлага,  шинэ дэвшилтэт алхмуудтай танилцсан. Тархины саа, цус харвалтын үед тохиолдох булчингийн чангарлын үед Ботулин хорыг хэрэглэх менежмент, танин мэдэхүйн сэргээн засах эмчилгээ, алхааны анализ, цус харвалтын дараах сэтгэл гутрал, хөл тавхайн биомеханик, бясалгал тархинд ямар өөрчлөлт өгдөг вэ гэх мэт олон сонирхолтой лекц сонсож, тархиа нилээд сайн цэнэглээд авсан. Үүний хажуугаар Тайландын трансжэндэр буюу бие нь эрэгтэй ч сэтгэл нь эмэгтэй 2 сүнстэн хүмүүсийн алдарт Тиффани шоу-г үзэж баясахаас гадна сэргээн засалч эмч нарын дунд явагдсан миссийн тэмцээнийг сонирхож, далайн амьтдаар хийсэн амтат хоол зооглож, далайн эргийн сэвшээ салхинд илбүүлж багшийн хэлдгээр хэдэн сарын ядаргаагаа тайлж, амралт сургалтыг хослуулсан Паттаяа-гийн өдрүүд мартагдахын аргагүй сайхан байлаа.

Sunday, December 12, 2010

Ажлын нэг өдөр


Долоо хоногт нэг өдөр нь өвдөлт намдаах ажилбар буюу мэдрэлийн хоригууд хийдэг. Багийн бүрэлдэхүүнд багш, манай ангийнхан (pain fellows), анес-ийн резидент, сувилагч, техникч зэрэг хүмсүүд орно.  Эхний хэдэн зургууд бол хориг хийхэд бэлтгэх байдлыг харуулж байна. Багшийг орж ирэхээс өмнө амжаад судсаа хатгана, өвчний түүхтэйгээ танилцана, өвчтнөө хэвтүүлнэ, ариун материалаа задална,  рентген аппаратаа бэлтгэнэ, номоо харна.





 Medial branch block хийж байгаа байдал.





Ажил дууслаа. Одоо өвчтнөө сэрээх өрөө луу шилжүүлнэ. Тэнд 2 цаг амин чухал үзүүлэлтүүдийг хянаж байгаад, ямар нэгэн өөрчлөлтгүй, хэвийн байвал гэрт нь гаргана.

Beautiful days in Pattaya - 1




Эх оронд маань ид жавар тачигнаж байх цагаар  хөнгөн нимгэн хувцастай, нарны шилээр ижилссэн бидний хэдэн нөхөд үүргэвчээ үүрч, зургийн аппаратаа санжигнуулсаар Бангкокын Викториа Монумэнт  \монголоор бол тээврийн товчоо юм даа\  буудлаас хүний 4000 төгрөг төлөн, саарал микро-д тухлан суугаад, аяллын гол чиглэл рүүгээ онилон гарлаа. Замдаа солонгос будааны дарс шимэн, хол ойрын сонин хуучилсаар, 2 цаг гаран зогсолтгүй давхин Паттаяа хэмээх далайн эргийн үзэсгэлэнт хотод үд өнгөрөхийн алдад хүрч очлоо. Жуулчдын хамгийн ихээр цугладаг Вокинг стрийт-ийг сонирхлоо. Таалагдсан зүйл ширхэг ч байсангүй. Ерөнхийдөө дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг газар бололтой. Ойрхон нэг газар тай хоол идлээ. Үнэ нь харьцангуй хямд мөртлөө амттай,  нэг хоол 2500- 4000 төгрөгийн үнэтэй байсан санагдана. Ходоодоо баярлуулж аваад, далайн эргийн боомт дээр очиж, усан онгоц хүлээв. Ко Лан буюу Корал гэж Паттаяа-тай хамгийн ойр байдаг аралруу очиж, тэндээ нэг хонох төлөвлөгөөтэй байлаа. Сүүлийн онгоц оройн 5 цагт хөдлөх хуваарьтай байсан. За тэгээд 500 төгрөг төлж, айн байж авиран гараад, 50 минутийн турш их усан дунд уйдталаа, дотор муухайртал хөвсөөр зорьсон газраа харанхуйтай уралдан очлоо. Биднийг очиход аль хэдийн эрэг хавийн буудлууд зочдоор дүүрчихсэн байв. Тэгээд нэг жижиг ачааны машин шиг юмны тэвшин дээр суугаад, уул өөд өгссөөр Ви Ти ресорт хотхонд очлоо. Арлын гол унаа мотоцикл гэдгийг харахад л ойлгомжтой байв. Үнэндээ машин багтаж явахад бэрхтэй, нарийн гудамтай юм билээ. Аз болоход биднийг аваачсан буудал нь тухтай, цэвэрхэн газар байж, бүгдэд нь таалагдсан. Мөнгөө хэмнээд, хамтдаа нэг байшинд орлоо. Өргөн том 3 ор, тагт, ОО, шүршүүр,  гал тогооны өрөө бүхий тансаг харш байв.  Өглөөний цай, унааны хөлстэйгээ нийлээд 120000 төгрөг орчим болно гэдгийг ааш сайтай, инээмтгий бүсгүй дуулгалаа. Бид ч сайхан байранд орчихлоо, одоо санаа зовох юун, шөнийн далайтай танилцанаа гээд хэдийн танил болсон задгай машиндаа дэгдэж суугаад, салхи сөрөн давхисаар далайн захад хүрлээ. Эндээс миний мөрөөдөл биелж эхэлсэн юм. Монгол залуустайгаа хамт инээдээр хачирлан барьсан тэр оройн, далайн зоог хамгийн амттай, мартагдашгүй дурсамжаар дүүрэн байлаа. Харийн нутагт, хүний хүмүүстэй хамт хооллох бүртээ тойргийн гаднах хүн гэдгээ мэдэрч, хэлэх хөдлөх бүртээ ердийнхөөс 2 дахин илүү хяналт тавьж,  хуурамч инээмсэглэлийн баг өмсөөд суухад амьсгалах аргагүй бүгчим болдгийн муухайг мэдэрсээр хэдэн ч сар болчихов. Энэ бүгдийн дараа ингэж сайхан өөрийн дураар аашилж,  цээж тэнүүн, сэтгэл баяртай үдшийг өнгөрөөсөндөө тун их талархаж байлаа. Маргааш өглөө нь яаралгүйхэн босож, бяцхан тоглоом шоглоомоор нэгнээ өдөн инээлдсээр өглөөний цайгаа уугаад, өрөөний охинтойгоо хамт сүр клипний зураг авалт хийн жаал баясав. 10 цагийн үед ачаагаа баглаж тавьчихаад, өдрийн далайг үзэж, амтлахаар явлаа. Монголчууд хэзээний ухаан хурц, авьяас чадалаар бялхаж явдаг хойно нэг анд маань цагийн дотор усанд сэлээд зогсохгүй шумбаад сурчихсан. Гайхалтай гэхээс өөр хэлэх үг олдоогүй, бахархаж баярласандаа нулимс хүртэл унагааснаа дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Би гэдэг хүн их усны харшилтай ч халуун орны давстай усанд дурлаад, өдөржин шахуу түрлэг бүрийг алдалгүй амьсгалаа түгжин дээш үсэрч, загас шиг шумбахгүй ч шувуу шиг нисэж өнжлөө. Банана завин дээр зоригт Монголчууд бүгдээрээ суусан. Давхиж байгаад онхолдуулдаг хоржоонтой тоглоом байлаа. Хантаазтай болохоор живнэ гэсэн аюулгүй ч сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь аваачдаг эвгүй эд. Айдсаа ялан дийлэхэд суралцмаар иймэрхүү тоглоомуудад би яагаад ч юм их дуртай. Дараа нь асар их таашаалыг мэдэрдэг, ахин дахин тоглоод баймаар санагддаг. Өдрийн хоолоо эрэг дээр биеэ наранд шарж зүүрмэглэх зуураа идсэн. Тайландын үйлчилгээ үнэхээр сайн. Аялал жуулчлал өндөр хөгжсөн нь тай хүмүүсийн найрсаг харилцаатай тодорхой хэмжээгээр холбоотой гэдэгт эргэлзэхгүй байна. Хэлний үзүүрт давс амтагдаж, хэтрүүлэн ээсэн арьс хорсож, хүний олонд нүд эрээжилж, толгой эргэсэн ч зүрхэндээ итгэлтэй, сэтгэлдээ баяртай, харцандаа галтай, гутландаа элстэй бидний хэдэн нөхөд аяллаа өндөрлөхөөр Паттаяа луу хөдөллөө.

P.S Хэрвээ та Тайландад ирчихсэн,  далайн эрэг дээр 2 хоног, 1 шөнийг амарч өнгөрөөх бодолтой байгаа бол эхлээд багаа бүрдүүлээрэй, буудлаа захиалаарай. Санаа нийлсэн 4-5 хүн байлаа гэхэд нэг хүний 100000 төгрөг байхад хангалттай. Гайхамшигтай сайхан амралт болох болно. \guarantee- forever\
Special thanks to my friends Gana, Chimge, Gombo, Ganba and Baggi.


Thursday, December 9, 2010

Сайн мэдээ

Ойрын хэдэн сар амралтгүй яваад байсан чинь сүүлдээ өглөө эмнэлэг ормооргүй санагдаад, амархан нулимс гарчих гээд, өдрөө өнгөлөг болгож чадахгүй бачимдан бухимдаад, эвгүй болж ирсэн бөлгөө.  
Яг завсарлага авах хэрэгтэй болсон энэ үед Паттаяа хотод Азийн сэргээн засалч эмч нарын чуулга уулзалт болж таараад, дээрээс нь Монгол найз нөхөдтэйгөө далайн эрэг дээр хоёр хоног сайхан амраад, эрч хүч, урам зоригтойгоор Бангкокт буцаж ирлээ. Одоо улиралдаа алзахааргүй болов.
За тэгээд нөхөд минь ээ, би чинь хоосон ирсэнгүй ээ. Монгол эмч нартаа дуулгах маш сайхан мэдээ авчирлаа. Ирэх жилийн 5 сард 700 гаруй оролцогчтой, олон улсын өвдөлтийн 10- аад хоногийн сургалт семинар болно. Энэ сайхан арга хэмжээнд Монголоос нэг эмчийн бүх зардлыг Тайландын өвдөлт намдаах нийгэмлэгээс дааж, оролцуулахаар боллоо.  Ямар ч мэргэжлийн эмч байж болно. Гол нь улсын эмнэлэгт ажилладаг байх, бусадтай харилцах, лекц ойлгох хэмжээний англи хэлний мэдлэгтэй байх ёстой. Шалгаруулалт шударга, нээлттэй явагдана. Сонирхсон эмч нар миний хаяг луу захидал илгээгээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг багш бэлэн болгоод өгөхөөр нь орчуулаад блог дээрээ нийтэлнэ.
Дараагийн сайн мэдээ гэвэл морфин шахмалаар Монголд тасарсан гэсэн нийтлэлийг блогтоо тавьсан. Тэрийг анх уншаад их эмзэглэж байлаа. Магадгүй энийг шийдэх гарц олдож болох юм. Ямар ч байсан үзүүрээс нь атгаад авсан. Хэрвээ бүтэмжтэй болвол өвдөж зовсон олон хүнд буян болно доо гэж бодохоор сэтгэл уужирч, хүч орж байна. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг дээ. Надтай адил бодолтой, хүсэлтэй хүмүүс байвал нэгдээрэй.  Тэгвэл бид илүү хүчтэй байж, хамтдаа эмнэлэгтэй холбоотой олон асуудлыг шийдэх гарц олж чадна гэдэгт итгэлтэй байна. Дараагийн удаад Beautiful days in Pattaya гэсэн  нийтлэл бичиж, чуулга уулзалтын сониноос хуваалцанаа.

Зорилготой хүн дэлхий дүүрэн боломж ярьдаг.
Зорилгогүй хүн таваг дүүрэн бэрхшээл тоочдог.

Monday, November 29, 2010

Морфин сульфат тасарснаас эмчлүүлэгсэд нэмэгдсэн

Манай улсад морфин сульфат уухаар тасарсан талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт энэхүү эм ирсэн эсэхийг мэдээлэхээр дахин сурвалжиллаа. 
Өвчтөнүүдэд хийх эм, тарианы хувиарын жагсаалтны эхэнд  уух зориулалттай морфин болон тариа­гаар гэж тэмдэглэжээ. Гэсэн ч уух зориулалттай хэмээн тэмдэглэсэн нү­дэнд өвчтөнүүдэд өгөхөөр тэмдэг­лэсэн зүйл харагдаагүй нь морфин сульфат одоо болтол ирээгүйг илтгэнэ. Эм тарианы жагсаалт бичиж байсан сувилагч морфин тариаг хүргэхийн тулд өвчтөнүүдэд хийх ёстой хэмжээнээс нь багаар хуваарилж  байгаа тухай ярьсан ч үүнээс тодорхой зүйл хэлэхийг хү­сээгүй юм. 

Тиймээс ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ахлах эмч Ц.Гантуяатай уулзсан юм.
-Танай төвд морфин гидрохлорид тарианы хүрэлцээ хэр байна вэ?


-Уух зориулалттай морфин суль­фат нь дотроо хоёр янз байдаг. Нэг нь 10 нөгөө нь 30 милограммтай бий. Уух зориулалттай морфин тасарснаас болж  морфин тарианы хэрэглээ нэмэгдсэн. Манай төвд сард 200 гаруй грамм морфин тариа хэрэглэдэг байсан бол уух зориулалттай морфин тасарснаас хойш сард 600 гаруй граммыг хэрэглэж байна. Гэхдээ тарианы хомсдол гарсан тохиолдол алга. 
-Морфин уухаар тасарснаас хойш өвдөлтийн шокоор нас баран тохиолдол гарсан уу?

-Манай төв өвчтөнүүдийнхээ тариаг таслахгүй байх үүрэг хүлээсэн. Тиймээс өвдөлтийн шокоор нас барсан тохиолдол гараагүй.
-Морфин тариа нь эмийг бодвол өндөр үнэтэй учир эмнэлэгт хэвтэж, үнэгүй тариулах гэсэн хүмүүсийн дараалал тасрахгүй байна гэсэн. Үнэн үү?

-Манай тасаг ердөө л 16 ортой. Гэтэл сүүлийн үед  морфин тариа хийлгэхийн тулд хэвтэхээр хандаж байгаа иргэдийн тоо нэмэгдэх болсон. Тухайлбал, одоо хэвтэж байгаа 16 өвчтөний тал нь морфин тариулахын тулд хэвтсэн. Үүнээс гадна 60 гаруй хүн ор гарахыг хүлээж байна. Үүний тал хувь нь морфингүйгээс хэвтэх хүсэлт гаргасан хүмүүс байгаа.
-“Монголэмимпекс”-ийнхэн морфин сульфат оруулж ирэхгүй удааж байгаа шалтгаанаа юу гэж тайлбарлаж байх юм?

-Морфин сульфат хориотой эмийн жагсаалтад ордог учир олон шат дамжлагаар олгодог. Экспорт, импортын явцад ч  иймэрхүү тохиол­дол гардаг юм билээ. “Монгол­эмимпекс”-ийнхний тайларласнаар өмнө нь Энэтхэгийн “Вест Кост” гэдэг компаниас морфинсульфат авдаг байсан нь цуцлагдсанаар ийм асуудал үүссэн. Тиймээс энэт­хэгийн өөр нэг компанитай гэрээ байгуулж, эм авсан ч манайх руу шууд нислэггүй учир гацчихаад байгаа гэсэн.
-Морфин сульфатыг нөөцөлж болдоггүй юм уу. Нөгөө талаар ганцхан компани оруулж ирж байгаа нь ийм асуудал үүсгээд байгаа юм биш үү. Эрүүл мэндийн яаманд энэ талаар санал хүргүүлж үзсэн үү?

-Морфин сульфатыг нөөцлөгд­дөггүй учир нийлүүлэлт удааширвал тасрах  аюултай нь бодит байдал дээр мэдрэгдэж байна. Манай төвөөс морфин импортлох саналаа олон компанид тавьсан ч хүлээж  аваагүй. “Монголэмимпекс” компани улсын компани байхдаа морфин импортлох  үүргийг хүлээсэн байдаг. Тус компани 2006 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зуучлалаар морфин нийлүүлж эхэлсэн юм билээ. Ганцхан компани нийлүүүлж байгаа учир морфин тасалдах асуудал гарч байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудлыг төр хариуцах ёстой. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад морфины нийлүүлэлтэд анхаарлаа хандуулна уу гэдэг саналаа хүргүүлсэн.
-Манай улсын морфины жилийн хэрэгцээ хэд байдаг юм бэ?

-Жилд хэрэглэвэл зохистой хэмжээ нь долоон килограмм байдаг. Гэтэл одоо хэрэглэж байгаа хэмжээ нь 2-3 килограмм л байна даа.    

Морфин уухаар тасраад 10 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт зөвхөн морфин тариулахын тулд хэвтэх захиалга өгсөн өвчтөнүүдийн тоо жирийн үеийнхээс хэд дахин ихэсч, уртаас урт дараалал үүссэн аж. Үүний шалтгаан нь морфин уухаар тасарсанаас хойш өвчиндөө шаналж байгаа хүнээ амьдрах хугацаанд нь тайван байлгахын тулд ар гэрийнхэн нь морфины өндөр үнийг хамааралгүй тариагаар олж хэрэглэсний эцэст мөнгөгүй болсноос үүдэлтэй. Учир нь ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт морфиныг үнэгүй хэрэглэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар манай улсад морфин тогтмол хэрэглэдэг 1000 гаруй хүн бий.  Эдгэршгүй хүнд өвчин туссан хүмүүс хэдхэн өдөр ч байсан хамаагүй өвдөлтөө мартан, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхын тулд морфиноос хамааралтай болж байна. Энэхүү тоо одоогоор бага мэт сонсогдож байгаа ч жил ирэх тусам морфин хайсан хүмүүс олширч, хэрэглэгчид нь нэмэгдсээр л. Сүүлийн жилүүдэд хавдар гэсэн оноштойгоор нас барагсад зүрх, судасны өвчлөлийн дараа орох болсныг мэргэжлийн эмч нар халаглан ярьж эхэллээ. Энэ байдал нь морфины эрэлтийг улам нэмэгдүүлж байхад жилд долоохон килограмм морфин нийлүүлж чадахгүй байгаа манай улсад цаашид хэчнээн хүн өвдөлтийн шокын улмаас  нас барахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Р.САРАНГОО http://www.news.mn/ 

Үр ашигтай сурах арга замууд

Сургалтын талаар тусад нь бичлэг оруулна гэж хэлж байсан. Амлалтаа биелүүлэх цаг хэдийн болжээ.

1. Хувийн сургалтын төлөвлөгөө

Хувийн сургалтын төлөвлөгөөгөө гаргахад доорхи асуултууд танд хэрэг болно.
А. Яагаад би энэ сургалтыг сонгох болов? \ холын зорилгоо тодорхойлно гэсэн үг. Энэ сургалт миний ирээдүйн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр анхаарч бодоорой. \
Б.  Би яг юу сурах гээд байгаа билээ?  \ энэ дээр одоогийн буюу сургалтынхаа зорилгыг бичнэ.\
В.  Би хэрхэн, яаж суралцах вэ?  \ сурах үйл явц, арга барилаа тодорхойлно.\
Г.  Хоногийн хэдэн цагийг би сурах үйл явцдаа  зарцуулах вэ? \ цагийн менежмент-ээ хийнэ.\
Д.  Би хэр сайн сурч байна гэдгээ яаж мэдэх вэ? \ өөрөө өөрийгөө үнэлэх, шалгалт өгөх, интернетээр тухайн сэдэвтэй холбоотой тест олж бөглөх гэх мэт хувилбаруудаас өөрт тохирохыг сонгож болно.\
Е.  Өнгөрсөн, одоо, ирээдүйг хэрхэн, яаж холбох вэ? \ өнгөрсөнд та тодорхой хэмжээгээр ажлын туршлагатай болсон байгаа. Тэгвэл энэ сургалтанд хамрагдсанаар ирээдүйд ажилдаа юуг өөрчлөх, шинээр нэвтрүүлэх, сайжруулах вэ? Ингэснээр сургалтын аль хэсэгт илүү анхаарал хандуулах вэ гэдгээ тодорхойлчихож байгаа юм.\

2. Үр ашигтай сурах арга замууд

А. Тэмдэглэл. Бичиж тэмдэглэх боломж бүрийг битгий алд. Сайн тэмдэглэгээ гэдэг бол чанартай сургалтын үндэс. Шинээр өвчтөн үзэх бүрдээ нас, хүйс, онош, эмчилгээний тактикийг тэмдэглэж яв. Лекц сонссон ч товч тэмдэглэл хий. Дараа нь олоод авчихна гэж битгий залхуур.
Б. Карт зохио
Гэхдээ бүтэц нь ямар байх вэ гэдэг дээр илүүтэй анхаараарай. Жишээ нь: бичгийн цаасыг 8 хуваагаад, нэг талд нь асуултаа бичнэ. Нөгөө талд нь хариултаа товч бөгөөд тодорхой бичнэ. Энд тэнд явж байхдаа халаасандаа картуудаа хийхээ битгий мартаарай. Цаг гарах бүрийд,  өөрийгөө шалгаад байх боломжтой болно.

В.  Давт, давт бас дахин давт \ сэргээж харах\

19-р зуунд Германы сэтгэцийн эмч Эббингхаус хүний санах ойг судалж, олон жилээ зарцуулсны дүнд доорх дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргажээ. Энэ нь Эббингхаусын алдарт
 " марталтын" муруй юм.
Хэрвээ тухайн шинэ сэдвийн чухал хэсгүүдийг карт болгож хийчихээд, тэднийгээ тодорхой хугацаанд сэргээж хараад, давтаад байвал ямар үр дүнд хүрэх вэ?

Г. Сурах үйл явцынхаа үнэлгээг хий, сард 1 удаа ч юм уу өөрөө өөрөөсөө бяцхан шалгалт авчихаж бай. Тэгээд өөрийгөө зөв үнэл, хонгилын үзүүрт харагдаж байгаа гэрэлд хэр ойртож яваагаа мэдэж авах нь олон талын ашигтай. Юун дээр алдав, юун дээр онов гэдгээ тунгаан бод.

3. Суралцагч хүний ихэвчлэн гаргадаг алдаанууд

А. Тодорхой нэг сэдэв бүлэг дээр их уддаг. Хэт том бүлэг сонгоод авчихвал уншиж барахгүй нь дээ гэж шаналсаар, эхний сэдвээ ч дуусгаж чадахгүй олон хоногийг алддаг. Тиймээс хамгийн түрүүнд тухайн бүлгийг олон жижиг хэсэгт хуваагаад, хэсэг тус бүрээр нь уншаад яв. Тэгвэл зүрхшээх шаардлага гарахгүй.
Б. Тухайн сэдвийн талаар гол цөм болсон хэсгүүдээ ойлгоогүй байж, илүү детайлчилсан, шинэ зүйл дээр нь анхаарлаа хандуулж, дэмий цаг алддаг.  Ийм алдаа гаргахгүйн тулд гэр барихтай адилхан замаар явах хэрэгтэй. Эхлээд баганаа тулж, ханаа тойруулж, униа өлгөнө. Энэ нь тухайн сэдвийн цөм хэсгийг барьж ав гэсэн үг. Баганаа тулж, униа өлгөөгүй байж, өрхөө бүтээх гээд байвал юу болох билээ?
В. Сургалтынхаа төлөвлөгөөг гаргаагүй байж сурах гэж яараад байдаг. Хэрвээ та юу сурах гээд байгаа зорилгоо тодорхойлж мэдэхгүй бол юу ч сурч чадахгүй.

4. Сургалтын хэлбэрүүд

Энэ нь дотроо идэвхитэй, идэвхигүй гэж 2 хуваагдана. Идэвхигүй сургалтанд номноос хуулан бичлэг хийх, лекц сонсох гэх мэт суралцагчын зүгээс бүтээлч сэтгэлгээ шаардагдахгүй хувилбарууд багтана. Үр дүн ихэвчлэн сөрөг байдаг. Харин идэвхитэй хэлбэрт ажлын туршлагаа онолын мэдлэгтэй уялдуулах, шалгалтын асуултанд хариулах, тодорхой нэг сэдэв сонгон авч, хамт суралцаж байгаа нөхөддөө илтгэл тавих зэрэг хувилбарууд багтдаг байна.

Өвдөлтөөр мэргэшиж байгаа эмч нарын хувьд идэвхитэй хэлбэрээр суралцдаг. Өдөрт 1 хүн 10- 15 өвчтөн үздэг. Өглөө нь pain clinic дээр гаднаас ирсэн өвчтнүүдээ үзээд, үдээс хойш тасгуудаас ирсэн дуудлагуудын дагуу явж, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтнүүдийг үзнэ. Тэгэхдээ өдөр бүр, ээлжээр 1 профессор багш биднийг ахалж ажилладаг. Хамт өвчтөн үзнэ, зөвөлгөө өгнө. 7 хоногт 2 удаа, өглөө 8-9 цагийн хооронд сурч байгаа эмч  нар хуваарийнхаа дагуу тодорхой 1 сэдэв сонгож аваад, илтгэл бэлдэж, түүнийгээ бусаддаа танилцуулдаг. Мөн ээлжээр сэтгэцийн эмч нартай хамтарсан тохиолдол- конференцийг 2 сард 1 удаа зохион байгуулдаг. За нэг иймэрхүү. Эерэг өөдрөг бодолтой, төлөвлөгөөнийхөө дагуу юмаа хийчихдэг хүнд бол толгой өвдөх хэрэг гарахгүй. Харин ч зугаалж, амрах цаг илүү их гарна. Аль болох амьдралаас сайхан амтыг нь мэдрэхийг хичээгээрэй. Хэнийх нь амьдрал хэзээ дуусахыг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй шүү дээ.

"Study smarter- not harder"
Бүх суралцагчиддаа амжилт хүсье.


Tuesday, November 23, 2010

Thai National Anthem / Тайланд улсын төрийн дуулал









 Одоогийн Тайланд улс 66 сая хүн амтай. 73 аймагтай. Нийслэл хот Бангкокт албан бус тоогоор 15 сая хүн амьдардаг. Газар нутгийн хувьд Монголоос 3 дахин жижиг. 1949 оныг хүртэл Сиамын Хаант улс гэж нэрлэгдэж байсан. Аль нэг улсын дарлалд, колон орон байж үзээгүй гэдгээрээ маш их бахархдаг. Тийм учраас сүүлд Тайланд буюу эрх чөлөөт орон гэсэн нэртэй болжээ.  Борооны болон хуурай гэсэн 2 улиралтай, чийглэг дулаан уур амьсгалтай, жилдээ дулааны хэм 23.7- 32.5  хооронд хэлбэлздэг. Нийт хүн амын 95% нь буддийн шашинтай.
Албан ёсны хэл - Тай. 3 өнгө бүхий төрийн далбаа нь 1917 онд бүтээгдсэн. Улаан нь үндэстний аюулгүй байдал, цагаан нь шашин, голын цэнхэрээр хааныгаа төлөөлүүлсэн. Төрийн дуулал нь өдөр бүр өглөө 8, орой 6 цагт эгшиглэж, бүх хүн хөдөлгөөнгүй зогсож, хүндэтгэл үзүүлдэг хуультай.  12 сарын 5 буюу хааныхаа төрсөн өдрийг үндэсний өдөр болгон тунхагласан.
Товчхондоо ийм орон байна. Дараа үргэлжлүүлье.

Mongolian National Anthem / Монгол Улсын Төрийн Дуулал

Saturday, November 20, 2010

Монголд хэрэгжүүлж болохоор юм юу байна?

 1. Эмийн жагсаалт. Энэ зурган дээр  архаг өвдөлтийн практикт түгээмэл хэрэглэгддэг эмүүд байна. Эмийн харагдах хэлбэр, нэр, тун, нэг ширхгийн үнийг биччихсэн байгаа. Бид ч бас байнга хэрэглэдэг эмнүүдээ ингээд хийчихвэл өвчтөнд илүү ойлгомжтой, эмчид ч эмчилгээгээ тайлбарлахад дөхөмтэй болох бус уу?















2. Family tree
Архаг хууч өвчин эмгэгтэй, архаг өвдөлттэй өвчтөн бүр дээр family tree  зурж хэвшие. Өвчтний сэтгэл зүй, санхүүгийн байдал, ар гэрийн халамж анхаарал,асаргаа сувилгаа гээд асар чухал мэдээллийг өгнө, цаг хэмнэнэ, treatment option-оо тухайн хувьд хүнд тохируулан сонгоход тусална.



3. Гар чийдэн
Энэ ширээн дээр улаан өнгөтэй гар чийдэн байгаа биз. Энэ эмч болгоны үзлэгийн ширээн дээр байх юмаа. Өвчтнийхээ ам луу, нүд лүү тусгаад, нилээд олон мэдээлэл олоод авчихдаг оношлогооний сүрхий хэрэгсэл юм. Бид л анзаардаггүй болохоос биш.

4. Дотоод сүлжээ
Тэр компьюторыг харж байна уу? Өвчний түүхийн дугаарыг нь оруулаад, тэр хүний шинэ, хуучин бүх шинжилгээг харьцуулаад харчих боломжтой. Эмнэлэг дотор ийм компьюторууд хаа сайгүй байна.
Манайхан цахим өвчний түүхтэй болно гэж бүтэшгүй юм ярьж байхаар эхлээд ядаж, шинжилгээгээ ингээд харчихдаг болмоор юм.