Monday, June 6, 2011

Cancer nonphysical pain- Cэтгэл зүйн өвдөлт

Хавдартай өвчтнүүдийн хувьд сэтгэл зүйн өвдөлт томоохон байрыг эзэлнэ. Ялангуяа өвчний явц даамжирсаар төгсгөлийн шатанд орсон өвчтний хувьд гутрах, уурлах, нийгмээс тасрах, ганцаардах, үхлээс айх, санхүүгийн хувьд бусдаас хараат болох, итгэл үнэмшилээ алдах зэрэг сэтгэл зүйн хувьд олон төрлийн дарамт бэрхшээлүүд үүсдэг.
Сэтгэлзүйн өвдөлтийг илрүүлэхийн тулд эмч хүн өвчтөнтэй ярилцах явцдаа аль болох нээлттэй асуулт тавихыг эрмэлзэх хэрэгтэй. Мөн харилцааны энгийн алтан дүрмийг мартаж болохгүй. Хэзээ ч өвчтөнтэй зогсож бүү ярь. Мөн сайн сонсогч байх хэрэгтэй. Хэрвээ өвчтөн ярихыг хүсэхгүй бол эмч та ч бас хэсэг хугацаагаар түүнтэй хамт чимээгүй сууж, өвчтнийг чин сэтгэлээсээ ойлгож, дэмжиж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Өвчтөнд ярих боломж, хугацаа олгох нь өөрөө эмчилгээний нэг хэсэг юм.
Та доорхи жишээ асуултуудыг хэрэглэн сэтгэл зүйн өвдөлтийг илрүүлэн үнэлж болно. Үүнд:

1. Ер нь хүмүүс хүнд өвчин туссан үедээ яагаад энэ олноос заавал би өвдөх ёстой гэж өөрөөсөө асуух нь элбэг байдаг. Таны санаанд яагаад би өвдчихөв өө гэсэн асуултанд хамгийн түрүүнд ямар хариулт орж ирсэн бэ?
2.  Ирэх долоо хоног, ирэх саруудад та юу хийхээр төлөвлөж байна вэ? Танд хамгийн түрүүнд хийж гүйцээх юмсан гэж бодсон ажил юу байна? Таны санааг юу хамгийн ихээр зовоож байна вэ?
3. Өнгөрсөн амьдралаа эргээд дүгнээд бодоход та хэзээ хамгийн ихээр баярлаж, аз жаргалыг мэдэрч байсан бэ? Ямар үе нь хамгийн хэцүү байв? Таны сэтгэл тэсвэрлэшгүй ихээр өвдөж байсан үе байгаа юу? Тэр талаар ярьж болох уу?
4. Өнгөрсөнд таныг урагш алхуулж байсан хүч юу байв? Таны амьдралын итгэл найдвар, гэрэл гэгээ юу вэ? Яг одоо юу танд урам зориг өгч байна вэ? Сэтгэл санааны хувьд хүчтэй байхад тань туслах зүйл юу байна? Түүнийг сайжруулах, дээд хэмжээнд нь хүргэх боломж байгаа юу?
5. Энэ өвчин сэтгэл санааны хувьд танд ямар нөлөө үзүүлж байна вэ? Яг юу нь хамгийн хэцүү байна? Хэцүү бэрхшээлтэй талуудыг нь засч залруулах боломжтой гэж та бодож байна уу? Бидний зүгээс танд ямар тусламж үзүүлэх вэ?
6. Таны гэр бүл энэ өвчинтэй хэрхэн яаж тэмцэж байна вэ? Гэрийнхэн чинь тантай яг одоо ямар харилцаатай байна? Таны гэр бүлийн гишүүдэд ямар тусламж, зөвөлгөө хэрэгтэй байна вэ? Та энэ талаар ямар бодолтой байна? гэх мэт.

Сэтгэл зүйн хөнгөн хэлбэрийн өвдөлтийг нээлттэй дотно ярилцлага, зөвөлгөө, өвчтний санаа бодлыг ямар нэгэн шүүмжгүйгээр идэвхитэй сонсох хэлбэрээр эмчлэх боломжтой. Харин хүнд хэлбэрийн үед бусад мэргэжлийн хүмүүстэй өвчтнийг холбож өгөх \ лам, номлогч, сэтгэцийн эмч, нийгмийн ажилтан гэх мэт\ , шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээг хийнэ. Өвчтний сэтгэл зүйн өвдөлт өдөр тутмын үйлийг хийхэд бэрхшээл үүсгэж байгаа бол, цагийн эрхээр дасан зохицож, хүлээн зөвшөөрөх үйл явц эсрэгээр эргэвэл, сэтгэл зүйн хүнд хэлбэрийн өвдөлт 7-оос дээш хоногоор үргэлжилж, хоол нойронд нь саад хийж байвал сэтгэл гутралын эмийн эмчилгээг эхэлнэ.

Чин сэтгэлийн, халуун дотно харилцаа



хамгаас чухал.

No comments:

Post a Comment