Monday, October 31, 2011

Ажлын байрны тодорхойлолт

Эмнэлэгт ажилладаг хүмүүст хэрэг болж магадгүй гээд одоогийн ажлын байрны тодорхойлолтыг блогтоо оруулчихая. Ирээдүйд өөрөө хувийн юм хийгээд явбал бас хэрэг болохын гэсэн давхар санаа агуулав. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнээ гэж. Ямартаа ч одоо энэ ажилдаа бүхнээ зориулаад, зүтгэнэ. Хөл дээр нь босгоно. Хөгжинө, цэцэглэнэ. Даваад ард нь гарна. Дахиад шинийг хийж бүтээнэ. Гэхдээ эмч хүн олон тохиолдол үзэх тусмаа л мэргэжлийн хувьд өнгө орж гялалздаг юм шигээ. Өвчтөн багатай болохоор клиник сэтгэлгээ улам дордоод байх шиг санагдах юм .

Ажлын байрны тодорхойлолт - 1

Эрхлэх ажил:   Их эмч
Ажлын байр:   
Харьяалагдах нэгж:   
Шууд тайлагнах:   Захирал, Клиник менежэр, Ерөнхий эмч
Нэгжийн хувьд тайлагнах:  Клиник менежэр, Ерөнхий эмч
Ажлын байрны чиг үүрэг: 
1.      Эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлж, энэ талаар шууд харьяалах албан тушаалтанд заавар зөвөлгөө өгч, биелэлтэнд хяналт тавих
2.      Өөрийн эмнэлэгт эмчлэх боломжгүй өвчтний асуудлыг харьяалах болон нарийн мэргэжлийн эмнэлэг, эмч нартай холбоо барьж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх
3.      Өвчтөнтэй эелдэг, зөв боловсон харьцах
4.      Өвчтний хувийн нууцыг хадгалах, өвчтний ар гэрт өвчтний тухай үнэн зөв мэдээлэл өгөх
5.      Ажлын дүрэмт хувцсыг бүрэн хэрэглэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх
6.      Ажлын цагийг баримталж, үр бүтээлтэй ажиллах
7.      Байгууллагаас зохиож буй аливаа ажилд идэвхитэй оролцох
8.      Мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэх
Гол үүрэг хариуцлага:
1.      Өвчтөнд үзлэг хийж, шаардлагатай шинжилгээг бүрдүүлэн оношлох, эмчилгээ, сувилгааны заалт гаргах
2.      Өвчтний оношлогоо, эмчилгээний заалтаар гардан үйлдлүүдийг хийж гүйцэтгэх
Гол чадварууд:
1.      Анагаах Ухааны бакалавраас дээш зэрэгтэй, ерөнхий мэргэжлийн эмчлэх эрхийн лицензтэй
2.      Гадаад хэлний мэдлэгтэй
3.      Компьюторийн өндөр мэдлэгтэй
4.      Ажлын өндөр хариуцлагатай
5.      Соёлч боловсон
6.      Төлөв даруу зантай
Ажлын туршлага:
      Тухайн мэргэжлээр 2 буюу түүнээс дээш жил ажилласан
Мэргэжлийн шаардлага:
       Бакалавр, магистр болон нарийн мэргэжлийн резидентурын сургалтанд хамрагдсан
Аяллын шаардлага:   үгүй
Шаардлагатай хэл:     Англи- Монгол
Яс үндэстэн:   Монгол
Шаардлагатай насны хязгаар:     Насанд хүрсэн


Баталгаат гарын үсэг:
Ажилтан:    




Ажлын байрны тодорхойлолт-  2

Эрхлэх ажил:   Сувилагч
Ажлын байр:    
Харьяалагдах нэгж:    
Шууд тайлагнах:   Захирал, Клиник менежэр, Ерөнхий эмч
Нэгжийн хувьд тайлагнах:  Клиник менежэр, Ерөнхий эмч
Ажлын байрны чиг үүрэг: 
1.      Эмчилгээ, сувилгааг цаг тухайд нь чанартай хийх
2.      Өвчтөнтэй эелдэг, зөв боловсон харьцах
3.      Өвчтний хувийн нууцыг хадгалах, өвчтний ар гэрт өвчтний тухай үнэн зөв мэдээлэл өгөх
4.      Ажлын цагыг баримталж, үр бүтээлтэй ажиллах
5.      Байгууллагаас зохиож буй аливаа ажилд идэвхитэй оролцох
6.      Мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлэх
Гол үүрэг хариуцлага:
1.      Эмчилгээ сувилгааг эмчийн заалтаар хийх
2.      Эмчилгээ, оношлогооны зорилгоор гардан үйлдлүүдийг хийж гүйцэтгэх
3.      Шаардлагатай анхан шатны маягтуудыг хөтлөх
4.      Эмчийн үзлэг, бариа засал, физик эмчилгээ гэх мэт шаардлагатай үед эмчид туслах
5.      Шаардлагатай үед цусны даралт, биеийн температур, пульс, жин хэмжих, үзэх
6.      Эмчилгээ оношлогоо хийх үед шаардлагатай материал, багаж бэлтгэх
3.       
Гол чадварууд:
7.      Сувилахуйн мэргэжлийн лицензтэй
8.      Гадаад хэлний мэдлэгтэй
9.      Компьюторийн өндөр мэдлэгтэй
10.  Ажлын өндөр хариуцлагатай
11.  Соёлч боловсон
12.  Төлөв даруу зантай
Ажлын туршлага:
      Сувилахуйн мэргэжил эзэмшсэн
Мэргэжлийн шаардлага:
       Бакалаврын зэрэг болон сувилахуйн сургууль дүүргэсэн
Аяллын шаардлага:   үгүй
Шаардлагатай хэл:     Англи- Монгол
Яс үндэстэн:   Монгол
Шаардлагатай насны хязгаар:     Насанд хүрсэн


Баталгаат гарын үсэг:
Ажилтан:    

Tuesday, October 25, 2011

eejdee №2

Наддаа цорын ганц хайртай ээждээ төрсөн өдрийн мэнд хүргье.
Өглөө бүр наранд, таныхаа ивээлийг хүсэн залбирдаг. Миний дотор оршсоор байгааг тань үргэлж мэдэрдэг. Гэсэн ч тандаа эрхэлж, үнсүүлмээр санагдах нь багтармаар. Олны дунд тас тас инээгээд л, алхдагаараа алхаж л явна. Дотроо хүйт дааж, хэнд ч ээжгүй юм хөөрхий, эвий гэж хэлүүлэхгүй гэсэндээ шүдээ тас зууж...явдгаа нуугаад яахав дээ таниасаа...
Энэ бол миний хатуу төлөв
Юу ч намайг дийлэхгүй
Чиглэж ирсэн хатуу чулуу
Бут үсрэн үйрэх вий
Энэ бол миний хатуу төлөв
Юунд ч би бууж өгөхгүй
Хэний ч хүрээгүй газарт очно
Пуужинтай пуужингүй (Rokit Bay)
Дутуу гишгээгүй болохоор бахархаж болноо та минь. Санасандаа хүрч байж санаа амардаг шургуу зан минь намайг хөтөлнө. Үе үе энэ амьдрал үнэхээр уйтгартай санагддагыг нуух юун. Санаа зовох зүйл, санаа зовох хүн мөн ч их байна даа. Ээжээ, та намайг эмч болгоно гэж мөрөөддөг байсан. Харин үр чинь хэзээ ч хүүхдээ эмч болгохгүй гэж боддог. Хумсны толио нь хүртэл ийм адилхан байж, юунд өөрөөр сэтгэв гэх байх. Ирсэн өвчтөн бүхнийхээ амьдралыг энэ сэтгэлдээ тээж явдаг болохоор хүнд санагддаг ачаа минь. Хайртай хүмүүсээ эмнэлгээс хол явуулахсан гэж хүсдэг. Тэр тусмаа тусалж чадахгүй бол өөрөө өмнөөс нь үйрээд уначихмаар.
Үхлээс өөр гарцгүй мэт эхлэх гутрал зовлонг
Үүрээд л гарчих сэтгэлтэйдээ амьдарна
Даанч өндөр санагдах цөхрөл зовлонг
Даваад л гарчих сэтгэлтэйдээ тайвширна
Тэнхээ шавхах өвчин зовлонг
Тэсээд гарах сэтгэлтэйдээ амьдарна
Тэнгэр ниргэх мэт цочоох үгэн зовлонг
Тэвчээд гарах сэтгэлтэйдээ тайвширна (Б.Батзаяа)
Сэтгэл минь эмзэгхэн......хэтэрхий эмзэгхэн....явах цагаа ирэхээр дуртайяа үхэлтэй нүүр тулж, хувцсаа солино. Тэр болтол хэрэгтэй бүхэнд хүрч, ашиглаж болохоор бүхнээ өгнөө гэж боддог. Ээждээ хайртай, энд амьдрах хугацаандаа хийх ёстойгоо хийчихээд, тандаа очно. Тосч авахдаа нүүр тань улайхгүй. Учир нь би таны охин.

Thursday, October 20, 2011

Sea


Далай надад он цагийн хөгц, хуучны нэвширмэл үнэр нэвт шингээстэй, өгөр даасан зэвхий саарал, уйтгарт идэгдсэн унанги улиасыг санагдуулсан. Хязгааргүй цэлэлзсэн ус надад баяр хөөр авчраагүй. Хөнгөн гуниг бус хүндээс хүнд хар дарсан зүүд мэт хөндүүр шархыг минь хөндсөн. Ийм их ачаа үүрээд ирээдүй лүү яаж би явах юм бэ гэсэн хашгиралтыг өдөөсөн.

Нар шингэсэн хойно далайн эргийн элсэн дээр суугаад,  дотор халаах нэгнийг том том балгангаа тасраад бушуухан уначихаасай билээ гэж хүссэн. Таван хошуу болон унаж аваад, хуйлран ирэх томхон түрлэгт өлгийдүүлээд, мөхөл зөгнөсөн уйтгараа нэг мөсөн булшилж орхичихоод, далайн гүн лүү явчихмаар тийм нам гүм шаналан. Тэр бодлоосоо салж ядан, тэнгэрийг ширтэн больж ядан, үхэл ирээдүй хоёрын дунд хүслээрээ сонголт хийчих гээд тэлчигнэж ядан байгаад л баймаар...нэг тийм татах хүчтэй гүн их ус.  Нулимс цээжинд царцаах шидтэй асар том хяслан. Би тэнгис далайгаас зугатсан. Тэнд миний гэх юм юу ч байхгүй.  Би тэнгис далайг орхисон. Тэнд хоргодох юм юу ч үгүй.  Дэмий их ус, дургүй хүрмээр их ус.



Тэнгэр минь  баярлалаа.  Ямар азаар би гэнэн цайлган,  гэгээн ариухан , энхрий нялх, урьхан танхил гол горхины хөөртэй хоржигнооныг сонсох, ойлгох хувьтай төрсөн  юм бэ?
Усны чимээ, урсгал нь хүртэл шинэхэн байдаг бяцхан горхи – энэ миний хайр. Ирээдүй лүү хөтлөх хөтөч.



Wednesday, October 5, 2011

Back pain - Нурууны өвдөлтөөс ангижрах нь №2

Өдөр тутам дагаж мөрдөж заншвал таны нуруунд тустай зөвлөмж
А.  Зогсох, явах
1.   Зогсож байх үедээ толгойгоор тааз руу хүрэх гэж байгаа мэт зогсох
2.   Хэрвээ удаан зогсох шаардлагатай бол хөлийн тавиур хэрэглэх
3.   Өндөр өсгийтэй, эсвэл хэт намхан ултай гутал өмсөхгүй байх, дунд зэргийн өсгийтэй гутал хамгийн тохиромжтой
4.   Зогсож ажил хийж байх үед тухайлбал: юм угаах, тоос соруулах үедээ өвдгөөр заавал нугалах
Б. Суух, ажиллах
Ажлын шаардлагаар удаан суудаг хүмүүс 20 минут тутам босож байх. Суух үед нурууны булчин чангарахаас сэргийлж, лордоз багасгах, аарцаг эргүүлэх дасгал хийх, мөн өвдөг түнхний үеэс ялимгүй өндөр байхаар суух, эсвэл хөлөн доороо хөлийн тавиур тавих, нурууны ард жижиг дэр тавьж нуруунд тулгуур болгох хэрэгтэй.
Сандал хатуу байх хэрэгтэй бөгөөд хөл улаараа газар бүрэн тавигдаж байхаар өндөртэй байх
Хийж байгаа зүйлээсээ хол суухгүй байх
В. Хэвтэх, унтах
Хажуу талаар өвдгөө нугалж унтах байрлал хамгийн тохиромжтой. Биед эвтэй байхын тулд хоёр өвдөгний хооронд дэр ивж өгч болно.
Доош харж унтахгүй байх
Хэрвээ доош харж хэвтэх шаардлагатай бол хэвлий доороо дэр ивж өгөх
Хэрвээ дээш харж хэвтэж буй үед өвдгөн дор том дэр хийж, өвдгөө хагас нугалан унтах хэрэгтэй.
Г. Ачаа өргөх
Урагш бөхийхөд дискийн дотоод даралт ихэсдэг. Иймд газраас юм өргөхдөө доош суугаад, нурууг бөхийлгөхгүй өргөвөл энэ даралтыг багасгадаг. Нөгөө талаас аарцаг эргэж амждаг.
Хэзээ ч бүсэлхий хэсгээр дангаар бөхийж, гэдийх хөдөлгөөн хийхгүй байх. Заавал түнх, өвдөгний үеэр хамт нугалах
Нурууг аль болох цэх байлгах
Хөнгөн зүйл өргөсөн ч гэсэн хөлөө ашиглах
Ямар ч зүйлийг хоёр гараар өргөх
Өргөж байгаа зүйлээ цээжиндээ нааж барих
Юм өргөж байхдаа мушгисан хөдөлгөөн хийхгүй байх
Огцом хөдөлгөөн хийхгүй байх
Унаж байгаа зүйлийг барих оролдлого хийхгүй байх
Д. Бусад
Толгойн түвшнээс дээш байгаа зүйлийг авахгүй, хийхгүй байх.
Хийх шаардлагатай бол сандал шат хэрэглэх
Ханиах, найтаахаас өмнө хэвлийн булчингаа чангалах
Хэт их гэдийхгүй байх
Өвдөг тэнэгэр байхад урагш хэт их бөхийхгүй байх
Гутал оймсоо өмсөхдөө заавал суух
Доош харж, тохой дээрээ тулж хэвтэхгүй байх
Усанд сэлэх, дугуй унах, алхах зэрэг спортоор хичээллэх
Орлуу хэвтэхдээ эхлээд орны өнцөгт сууж байгаад нэг хөлийн түнхний үеэр нугалан өвдгөө дээш авчран тэр талын гарыг тулангаа хэвтэнэ.