Thursday, October 20, 2011

Sea


Далай надад он цагийн хөгц, хуучны нэвширмэл үнэр нэвт шингээстэй, өгөр даасан зэвхий саарал, уйтгарт идэгдсэн унанги улиасыг санагдуулсан. Хязгааргүй цэлэлзсэн ус надад баяр хөөр авчраагүй. Хөнгөн гуниг бус хүндээс хүнд хар дарсан зүүд мэт хөндүүр шархыг минь хөндсөн. Ийм их ачаа үүрээд ирээдүй лүү яаж би явах юм бэ гэсэн хашгиралтыг өдөөсөн.

Нар шингэсэн хойно далайн эргийн элсэн дээр суугаад,  дотор халаах нэгнийг том том балгангаа тасраад бушуухан уначихаасай билээ гэж хүссэн. Таван хошуу болон унаж аваад, хуйлран ирэх томхон түрлэгт өлгийдүүлээд, мөхөл зөгнөсөн уйтгараа нэг мөсөн булшилж орхичихоод, далайн гүн лүү явчихмаар тийм нам гүм шаналан. Тэр бодлоосоо салж ядан, тэнгэрийг ширтэн больж ядан, үхэл ирээдүй хоёрын дунд хүслээрээ сонголт хийчих гээд тэлчигнэж ядан байгаад л баймаар...нэг тийм татах хүчтэй гүн их ус.  Нулимс цээжинд царцаах шидтэй асар том хяслан. Би тэнгис далайгаас зугатсан. Тэнд миний гэх юм юу ч байхгүй.  Би тэнгис далайг орхисон. Тэнд хоргодох юм юу ч үгүй.  Дэмий их ус, дургүй хүрмээр их ус.



Тэнгэр минь  баярлалаа.  Ямар азаар би гэнэн цайлган,  гэгээн ариухан , энхрий нялх, урьхан танхил гол горхины хөөртэй хоржигнооныг сонсох, ойлгох хувьтай төрсөн  юм бэ?
Усны чимээ, урсгал нь хүртэл шинэхэн байдаг бяцхан горхи – энэ миний хайр. Ирээдүй лүү хөтлөх хөтөч.



No comments:

Post a Comment