Monday, April 29, 2013

Далны маяагийн доод талын хавчигдлыг илрүүлэх эмнэл зүйн сорилын талаарх судалгаа- diagnostic accuracy of clinical test for SIS


2012 онд хийгдсэн мета анализ, Ирландын судлаачид болох Марван Алкунаээ, Роз Галвин, Том Фахэй нарын ажил юм байна. Энэ хэд интернетээр search хийгээд гарч ирсэн судалгааны ажлуудыг уншиж байгаад нэгтгэж дүгнээд нэг ийм юм хийчихсэн байна. Мэдээж зөндөө олон статистик тооцоо энэ тэр байгаа. Бүгдийг нь алгасаад практикт хэрэг болох эмнэл зүйн оношлогооны магадлал хамгийн өндөр гарсан 5 сорилыг танилцуулаад явчихая гэж бодлоо.
1. Нээрийн шинж - Neer's sign 
Эмч далыг тогтворжуулж барина. Тэгээд өвчтөнг гараа урагш сунгаад дээш тултал нь өргө гэж хэлнэ. Энэ хөдөлгөөний үеэр өвдөлт мэдрэгдэж байвал сорил эерэг гэж үнэлнэ. 
2. Хавкэнс Кеннедийн шинж - Hawkins- Kennedy test
Өвчтөн гараа урагш 90 хэм нугална. Тэгээд аажим дотогш эргүүлнэ. Энэ үед өвдөлт мэдрэх эсвэл дал дагаад дотогш эргэж байвал сорил эерэг гэж үнэлнэ.
3. Хоосон лаазны сорил - Empty can test- supraspinatus
Өвчтөнг далны хавтгайгаар гараа өргөөд мөрний үеэр дотогш эргүүлэх хөдөлгөөнийг эрхий хурууг доош харуулна уу гэсэн заавраар хийлгэнэ. Тохойн үеэр тэнэгэр байх шаардлагатай. Энэ байрлалд эмч гарны бугалга орчмоос бариад доош дарах үед эсэргүүцэж чадахгүй, булчин сул  байвал сорил эерэг гэж үнэлнэ. Дээрх 2 сорилтой нийлээд 3-уулаа сөрөг гэж гарвал SIS байхгүй гээд үзчихэж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл sensitivity буюу мэдрэг чанар нь specifity буюу өвөрмөц чанараасаа илүү өндөр гарсан байна. 
4. Гар унах шинж - Drop arm sign
Өвчтөн гараа өргөнө. Дараа нь буулгана. Буулгах үед огцом гар унах, эсвэл хүчтэй өвдөлт мэдрэгдвэл сорил эерэг гэж үнэлнэ. Энэ сорил дээр нэмээд "Гар хөндийрүүлэх сорил" эерэг гарвал SIS гээд оношилчихож болохнээ.  Өөрөөр хэлбэл specificity нь sensitivity-ээс өндөр гарсан гэсэн үг юм.


  5. Гар хөндийрүүлэх сорил - Lift off test - subscapularis
 Өвчтний мөрийг дотогш эргүүлж, гарын алгыг гадагш харуулан эсрэг талын хонгон дээр наалдуулж тавина. Дараа нь эмч бага зэрэг эсэргүүцэл гарын алган дээр нь өгөөд, гараа биенээсээ хөндийрүүл гэж хэлнэ. Хэрвээ ротатор каффын нэг хэсэг болох далны доод булчинд урагдал байвал эсвэл сулрал байвал энэ үйлдлийг гүйцэтгэж чадахгүй. Энэ тохиолдолд сорил эерэг гэж үнэлнэ. Нийт 2390 өвчтнийг хамруулсан, 16 судалгааны ажлууд дээр дүн шинжилгээ хийж үзэхэд энэ сорилын мэдрэг хийгээд өвөрмөц байдал хамгийн өндөр гарчээ. Тэгэхээр далны акромион сэртэн буюу маяа-гийн доод талын хавчигдал байна гэдэг оношыг энэ сорил эерэг гарсан үед шууд тавих боломжтой гэсэн үг юм. Оношийн магадлал 82 - 93% гэж гарчээ. 
Эдгээр эмнэл зүйн сорилоор тавигдсан оношыг мэс заслын аргаар баталгаажуулж явсан ажлуудыг л зөвхөн түүвэрлэж судласан учраас өдөр тутмын практикт хэрэглэхэд нотолгоонд суурилсан оношлогооны арга болж чадна гэдгийг хэлэхэд баяртай байна. Мөрний маш олон сорил байдаг. Дунд нь төөрч будилалгүй хавчигдалт байж магадгүй гэж сэжиглэсэн тохиолдол бүртээ зөвхөн энэ 5 сорилыг хийгээд үзээрэй. Бүр мартчих гээд байвал сүүлийн хоёрыг яг таг цээжлээд аваарай.  

Rehab SLAP lesion repair - Мөрний хагалгааны дараах СЗЭ

Дундговь аймагт амьдардаг, 25 настай, Энх тайвны корпусын сайн дурын ажилтан өвчтөн маань Тайландад мөрний дурангийн мэс засалд ороод, тэндээ 3 долоо хоног СЗЭ хийлгэж байгаад ирсэн. Ирмэгцээ хөдөө яваад, тэндээ иллэг, бумба, ультразвук эмчилгээ хийлгэж, давхар дасгалаа хийж байгаад дал орчмын булчин хэт чангараад, мөрний хөдөлгөөн хориод байна гэсэн зовиураар манайд хандсан юм. Анх хальтарч унаад мөрөө гэмтээсэн, өвдөлт намдаах эм ууж, жин тавьж нилээд үзээд бүр болохгүй болохоор нь MRI хийлгэхэд Labral tear гэсэн онош тавигдсанаар мэс заслын эмчилгээнд хамрагдсан хүн юм. Намайг үзэх үед буюу мэс засал хийлгэснээс хойш 3 сарын дараа мөрний үений далайц ерөнхийдөө сэргэсэн, өвдөлт намдсан, гэхдээ давуулах, хүчтэй хөдөлгөөн хийхээс эмээдэг гэсэн асуумжтай байлаа. Үений далайцыг үзэхэд мөр дотогш эргэх хөдөлгөөн хоригдсоны улмаас хэмжих боломжгүй, гадагш эргэх хөдөлгөөн эрүүл мөртэй харьцуулахад 30 хэмээр бага байлаа. Далны доод буюу ротатор каффын нэг бүрдэл болох m. infraspinatus мөн m. teres minor маш чанга, булчингийн өвдөлт сэдээх цэг буюу trigger point 5-6 ширхэг байлаа. 1%-ийн лидокайнтай тарилгыг булчингийн сэдээх цэгт нийтдээ 3 удаа тарьсан. Өнжөөд нэг гэсэн үг юм. Тэгээд 1500 Гц-ийн лазер соронзон аппаратаар тухайн цэгүүдэд шарлага хийсэн. Мэдээж инфрарэд-ээр халааж байгаад гүний даралттай иллэг, ультразвук сунгалтын дасгал идэвхигүйгээр өгөөд үндсэндээ 7 өдрийн эмчилгээний дараа trigger point байхгүй болсон, үений далайц нэмэгдсэн, эсрэгээр булчингийн хүч бага зэрэг суларсан. Эмчилгээний үр дүнг хангалттай сайн байлгах зорилгоор эмчилгээний хугацаанд эсэргүүцэлтэй дасгал хийхийг хориглосонтой холбоотой байж мэдэх юм. Ингээд СЗЭ-ний 3-р үе шатанд оруулаад, гэрт хийх дасгалыг зааж өгөөд явууллаа. Эндээс мэргэжлийн хүмүүс хийгээд энэ эмгэгээр шаналж буй хүмүүст хэрэг болох байх гэсэн сэтгэлээр СЗЭ-ний 5 үе шатыг товч танилцуулая гэж бодлоо.
1-р үе шат Мэс засалд орсны дараах нэг сар үргэлжилнэ. Гол анхаарах зүйлс нь: зөөлөн эдийн эдгэрэлтийг дэмжих зорилгоор сойлт хэрэглэнэ. Суганы мэдрэлийн салааг дагаад хэт мэдрэмтгий болсон байж болно. Мэс заслаас хойш 6 долоо хоногийн хугацаанд 2 толгойт булчингийн урт толгойд ирэх даралт, ачааллыг чөлөөлж өгөх ёстой. Ингэхийн тулд мөрөөр нугалах , гарын алга дээш харуулах, тохой нугалах хөдөлгөөнүүдийг огт хийх болохгүй. Эдгээр хөдөлгөөнийг 2 толгойт булчин оролцдог учраас labral татаж дахин гэмтээх аюултай. За мөн мөрөөр холдуулж байгаад гадагш эргүүлэх хөдөлгөөнийг хорино. Эхний 1 сард нейтрал байрлалд мөрөөр гадагш эргэх хөдөлгөөнийг 40 хэмээс илүү явуулж болохгүй. Юу хийх вэ? Мөр гэмтсэн үед дагаад хүзүү, тохой, бугуй, хурууны хөдөлгөөн хязгаарлагддаг. Тэгэхээр эдгээр үенд үений далайцын дасгал өгөхөө хэзээ ч битгий мартаарай. Нэмээд мөрний үенд идэвхигүйгээр далайцын дасгал өгнө. Зүрх судасны фитнес талаасаа дугуй жийж болно. Харин гүйлтийн зам дээр гарахгүй.
2-р үе шат Ойролцоогоор мэс заслын дараах 2-3-р сар. 2 толгойт булчинд бага багаар ачаалал өгч эхэлнэ. Идэвхигүйгээр мөрийг холдуулж байгаад гадагш эргүүлэх, тэнийлгэх хөдөлгөөнийг огтоос хийлгэж үл болно, хориотой хөдөлгөөн шүү. 2 толгойт булчинд бага ачаалал өгөх зорилгоор үений далайцын дасгалыг хэвтүүлж байгаад хийвэл газрын татах хүчнээс чөлөөлөх давуу талтай. Мөрийг дотогш эргүүлээд тэнийлгэх хөдөлгөөн нь labrum -ын дээд хэсэгт хамгийн их даралт өгдөг хөдөлгөөн учраас татгалзаарай.
3-р үе шат
Мэс заслын дараах 3-р сараас эхэлнэ. Энэ үед сэлэх, шидэх, толгой давуулсан хөдөлгөөнүүдийг хориглоно. Унах эрсдэлтэй идэвхитэй хөдөлгөөнөөс татгалзана. Арын капсул чангарсанаас болоод хөдөлгөөн хоригдоод байдаг талтай учраас sleepers stretch хийж болно.
 За тэгээд хүчний дасгалуудаа хийж эхэлнэ. Алхах, гүйх, дугуй унах, шатаар өгсөж уруудах дасгалыг хийж болно. Энэ үед дасгалын эрчим багаас дунд зэрэг байна.
4-р үе шат
Дасгалын эрчмийг дундаас өндөр болгоно. Сэлэх хориотой
5-р үе шат
Спорт луу орж болно. Өндөр хурдтай, эрчимтэй хөдөлгөөнүүдийг хийж эхэлнэ.
Ийм төрлийн мэс засал хийлгэсэн хүн байвал холбогдож дэлгэрэнгүй зөвөлгөө авч болно шүү. Хамгийн гол нь хориотой хөдөлгөөнүүдийн талаар мэдээлэл сайтай байж, мэс заслынхаа үр дүнг үзэх нь чухал юм.

Monday, April 1, 2013

SLAP LESIONS- Мөрний гэмтлийн нэг төрөл

SLAP гэмтлийг тайлбарлахын өмнө эргээд суурь ухагдахуун луу ороё. Мөгөөрс гэдэг маань ясны төгсгөлд байдаг, ясыг хамгаалж байдаг бүтэц юм. Дотроо шиллэг болон ширхэглэг гэж хоёр хуваагдана. Ширхэглэг нь шиллэгээ бодвол илүү хатуу бүтэц юм. Тэгэхээр мөрний үеийг бүтээж байгаа далны тогоон дээр атгаал чөмөгний толгой ирж суухад далны тогоон доторх эмжээр маягийн ширхэглэг мөгөөрсийг labrum гэж нэрлээд байгаа юм. Үүний урагдлыг SLAP гэмтэл гэнэ. Ерөнхийдөө хүний биед завсартай болон завсаргүй гэсэн хоёр төрлийн үе байдаг. Завсартай нь хөдөлгөөнийг хамгийн чөлөөтэй хийдэг үе юм. Үүнээс мөр, түнхний үе нь бөмбөлөг үе гэсэн ангилалд багтах ба хүний биеийн хамгийн олон төрлийн хөдөлгөөнд хийдэг үенд зүй ёсоор тооцогдоно. Labrum -ыг хар үгээр тайлбарлавал дов товцог толгод дээр зогсож буй машины арын дугуйнд ивсэн тоосготой зүйрлэж болно. Гол үүрэг нь мөрний үений тогтвортой байдлыг хангахад оролцоно. Мөн тохойг нугалагч хоёр толгойт булчингийн урт толгой нь labrum-д бэхлэгддэг. Гар толгой дээгүүр давуулсан хөдөлгөөнийг хүчлэн хийхэд энэ хэсэгт их даралт ирдэг. Цохиурт спортоор хичээллэгсэдэд элбэг тохиолдоно. SLAP lesion гэдэг нь Superior (дээд) Labral Anterior (урд) to Posterior (хойд) Tear (урагдал) гэсэн үгийн товчлол юм.
Дотор нь 4 төрөлд хуваана.
1.Partial tear - хэсгийн урагдал. Энэ тохиолдол арзгар сарзгарын мэс заслын аргаар тэгшитгэн засч цэвэрлэх ажилбарыг хийнэ.




2. Энэ нь хамгийн элбэг тохиолддог төрөл бөгөөд урд талын, арын, урд ба арын гэсэн 3 төрөлд дотроо хуваагддаг. Мөр мултрах үед ихэвчлэн тохиолддог, бүтэн урагдал ба энэ үед дурангийн мэс заслын аргаар зангуу маягаар буцаад ясанд нь бэхлэх эмчилгээ хийнэ.
3. Үе рүүгээ унаж урагдсан байдалтай байх ба энэ тохиолдолд унжсан хэсгийг салгаж аваад оёх мэс ажилбарыг хийнэ.
4. Хоёр толгойт булчингийн шөрмөс рүү тэлсэн урагдлыг хэлнэ. Энэ тохиолдолд шөрмөс засварлах мэс заслыг хавсарч хийх шаардлагатай болно.
SLAP гэмтлийн үеийн үндсэн эмчилгээ нь дурангийн мэс засал байдаг ба үүний дараах сэргээн засах эмчилгээг зөв хийж чадвал эргэж хэвийн байдалдаа орох магадлал 91%-тай байдаг. Мэс засал хийхгүйгээр амжилттай эмчлэгдсэн тохиолдол хэсгийн урагдлын үед цөөн тохиолджээ.