Monday, April 1, 2013

SLAP LESIONS- Мөрний гэмтлийн нэг төрөл

SLAP гэмтлийг тайлбарлахын өмнө эргээд суурь ухагдахуун луу ороё. Мөгөөрс гэдэг маань ясны төгсгөлд байдаг, ясыг хамгаалж байдаг бүтэц юм. Дотроо шиллэг болон ширхэглэг гэж хоёр хуваагдана. Ширхэглэг нь шиллэгээ бодвол илүү хатуу бүтэц юм. Тэгэхээр мөрний үеийг бүтээж байгаа далны тогоон дээр атгаал чөмөгний толгой ирж суухад далны тогоон доторх эмжээр маягийн ширхэглэг мөгөөрсийг labrum гэж нэрлээд байгаа юм. Үүний урагдлыг SLAP гэмтэл гэнэ. Ерөнхийдөө хүний биед завсартай болон завсаргүй гэсэн хоёр төрлийн үе байдаг. Завсартай нь хөдөлгөөнийг хамгийн чөлөөтэй хийдэг үе юм. Үүнээс мөр, түнхний үе нь бөмбөлөг үе гэсэн ангилалд багтах ба хүний биеийн хамгийн олон төрлийн хөдөлгөөнд хийдэг үенд зүй ёсоор тооцогдоно. Labrum -ыг хар үгээр тайлбарлавал дов товцог толгод дээр зогсож буй машины арын дугуйнд ивсэн тоосготой зүйрлэж болно. Гол үүрэг нь мөрний үений тогтвортой байдлыг хангахад оролцоно. Мөн тохойг нугалагч хоёр толгойт булчингийн урт толгой нь labrum-д бэхлэгддэг. Гар толгой дээгүүр давуулсан хөдөлгөөнийг хүчлэн хийхэд энэ хэсэгт их даралт ирдэг. Цохиурт спортоор хичээллэгсэдэд элбэг тохиолдоно. SLAP lesion гэдэг нь Superior (дээд) Labral Anterior (урд) to Posterior (хойд) Tear (урагдал) гэсэн үгийн товчлол юм.
Дотор нь 4 төрөлд хуваана.
1.Partial tear - хэсгийн урагдал. Энэ тохиолдол арзгар сарзгарын мэс заслын аргаар тэгшитгэн засч цэвэрлэх ажилбарыг хийнэ.




2. Энэ нь хамгийн элбэг тохиолддог төрөл бөгөөд урд талын, арын, урд ба арын гэсэн 3 төрөлд дотроо хуваагддаг. Мөр мултрах үед ихэвчлэн тохиолддог, бүтэн урагдал ба энэ үед дурангийн мэс заслын аргаар зангуу маягаар буцаад ясанд нь бэхлэх эмчилгээ хийнэ.
3. Үе рүүгээ унаж урагдсан байдалтай байх ба энэ тохиолдолд унжсан хэсгийг салгаж аваад оёх мэс ажилбарыг хийнэ.
4. Хоёр толгойт булчингийн шөрмөс рүү тэлсэн урагдлыг хэлнэ. Энэ тохиолдолд шөрмөс засварлах мэс заслыг хавсарч хийх шаардлагатай болно.
SLAP гэмтлийн үеийн үндсэн эмчилгээ нь дурангийн мэс засал байдаг ба үүний дараах сэргээн засах эмчилгээг зөв хийж чадвал эргэж хэвийн байдалдаа орох магадлал 91%-тай байдаг. Мэс засал хийхгүйгээр амжилттай эмчлэгдсэн тохиолдол хэсгийн урагдлын үед цөөн тохиолджээ.