Monday, April 29, 2013

Далны маяагийн доод талын хавчигдлыг илрүүлэх эмнэл зүйн сорилын талаарх судалгаа- diagnostic accuracy of clinical test for SIS


2012 онд хийгдсэн мета анализ, Ирландын судлаачид болох Марван Алкунаээ, Роз Галвин, Том Фахэй нарын ажил юм байна. Энэ хэд интернетээр search хийгээд гарч ирсэн судалгааны ажлуудыг уншиж байгаад нэгтгэж дүгнээд нэг ийм юм хийчихсэн байна. Мэдээж зөндөө олон статистик тооцоо энэ тэр байгаа. Бүгдийг нь алгасаад практикт хэрэг болох эмнэл зүйн оношлогооны магадлал хамгийн өндөр гарсан 5 сорилыг танилцуулаад явчихая гэж бодлоо.
1. Нээрийн шинж - Neer's sign 
Эмч далыг тогтворжуулж барина. Тэгээд өвчтөнг гараа урагш сунгаад дээш тултал нь өргө гэж хэлнэ. Энэ хөдөлгөөний үеэр өвдөлт мэдрэгдэж байвал сорил эерэг гэж үнэлнэ. 
2. Хавкэнс Кеннедийн шинж - Hawkins- Kennedy test
Өвчтөн гараа урагш 90 хэм нугална. Тэгээд аажим дотогш эргүүлнэ. Энэ үед өвдөлт мэдрэх эсвэл дал дагаад дотогш эргэж байвал сорил эерэг гэж үнэлнэ.
3. Хоосон лаазны сорил - Empty can test- supraspinatus
Өвчтөнг далны хавтгайгаар гараа өргөөд мөрний үеэр дотогш эргүүлэх хөдөлгөөнийг эрхий хурууг доош харуулна уу гэсэн заавраар хийлгэнэ. Тохойн үеэр тэнэгэр байх шаардлагатай. Энэ байрлалд эмч гарны бугалга орчмоос бариад доош дарах үед эсэргүүцэж чадахгүй, булчин сул  байвал сорил эерэг гэж үнэлнэ. Дээрх 2 сорилтой нийлээд 3-уулаа сөрөг гэж гарвал SIS байхгүй гээд үзчихэж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл sensitivity буюу мэдрэг чанар нь specifity буюу өвөрмөц чанараасаа илүү өндөр гарсан байна. 
4. Гар унах шинж - Drop arm sign
Өвчтөн гараа өргөнө. Дараа нь буулгана. Буулгах үед огцом гар унах, эсвэл хүчтэй өвдөлт мэдрэгдвэл сорил эерэг гэж үнэлнэ. Энэ сорил дээр нэмээд "Гар хөндийрүүлэх сорил" эерэг гарвал SIS гээд оношилчихож болохнээ.  Өөрөөр хэлбэл specificity нь sensitivity-ээс өндөр гарсан гэсэн үг юм.


  5. Гар хөндийрүүлэх сорил - Lift off test - subscapularis
 Өвчтний мөрийг дотогш эргүүлж, гарын алгыг гадагш харуулан эсрэг талын хонгон дээр наалдуулж тавина. Дараа нь эмч бага зэрэг эсэргүүцэл гарын алган дээр нь өгөөд, гараа биенээсээ хөндийрүүл гэж хэлнэ. Хэрвээ ротатор каффын нэг хэсэг болох далны доод булчинд урагдал байвал эсвэл сулрал байвал энэ үйлдлийг гүйцэтгэж чадахгүй. Энэ тохиолдолд сорил эерэг гэж үнэлнэ. Нийт 2390 өвчтнийг хамруулсан, 16 судалгааны ажлууд дээр дүн шинжилгээ хийж үзэхэд энэ сорилын мэдрэг хийгээд өвөрмөц байдал хамгийн өндөр гарчээ. Тэгэхээр далны акромион сэртэн буюу маяа-гийн доод талын хавчигдал байна гэдэг оношыг энэ сорил эерэг гарсан үед шууд тавих боломжтой гэсэн үг юм. Оношийн магадлал 82 - 93% гэж гарчээ. 
Эдгээр эмнэл зүйн сорилоор тавигдсан оношыг мэс заслын аргаар баталгаажуулж явсан ажлуудыг л зөвхөн түүвэрлэж судласан учраас өдөр тутмын практикт хэрэглэхэд нотолгоонд суурилсан оношлогооны арга болж чадна гэдгийг хэлэхэд баяртай байна. Мөрний маш олон сорил байдаг. Дунд нь төөрч будилалгүй хавчигдалт байж магадгүй гэж сэжиглэсэн тохиолдол бүртээ зөвхөн энэ 5 сорилыг хийгээд үзээрэй. Бүр мартчих гээд байвал сүүлийн хоёрыг яг таг цээжлээд аваарай.