Monday, September 16, 2013

Neuropathic pain №1 - Мэдрэлийн гаралтай өвдөлт



Өнгөрсөн баасан гаригт ЭХЭМҮТ буюу хуучнаар ЭНЭШТ-д "Өвдөлтийн менежментийг хөгжүүлэх нь" гэсэн олон улсын сургалт семинар оролцогч цөөнтэй ч мэдлэг түгээгч олонтойгоор боломжын өгөөжтэй сайхан болж өнгөрлөө. Гол санаа нь "Өвдөлтийн менежментийг хөгжүүлэх бодлого, удирдамж, үйл ажиллагааны чиглэл боловсруулах" тал дээр эрх мэдэл бүхий хүмүүсийн бодлыг сонсох, нэг чиглэлд нэгтгэх тал дээр анхаарч байсан болов уу гэж би хувьдаа ойлгосон бөлгөө. Ямартаа ч миний бие "Өвдөлт ба СЗЭ" чиглэлээр бяцхан илтгэл бэлдсэнээ тавьсан. Мөн Дэлхийн Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан Troels Staehelin Jensen (Дээр байгаа зургийн голд зогсож буй эрхэм) доктор, профессорын лекцүүдийг орчуулан хэрэндээ идэвхи санаачлагатай оролцлоо. Өмнө нь мэргэжлийн орчуулга хийдэг л байсан. Гэхдээ энэ хүн шиг ийм цэгцтэй, цэвэрхэн, өөгүй үнэхээр мэргэжлийн илтгэгчийн түвшинд хүрсэн гэмээр хүний орчуулгыг хийж байсангүй. Орчуулга хийхэд урамтай сайхан байснаа заавал дурдмаар санагдлаа. Эхний лекц нь IASP Буюу Дэлхийн Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн талаарх танилцуулга, тэтгэлэгт боломжуудыг дурдсан илтгэл байв. Дараагийн лекц нь "Мэдрэлийн гаралтай өвдөлтийн оношлогоо, эмчилгээ" гэсэн сэдэв байлаа. Эндээс товчлон мэдээлэл түгээхээр шийдсэнээ хуваалцаж байна. Хүлээн авна уу?

Архаг өвдөлтийг үндсэндээ 3 ангилдаг. Үүнд:  носисептив буюу үрэвслийн, невропатик буюу мэдрэлийн гаралтай, шалтгаан тодорхойгүй гэж 3 хуваана. Үрэвслийн гэхээр мэдрэлийн төгсгөл цочирч өвдөлт дамжина. Шинж чанарын хувьд янгинах, дүүрэх, унжих, цардайх, чилэх, базлуулах маягийн өвдөлттэй. Өвчин намдаах эмэнд үр дүнтэй. Невропатик гэдэг нь мэдрэлийн эмгэг эсвэл мэдрэлийн гэмтэлтэй холбоотойгоор өвдөлт дамжих ба зүүгээр хатгах мэт, хутгалах мэт, хөрөөдөх мэт, өрөмдөх мэт, цахилгаан гүйх мэт, бадайрч хөлдөх мэт, шатаж түлэгдэх мэт, жирс жирс хийх гэсэн шинж чанартай өвдөлтийг өгнө. Өвдөлт нь захын мэдрэлээс эхлээд нугасаар дамжин тархинд хүрдэг. Невропатик өвдөлтийн үед эмгэг жам, шинж тэмдгийн хооронд ялгах тодорхой зааг байхгүйтэй холбоотойгоор мөн захын мэдрэл болон төв мэдрэлийн системд хэт мэдрэгжил үүссэнээс болоод тэр бүрийд амархан намдаад байдаггүй, архаг хэлбэрт шилжих нь олонтоо, өөрөөр хэлвэл эмчлэхэд туйлын төвөгтэй өвдөлтийн нэг хэлбэр юм.
Үрэвслийн өвдөлт яагаад амархан намддаг вэ гэвэл мэдрэл өөрөө гэмтдэггүй мөн үрэвслийг намжаагаад ирэхээр дагаад өвдөлт буурдаг. Харин мэдрэлийн гаралтай өвдөлтийн үед гэмтсэн мэдрэл эдгэсэн ч дурдатгал өвдөлт байсаар байдаг.
ALLODYNIA- жирийн үед өвдөлт үүсгэхгүй цочруулаар үйлчлэхэд өвдөж байх Жишээ нь: илэхэд өвдөх, хувцас өмсөх тайлахад хувцасны материал биед хүрэлцэхэд өвдөх
HYPERALGESIA- бага зэргийн өвдөлтийг маш хүчтэй өвдөлт мэтээр хүлээн авах шинжийг хэлнэ. Өөрөөр хэлбэл эдгээр нь хэт мэдрэгжилт болсныг зааж өгч байгаа юм. Эмгэг жамын хувьд товчхон ярихад ийм байна. Үргэлжлүүлээд оношлогоо эмчилгээний талаар өгүүлнэ.