Monday, September 16, 2013

Neuropathic pain assessment and treatment - Мэдрэлийн гаралтай өвдөлт №2

Оношлогоо

Мэдрэлийн гаралтай өвдөлтийг оношлоход асуумж чухал ач холбогдолтой. Эндээс архаг уу цочмог уу гэдгийг тодруулна. Мөн өвдөлтийн шинж чанараар нь баримжаа авах боломжтой. Өвдөлтийн оноо буюу 0-10 оноогоор өвдөлтийн эрчмийг тодорхойлно. Ингэж асуух зуураа ажиглах хэрэгтэй. Ерөнхийдөө бага зэргийн буюу (Pain score 0-3) үед хүн инээмсэглэх чадвартай байдаг. Өвдөж байгаа гэсэн ч инээмсэглэх чадвараа алдаагүй бол бага зэргийн өвдөлт гээд бодчихож болно. За тэгээд хамгийн сүүлд мэдрэлийн дерматомоор буюу мэдрэл явж салаалж байгаа талбайгаар бүсчилсэн өвдөлт өгч байгаа эсэхийг тодруулаарай.
Дараа нь мэдрэлийн үзлэг хийнэ. Мэдрэхүйг сайтар шалгах хэрэгтэй. Ингэхдээ хүрэлцэх, халуун хүйтнээр үйлчлүүлэх, самаар самнах, даралт учруулах, зүүгээр хатгах гэх мэтээр шалгана. Ингэхдээ эрүүл өвчтэй талыг харьцуулан үзэж, өвчтнөөс мэдрэхүй хэвийн, буурсан, эсвэл ихэссэн гэсэн үнэлгээг сонсон тэмдэглэгээ хөтөлнө. Нэмээд мэдрэлийн салаалалтаар мэдрэхүй алдагдсан эсэхийг өмнө зурж тэмдэглэнэ. Асуумж үзлэгээс урьдчилсан оношийг гаргаад булчингийн цахилгаан бичлэг гэх мэт нарийн шинжилгээгээр оношийг баталгаажуулна.
Үрэвслийн гаралтай өвдөлтийн үед зөвхөн эерэг шинжүүд болох мэдрэхүй ихэссэн шинжүүд илэрдэг бол мэдрэлийн гаралтай өвдөлтийн үед эерэг дээр нэмээд мэдрэхүй буурсан болон алдагдсан сөрөг шинжүүд илэрдэг нь ялган оношлогооны ач холбогдолтой болно.

Эмчилгээ

Гол нь мэдрэлийн гаралтай өвдөлтийн цаана ямар эмгэг байгааг тодруулж өөрөөр хэлбэл шалтгааныг зөв олж эмчлэх нь туйлын чухал.
Дан ганц өвдөлтөөс гадна өөрөөр хэлбэл мэдрэхүйгээс гадна тухайн хүний зан төрх, сэтгэл санааны байдал, сэтгэн бодох чадварт давхар нөлөөлдөг гэдгийг бодолцон эмчилгээг цогцоор шийдэж байвал тун сайн. Эмийн эмчилгээний тухайд хэт мэдрэгжсэн нейроны мэдрэгжилтийг өөр өөрийн механизмаар бууруулж буй хэд хэдэн төрлийн эмүүдийг ашиглана. Жишээ нь:
Сэтгэл гутралын эсрэг эмийн бүлэгт хамаарах амитриптилин мэдрэлийн гаралтай өвдөлтөнд нилээд үр дүн үзүүлж байна. Уналт таталтын эсрэг эмийн бүлгээс Кальцийн сувгийг хориглогч Габапентин (Tebantin), Натрийн сувгийг хориглогч Карбамазепин гэх мэт.
Эдгээр эмүүдийн гаж нөлөө нь өдрийн цагаар нойрмоглох, тэнцвэр алдах, толгой эргэх , жин нэмэх зэрэг болно. Ерөнхийдөө эхний 3-5 хоногт эдгээр гаж нөлөө илрээд аажимдаа алга болдогыг өвчтөнд сануулж байх хэрэгтэй.
Чихрийн шижин буюу диабеттэй хүмүүсийн захын мэдрэлийн эмгэгээс улбаалсан мэдрэлийн гаралтай өвдөлтийг хэрхэн намдаах талаар дурдахад эмчилгээнд 1-р эгнээний, 2-р эгнээний бүр боломжгүй бол 3-р эгнээний эмүүд лүү хэрхэн шилжүүлж эмчлэх талаар гарсан олон улсын аргачлалыг танилцуулая. 1-р эгнээний эмэнд: амитриптилин 10-75мг/хоногт, габапентин 300-3600 мг/хоногт, трамадол 150- 300 мг/хоногт
 2-р эгнээний эмэнд: дээрх 3 эмийг хавсруулан хэрэглэх,
3-р эгнээний эмэнд: lamotrigine 200-400мг/хоногт, сэтгэл гутралын эсрэг эм +опиод байж болно. Хамгийн чухал нь тунг тооцоолох, дээрх мэдрэлийн гаралтай өвдөлтийн эсрэг эмүүдийг бага тунгаас эхлээд барих тунд шилжүүлж явдаг учраас мэргэжлийн эмчийн зөвөлгөөгүйгээр дур мэдэн хэрэглэх нь туйлын осолтой болно. 
Эндээс мэдрэлийн гаралтай өвдөлтөнд үрэвслийн эсрэг эмийг хэрэглээд ямар ч үр дүнгүй болохыг ойлгосон гэдэгт итгэж байна.

No comments:

Post a Comment