Monday, December 7, 2015

Монголчуудаа биеэ хайрлаач ээ!

Олон өвчний эх үүсвэр үндэс суурь нь таргалалттай холбоотой учраас энэ тал дээр алхам хийхгүйгээр хүн эмгэгээс салж, эрүүлжих талаар бодсоны ч хэрэггүй. Монголчууд эрүүл мэндийн боловсрол муутай учраас өвчин эмгэгээс өөрсдийгөө сэргийлж чаддаггүй, өөрийн зүгээс өвчнөө эдгээх алхмуудыг хийж мэддэггүй. Бүгдийг эмнэлэгт, эмчид даатгадаг. Хэдэн арван жилийн туршид амьдралын буруу хэмнэлтэй явсны дүнд үүссэн архаг өвчин эмгэгээ хэдхэн хоногийн дотор эмчлэн эдгээх хүсэлтэй. Тэгэх боломжгүй гэдгийг ойлгодоггүй. Тийм учраас эмч эмнэлэг ард иргэдийн хооронд цаг тутамд зөрчил гарч байгаа. Тухайн тохиолдол бүрийг нарийн шинжлээд үзвэл дийлэнх нь үл ойлголцол, үл мэдэхтэй холбоотой. Өвчтөн нь боловсордоггүй, эмч нь ярилцдаггүй. Аль аль нь сэтгэлээ 100% зориуллаа ч эцсийн дүнд хэн хэн нь сэтгэл дундуур үлддэг. Энэ байдлыг засах тал дээр өөрийн зүгээс хувь нэмрээ оруулж энэхүү блогийг хөтөлсөөр ирсэн билээ.
Зөвхөн надтай таарсан, өмнөөс нь харамсаж халаглаад барахааргүй хэдэн арван жишээг би амьсгаа авахгүйгээр дурьдаж чадна. Хамгийн ойрын жишээ гэвэл өнөө өглөө 42 настай эмэгтэй ирж үзүүллээ л дээ.

Би:  Хэзээ хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн бэ?
Өвчтөн:  Бага хүүгээ төрөх үед
Би:  Бага хүү нь одоо хэдэн настай билээ?
Өвчтөн:   Юу билээ, энэ жил 22 нас хүрэх байх шүү....

Энэ чинь одоо юу гэсэн үг вэ таминь? Өөртөө ийм хайргүй, эрүүл мэнддээ ийм хайнга хандаж болдог юм уу? Тэгээд одоо эмчилгээндээ л бүхнээ зориулаад эдгэмээр байна гэх??? Уучлаарай, өмнөх 20 жил та хаана юу хийж явсан хүн бэ? Хамаг процесс явдгаараа яваад одоо тэсэхийн аргагүй өвдөлттэй, хавдрын маркер өндөр гарчихсан байхад юунд найдаж эрүүл болно гээд байгаа билээ? Бурханд уу? Өөртөө юу? Эмчид үү? Яг үнэндээ ингэж хэлмээр байдаг ч би тухайн нөхцөлд шоконд орчихсон хүнд мэдээж хатуурхаж чадахгүй. Хэдэн талаасаа хэдүүлээ хичээгээд үзье, эхлээд энэ энэ эмийг хэрэглээрэй. Эхний ээлжинд хэдүүлээ өвдөлтөө намдаагаад авбал бас их хэрэг байхсан тийм ээ хө гэж аргадасхийгээд гаргадаг ч дотроо бол ийм сайхан залуу насандаа ингээд өвдчих гэж дээ, ядаж жилдээ нэг эмчид үзүүлээд байж болдоггүй байсан юм байх даа хэмээн халаглан зүрх минь хөндүүрлэж байдаг.

Монгол түмэн минь ээ, та нар минь эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх  амин шаардлага тулгараад байна. Өөрийнхөө биед юу болоод байгааг хамгийн сайн мэддэг хүн бол та. Таны эмч биш. Та л эмчид илэрхийлэн гаргаж хэлж чадах ганц хүн. Тиймээс өөрийнхөө биеийг бага гэлтгүй судлаач ээ..... зөв сувгаар зөв мэдээлэл хүлээж авахын тулд эх захгүй мэдээллийн далай дотроос чанартай сонголтыг хийж, сувдыг нь шүүрч чадахуйц түвшинд хүрээч ээ.
Эх зохиолч Нацагдоржийн "Хуучин хүү" зохиол мөн ч дээр үед бичигдсэн дээ. Тогоон дороосоо өндийх цаг болоогүй юу?

Tuesday, November 10, 2015

Кофе нь зүрхний эмгэгээр өвчлөх, нас барах эрсдлийг бууруулах тухай

Зүрхний шигдээс болон тархины харвалтын суурь шалтгаанд олон жилийн турш үргэлжилж буй судасны архаг эмгэг болох судас хатуурах, өөхөн товруу үүсэх эмгэг жам нөлөөлж байдаг. Үүнийг энгийн үгээр тайлбарлах юм бол ердийн үед цусаар орж ирж буй холестролыг дархлааны эс болох макрофаг залгиж, биемахбодыг хамгаалдаг. Хэрвээ холестрол буюу өөхөн дуслууд хэт их ороод ирвэл макрофаг эс маань дийлдээд, исэлдэх урвалын нөлөөнд үүргээ гүйцэтгэх боломжгүй болж үхдэг. Ингээд судасны хананд гэдсээрээ дүүрэн өөх чихсэн макрофаг эсүүдийн цогцсууд бөөгнөрч өөхөн товрууг үүсгэдэг. Энэхүү өөхөн товруу нь судасны ханыг зузаан болгож, цус гүйх зайг багасгасанаар судас нарийсч, түүгээр явах цусны урсгалын даралт нэмэгдэж, цусны даралт ихсэх эмгэгтэй болно. Нөгөө талаар энд тэнд буй овон товон өөхөн товруу нь цусны хуйлралтыг үүсгэхээс гадна тухайн эрхтэнийг тэжээх хангалттай хэмжээний цусыг тээвэрлэхэд механик саад үүсгэсэнтэй холбоотой зүрхний булчин эсвэл тархины эд үхжиж үхэлд хүргэх аюултай. Тэгвэл кофенд агуулагдах антиоксидант буюу үл исэлдүүлэх чадвартай феруликийн хүчил (ferulic acid) нь макрофаг эсийг үхэх аюулаас хамгаалсанаар өөхөн товруу үүсэх эрсдлийг бууруулдаг нь судалгаагаар нотлогджээ. Хамгийн тохиромжтой нь буюу зүрх судасны эмгэг үүсэх, нас барах эрсдлийг 21%-иар бууруулдаг хэмжээ бол өдөрт 3-5 аяга кофег тогтмол ууж хэвших явдал юм. Гэхдээ хэрвээ та ногоон цай уудаг бол кофетой мөн ижил үйлчилгээ үзүүлдэг тул өдрийн норм хэмжээ тань нийлээд 5 аягаас илүү гарахгүй байвал зохистой. Дунджаар өдөрт 2 аяга ногоон цай, 2 аяга кофе ууж дадвал урт наслах боломжтой болохоос гадна зүрхний шигдээсээс болж лав үхэхгүй байхнээ. Хэрвээ кофены орц найрлаганд ордог бодисуудад хэт мэдрэг буюу кофе уухаар зүрх дэлсээд, салгалаад байдаг бол ногоон цайг өдөрт 3-5 аягыг ууж хэвшээрэй.


Tuesday, November 3, 2015

Чихрийн шижин, таргалалт, судасны хатууралтай нөхдөд өгөх зөвлөмж (Adiponectin)

 Адипонектин гэж юу вэ? Хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Өөхний эсийг adenocyte гэж нэрлэдэг. Үүнээс ялгардаг дааврыг нь adiponectin гэнэ. Энэ нөхрийн хэмжээ багасаад ирэхээр өөх хуримтлагдаж таргалдаг. Эсрэгээр ихсээд ирвэл турдаг учиртай. Хүн таргалаад ирэхээр өөхний эсүүдийн тоо нэмэгддэггүй. Харин хэмжээгээрээ томорч бэлцийж ирнэ. Ингээд томорч шахцалдаад ирсэнтэй холбоотойгоор өөхний эсүүдийн завсраар явсан цусны хялгасан судаснуудаа дарснаас болоод тэжээлгүйдэж, даавруудынх нь ялгаралт буураад ирдэг. Өөхний эсээс адепонектинээс гадна лептин гэдэг даавар ялгардаг. Лептин цусаар дамжин тархинд очиж, цадсан мэдрэмжийг өгдөг. Өөрөөр хэлбэл мань эрийн биемахбодид хангалттай өөх тос байнаа, нэмж идээд хэрэггүй гэсэн дохиог илгээж байдаг. Тэгэхээр эдгээр хоёр даавар их хэмжээтэй ялгарах тусмаа л сайн гэсэн үг. Адепонектин нь тураахаас гадна эсүүдийн инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлэх, судасны хатуурал, харвалт, шигдээс, хорт хавдраас сэргийлэх тэр байтугай хөгшрөлтийг удаашруулж барьдаг гайхамшигтай үйлчилгээтэй даавар учраас орчин үеийн анагаахын шинжлэх ухааны анхаарлыг зүй ёсоор татаж буй эд юм.

Тэгэхээр энэ гайхамшигтай дааврыг нэмэгдүүлэхийн тулд уншигч та юу хийж болох вэ?
1. Тамхи битгий тат (судалгаагаар тамхи татдаг хүмүүст дааврын хэмжээ хамгийн бага байсан)
2. Өглөөг сайхан чанасан кофе ууж эхлүүлдэг дадалтай болвол дааврын ялгаралт нэмэгдэнэ.
3.  Мэдээж бага ид, сайн хөдөл.
Дээрх 3 дүрмийг мөрдөж чадахгүй ээ гэвэл ядаж доорх 3 дасгалыг өдөр бүр хийгээд байвал сарын дараанаас адепонектиний хэмжээ нэмэгдээд эхэлнэ шүү. Гэдэс чинь багасана шүү. Сэтгэл санаа тань өөдрөг болно шүү. Тэгээд магадгүй урам зоригтойгоор дээрх 3-ийг хэрэгжүүлэхээр хичээх ч юм билүү. Танд амжилт хүсье. 

Өдөрт 2 удаа доорх 3 дасгалыг хийж заншаарай.
Дасгал№1 
Хана налаад сайхан эгц зогсоно. Хоёр гарын алгыг хананд нааж өгнө. Энэ эгц байрлалд 3 минут болох ёстой.

Дасгал№2
Хананаас мөрний хэмжээтэй зай авч, эгц урагшаа харж зогсоно. Зөвхөн цээжээрээ эхлээд баруун тийш эргээд, зүүн гарын алгыг хананд хүргэнэ. Дараа нь зүүн эргэж, баруун гарын алгыг хананд хүргэнэ. Энэ хөдөлгөөнийг 30 удаа давтан хийнэ.Ингэхдээ чанга дуугаар тоолж хийх хэрэгтэй.
(энэ зурган дээрх шиг хоёр гараар зэрэг хүргэхгүй, ээлжлэх хэрэгтэй. Яг тохирсон зураг олж чадсангүй, хүлцэл өчье)

Дасгал№3
Бас л нөгөө хананыхаа урд зогсоно. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсож байгаад хоёр гараа зэрэг өргөн толгой дээрээ авчирч алгаа ташна. Эргээд буулгахдаа чанга дуугаар хахаха гэж инээх хэрэгтэй шүү. Энэ дасгалыг мөн 30 удаа давтан хийнэ.



Tuesday, August 25, 2015

Тураах хоолны дэглэмүүд ба буруу ойлголтууд

Нийтлэг тохиолддог буруу ойлголтуудыг нотолгоонд суурилсан анагаах ухааны үндэслэлтэйгээр засаад залруулаад явчихъя.

1. Хангалттай уураг идэхгүй байх нь буруу.
Уургаар баялаг хоолны дэглэм бол тураах дэглэмүүдийн хаан юм. Яагаад гэвэл уураг нь бодисын солилцоог эрчимжүүлэхээс гадна хоолны дуршлыг бууруулдаг. Уургыг задлахын тулд энерги шаардагддаг гэдэг утгаараа өдөрт шатаах илчлэгийг 80-100 ккал-аар нэмэгдүүлдэг. Өдөрт идэх хоолны 30% нь уураг бол өдөрт авах илчлэг 441 ккал-аар буурдаг. Өдөрт идэх хоолны 25% нь уураг бол өлсөх мэдрэмжийг 60%-иар бууруулна. Оройд дэл сул юм хайж, хөргөгч онгойлгох зуршлыг 50%-иар бууруулдаг ачтай буянтай дэглэм болох нь хэдийн тогтоогджээ.

2. Нүүрс усыг ор тас хасахыг оролдох нь буруу.
Нүүрс ус багасгасанаар цусан дахь чихрийн хэмжээ буурч, хоолоор авах илчлэгийн хэмжээ багасаж, давхар хоолны дуршил буурдаг нь хэдийн тогтоогдсон билээ. Гэхдээ эрч хүчтэй, цогтой хийморьтой байхад нүүрс ус тусалдаг. Тиймээс аль болох байгалийн гаралтай нүүрс усыг тодорхой хэмжээгээр авч байх хэрэгтэй.

3. Өөх тосыг аль болох хасч танахыг оролдох нь маш буруу.
50000 эмэгтэйчүүд оролцсон 8 жилийн судалгаагаар өөх тос багатай дэглэм барьж байсан эмэгтэйчүүдийн жин, жирийн хоолны дэглэмтэй эмэгтэйчүүдээс 400 грамм л бага байсан бөгөөд зүрх судасны эмгэг, хавдарт өртөх эрсдэл 2 бүлэгт яг ижил байсан. Эсрэгээр байгалийн гаралтай өөх тосыг хүнсэндээ өргөн хэрэглэх нь цусан дахь муу холестролыг задалж, сайн холестролыг нэмэгдүүлж өгдөг.

4. Жимсний шүүс уух нь буруу
Хичнээн 100% жимсний шүүс байлаа ч ус, чихэр л гэсэн үг. Жимсний шүүс, хийжүүлсэн ундаанд агуулагдах сахарын агууламж ижилхэн учраас жимсийг бүхлээр нь идэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл жимсийг бүхлээр нь идсэнээр ширхэглэгтэй сахар биед орно. Энэ нь тийм ч амархан цус руу орчихдоггүй, аажим чөлөөлөгддөг. Харин жимсний шүүс уувал хэдхэн хормын дотор цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг.

5. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь маш буруу.
Химийн бодис оролцох тусам л олон төрлийн өвчин эмгэг үүсэх, таргалах шалтгаан болдог тул боловсруулсан лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

6. Өдөрт бага багаар олон удаа хооллох нь буруу.
Өлссөн үедээ ид, цатгалан байвал нэмж бүү чих.
Судалгаагаар өдөрт 5-6 удаа хооллодог болон өдөрт 2-3 хооллодог хүмүүсийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Хооллох нь бодисын солилцоог бага зэрэг түргэсгэж өгнө. Гэхдээ өдөрт идсэн нийт хоолны хэмжээ, бүтцээс хамаарахаас бус өдөрт хэдэн удаа хооллосонтой огтын холбоогүй ажээ. Эсрэгээр хүн тодорхой хугацаанд өлсгөлөн байснаар биемахбод өөрөө өөрийгөө засварлах боломжтой болдог.

7. Өндөгний шарыг хаях нь тун буруу.
Яагаад гэвэл өндөгний шард нь байгалийн гаралтай сайн өөх тос, витамин, эрдсүүд, антиоксидантууд агуулагдаж байдаг тул өндгийг өдөр бүр бүхлээр нь шарж эсвэл чанаж хэрэглэж байх хэрэгтэй. Нийт хүн амын 90%-д хэвийн хэмжээнээс бага байдаг тархины тэжээл холин өндгөнд агуулагддаг. Мөн өндөг сайн иддэг хүн тэр бүрийд нүдний хүнд хэлбэрийн эмгэгүүдээр өвчлөөд байдаггүй байна.

8. Илчлэг тоолох нь буруу.

Өөр өөр төрлийн хүнс өөр өөр замаар биемахбодид нөлөөлдөг. Тэдгээр нь хаана ямар дааварт нөлөөлсөнтэй холбоотойгоор илчлэг шатах үйл явц хурдсах эсэх нь хамаардагаас биш хичнээн илчлэг нийтдээ авсан нь чухал биш. Хаанаас авч байгаа нь чухал юм.

9. Үйлдвэрт цэвэршүүлсэн тос хэрэглэх нь буруу.

Аль болох монгол цөцгийн тосондоо хоолоо хуурч байгаарай.

10. Болсон болоогүй олон нийтийн сүлжээнээс авсан мэдээлэлдээ итгэх нь буруу. Түүнд тулгуурлаж хоолны дэглэмээ тогтоох нь бүр буруу.
Хамгийн зөв зам бол судалгааны ажлуудаар үр дүн нь батлагдсан мэдээллийг амьдралдаа ашиглахыг эрмэлзэх явдал юм.


Thursday, June 4, 2015

Турах үед таны илүүдэл жин хаашаа оддог вэ?

Бид хоолоор уураг, өөх тос, нүүрс усыг авдаг. Бидний бие махбодын хэрэгцээнээс илүү гарсан нь өөхний эсэд триглицерид хэлбэрээр липидийн дусал болж хадгалагддаг. Тэгээд л бүдүүрч өгнө гэсэн үг. Триглицерид гэдэг маань нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчийн холимог билээ. Ихэнх мэргэжилтнүүд өөхийг энерги болгон хувиргаж, шатааснаар бид турдаг гэдэгт итгэдэг. Яг л мод хөрснөөсөө тэжээл авч ургадаг гэдэгт итгэдэг шиг. Үнэн гэвэл бид 10 кг жин хаялаа гэхэд 1.6 кг нь ус болж, хөлс шээсээр гадагшилдаг бол 8.4 кг нь нүүрсхүчлийн хий болж амьсгал гаргах тоолонд гадагшилсаар үгүй болдог. Харин модны хувьд нүүрсхүчлийн хий болон усны тусламжтайгаар өсөж том болдог байна. Эндээс хүн мод хоёр хамт байлаа гэхэд хүний гадагшлуулсан ус, нүүрсхүчлийн хийгээр мод тэжээгдэн хүн жижгэрч, мод томорсоор хүн эцэстээ мод болж хувирна гэсэн ойлголт гарч болно.
Тэгвэл турахын тулд гүнзгий амьсгал авч гаргаад байхад л болох биш үү гэж та бодож байна уу? Үгүй дээ эхлээд триглицеридыг задлах шаардлагатай. Тэгэхийн тулд дасгал хийх хэрэгтэй.
10 кг өөхийг задлахын тулд 29 кг хүчилтөрөгчөөр амьсгалж, 94000 ккал энерги зарцуулах шаардлагатай. Үйл явц дундуур 28кг нүүрс хүчлийн хий, 11 кг ус гадагшилдаг гэсэн тооцоо бий. Хүн нэг минутанд дунджаар 12 удаа амьсгалдаг бол өдөрт 17280 удаа амьсгална гэсэн үг. Амьсгал гаргах бүрт 10 мг нүүрсхүчлийн хий гадагшилдаг гэж бодвол өдөрт гадагшлуулах нүүрс хүчлийн хий тодорхой тоогоор хязгаарлагдаж таарах нь. Тэгэхээр турахын тулд хэдий хугацаа зарцуулахаа мөн тооцоолох боломжтой. Эндээс хамгийн гол ойлгож авах зүйл бол өөхний эс нүүрсхүчлийн хий болон ус болж задардаг гэсэн томьёо билээ. Дасгалуудын төрлөөс ёога хөгжөөд байгаа нь нотолгоонд суурилсан тураах эмчилгээний арга байх магадлалтай гэж би хувьдаа үзэж байна. Шинээр нийтлэл оруулалгүй удсандаа хүлцэл өчье.

Monday, March 2, 2015

ТАМХИНААС ГАРАХ ХЯЛБАР АРГА ном



“Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга” номын танилцуулга

Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга ном дэлхий даяар 13 сая хувь борлогдсон бөгөөд бусад тамхинаас гарах номнуудын нийт борлуулалтын дүнгээс давсан амжилт үзүүлсэн учраас дэлхий дахинд “ Шидэт Ном” гэдэг нэрээр алдаршсан билээ. Хамгийн анх 1985 онд хэвлэгдсэн түүний энэхүү бүтээл дэлхийн 36 орны хэл дээр орчуулагдаж, Англи, Ирланд, Орос, Итали, Голланд, Герман, Япон, Хятад гэх мэт 10 орны хамгийн их борлуулалттай шилдэг номоор шалгарчээ. 20-р зууны шилдэг 50 номын нэгт багтсан байна.
Аллэн жил бүр хэдэн мянган талархлын захидлыг хүлээж авдаг байсан бөгөөд дийлэнх нь бусад донтох эмгэгтэй түүний аргыг холбох санал тавьдаг байсан тул 1999 онд Аллэн Каррын Жин Хасах Хялбар Арга, 2002 онд Аллэн Каррын Архинаас Гарах Хялбар Арга ном тус тус хэвлэгджээ.
Ажил үйлс нь гялалзсан мэргэжлийн нягтлан бодогч Аллэн Карр өдөрт зуун ширхэг тамхи татдаг байжээ. 1983 онд дэлхий даяараа хүлээж байсан “ Тамхинаас гарах хялбар арга”-ыг бодож олох хүртлээ тэрээр маш олон удаа тамхинаас гарах оролдлого хийж байсан ч бүгд бүтэлгүйтлээр төгсөж байжээ.
Дэлхий даяарх Аллэн Каррын хялбар арга сүлжээний гүйцэтгэх захирал Робин Хэйлигийн хамт дэлхийн өнцөг булан бүрт тамхинаас гарах эмнэлгүүдийг байгуулж, тамхинаас гаргах номоо олон хэлээр хэвлүүлэн гаргасан юм. Нийт 50 орны 36 хэлээр хэвлэгдсэн түүний номыг ДВД, аудио хуурцаг, СД-РОМ, видео тоглоом түүнчлэн цахим хэлбэрээр хүртэл гаргасан байна. Аллэн Робиныг залгамж халаагаар тодруулж, өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийх үүргийг даатгажээ. Олон зуун мянган хүн Аллэн Каррын эмнэлгүүдээр жил бүр үйлчлүүлдэг бөгөөд тамхинаас гараагүй тохиолдол бүрт бүх мөнгийг нь буцаан олгох журамтай хэдий ч үр дүн 90 хувиас дээш байгаа нь хэн бүхний санаанд оромгүй бахдам амжилт юм.
Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга ном нь 223 хуудастай, зураггүй, тамхинаас хамааралт байдлыг арилгах сэтгэл зүйн талын эмчилгээний ном юм. Энэ номыг уншсанаар уншигч тамхинаас гараад зогсохгүй, архи, хоол хүнсний хэрэглээгээ зохицуулах тал дээр ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Аллэн Каррын дэвшүүлсэн хамгийн гол санаа бол айдсыг үгүй хийх хэрэгтэй гэсэн санамж байлаа. Хүн амьдралыг бүрэн төгс мэдэрч, амьдралаас таашаал авч амьдрахад саад бологч айдас хийгээд сэтгэлийн түгшүүрийг хэрхэн үгүй хийж болох талаар зөвлөсөн номын зохиогч Аллэн Карр 2006 онд уушгины хорт хавдраар нарт хорвоог орхижээ.
Энэхүү номыг Б.Золзаяа эмч, Монголын “R and M хэвлэлийн компани, 2014 онд Аллэн Каррын Хялбар Арга (Allen Carr’s Easyway limited), ARCTURUS хэвлэлийн компанитай 3 жилийн гэрээ байгуулж, албан ёсоор Монгол хэлээр хөрвүүлэх, Монголд уг номон дээр тулгуурласан Тамхинаас Гарах Хялбар Арга клиник байгуулах эрхийг олж авсны үндсэн дээр эхний ээлжинд ном маань 2015 оны 3-р сарын 8нд болсон 1000 ээжийн баяр чуулганаар 21 аймгийн бүх сумдаас төлөөлөгч болон ирсэн сайхан ээж нарт үнэ төлбөргүй, хандив болгон тараагдсан билээ. Одоо Мажестик, Номингийн салбарууд, Интерном, Аз Хур номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа болно. Та бүхний амьдралд өнгө нэмсэн өөрчлөлтийг эхлүүлэх болтугай. Хурай хурай хурай :)