Thursday, February 25, 2016

Advice for diabetes- Чихрийн шижинтэй тэмцэх зөвөлгөө №1

Сайн байцгаана уу? Монголд чихрийн шижинтэй, тулайтай хүмүүс ихэссээр байгаа нь цэвэр бидний идэш ууштай холбоотой гэдгийг та бүхэн юу эс андах билээ. Хамгийн гол нь эдгээр эмгэгээс болоод өвчтөн болон түүний ар гэрт олон бэрхшээл тулгардаг. Мэдлэг бол зэвсэг юм. Танд тус болно гэдэгт найдаж байна. Ингээд эхний зөвөлгөө ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ХҮН ОГТ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ, ҮРГЭЛЖ ТАТГАЛЗВАЛ ЗОХИХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙ ЖАГСААЛТ эдгээрээс багыг ч болтугай бүү хэрэглээрэй гэж хүсье.




Огт идэж болохгүй чихрийн төрлийн бүтээгдэхүүнүүд
Доорх бүтээгдэхүүнүүд нь цусан дахь сахарын хэмжээг огцом ихэсгэх бөгөөд цусан дахь сахарын хэмжээг тогтмол барих үйл явцад саад учруулдаг. Тиймээс хоол хүнсэндээ огт хэрэглэж болохгүй. Хивэгнээс бусад бүх гурилан бүтээгдэхүүнүүд (цагаан, бүхэл үр, хөх тариа гэх мэт бүгд) шүлсэнд агуулагдах энзим болон хоол боловсруулах замын эрхтнүүдээс ялгарах энзимүүдийн ачаар цусанд орохдоо цэвэр элсэн чихрээс ялгаагүй болсон байдаг. 1 грамм нүүрс ус биед ороход цусан дахь сахарын хэмжээ 0.2 ммоль/л буюу 5 мг/Дл-ээр хэлбэлздэг. 1 ширхэг чихэргүй бохинд 1 гр нүүрс ус агуулагддаг. 1 цайны халбага салад амтлагчинд 1 гр нүүрс ус агуулагддаг. Сахар орлуулагчдаас нунтаг орлуулагч хэзээ ч бүү хэрэглэ. Зөвхөн шахмал буюу сахарин, цикламат, аспартам агуулсан сахар орлуулагчыг хэрэглэж болно.
Хоолны дэглэм барихад хэрэглэдэг болон чихэр агуулаагүй гэгдэх бүтээгдэхүүнүүд Хэдийгээр ширээний элсэн чихэр буюу сукроз агуулаагүй ч өөр төрлийн чихэр орлуулагчыг их хэмжээгээр агуулсан байдаг нь шүдэнд нөлөө бага үзүүлэх хэдий ч цусан дахь сахарын хэмжээг мэдэгдэхүйцээр ихэсгэдэг. Чихэр агуулаагүй гэх хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагдах цусан дахь сахарын хэмжээг ихэсгэх чихрүүдийн жагсаалтанд зөгийн бал, эрдэнэ шишийн сироп, лактоз, сорбитол, декстрин, дехтроз, малтоз, дулкитол, левулоз гэх мэт маш олон төрлийн нэр шошготой байж болохыг анзаарах хэрэгтэй. Фруктоз болон сорбитол нь глюкозыг бодвол арай хожуу цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлдөг ч бусад хүнстэй харьцуулахад маш хурдан сахар ихэсгэдэг. Хоолны дэглэмд зориулсан хүнсний бүтээгдэхүүнүүдэд дээрх чихэр орлуулагч байхгүй байлаа гэхэд адаглаад найрлаганд нь орсон багахан хэмжээний гурил хүртэл цусан дахь сахарыг огцом нэмэгдүүлэх шалтгаан болдог. Эдгээрээс сахар огт агуулаагүй чихрийн шижинтэй хүн хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнүүд нь зеро кола, Да Винчи брэндийн сироп, чихэргүй Жэлл Өү брэндийн желатин зэрэг болно.
Чихэр, хатуу чихэр, сахар агуулаагүй чихрүүд Сахар агуулаагүй хамгийн жижиг хэмжээний чихэр л гэхэд дотроо 2,5 грамм сорбитол агуулсан байдаг бөгөөд энэ нь цусан дахь сахарын хэмжээг 0.7 ммоль/л буюу 13 мг/Дл-ээр ихэсгэдэг. Тэгэхээр энэ чихрээс 10 ширхэгийг идэхэд л цусан дахь сахар 7 ммоль/л-ээр (125 мг/Дл) нэмэгдэнэ гэсэн үг юм. Энэхүү чихрэнд агуулагдах сорбитол нь сукрозын чихэрлэг байдлаас 3 дахин сул мөртлөө л хүний биед орохоороо цусны сахарт ингэж хүчтэй нөлөөлж байна гэж бодохоор бусад нь ямар нөлөө үзүүлдэг нь ойлгомжтой. Ширээний элсэн чихрээс үйлчилгээ нь удаж эхлэх ч цусан дахь сахарын хэмжээг 3 дахин ихээр нэмэгдүүлдэг хор уршигтай юм.
Зөгийн бал болон фруктоз Байгалийн сахар гэгдэх зөгийн бал болон эрдэнэ шишийн өндөр фруктозын агууламжтай сиропоос хэдхэн мл, граммыг идэхэд л 15 минутын дотор цусан дахь сахарын хэмжээ мэдэгдэхүйцээр нэмэгддэг.

Амттан болон нарийн боов Хэдийгээр нүүрс ус 0 гэж бичсэн байсан ч битгий ид. Сүү, гурил гэх мэт найрлаганд нь орсон бусад бүтээгдэхүүнүүд таны сахарыг огцом ихэсгэх нөлөөтэй. Тэгэхээр ганцхан нүүрс ус биш найрлаганд орсон бүх зүйлсийг нарийн чанд шалгаж байж идэх эсэхээ шийдэж байгаарай.
Талх болон жигнэмэг Цагаан гурил, хар гурил, бүхэл үр, хөх тарианы талх эсэхээс үл шалтгаалан нэг зүсэм талханд 12 болон түүнээс дээш грамм нүүрс ус агуулагддаг. Үр тариагаар хийгдсэн л бүтээгдэхүүн идэх юм бол ямраас үл шалтгаалан цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг.
Будаа ба гоймон Мөн л сахарыг ихэсгэдэг. Ямар төрөл байх нь хамаагүй. Тиймээс огт хэрэглэж болохгүй.
Хөнгөн зууш Чипс, жигнэмэг, бялуу, чихэр, самар зэргээс зөвхөн макадамийн самарнаас 6-12 ширхгийг л идэж болно. 6 ширхэг нь 1 грамм нүүрс ус агуулдаг. Харин бусад амттан, хөнгөн зууш 100% нүүрс ус байх нь элбэг тул хэзээ ч бүү идээрэй.
Уураглаг хөнгөн зууш Олон төрлийн самар, ширхэглэг хүнс агуулсан уураглаг саваа бүтээгдэхүүн эмийн сан болон супермаркетуудаар олноор зарагддаг. Эдгээр нь найрлаган дээрхээсээ илүү их хэмжээний нүүрс ус агуулдаг болох нь шалгалтаар тогтоогдсон тул битгий аваарай.
Сүү болон шинэхэн бяслаг Сүү энгийн элсэн чихэр болох лактозын нилээд өндөр хувиар агуулдаг учраас 5-10 мл-ээс илүү хэмжээгээр хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг. Ялангуяа тослог багатай сүү байх тусмаа сахар их агуулдаг гэдгийг мартаж болохгүй. Харин 5 мл цөцгийнд 0.5 грамм нүүрс ус агуулдаг учраас сүүний оронд хэрэглэж болно.  Шинэхэн бяслаг нь хатуу удаан исгэсэн бяслагаа бодвол их хэмжээтэй лактоз агуулдаг учраас татгалзах хэрэгтэй.

Жимс болон жимсний шүүс Эдгээр нь энгийн болон нийлмэл нүүрс усыг агуулдаг. Усан үзэм, лимон гэх мэт гашуун амттай жимс нь гашууныг үүсгэгч бодисын нөлөө болохоос биш нүүрс ус агуулаагүй гэсэн үг биш юм. Тиймээс авокадогоос бусад төрлийн жимс идэж болохгүй. Шүүсийг нь бүр ч уух хэрэггүй юм. Өргөст хэмх, чинжүү, хаш зэрэг нь жимстэй адилхан витаминуудыг агуулахын зэрэгцээ целлулоз хэмээх удаан шингэдэг ширхэглэг бодис өргөнөөр агуулдаг  тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болно. Цусан дахь сахар нэмэгдэхгүй байхаас гадна хоол боловсруулах замын шингээлтэнд тустай.
Хүрэн манжин Чихэр амттай бусад хүнсний ногоонуудтай адилхан хүрэн манжин сахар ихээр агуулсан. Чихэрлэг хүрэн манжингаас ширээний элсэн чихрийг гаргаж авдаг тул огт идэж болохгүй.

Лууван Болсон лууван нь түүхийгээ бодвол илүү чихэрлэг амттай болсон байдаг. Тиймээс түүхий байхаасаа илүүтэй сахар нэмэгдүүлдэг. Халууны нөлөөгөөр нийлмэл нүүрс ус нь энгийн нүүрс ус болж задардагтай холбоотой. Жижигхээн лууван хэдхэн хэрчмийг идэж болно.
Эрдэнэ шиш Огт идэж болохгүй. Чихрийн шижинтэй хүн 1грамм эрдэнэ шиш идэхэд цусан дахь сахарын хэмжээ 0.3 ммоль/л (5мг/Дл)-оор нэмэгддэг.
Төмс Ялангуяа чанасан төмс нь чихэртэй мэт амтагдахгүй хирнээ цэвэр глюкоз шиг үйлчилж, цусан дахь сахарын хэмжээг огцом нэмэгдүүлдэг. Тийм учраас төмснөөс цаг үргэлж татгалзаж сурах хэрэгтэй. Цэцэгт цагаан байцааг болгоод, нухаад амтлаад идвэл яг нухсан төмс идсэн мэт санагддаг.

Улаан лооль болон улаан лоольны сүмс, кетчуп Улаан лооль нь хүнсний ногоо биш жимс юм. Тийм учраас маш чихэрлэг. Ялангуяа хоол хийхэд ашигладаг улаан лоольны сүмс нь болох үедээ глюкоз болж задардаг. Тиймээс аль болох болгосон улаан лооль битгий идээрэй. Түүхийгээр нь 1 усан үзмийн хэмжээтэй улаан лооль идэж болно. Мөн сонгино дотроо нүүрс ус их агуулдаг тул хоолыг амтлах төдийд л маш багаар хэрэглэж дадаарай.
Эрүүл хүнс гэгдэх боловсруулсан бүтээгдэхүүнүүд Эрүүл хүнсийг боловсруулж бэлтгээд зардаг дэлгүүрүүдээс хэзээ ч бүү бүтээгдэхүүн худалдаж ав. Хамгийн сайндаа ижил бүтээгдэхүүнээс эрүүл гэгдэх нь 1 л грамм нүүрс усаар бага байх нь олонтоо. Орц найрлаганд нь янз бүрийн хэлбэрээр нүүрс ус агуулагддаг тул энэ төрлийн бүтээгдэхүүнээс зайлсхийх нь зөв юм.

Monday, February 8, 2016

Gout- Тулай өвчний тухайд №2



Тулайтай хүнд зохимжтой хүнсний бүтээгдэхүүн байдаг уу?

Хэрвээ таны хоол хүнс витамин C ихтэй байвал тулайд эерэг нөлөө үзүүлнэ. Мөн түүнчлэн өдөрт 500-1500 мг витамин С –г нэмэлтээр ууж заншвал цусан дахь шээсний хүчлийн хэмжээ буурдаг. Учир нь витамин С нь шээсний хүчлийг шээсээр гадагшлуулах бөөрний үйл ажиллагааг дэмждэг. Зарим хүмүүст өндөр тунгаар авсан витамин С нь өтгөнийг шингэрүүлэх нөлөө үзүүлдэг. Уламжлалт эмчилгээнд интоор нь цусан дахь шээсний хүчлийг бууруулдаг гэж үздэг бөгөөд энэ нь судалгаагаар нотлогдсон болно.

Хамгийн чухал нь эрүүл зөв хооллох явдал юм.
Тэнцвэртэй эрүүл хооллолт нь бүх хүнд эерэг нөлөө үзүүлнэ. Эрүүл зөв хооллолттой хүн илүүдэл жинтэй байдаггүйгээс гадна биед хэрэгтэй бичил элементүүдийг хангалттай хэмжээнд хүртэл авч чаддаг. Доорх 4 бүлгийн хүнсийг өдөр бүр тэнцвэртэйгээр хэрэглэхийг хичээгээрэй.  Үүнд:
1.      Хангалттай жимс ногоо идэж байх
Болж өгвөл өдөрт 5 ширхэг жимс болон ногоо идэж занших хэрэгтэй. Эдгээр нь бие махбодид шаардлагатай ширхэглэг, витамин, эрдэс, аминхүчлүүдийг агуулдаг.
2.      Хангалттай гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс идэж байх
Төмсийг хальстай нь чанаж эсвэл жигнэж идэх, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн хэрэглэж дадаарай.
3.      Мах, загасны төрлийг зохимжит хэмжээнд хүртэл хязгаартайгаар хэрэглэх
Махыг нэг дор ихээр идэж болохгүй. Ихэнх рестораны стейк 180гр орчим жинтэй байдаг ба энэ нь тухайн хүний өдрийн хэрэглээнээс давсан тоо юм.
4.      Сүү сүүн бүтээгдэхүүнийг тодорхой хязгаартай хэрэглэх
Өдөрт 1 аяга сүү, 1 аяга тараг, шүдэнзний хайрцагны хэмжээтэй бяслаг идэх норм тогтоогоорой.
5.      Үйлдвэрийн аргаар боловсруулсан идээ ундаанаас бүрмөсөн татгалзах
Ялангуяа чихэртэй хийжүүлсэн ундаа, жүүсийг огт хэрэглэж болохгүй. (глюкоз фруктозын сироп, эрдэнэшишийн сироп найрлаганд нь орсон эсэхийг заавал шалгах, хэрвээ орсон бол хэрэглэхгүй байх нь зөв). Яагаад гэвэл эдгээр нь тулай үүсэхэд нөлөөлдөг нэг эрсдэлт хүчин зүйл бөгөөд нэгэнт тулай гэж оношлогдсон ч хэрэглэсээр байвал тулайн сэдрэлт үүсгэдэг аюултай. Эдгээр нь витамин, эрдэс бодис агуулдаггүй зүгээр л хоосон кал бүхий хүний биед ямар ч хэрэггүй бүтээгдэхүүнүүд билээ. Мөн варень болон бусад чихэрлэг боловсруулсан бүтээгдэхүүн худалдаж авахаас өмнө найрлагыг нь тогтож сайн харж байгаарай. Ихэнх үйлдвэрүүд үнэ хямдыг нь бодож өндөр фруктозын агууламж бүхий эрдэнэшишийн сиропыг өргөнөөр хэрэглэдэг болсон нь чихрийн шижин, тулайгаар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна. Амархан шингэдэг нүүрс уснаас мөн татгалзаарай. Үүнд: цагаан гурил, будаа, цагаан гоймон, печень, торт зэрэг багтана.

Тулай ба архины хэрэглээ
 
Архи их уудаг бол тулайгаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ. Нэгэнт оношлогдсон өвчтнүүдийн хувьд архины төрлийн зүйл нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь тулайн сэдрэлт үүсэх урьдал нөхцөл болж өгдөг. Архи нь хэд хэдэн замаар цусан дахь шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, сэдрэлтийг өдөөдөг. Шар айраг нь исэх явцдаа пуриныг ихээр үүсгэн дотроо агуулдаг. Үүнээс гадна архины төрлийн ундаа нь элгэнд нөлөөлсөнөөр шээсний хүчил ихээр үүсэх үйл явцыг сэдээж өгдөг байна. Хэрвээ та архийг хэвийн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд тулайтай гэж оношлогдсон бол архины хэрэглээгээ хэвийн түвшинд хүртэл бууруулах нь маш чухал юм. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн 7 хоногт 21 нэгж, эмэгтэй хүн 14 нэгжээс хэтрүүлж болохгүй. Архины нэг нэгж гэдэг нь:
1.      250 мл 3-4% шар айраг
2.      125 мл 11% дарс
3.      25 мл архи
4.      50 мл жимстэй архи  тус тус болно.
Тэгэхээр эрэгтэй та 7 хоногт нийтдээ 500 гр архи эсвэл 5 литр буюу 10 грушик шар айраг ууж болноо гэсэн үг. Үүнээс хэтрүүлвэл цусан дахь шээсний хүчил ихээр нэмэгдэнэ.

Ямар төрлийн алкохолыг хэрэглэвэл зохимжтой вэ?
    Зохистой хэмжээнээс хэтрүүлэхгүй хэрэглэж байгаа ч гэсэн шар айраг уудаг хүмүүс тулайгаар өвдөх эрсдэл архи, дарс уудаг хүмүүстэй харьцуулахад өндөр байгаа нь судалгаагаар харагдаж байна. Өдөрт 2 хундага дарс уудаг хүмүүстэй харьцуулахад өдөрт 2 шил шар айраг уудаг хүмүүс тулайгаар 2-2.5 дахин илүү өвчилдөг. Градус маш багатай шар айраг нь тулайн сэдрэлт өгөх эрсдэл багатай. Ихэнх алкохол хэрэглэдэг өвчтнүүд өмнөх өдөр нь алкохол ихээр хэрэглэсний дараа хөл хавдаад өвдчихлөө гэсээр ирдэг. Тиймээс хэдийгээр шээсний хүчил бууруулах эм тогтмол уудаг ч гэсэн архи их уусан л бол тулай сэдэрдэг.

Би маш их ус уух хэрэгтэй юу?

Өдөрт хамгийн багадаа 1.5литр ус уух хэрэгтэй. Ингэснээр үенд талст хэлбэрээр хадгалагдан үлдэх шээсний хүчлийг бөөрөөр хөөн зайлуулахад дөхөмтэй. Алкохолоос бусад төрлийн бүх шингэн шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг.  Кофе нь цайтай харьцуулахад цусан дахь шээсний хүчлийг бага зэрэг бууруулах нөлөөтэй.

Тулайн эмийн эмчилгээ

2 төрлийн эмчилгээ байдаг. Үүнд:
1.      Хурц үрэвслийг намдаах буюу үрэвсэж улайсан үений өвдөлтийг намдаах эмчилгээ
2.      Урт хугацааны эмчилгээ буюу цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулж, тулайн сэдрэлтээс сэргийлэх эмчилгээг хийнэ
Эхний цочмог үед эмч ихэвчлэн үрэвслийн эсрэг эм уухыг зөвлөдөг. Үүнд: ибупрофен, диклоденк, индометацин зэрэг эмүүд орно. Аспирин ууж болохгүй. Учир нь аспирин нь цусан дахь шээсний хүчлийн хэмжээг ихэсгэдэг. Хэрвээ дээрх үрэвслийн эсрэг эмүүдийг уугаад гаж нөлөөг нь тэсвэрлэж чадахгүй байгаа тохиолдолд стеройдын бүлгийн эмийг өгнө. Эсвэл колчицин өгдөг. Колчицин нь гаж нөлөө ихтэй эм учраас болж өгвөл хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. (дотор муухайрах, бөөлжих, шөрмөс татах, гүйлгэх гэх мэт) Нийт өвчтний зөвхөн 38%-д нь колчицин үйлчилдэг.
Хэрвээ сэдрэлт нь удаан үргэлжилсэн, олон үеийг хамарсан, бөөрөнд чулуу үүссэн бол аллопуринол гэдэг эмийг удаан хугацаагаар хэрэглэдэг. Пурин ихтэй хүнс хэрэглэхгүй байх хоолны дэглэм нь тэр бүрийд тус болдоггүй. Харин тулайн сэдрэлтээс сэргийлэхийн тулд хэвийн жиндээ очитлоо турах, өдөр бүр 2-3 литр ус ууж байх, архины хэрэглээг стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, шээс хөөх эм хэрэглэхгүй байх зэрэг болно.


Gout- Тулай өвчний тухайд №1



Тулай өвчин гэж юу вэ?

Тулай нь үений үрэвслийн нэг хэлбэр юм. Цусанд шээсний хүчил хэмээх химийн бодис их хэмжээгээр нэмэгдсэн үед үүсдэг. Шээсний хүчил гэдэг нь пурин хэмээх нэгдлийн задралын дүнд үүсдэг биеэс гадагшлах шаардлагатай хаягдал бодис юм. Пурин нь олон төрлийн хоол хүнсээр дамжин биед орохоос гадна биеийн эсүүдэд үүсдэг уураг юм.
Цусанд шээсний хүчил яагаад нэмэгддэг вэ гэвэл:
1.      Бөөр тань өвчилсөнтэй холбоотойгоор шээсний хүчлийг шээсээр гадагшлуулж чадахгүй бол биед хуримтлагдана. 
2.      Удамшлийн гаралтай таны гентэй холбоотой шээсний хүчил хуримтлагдах
3.      Таны амьдралын өдөр тутмын хэв маяг хэвшилтэй холбоотойгоор хэт их шээсний хүчил биед үүсдэг байх үүнд: фруктоз их агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх (бүх төрлийн жимсний шүүс, хийжүүлсэн ундаа сода, шар айраг, гурилан бүт, будаа гэх мэт) , архи их хэмжээгээр хэрэглэх, өдрийн уургийн хэрэгцээг хэтрүүлэх (илүүдэл уураг нь глюкоз болдог)
Биед удаан хугацаанд , ихээр хуримтлагдсан шээсний хүчил нь биеийн эдүүдэд талст хэлбэрээр сууж өгсөнтэй холбоотойгоор үеэр хавдах, өвдөх шинж илэрдэг.
Хэрвээ та тулай өвчтэй хэмээн оношлогдсон бол тулайн сэдрэлтээс сэргийлэхийн тулд нэг дор архины төрлийн зүйл ихээр хэрэглэхгүй байх, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байх, фруктоз болон пуринаар баялаг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах, ус сайн ууж шээсний хүчлийг бөөрөөр ялгарах үйл ажиллагааг дэмжих, мөн түүнчлэн биеийн жингээ хассанаар шээсний хүчил биед хуримтлагдах нь багасахаас гадна үенд ирж буй ачаалал буурах сайн талтай. Тулайтай хэмээн оношлогдсон мөртлөө түүнийгээ үл тоон дээрх арга хэмжээг авахгүй бол тулайн сэдрэлт өгөх эрсдэл 5 дахин нэмэгддэг.

Тулайтай холбоотой үүсдэг өвчин эмгэгүүд болон тулай үүсэхэд нөлөөлдөг эмгэгүүд

Цусан дахь шээсний хүчил ихсэх нь мөн бусад бодисын солилцооны эмгэгүүд буюу “иргэн та хүнс хоолоо хэтрүүлэн жаргасантай” холбоотой үүсдэг цусны даралт ихсэх, цусанд сахар ихсэх, цусанд холестрол, триглицерид ихсэхтэй хавсрах нь олонтоо. Тулай, чихрийн шижин, бөөрний эмгэг ихэвчлэн хамт явж байдгийг санаж байх хэрэгтэй. Нэг нь нөгөөгөө үүсгэх хандлагатай.
Төвийн таргалалт буюу хэт том гэдэстэй байх нь цусанд үрэвслийн бодисууд ихээр ялгарах боломжийг бүрдүүлж байдаг. Том гэдэс нь тулайн сэдрэлт өгөх эрсдлийг нэмэхээс гадна зүрх судасны өвчин, чихрийн шижингийн хүндрэлээр нас барах замыг засч байдаг.

Тулайтай хүн турвал сайн уу?
Турсанаар цусан дахь шээсний хүчлийн хэмжээ буурч, тулайн сэдрэлт хоорондын хугацаа уртасч, давтамж буурна. Үүнээс гадна биеийн жин буураад ирэхээр түнх, өвдөг, шагай, хурууны үен дээр ирэх даралт буурч, үений үрэвсэл үүсэх эрсдэл багасна. Гэхдээ удаан хугацаагаар өлсгөлөн явах, эсвэл богино хугацаанд их жин хаях нь эсрэгээр шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, тулайн сэдрэлтийг олон болгох аюултай. Тийм учраас өлсөхгүйгээр эрүүл хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, эрүүлээр турахыг эрмэлзээрэй. Өдөрт хоол хүнсээр авч буй илчлэгийн хэмжээг багасгаж турахыг эрмэлзэж байгаа бол 1гр уураг, 1гр нүүрс ус нь тус бүр 4 ккал, 1гр өөх тос нь 9 ккал байдаг болохыг мэдэхэд илүүдэхгүй. Хүний хоногт авч буй уургийн хэмжээ өдрийн хэрэгцээнээс давсан тохиолдолд илүүдэл уураг глюкоз болон хувирч бие дэх өөхний хэмжээг нэмэгдүүлэхэд оролцдог.

Ямар хоол хүнснээс татгалзах вэ? Гэхдээ сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаагаар тулайн сэдрэлтэнд хоолны дэглэм төдийлөн нөлөөлөхгүй болох нь тогтоогджээ.
Пурин их агуулагддаг хүнс
-          Гэдэс дотор, элэг, бөөр, зүрх гэх мэт
-          Зэрлэг амьтдын мах
-          Тос ихтэй загас
-          Мөөг
-          Бууцай болон аспаргус
-          Шош, вандуй
-          Цэцэгт байцаа
-          Бүх төрлийн далайн хоол
-          Шар айргийн хөрөнгө, талхны хөрөнгө гэх мэт
Пурин дунд зэрэг хэмжээгээр агуулагддаг хүнс
-          Үхэр, хонь, тахиа, гахайн мах
-          Галуу, шувууны мах
-          Бүх төрлийн вандуй, шош
-          Бүх төрлийн мөөг
-          Цэцэгт байцаа, бууцай, аспарагус
-          Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн
Пурин бага хэмжээгээр агуулагддаг хүнс
-          Сүү, сүүн бүтээгдэхүүн
-          Өндөг
-          Талх, боов
-          Гоймон, гурил
-          Жимс, ногоо

Өдөрт хэрэглэх уургийн зохистой хэмжээ хэд вэ?

Биеийн жингийн кг тутамд 1 гр уураг гэж тооцдог. Хэрвээ та 70 кг жинтэй бол өдөрт 70 гр уураг хэрэглэнэ гэсэн үг юм. Бөөрний эмгэгтэй хүмүүс түүнээс бага хэмжээний уураг хэрэглэх шаардлагатай. Уургийн агууламжийг жишээгээр үзүүлвэл:
-          100 гр тахианы цээж маханд 22 гр уураг
-          100гр загасны маханд 21 гр уураг
-          Нэг өндгөнд 6 гр уураг
-          30 гр бяслагт 8-14 гр уураг
-          30 гр алмонд самранд 5 гр уураг агуулагддаг. Уураг бол биеийн өсөлт хөгжилтөнд, засварлах
Уураг бол таны хоол хүнсний хамгийн чухал хэсэг юм. Биемахбодийн өсөлт, нөхөн төлжилтөнд гол үүрэг гүйцэтгэхээс гадна энергийн эх үүсвэр болдог. Үүнээс гадна уураг нь цатгалан мэдрэмжийг удаан хадгалахад тусладагаараа цусны чихрийн хяналтанд сайн нөлөө үзүүлдэг. Хэдийгээр пурины агууламж өндөртэй, уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэхийг сануулдаг хэдий ч амьтны болон ургамлын гаралтай уургыг тэнцвэртэйгээр хэрэглэж заншвал үүнээс айх шаардлагагүй юм. Судалгаагаар цагаан хоолтнууд хэдийгээр пурины өндөр агууламж бүхий сэвэг зарам гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ч тулайгаар өвчилдөггүй нь тогтоогдсон. 
Нэмж хэлэхэд улаан мах нь төмрийн гол эх үүсвэр бөгөөд биемахбодид амархан шингэдэг. Өндөг, шош нь төмрөөр ижилхэн баялаг хэдий ч биемахбод шингээж авч чаддаггүй. Харин витамин C-ээр баялаг бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл төмрийн шингээлтийг дэмжих нөлөөтэй. Жишээ нь: витамин С –ийн агууламж хамгийн өндөр байдаг улаан эсвэл ногоон чинжүүг өндөгтэй хамт шарж идвэл зохимжтой.
Хэдийгээр пурины агууламж өндөр биш хэдий ч зарим өвчтнүүдийн хувьд тулайн сэдрэлтийг өдөөдөг бүтээгдэхүүнд гүзээлзгэнэ, жүрж, улаан лооль, самрыг дурдсан байдаг. Тиймээс хэрвээ танд эдгээр бүтээгдэхүүн нь мөн тулайн сэдрэлтийг өдөөж байвал битгий хэрэглээрэй.