Monday, February 8, 2016

Gout- Тулай өвчний тухайд №1



Тулай өвчин гэж юу вэ?

Тулай нь үений үрэвслийн нэг хэлбэр юм. Цусанд шээсний хүчил хэмээх химийн бодис их хэмжээгээр нэмэгдсэн үед үүсдэг. Шээсний хүчил гэдэг нь пурин хэмээх нэгдлийн задралын дүнд үүсдэг биеэс гадагшлах шаардлагатай хаягдал бодис юм. Пурин нь олон төрлийн хоол хүнсээр дамжин биед орохоос гадна биеийн эсүүдэд үүсдэг уураг юм.
Цусанд шээсний хүчил яагаад нэмэгддэг вэ гэвэл:
1.      Бөөр тань өвчилсөнтэй холбоотойгоор шээсний хүчлийг шээсээр гадагшлуулж чадахгүй бол биед хуримтлагдана. 
2.      Удамшлийн гаралтай таны гентэй холбоотой шээсний хүчил хуримтлагдах
3.      Таны амьдралын өдөр тутмын хэв маяг хэвшилтэй холбоотойгоор хэт их шээсний хүчил биед үүсдэг байх үүнд: фруктоз их агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх (бүх төрлийн жимсний шүүс, хийжүүлсэн ундаа сода, шар айраг, гурилан бүт, будаа гэх мэт) , архи их хэмжээгээр хэрэглэх, өдрийн уургийн хэрэгцээг хэтрүүлэх (илүүдэл уураг нь глюкоз болдог)
Биед удаан хугацаанд , ихээр хуримтлагдсан шээсний хүчил нь биеийн эдүүдэд талст хэлбэрээр сууж өгсөнтэй холбоотойгоор үеэр хавдах, өвдөх шинж илэрдэг.
Хэрвээ та тулай өвчтэй хэмээн оношлогдсон бол тулайн сэдрэлтээс сэргийлэхийн тулд нэг дор архины төрлийн зүйл ихээр хэрэглэхгүй байх, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байх, фруктоз болон пуринаар баялаг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах, ус сайн ууж шээсний хүчлийг бөөрөөр ялгарах үйл ажиллагааг дэмжих, мөн түүнчлэн биеийн жингээ хассанаар шээсний хүчил биед хуримтлагдах нь багасахаас гадна үенд ирж буй ачаалал буурах сайн талтай. Тулайтай хэмээн оношлогдсон мөртлөө түүнийгээ үл тоон дээрх арга хэмжээг авахгүй бол тулайн сэдрэлт өгөх эрсдэл 5 дахин нэмэгддэг.

Тулайтай холбоотой үүсдэг өвчин эмгэгүүд болон тулай үүсэхэд нөлөөлдөг эмгэгүүд

Цусан дахь шээсний хүчил ихсэх нь мөн бусад бодисын солилцооны эмгэгүүд буюу “иргэн та хүнс хоолоо хэтрүүлэн жаргасантай” холбоотой үүсдэг цусны даралт ихсэх, цусанд сахар ихсэх, цусанд холестрол, триглицерид ихсэхтэй хавсрах нь олонтоо. Тулай, чихрийн шижин, бөөрний эмгэг ихэвчлэн хамт явж байдгийг санаж байх хэрэгтэй. Нэг нь нөгөөгөө үүсгэх хандлагатай.
Төвийн таргалалт буюу хэт том гэдэстэй байх нь цусанд үрэвслийн бодисууд ихээр ялгарах боломжийг бүрдүүлж байдаг. Том гэдэс нь тулайн сэдрэлт өгөх эрсдлийг нэмэхээс гадна зүрх судасны өвчин, чихрийн шижингийн хүндрэлээр нас барах замыг засч байдаг.

Тулайтай хүн турвал сайн уу?
Турсанаар цусан дахь шээсний хүчлийн хэмжээ буурч, тулайн сэдрэлт хоорондын хугацаа уртасч, давтамж буурна. Үүнээс гадна биеийн жин буураад ирэхээр түнх, өвдөг, шагай, хурууны үен дээр ирэх даралт буурч, үений үрэвсэл үүсэх эрсдэл багасна. Гэхдээ удаан хугацаагаар өлсгөлөн явах, эсвэл богино хугацаанд их жин хаях нь эсрэгээр шээсний хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, тулайн сэдрэлтийг олон болгох аюултай. Тийм учраас өлсөхгүйгээр эрүүл хооллож, байнгын дасгал хөдөлгөөн хийж, эрүүлээр турахыг эрмэлзээрэй. Өдөрт хоол хүнсээр авч буй илчлэгийн хэмжээг багасгаж турахыг эрмэлзэж байгаа бол 1гр уураг, 1гр нүүрс ус нь тус бүр 4 ккал, 1гр өөх тос нь 9 ккал байдаг болохыг мэдэхэд илүүдэхгүй. Хүний хоногт авч буй уургийн хэмжээ өдрийн хэрэгцээнээс давсан тохиолдолд илүүдэл уураг глюкоз болон хувирч бие дэх өөхний хэмжээг нэмэгдүүлэхэд оролцдог.

Ямар хоол хүнснээс татгалзах вэ? Гэхдээ сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаагаар тулайн сэдрэлтэнд хоолны дэглэм төдийлөн нөлөөлөхгүй болох нь тогтоогджээ.
Пурин их агуулагддаг хүнс
-          Гэдэс дотор, элэг, бөөр, зүрх гэх мэт
-          Зэрлэг амьтдын мах
-          Тос ихтэй загас
-          Мөөг
-          Бууцай болон аспаргус
-          Шош, вандуй
-          Цэцэгт байцаа
-          Бүх төрлийн далайн хоол
-          Шар айргийн хөрөнгө, талхны хөрөнгө гэх мэт
Пурин дунд зэрэг хэмжээгээр агуулагддаг хүнс
-          Үхэр, хонь, тахиа, гахайн мах
-          Галуу, шувууны мах
-          Бүх төрлийн вандуй, шош
-          Бүх төрлийн мөөг
-          Цэцэгт байцаа, бууцай, аспарагус
-          Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн
Пурин бага хэмжээгээр агуулагддаг хүнс
-          Сүү, сүүн бүтээгдэхүүн
-          Өндөг
-          Талх, боов
-          Гоймон, гурил
-          Жимс, ногоо

Өдөрт хэрэглэх уургийн зохистой хэмжээ хэд вэ?

Биеийн жингийн кг тутамд 1 гр уураг гэж тооцдог. Хэрвээ та 70 кг жинтэй бол өдөрт 70 гр уураг хэрэглэнэ гэсэн үг юм. Бөөрний эмгэгтэй хүмүүс түүнээс бага хэмжээний уураг хэрэглэх шаардлагатай. Уургийн агууламжийг жишээгээр үзүүлвэл:
-          100 гр тахианы цээж маханд 22 гр уураг
-          100гр загасны маханд 21 гр уураг
-          Нэг өндгөнд 6 гр уураг
-          30 гр бяслагт 8-14 гр уураг
-          30 гр алмонд самранд 5 гр уураг агуулагддаг. Уураг бол биеийн өсөлт хөгжилтөнд, засварлах
Уураг бол таны хоол хүнсний хамгийн чухал хэсэг юм. Биемахбодийн өсөлт, нөхөн төлжилтөнд гол үүрэг гүйцэтгэхээс гадна энергийн эх үүсвэр болдог. Үүнээс гадна уураг нь цатгалан мэдрэмжийг удаан хадгалахад тусладагаараа цусны чихрийн хяналтанд сайн нөлөө үзүүлдэг. Хэдийгээр пурины агууламж өндөртэй, уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг болгоомжтой хэрэглэхийг сануулдаг хэдий ч амьтны болон ургамлын гаралтай уургыг тэнцвэртэйгээр хэрэглэж заншвал үүнээс айх шаардлагагүй юм. Судалгаагаар цагаан хоолтнууд хэдийгээр пурины өндөр агууламж бүхий сэвэг зарам гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг ч тулайгаар өвчилдөггүй нь тогтоогдсон. 
Нэмж хэлэхэд улаан мах нь төмрийн гол эх үүсвэр бөгөөд биемахбодид амархан шингэдэг. Өндөг, шош нь төмрөөр ижилхэн баялаг хэдий ч биемахбод шингээж авч чаддаггүй. Харин витамин C-ээр баялаг бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл төмрийн шингээлтийг дэмжих нөлөөтэй. Жишээ нь: витамин С –ийн агууламж хамгийн өндөр байдаг улаан эсвэл ногоон чинжүүг өндөгтэй хамт шарж идвэл зохимжтой.
Хэдийгээр пурины агууламж өндөр биш хэдий ч зарим өвчтнүүдийн хувьд тулайн сэдрэлтийг өдөөдөг бүтээгдэхүүнд гүзээлзгэнэ, жүрж, улаан лооль, самрыг дурдсан байдаг. Тиймээс хэрвээ танд эдгээр бүтээгдэхүүн нь мөн тулайн сэдрэлтийг өдөөж байвал битгий хэрэглээрэй.

1 comment:

  1. Сайхан зөвөлгөө байна. Баярлалаа.

    ReplyDelete