Tuesday, February 15, 2011

What is brain plasticity? \ тархины саа зөвлөмж - 1\

Энд би хэд гурван чухал зүйлийг ойлгуулах гэсэн юм. Яагаад тархины сааг эрт илрүүлж оношлох нь чухал вэ гэвэл хүүхдийн тархи 2 нас хүртлээ эрчимтэй хөгждөг. Ялангуяа brain plasticity \ монголоор орчуулж мэдэхгүй байна. Тархины нейроны уян хатан чанар?\. Энэ юу гэсэн үг вэ гэвэл орчны нөлөөлөлд тохируулан зохицсон хариу урвал үзүүлэх тархины чадамж юм. Тэгэхээр энэ тохиолдолд орчин босс болно гэсэн үг. Орчиндоо тааруулан тархины нейронууд өөр хоорондоо холбогдон, гайхамшигт архитектурийн бүтээлийг босгоно. Үүний дүнд хүүхэд тухайн орчиндоо тохирсон хариу үйлдлийг хийх чадварт суралцдаг. Хэрвээ эрүүл хүүхдийг төрөхөөс нь эхлүүлээд өрөөг нь сайхан тохижуулж бэлдээд, хараа, сонсгол, амтлах, үнэрлэх, хүрэлцэх гэсэн бүх мэдрэхүйг байнга цочроож байвал хүүхдийн тархины уян хатан чанар дээд зэргээр хөгжинө. Харин мэдрэхүйг өдөөхгүй, хүүхэдтэйгээ ажиллахгүй, зүгээр л нэг хооллоод унтуулаад байвал brain plasticity муу байхнээ. Тархины саатай хүүхдүүдийн хувьд тархины тодорхой нэг хэсэг эргэшгүйгээр гэмтдэг. Энэ гэмтлээс болоод мэдрэхүйн мэдээлэл дамжих замд саад үүсдэг. Мэдрэлийн систем мэдээллийг хүлээн авах, дамжуулах, хариу урвал үзүүлэх гэсэн үйлдлүүдийг хийдэг. Эдгээрийн аль нэг нь ажиллахаа больчихвол тархины уян хатан чанарт асуудал үүснэ. Орчиндоо тааруулан тархины нейронууд өөр хоорондоо холбогдон, гайхамшигт архитектурийн бүтээлийг босгох ёстой. Харамсалтай нь энэ хэсэгт бэрхшээл үүснэ. Тэд холбогддогоороо холбогдоно. Гэхдээ чиглэл, хэлбэр нь тэс өөр болоод явчихна.  Үүний дүнд хүүхэд гэнэтийн огцом хяналтгүй хөдөлгөөн хийх, булчингийн хүчдэл хэт сул эсвэл хэт чанга болох гэх мэт шинжүүд илэрдэг байх нээ. Харин орчин үеийн сэргээн засах эмчилгээ энэ тал дээр илүүтэй анхаарч ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл тодорхой нэг зөв үйлдлийг олон дахин давтан хийлгэснээр  тархины эсүүдийн өөр хоорондоо холбогдсон буруу хэлбэрийг зөв болгон засах боломжтой. Гэхдээ энэ нь хүүхэд 2 нас хүртэлх хугацаанд илүү үр дүнтэй байдаг. Brain plasticity-тэй холбоотой амьдралд ойр нэг жишээ авая. Төрөөд удаагүй байгаа ээж ядарсандаа цонхоор орж ирэх машины чимээг үл хайхран нам унтдаг мөртлөө хүүхдээ уйлангуут тэр дороо сэрчихдэг. Адилхан сонсох мэдрэхүйгээр авч байгаа мэдээлэл боловч тухайн ээжийн тархины эсүүд төрсөн хүүхдийнхээ уйлах дууг танихаар болгож, шинэ холбоос үүсгэсэн байх нь. Энэ бол хүний тархины бас нэгэн гайхамшигт чадвар.
Эргээд тархины сааны эмчилгээ лүү орое. Хамгийн энгийнээр товчлоод хэлэхэд үүсч болох хүндрэлээс сэргийл, нэгэнт үүсчихсэн хүндрэлийг цааш даамжруулахгүй байх арга хэмжээг ав, эцэст нь хамгийн чухал эмчилгээний тактик бол өсөлт хөгжлийг дэмжих, 5 мэдрэхүйг сэдээх эмчилгээг хий. Таны хүүхэд сэргээн засах эмчилгээ хийлгүй байсаар 2 нас хүрчихсэн бол одоо зөвхөн хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийх боломжтой. 9 нас хүрчихсэн бол сэргээн засах эмчилгээ үр дүнгүй. Зөвхөн аминд халтай шинжүүдийг мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ л авах боломжтой.


Дараагийн нэг анхаарал татсан зүйл бол алхаа. Манай хүүхэд хөлд орох уу? Энэ бол ар гэрийнхний тавьдаг жижүүрийн асуулт. Хэрвээ таны хүүхэд 2 нас хүрчихээд, сууж чадахгүй бол алхах боломж 50%. Хэрвээ 4 нас хүрчихээд сууж чадахгүй бол хэзээ ч алхахгүй гэсэн үг. Тэгэхээр эмч хүн энэ тохиолдолд хүүхдийн тавиланг маш сайн тодорхойлж чаддаг байх ёстой. Алхах уу? үгүй юу? гэдгийг эхлээд тодорхойл. Дараа нь хэрвээ хүүхэд хөлд орох боломжтой бол яаж зөв алхаанд сургах уу? Үүнд хүрэх замуудыг нэг бүрчлэн тоочиж, төлөвлөгөө гаргаж, түүний дагуу өвчтөнтэйгөө ажиллана. Анхны алхам маш чухал. Хэрвээ хүүхэд нэг л буруу алхаад сурчихвал дараа нь түүнийг засахад маш төвөгтэй. Эмийн болон мэс заслын эмчилгээ аль нь ч тус болохгүй. Бараг л засах боломжгүй. Харин хүүхдийг хөлд орохоос өмнө гарч болох бүх хүндрэлийг мэдэж, авах арга хэмжээг урьдчилан бэлтгэж, анхны алхмыг л зөв хүрээгээр  хийгээд өгвөл та сая өөрийгөө тухайн өвчтний ирээдүйд чухал тус боллоо гэж үнэлж болно.

Saturday, February 12, 2011

Би


Би бүрхүүлтэй
Бүрхүүл дотроо
Бөгтийж суугаа
Бяцхан охин

Зүүн гартаа
Зүрхээ тас атгаад
Зүүрмэглэж суугаа
Зөнч хүүхэлдэй

Битгий цочоо
Бядгүй гартаа
Атгасан зүрх нь
Айдсандаа хахна

Бүүвэйн дуу аяла
Бүлээн энгэртээ тэвэр
Бүрхүүл хайлтал нь
Хайрла
2010.12.24

 \Бас нэг Би-гийн мөртүүд \
Би цацраг
Би цацардаг

Илч нь халуун
Илбийн хүчтэй
Энергийн хуримтлал

Би цацраг
Би цацардаг
2010.12 сар

Wednesday, February 9, 2011

LONG LIVE THE KING OF THAILAND

2010 оны 11 сард Тайландын хааныг дэндүү ойроос харсан даа. Азын тэнгэр ивээсэн нэг тийм үйл явдал болохын хувьд болсон юмаа. Сүрлэг сайхан инээмсэглэсэн яг л энэ зурган дээрх шигээ хүн байна лээ. Бидний сурч байгаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд жил илүү болж байгаа гэсэн сураг сонссоноос хойш нэг харчих юмсан гэж хүсдэг байлаа. Бодлын хүч их болохоор тэгээд биелсэн юм. Энэ хаандаа ард иргэд нь маш их хайртай. Хаандаа эрүүл энхийг ерөөхөөр ирэх хүмүүсийн цуваа тасардаггүй. 1950-иад оны үед ах нь гэнэтийн золгүй явдлаар өнгөрөөд, Америкт төрж өссөн дүү нь нутагтаа ирж, ажил хэргийг нь үргэлжлүүлсэн гэдэг юм билээ. Ард иргэддээ элэгтэй, хар бор гэж ялгалгүй, хатуу хүтүү гэж халшралгүй энэ улсыг хөл дээр нь бат зогсоохын төлөө маш их зүйл хийсэн, эерэг энергийн хуримтлал болсон тэр сайхан хүний ачаар өнөөдөр Тай үндэстний тоглолтыг үзлээ. Сэтгэл хөдлөм үлгэр байсан болохоор хуваалцахаар шийдлээ. Сүүлийн 3 зураг нь жүжигчид \ дунд сургуулийн сурагч хүүхдүүд\ хаандаа мөргөж байгаа байдал. Эсрэг талын барилгын 16 давхарт нь 83 настай Хаантан амьдардаг. Урлагын мэдрэмж өндөртэй хүн гэж сонссон. Ая зохиогч, хөгжимчин, хувцас загварын тал дээр тэргүүлэгч, хурц тод өнгийн пиджак өмсдөг \ ягаан, цэнхэр гэх мэт\. Эрэгтэй эмэгтэйгүй ягаараад байхаар нь гайхаад байсан чинь эзэн хааных нь өнгө юм билээ. Хааны нэр сүрэн дор би бас аятайхан нөхцөлд ажиллаж амьдраад байх шиг байна.  Тайланд улсын хаанд талархалаа илэрхийлье. Урт удаан наслах болтугай.

P.S Би фото зураг сонирхдоггүй, тэр талын авьяас чадвар маруухан амьтаан. Уучилж өршөөгөөрэй. Харин сүүлийн үед гоё аппараттай болох юмсан гэж бодогдоод байдаг болсон.


 













My elective- Pediatric rehab unit in Siriraj














Сирираж эмнэлгийн хүүхдийн сэргээн засах тасаг нь 4 хөдөлгөөн засалч, 3 ахуй засалч, 1 сувилагч, 3 эмч, 2 туслах ажилтантай. Хоолны эмч  7 хоногт 1 удаа ирж,  үзлэг хийнэ. Өндөр эрсдэлтэй хүүхдийн клиник, оромотор клиник, мэдрэхүй хөгжүүлэх өрөө болон усан эмчилгээгээр Монголынх дутуу байж магадгүй. Бусдаар бол бид хөл зэрэгцэн алхах гэж хичээж яваа л юм байна. Усан сан хийх гэхээр эмнэлэг усанд живүүлэх гээ юу гэж загнадаг даргатай шүү дээ, манайх. Харин энд Хаан нь хүүхдүүдэд зориулж усан сан том, жижгээр нь хийж бэлэглэсэн байх жишээтэй. Ялгаа байнаа, байна. За тэр ч яахав. 
 Хамгийн эхний зурган дээрх хоолны хэрэгсэл их эгдүүтэй санагдсан. Чихэрлэг сиропт хөвөнгөө дүрж байгаад, амны хөндийн дотно, гадна стимуляци хийнэ. Харин тэр жүржийг марль-нд боож байгаад зажлах дасгал хийлгэдэг болой. Усан сан нь 40 хэмийн дулаантай болохоор хүүхдүүдэд тун тааламжтай.  Тоглоомын өрөөнөөс өвчтөн өөрт тохирсон тоглоомоо түр хугацаагаар гэр лүүгээ авч явах боломжтой. Гар хөлийн нэг сплинт 40000 төгрөгөөр хийгддэг. Ийм өндөр үнэтэй байгаагийн учир нь халуунд хайлж, хэв ордог пластик материалтай холбоотой. 3 дахь зурган дээр харагдаж байгаа 1 дөрвөлжин термопластик 200 долларын үнэтэй орж ирдэг юм билээ. За тэгээд туслах хэрэгсэл, ортез гутал энэ тэр бол маш их үнэтэй. 1 гутал 250 доллар орчим гэхээр арай л сонсогдож байгаа биз? Гэхдээ эмчийн заалтаар өвчтөнд зайлшгүй шаардлагатай туслах хэрэгслийн үнийг засгийн газраас төлдөг. Бас эцэг эхийн аль нэг нь төрийн байгууллагад ажилладаг бол тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх систем бий гэж ярьж байна лээ. Ямартаа ч энэ тасагт ажилласан өдрүүд маань мартагдашгүй дурсамж болон үлдэнэ. Хичнээн хүнд өвчтэй байсан ч хамаагүй хүүхэд гэдэг тэр чигээрээ баяр баясгалан юм. Урмаар тэтгэгдсэн өдрүүд үргэлжилсээр...

Monday, February 7, 2011

Тархины саа- энэ өвчний тавиланг та мэдэх үү?


Би сэргээн засалч эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байх хугацаандаа хүүхдийн салбарыг илүүтэй сонирхдог байв. Тэр дундаа тархины саатай хүүхэдтэй ажиллах юмсан, тэдэнд туслахсан гэж их хүсдэг байлаа. Ерөнхийдөө энэ өвчний талаар хангалттай их уншсан. Олон ч тохиолдол харсан. Хэсэгтээ хөндийрсөн ч, сэтгэлийн мухарт бодогдсоор л байсан юм. Харин өнөөдөр азын тэнгэр ивээж, Сирираж эмнэлгийн хүүхдийн сэргээн засах тасгийн эрхлэгч Сринуал эмчтэй хамт тархины саатай хүүхдүүд үзэх боломж олдоод, хариултыг нь олж чадалгүй гацаад орхичихсон олон асуултандаа хариулт аваад, бүр цаашаа явах, илүү ихийг хийх хүсэл төрж, урам зориг орлоо.
 Сүүлийн үед дэлхий дахинд тархины саатай хүүхдийн тоо зогсолтгүй нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь юу вэ? гэж анх уулзангуутаа Сринуал гуай асууж байна. Дутуу төрсөн хүүхдийг аврах боломж улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотой, хүндрэл маягаар тархи гэмтээд байж болох юм гэж хариулсан чинь овоо тоогдоод, асуух юм байвал асуу гэдэг юм байна. Би ч бөөн баяр дуржигнуулж өгсөн. Дэлгэрэнгүй ямар гоё хариултууд өгсөн гээч. Мартахаасаа өмнө блог дээрээ бичээд авая, бас та нөхөдтэй хуваалцая, хэрэг болж магад гэж бодлоо. Амьдралынхаа 20 жилийг хүүхдийн сэргээн засах салбарт тэр дундаа тархины саатай хүүхдийн эмчилгээнд зориулсан, одоо амжилттай ажиллаж байгаа профессор хүн ингэж ярьж байх юм.
 "Тархины саа бол эдгэдэг өвчин. Гол нь бид эрт оношилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авч чаддаг байх хэрэгтэй. Сэргээн засах эмчилгээний үндсэн зорилго нь 1-т хүүхдийн өсөлт хөгжлийн хоцрогдлыг арилгах, өсөлт хөгжлийг нь дэмжих, стимуляци хийх, 2-т гарч болох хүндрэлүүдийг аль болох багасгах, болж өгвөл хамгийн бага хэмжээнд нь барих явдал юм. Тархины саа эмгэгийг 2 наснаас хойш оношилвол тавилан муу байна. Дэлхий дахинд 1 нас хүртэлх хүүхдэд тархины саа гэсэн оношийг тавьдаггүй, гэхдээ манай эмнэлэг дээр бид 6 сартайгаас дээш хүүхдийг оношлох боломжтой. Хэдэн жилийн өмнөөс "Өндөр эрсдэлтэй хүүхдийг илрүүлэн оношлох клиник" -ийг ажиллуулж эхэлсэн. 27 долоо хоногоос дотогш төрсөн, 1500 граммаас бага жинтэй нярайг төрсөн цагаас нь эхлээд 2 нас хүртэлх хугацаанд 3 сар тутамд үздэг. Үзлэг бүртээ тархины саа гэж онош тавьчихаар критерүүдийг хайдаг. Хэрвээ сэжигтэй шинж илэрвэл тэр даруйд нь эрчимжүүлсэн хөдөлгөөн эмчилгээг эхэлдэг.  Бүхэл хөдөлгөөн, гарын нарийн хөдөлгөөн, нийгмийн харилцаа, хэл яриа гэсэн 4 чиглэлээр илрүүлэх үзлэгээ хийдэг. Хэрвээ зөвхөн хөдөлгөөний хувьд асуудалтай байвал тавилан сайн. Булчингийн чангарлыг эмээр эмчилдэг. \ ихэнхидээ баклофен, дандролен, шаардлагатай тохиолдолд Ботулины хор тарьдаг\  Диазепамыг хүүхдийн практикт хэрэглэх нь зохимж муутай. Хүүхэд өдөржин унтаараад хөдөлгөөн болон ахуйн эмчилгээндээ идэвхитэй оролцох боломжгүй болдог, тиймээс энэ эмнээс аль болох зайлсхийж байгаарай. Хүүхдэд 6 сараас хойш анхдагч рефлексүүд арилахгүй үүсээд байвал, хэл нь бултганаад байвал, толгойгоо дааж, сууж чадахгүй бол, ankle clonus (+ )  байвал яаралтай сэргээн засах эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. " гэж байна.
Өнөөдрийн хамгийн сүүлчийн өвчтөн 18 сартай жигтэйхэн сэргэлэн охин байлаа. 27 долоо хоногтойдоо, 680 грамм жинтэй төрсөн. Нярай үеээс нь эхлээд сэргээн засах эмчилгээ хийсэн. Хөнгөн хэлбэрийн тархины саа гэсэн оноштой. Одоо өсөлт хөгжлийн хувьд хоцрогдолгүй, эрүүл болсон тул эмчийн хяналтнаас гаргаж байна гэвэл яах уу?  Итгэл төрж байгаа биз?

P.S Бас нэг сайхан мэдээ гэвэл надад зураг авах зөвшөөрөл өгсөн. Маргаашнаас эхлээд хүүхдийн сэргээн засах тасгийн үйл ажиллагааг зураг хөрөгтэй нь танилцуулах болно.

Thursday, January 27, 2011

I came back

Хэсэг хугацаанд Монголд байж байгаад эргээд ирлээ. Одоо блогоо идэвхитэй хөтөлж байна. Яг гоё учраа олоод эхэлж байсан юм. Даанч ар гэрт асуудал үүссэн тул явсан. Одоо бүгдийг дахиад эхнээс нь эхэлнэ. Амаргүй байгаа ч болгоно доо. Нас залуу байна.