Tuesday, November 3, 2015

Чихрийн шижин, таргалалт, судасны хатууралтай нөхдөд өгөх зөвлөмж (Adiponectin)

 Адипонектин гэж юу вэ? Хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Өөхний эсийг adenocyte гэж нэрлэдэг. Үүнээс ялгардаг дааврыг нь adiponectin гэнэ. Энэ нөхрийн хэмжээ багасаад ирэхээр өөх хуримтлагдаж таргалдаг. Эсрэгээр ихсээд ирвэл турдаг учиртай. Хүн таргалаад ирэхээр өөхний эсүүдийн тоо нэмэгддэггүй. Харин хэмжээгээрээ томорч бэлцийж ирнэ. Ингээд томорч шахцалдаад ирсэнтэй холбоотойгоор өөхний эсүүдийн завсраар явсан цусны хялгасан судаснуудаа дарснаас болоод тэжээлгүйдэж, даавруудынх нь ялгаралт буураад ирдэг. Өөхний эсээс адепонектинээс гадна лептин гэдэг даавар ялгардаг. Лептин цусаар дамжин тархинд очиж, цадсан мэдрэмжийг өгдөг. Өөрөөр хэлбэл мань эрийн биемахбодид хангалттай өөх тос байнаа, нэмж идээд хэрэггүй гэсэн дохиог илгээж байдаг. Тэгэхээр эдгээр хоёр даавар их хэмжээтэй ялгарах тусмаа л сайн гэсэн үг. Адепонектин нь тураахаас гадна эсүүдийн инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлэх, судасны хатуурал, харвалт, шигдээс, хорт хавдраас сэргийлэх тэр байтугай хөгшрөлтийг удаашруулж барьдаг гайхамшигтай үйлчилгээтэй даавар учраас орчин үеийн анагаахын шинжлэх ухааны анхаарлыг зүй ёсоор татаж буй эд юм.

Тэгэхээр энэ гайхамшигтай дааврыг нэмэгдүүлэхийн тулд уншигч та юу хийж болох вэ?
1. Тамхи битгий тат (судалгаагаар тамхи татдаг хүмүүст дааврын хэмжээ хамгийн бага байсан)
2. Өглөөг сайхан чанасан кофе ууж эхлүүлдэг дадалтай болвол дааврын ялгаралт нэмэгдэнэ.
3.  Мэдээж бага ид, сайн хөдөл.
Дээрх 3 дүрмийг мөрдөж чадахгүй ээ гэвэл ядаж доорх 3 дасгалыг өдөр бүр хийгээд байвал сарын дараанаас адепонектиний хэмжээ нэмэгдээд эхэлнэ шүү. Гэдэс чинь багасана шүү. Сэтгэл санаа тань өөдрөг болно шүү. Тэгээд магадгүй урам зоригтойгоор дээрх 3-ийг хэрэгжүүлэхээр хичээх ч юм билүү. Танд амжилт хүсье. 

Өдөрт 2 удаа доорх 3 дасгалыг хийж заншаарай.
Дасгал№1 
Хана налаад сайхан эгц зогсоно. Хоёр гарын алгыг хананд нааж өгнө. Энэ эгц байрлалд 3 минут болох ёстой.

Дасгал№2
Хананаас мөрний хэмжээтэй зай авч, эгц урагшаа харж зогсоно. Зөвхөн цээжээрээ эхлээд баруун тийш эргээд, зүүн гарын алгыг хананд хүргэнэ. Дараа нь зүүн эргэж, баруун гарын алгыг хананд хүргэнэ. Энэ хөдөлгөөнийг 30 удаа давтан хийнэ.Ингэхдээ чанга дуугаар тоолж хийх хэрэгтэй.
(энэ зурган дээрх шиг хоёр гараар зэрэг хүргэхгүй, ээлжлэх хэрэгтэй. Яг тохирсон зураг олж чадсангүй, хүлцэл өчье)

Дасгал№3
Бас л нөгөө хананыхаа урд зогсоно. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсож байгаад хоёр гараа зэрэг өргөн толгой дээрээ авчирч алгаа ташна. Эргээд буулгахдаа чанга дуугаар хахаха гэж инээх хэрэгтэй шүү. Энэ дасгалыг мөн 30 удаа давтан хийнэ.



Tuesday, August 25, 2015

Тураах хоолны дэглэмүүд ба буруу ойлголтууд

Нийтлэг тохиолддог буруу ойлголтуудыг нотолгоонд суурилсан анагаах ухааны үндэслэлтэйгээр засаад залруулаад явчихъя.

1. Хангалттай уураг идэхгүй байх нь буруу.
Уургаар баялаг хоолны дэглэм бол тураах дэглэмүүдийн хаан юм. Яагаад гэвэл уураг нь бодисын солилцоог эрчимжүүлэхээс гадна хоолны дуршлыг бууруулдаг. Уургыг задлахын тулд энерги шаардагддаг гэдэг утгаараа өдөрт шатаах илчлэгийг 80-100 ккал-аар нэмэгдүүлдэг. Өдөрт идэх хоолны 30% нь уураг бол өдөрт авах илчлэг 441 ккал-аар буурдаг. Өдөрт идэх хоолны 25% нь уураг бол өлсөх мэдрэмжийг 60%-иар бууруулна. Оройд дэл сул юм хайж, хөргөгч онгойлгох зуршлыг 50%-иар бууруулдаг ачтай буянтай дэглэм болох нь хэдийн тогтоогджээ.

2. Нүүрс усыг ор тас хасахыг оролдох нь буруу.
Нүүрс ус багасгасанаар цусан дахь чихрийн хэмжээ буурч, хоолоор авах илчлэгийн хэмжээ багасаж, давхар хоолны дуршил буурдаг нь хэдийн тогтоогдсон билээ. Гэхдээ эрч хүчтэй, цогтой хийморьтой байхад нүүрс ус тусалдаг. Тиймээс аль болох байгалийн гаралтай нүүрс усыг тодорхой хэмжээгээр авч байх хэрэгтэй.

3. Өөх тосыг аль болох хасч танахыг оролдох нь маш буруу.
50000 эмэгтэйчүүд оролцсон 8 жилийн судалгаагаар өөх тос багатай дэглэм барьж байсан эмэгтэйчүүдийн жин, жирийн хоолны дэглэмтэй эмэгтэйчүүдээс 400 грамм л бага байсан бөгөөд зүрх судасны эмгэг, хавдарт өртөх эрсдэл 2 бүлэгт яг ижил байсан. Эсрэгээр байгалийн гаралтай өөх тосыг хүнсэндээ өргөн хэрэглэх нь цусан дахь муу холестролыг задалж, сайн холестролыг нэмэгдүүлж өгдөг.

4. Жимсний шүүс уух нь буруу
Хичнээн 100% жимсний шүүс байлаа ч ус, чихэр л гэсэн үг. Жимсний шүүс, хийжүүлсэн ундаанд агуулагдах сахарын агууламж ижилхэн учраас жимсийг бүхлээр нь идэж байх хэрэгтэй. Яагаад гэвэл жимсийг бүхлээр нь идсэнээр ширхэглэгтэй сахар биед орно. Энэ нь тийм ч амархан цус руу орчихдоггүй, аажим чөлөөлөгддөг. Харин жимсний шүүс уувал хэдхэн хормын дотор цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгддэг.

5. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь маш буруу.
Химийн бодис оролцох тусам л олон төрлийн өвчин эмгэг үүсэх, таргалах шалтгаан болдог тул боловсруулсан лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.

6. Өдөрт бага багаар олон удаа хооллох нь буруу.
Өлссөн үедээ ид, цатгалан байвал нэмж бүү чих.
Судалгаагаар өдөрт 5-6 удаа хооллодог болон өдөрт 2-3 хооллодог хүмүүсийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй. Хооллох нь бодисын солилцоог бага зэрэг түргэсгэж өгнө. Гэхдээ өдөрт идсэн нийт хоолны хэмжээ, бүтцээс хамаарахаас бус өдөрт хэдэн удаа хооллосонтой огтын холбоогүй ажээ. Эсрэгээр хүн тодорхой хугацаанд өлсгөлөн байснаар биемахбод өөрөө өөрийгөө засварлах боломжтой болдог.

7. Өндөгний шарыг хаях нь тун буруу.
Яагаад гэвэл өндөгний шард нь байгалийн гаралтай сайн өөх тос, витамин, эрдсүүд, антиоксидантууд агуулагдаж байдаг тул өндгийг өдөр бүр бүхлээр нь шарж эсвэл чанаж хэрэглэж байх хэрэгтэй. Нийт хүн амын 90%-д хэвийн хэмжээнээс бага байдаг тархины тэжээл холин өндгөнд агуулагддаг. Мөн өндөг сайн иддэг хүн тэр бүрийд нүдний хүнд хэлбэрийн эмгэгүүдээр өвчлөөд байдаггүй байна.

8. Илчлэг тоолох нь буруу.

Өөр өөр төрлийн хүнс өөр өөр замаар биемахбодид нөлөөлдөг. Тэдгээр нь хаана ямар дааварт нөлөөлсөнтэй холбоотойгоор илчлэг шатах үйл явц хурдсах эсэх нь хамаардагаас биш хичнээн илчлэг нийтдээ авсан нь чухал биш. Хаанаас авч байгаа нь чухал юм.

9. Үйлдвэрт цэвэршүүлсэн тос хэрэглэх нь буруу.

Аль болох монгол цөцгийн тосондоо хоолоо хуурч байгаарай.

10. Болсон болоогүй олон нийтийн сүлжээнээс авсан мэдээлэлдээ итгэх нь буруу. Түүнд тулгуурлаж хоолны дэглэмээ тогтоох нь бүр буруу.
Хамгийн зөв зам бол судалгааны ажлуудаар үр дүн нь батлагдсан мэдээллийг амьдралдаа ашиглахыг эрмэлзэх явдал юм.


Thursday, June 4, 2015

Турах үед таны илүүдэл жин хаашаа оддог вэ?

Бид хоолоор уураг, өөх тос, нүүрс усыг авдаг. Бидний бие махбодын хэрэгцээнээс илүү гарсан нь өөхний эсэд триглицерид хэлбэрээр липидийн дусал болж хадгалагддаг. Тэгээд л бүдүүрч өгнө гэсэн үг. Триглицерид гэдэг маань нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгчийн холимог билээ. Ихэнх мэргэжилтнүүд өөхийг энерги болгон хувиргаж, шатааснаар бид турдаг гэдэгт итгэдэг. Яг л мод хөрснөөсөө тэжээл авч ургадаг гэдэгт итгэдэг шиг. Үнэн гэвэл бид 10 кг жин хаялаа гэхэд 1.6 кг нь ус болж, хөлс шээсээр гадагшилдаг бол 8.4 кг нь нүүрсхүчлийн хий болж амьсгал гаргах тоолонд гадагшилсаар үгүй болдог. Харин модны хувьд нүүрсхүчлийн хий болон усны тусламжтайгаар өсөж том болдог байна. Эндээс хүн мод хоёр хамт байлаа гэхэд хүний гадагшлуулсан ус, нүүрсхүчлийн хийгээр мод тэжээгдэн хүн жижгэрч, мод томорсоор хүн эцэстээ мод болж хувирна гэсэн ойлголт гарч болно.
Тэгвэл турахын тулд гүнзгий амьсгал авч гаргаад байхад л болох биш үү гэж та бодож байна уу? Үгүй дээ эхлээд триглицеридыг задлах шаардлагатай. Тэгэхийн тулд дасгал хийх хэрэгтэй.
10 кг өөхийг задлахын тулд 29 кг хүчилтөрөгчөөр амьсгалж, 94000 ккал энерги зарцуулах шаардлагатай. Үйл явц дундуур 28кг нүүрс хүчлийн хий, 11 кг ус гадагшилдаг гэсэн тооцоо бий. Хүн нэг минутанд дунджаар 12 удаа амьсгалдаг бол өдөрт 17280 удаа амьсгална гэсэн үг. Амьсгал гаргах бүрт 10 мг нүүрсхүчлийн хий гадагшилдаг гэж бодвол өдөрт гадагшлуулах нүүрс хүчлийн хий тодорхой тоогоор хязгаарлагдаж таарах нь. Тэгэхээр турахын тулд хэдий хугацаа зарцуулахаа мөн тооцоолох боломжтой. Эндээс хамгийн гол ойлгож авах зүйл бол өөхний эс нүүрсхүчлийн хий болон ус болж задардаг гэсэн томьёо билээ. Дасгалуудын төрлөөс ёога хөгжөөд байгаа нь нотолгоонд суурилсан тураах эмчилгээний арга байх магадлалтай гэж би хувьдаа үзэж байна. Шинээр нийтлэл оруулалгүй удсандаа хүлцэл өчье.

Monday, March 2, 2015

ТАМХИНААС ГАРАХ ХЯЛБАР АРГА ном



“Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга” номын танилцуулга

Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга ном дэлхий даяар 13 сая хувь борлогдсон бөгөөд бусад тамхинаас гарах номнуудын нийт борлуулалтын дүнгээс давсан амжилт үзүүлсэн учраас дэлхий дахинд “ Шидэт Ном” гэдэг нэрээр алдаршсан билээ. Хамгийн анх 1985 онд хэвлэгдсэн түүний энэхүү бүтээл дэлхийн 36 орны хэл дээр орчуулагдаж, Англи, Ирланд, Орос, Итали, Голланд, Герман, Япон, Хятад гэх мэт 10 орны хамгийн их борлуулалттай шилдэг номоор шалгарчээ. 20-р зууны шилдэг 50 номын нэгт багтсан байна.
Аллэн жил бүр хэдэн мянган талархлын захидлыг хүлээж авдаг байсан бөгөөд дийлэнх нь бусад донтох эмгэгтэй түүний аргыг холбох санал тавьдаг байсан тул 1999 онд Аллэн Каррын Жин Хасах Хялбар Арга, 2002 онд Аллэн Каррын Архинаас Гарах Хялбар Арга ном тус тус хэвлэгджээ.
Ажил үйлс нь гялалзсан мэргэжлийн нягтлан бодогч Аллэн Карр өдөрт зуун ширхэг тамхи татдаг байжээ. 1983 онд дэлхий даяараа хүлээж байсан “ Тамхинаас гарах хялбар арга”-ыг бодож олох хүртлээ тэрээр маш олон удаа тамхинаас гарах оролдлого хийж байсан ч бүгд бүтэлгүйтлээр төгсөж байжээ.
Дэлхий даяарх Аллэн Каррын хялбар арга сүлжээний гүйцэтгэх захирал Робин Хэйлигийн хамт дэлхийн өнцөг булан бүрт тамхинаас гарах эмнэлгүүдийг байгуулж, тамхинаас гаргах номоо олон хэлээр хэвлүүлэн гаргасан юм. Нийт 50 орны 36 хэлээр хэвлэгдсэн түүний номыг ДВД, аудио хуурцаг, СД-РОМ, видео тоглоом түүнчлэн цахим хэлбэрээр хүртэл гаргасан байна. Аллэн Робиныг залгамж халаагаар тодруулж, өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийх үүргийг даатгажээ. Олон зуун мянган хүн Аллэн Каррын эмнэлгүүдээр жил бүр үйлчлүүлдэг бөгөөд тамхинаас гараагүй тохиолдол бүрт бүх мөнгийг нь буцаан олгох журамтай хэдий ч үр дүн 90 хувиас дээш байгаа нь хэн бүхний санаанд оромгүй бахдам амжилт юм.
Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга ном нь 223 хуудастай, зураггүй, тамхинаас хамааралт байдлыг арилгах сэтгэл зүйн талын эмчилгээний ном юм. Энэ номыг уншсанаар уншигч тамхинаас гараад зогсохгүй, архи, хоол хүнсний хэрэглээгээ зохицуулах тал дээр ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Аллэн Каррын дэвшүүлсэн хамгийн гол санаа бол айдсыг үгүй хийх хэрэгтэй гэсэн санамж байлаа. Хүн амьдралыг бүрэн төгс мэдэрч, амьдралаас таашаал авч амьдрахад саад бологч айдас хийгээд сэтгэлийн түгшүүрийг хэрхэн үгүй хийж болох талаар зөвлөсөн номын зохиогч Аллэн Карр 2006 онд уушгины хорт хавдраар нарт хорвоог орхижээ.
Энэхүү номыг Б.Золзаяа эмч, Монголын “R and M” хэвлэлийн компани, 2014 онд Аллэн Каррын Хялбар Арга (Allen Carr’s Easyway limited), ARCTURUS хэвлэлийн компанитай 3 жилийн гэрээ байгуулж, албан ёсоор Монгол хэлээр хөрвүүлэх, Монголд уг номон дээр тулгуурласан Тамхинаас Гарах Хялбар Арга клиник байгуулах эрхийг олж авсны үндсэн дээр эхний ээлжинд ном маань 2015 оны 3-р сарын 8нд болсон 1000 ээжийн баяр чуулганаар 21 аймгийн бүх сумдаас төлөөлөгч болон ирсэн сайхан ээж нарт үнэ төлбөргүй, хандив болгон тараагдсан билээ. Одоо Мажестик, Номингийн салбарууд, Интерном, Аз Хур номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа болно. Та бүхний амьдралд өнгө нэмсэн өөрчлөлтийг эхлүүлэх болтугай. Хурай хурай хурай :)

Thursday, August 21, 2014

Evidence- Coronary angioplasty or ET? - нотолгоо

"Percutaneous Coronary Angioplasty Compared with Exercise Training in Patients with Stable Coronary Artery Disease" - Randomized trial by Rainer Hambrecht




ҮНДЭСЛЭЛ— Титэм судасны тогтвортой хэлбэрийн архаг эмгэгтэй хүмүүс тогтмол дасгал хийснээр зүрхний булчингийн перфузи сайжирч, эмгэг даамжрах явцыг зогсоодог нь хэдийн судлагдан тогтоогдсон билээ. Бид энэ удаад стент тавих PCI эмчилгээг дасгал эмчилгээтэй харьцуулсан санамсаргүй түүврийн аргаар хийгдсэн судалгааг танилцуулахад бэлэн боллоо. Судалгаанд голчлон анхаарсан хэсгүүд нь миокардийн перфузид ямар нөлөө үзүүлж байгааг, цээжний өвдөлтгүйгээр дасгал хийх боломж хэр байгааг, мөнгө хэр зэрэг хэмнэж байгааг, гэнэтийн үхэлд хүргэх эрсдэл хэр өндөр байгааг тус тус анхааран судаллаа. 
Арга аргачлал ба үр дүн— Цээжээр өвдөж байна гэсэн зовиуртай 70 настай 101 хүнийг түүж аваад, ангиографиар оношийг баталгаажуулаад, нэг бүлэгт нь стент тавих ажилбар нөгөө бүлэгт нь өдөрт 20 минут дугуй унах дасгалыг тасралтгүй жилийн турш хийлгээд үр дүнг нь харьцуулан судалсан байна.  Дасгалын бүлэгт гэнэт нас барах эрсдэл бүхий хүчтэй өвдөлт өгөөгүй тохиолдол нь өндөр байсан (88% versus 70% in the PCI group, P=0.023) зүрхний булчингийн хүчилтөрөгч зарцуулах чадвар дасгал хийсэн бүлэгт нэмэгдсэн (+16%, from 22.7±0.7 to 26.2±0.8 mL O2/kg, P<0.001 versus baseline, P<0.001 versus PCI group ). Стент тавихад $6956 зарцуулсан бол дасгалын бүлэгт $3429 зарцуулжээ (P<0.001).
Дүгнэлт— PCI бүлэгтэй харьцуулахад 12 сарын турш тасралтгүй дасгал хийж байсан тогтвортой бах эмгэгтэй өвчтнүүдийн дахин эмнэлэгт хэвтэх хугацаа уртассан, нас баралт багассан, санхүүгийн зардал бага гарсан, дасгалд тэсвэрлэх чадвар нэмэгдсэн байна.


 Хөл бол таны хоёр дахь зүрх юм. Хөлний булчингаа сайтар хөгжүүлээрэй.



Зүрхний сэргээн засах эмчилгээг хийхэд хэрэглэгдэх хяналтын тоног төхөөрөмжүүд харагдаж байна.

Cardiac stent or rehab? - Зүрхний стент төгс эмчилгээ мөн үү?

2014.6.13-14-ний өдрүүдэд Бие Бялдар Сэргээн Засал Судлалын Монголийн Нийгэмлэгийн 9-р чуулган " Зүрх Судасны Сэргээн Засалт, ач холбогдол" гэсэн үндсэн сэдвийн дор амжилттай болж өнгөрсөн билээ. Анагаах ухааны доктор Батгэрэл багш, Японы Гүнма Их Сургуулийн Зүрхний Сэргээн Засах Тэнхмийн багш Такафуми Ижима багш нарын тавьсан илтгэлүүд тун сонирхолтой байсан бөгөөд эдгээрийн үндсэн санааг блогтоо тэмдэглэн үлдээе гэж бодлоо.

Яагаад бид Монголд зүрхний сэргээн засах эмчилгээг нэн түргэн хугацаанд далайцтайгаар хөгжүүлэх ёстой вэ гэвэл:
1. Монгол улсын нас баралтын тэргүүлэх шалтгааны 35.1%-ийг цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны эмгэг эзэлдэг. Нас баралтын тоог бууруулахын тулд бид энэ салбарыг хөгжүүлнэ.
2. Сүүлийн жилүүдэд Монгол эмч нар зүрхний шигдээс болоод ирж буй өвчтнүүдэд яаралтай титэм судасны мэс засал хийж, стент тавих үйл ажиллагаа өргөжиж эхэллээ. Нэгэнт яаралтай мэс заслыг хийгээд хүний амийг аварсан тохиолдолд дахин судас нарийсахаас сэргийлэх ажлыг сэргээн засалч эмч нар хийж байж сая эмчилгээ бүрэн дүүрэн болно. Энэ дутагдаад байгаа хоосон зайг дүүргэхийн тулд бид энэ салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юмаа.
Зүрхний сэргээн засалт дэлхий дахинд хэзээнээс хэрхэн яаж хөгжиж ирснийг товчлон бичихэд 1940 оноос өмнө зүрхний шигдээс болсон өвчтнийг хамгийн багадаа 6 долоо хоног оронд нь нам хэвтүүлэх хэрэгтэй гэж үздэг байжээ. Ингээд хэвтэрт удаан байлгаад ирэнгүүт яс сийрэгжинэ, булчин хатингаршина, бие махбодийн үйл ажиллагаа алдагдаж ялангуяа зүрхний цохилт, цусны даралтын зохицуулга алдагдаад, дасгалд тэсвэрлэх чадвар буураад эмчлэхээс илүүтэй маш олон хүндрэлүүд гарч ирдэг байв. 1951 онд Левин "тохой тавих түшлэг бүхий сандал эмчилгээний арга"-ыг нэвтрүүлэв. 1970 оноос зүрх судасны эмгэгүүдийн эмгэг жамын ойлгож, үүнтэй уялдуулан эмчлэх арга өөрчлөгдөж ахиц дэвшил гарч эхлэв.  1980 аад оноос биеийн идэвхитэй үйл ажиллагааг шигдээсийн дараа аль болох эрт эхлүүлэхэд асуудалгүй эсрэгээр үр дүнтэй болохыг баталсан олон судалгааны ажлууд хийгдсэнээр эмнэлэгт хэвтэх ор хоног 10 болж багасав. 1983 онд Япон улсын эрүүл мэндийн яамнаас цочмог зүрхний шигдээс болсон өвчтөн нэг сар зүрхний сэргээн засах эмчилгээнд хамрагдах ёстой гэсэн заалтыг гаргаж, даатгалын системдээ суулгаж өгсөн байна. 2003 онд бусад хавсарсан эмгэггүй зүрхний шигдээстэй өвчтний ор хоног 3.5 өдөр болж богиноссон байна.
Харин Монгол улсын хувьд бид өнөөдөр 20-30 жилээр хоцорч явна. Баярлууштай нь өнгөрсөн жилээс ДЭМБ-ийн тусламжтайгаар " Зүрхний шигдээсийн сэргээн засалтын эмнэлзүйн удирдамж"-ыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна.


Титэм судасны эмгэгт цээжний бах буюу стенокардия, зүрхний булчингийн шигдээс хоёр ордог. Ихэнх мэргэжилтнүүд цээжний бах шигдээсээр хүндэрдэг гэж тайлбарладаг боловч яг үнэндээ нийт шигдээс болсон өвчтнүүдийн зөвхөн 14% нь л цээжээр өвддөг байсан гэсэн өгүүлэмжтэй, 70% дээш хэмжээний титэм судасны нарийсалтай байдаг. Цээжний бахыг дотор нь тогтвортой, тогтворгүй гэж 2 ангилдаг. Тогтворгүй гэдэг нь удаан хугацаагаар цээжний өвдөлттэй явж байгаа, өвдөлт тайван үед намдахгүй мөн нитроглицеринд өвдөлт намдахгүй бол тогтворгүй бах гэж байгаа юм. Зүрхний шигдээс, цээжний бахын тогтворгүй хэлбэрийг " титмийн цочмог хам шинж" -д гэсэн ойлголтонд хамааруулах ба энэ тохиолдолд үхэл өндөр байдаг. Амь насыг нь аврах зорилгоор нарийссан титэм судсанд катетор оруулаад судсыг өргөсгөж барих метал стентийг үлдээгээр ангиографиар харахад дээдэх зураглал үзэгдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн үед амь аврагдаад, ангиографиар л сайжирсан харагдана. Хэрвээ энэ судсыг хөндлөн огтлолоор харах юм бол судасны хана гэмтдэг учраас дахин стеноз болох эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр стент тавина гэдэг маань төгс эмчилгээ болж чаддаггүй.

Титэм судас нарийсна гэдэг маань хананд нь иймэрхүү товруунууд үүсдэг. Энэ товрууг мөн тогтвортой тогтворгүй гэж ангилна. Ямар тохиолдолд тогтворгүй болдог вэ гэвэл судасны хана гэмтэж үрэвссэн тохиолдолд, цусны даралт гэнэт ихэсч гэнэт буух гэх мэт огцом өөрчлөлттэй бол, тэгээд цус их өтгөрсөн тохиолдолд товруу тогтворгүй болж, судас бөглөрч өвчтөн нас бардаг. Эндээс яаж эмчлэх нь зөв юм бэ гэсэн асуулт урган гарч ирнэ.Сэргээн засах эмчилгээ нь өвчтөнд боловсрол олгох, хоол эмчилгээ, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, аеробек дасгалаар хичээллэх, хөлний булчинг хөгжүүлэх ингэснээр хөлний судаснууд өргөсөж, судасны ханын булчингийн уян хатан чанар сайжирдаг. Ингээд ирэхээр зүрхэнд ирэх ачаалал буурна. Мөн цусны даралтыг огцом ихэсгээд байгаа симпатик мэдрэлийг идэвхижилийг бууруулаад ирэхээр гэнэт нас барах магадлал багасна. Хоол эмчилгээний аргаар цусны өтгөрөл, судасны ханын үрэвслийг хянах боломжтой. Тэгэхээр титмийн судсыг эмээр эсвэл металлаар хүчээр өргөсгөөд байх нь зөв үү эсвэл биемахбодид өөрөө өөрийгөө эмчлэх боломж олгож, түүнийг дэмжих нь зөв үү? Өвчин яаж эхлээд ямар механизмаар үхэлд хүргээд байна вэ гэдгийг судалж тогтоогоод, сэргээн засах эмчилгээ ямар механизмаар яаж үйлчлээд байгааг дэлхий даяар олоод мэдчихлээ. Ингээд нотолгоонд суурилсан анагаах ухаанд батлагдаад гараад ирсэн эмчилгээний аргыг Монголд яагаад дэлгэрүүлэхгүй байна вэ? Бас л шийдэх асуудал болоод байна даа.
Цээжний бахаар өвдөхгүй тулд эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Зүрхний шигдээс болохгүйн тулд судас бөглөөд байгаа хүчин зүйлийг буюу тромбыг хянах хэрэгтэй. Хамгийн гол нь манай улсын 3 үхэл тутмын нэгнийх нь шалтгаан болсон эмчлэх боломжтой титмийн эмгэгийн эсрэг зогсох арга хэмжээг эрүүл мэндийн удирдах байгууллага зохион байгуулж явуулахгүй дэмжихгүй байгаа юм бэ?
Мэдлэг дутаж байна уу эсвэл сэтгэл дутаад байна уу???