Monday, November 11, 2013

Өвдөгний өвдөлтийн ялган оношилгоо- Knee pain DDx

Өвдөгний өвдөлтийн ялган оношилгоог хийхэд нэгт өвчтний нас, хоёрт өвдөлтийн байршил чухал ач холбогдолтой.
А. Насны хувьд ямар байдаг вэ?
Хүүхэд болон өсвөр насныханы хувьд тойг хагас мултрах, шилбэ ясны төвгөр хэсгийн үрэвсэл буюу Осгүүд Шлаттэрийн гэмтэл (Osgood- Shlatter lesion), тойгны шөрмөсний үрэвсэл (jumper's knee), дамжсан өвдөлтийн шалтгаан нь дунд чөмөгний толгой хэсгийн гулгалт (slipped capital femoral epiphysis) болон остеохондрит байж болно.
Насанд хүрэгчид тэр дундаа хөдөлмөрийн насныханы хувьд өвдөгний холбоосуудын гэмтэл, үрэвсэлт үений эмгэгүүд, үжилт артрит, бурсит, тойг ясны үрэлцсэн эмгэг гэх мэт тохиолдож болно.
Ахмад настнуудын хувьд өвдөг өвдөж байвал  остеоартрит, тулай, тахимны хонхорт уйланхай үүсэх гэсэн эмгэгүүдийн хооронд ялган оношлогоог хийвэл зохистой.
Б. Байрлалын хувьд ямар байх вэ?
1.  Өвдөгний урд талын өвдөлт 
Patellar subluxation or dislocation - Өвдөгний тойгны хагас болон бүтэн мултрал
Tibial apophysitis (Osgood Schlatter Lesion)
Jumper's knee (patellar tendonitis) - Тойгны шөрмөсний үрэвслийг тодруулахад өвдөгний урд хэсгийн өвдөлтийн дийлэнх шалтгаан нь өвдөг тэнийлгэгч 4 толгойт булчингийн тойг дээгүүр давж өнгөрөөд шилбэний бүдүүн ясны төвгөр хэсэгт бэхлэгдэж буй шөрмөсний дээд болон доод хэсгийн хэт ачаалалтай холбоотой үүсэх шөрмөсний үрэвсэл байх нь элбэг учраас бүтцийн энэхүү онцлогыг ялган оношлогоо хийхдээ байнга санаж байх нь тустай.
Patellofemoral pain syndrome (chondromalacia patellae)
2. Өвдөгний дотор хажуу талын өвдөлт 
Өвдөгний дотор хажуу холбоосын суналт, гэмтэл
 Дотор менискусын урагдал
Pes anserine bursitis
Medial plica syndrome
3. Өвдөгний гадна хажуу талын өвдөлт
Өвдөгний гадна хажуу холбоосын суналт, гэмтэл
Гадна менискусын урагдал 
Iliotibial band tendonitis
4. Өвдөгны ар буюу тахимын хонхрын өвдөлт
Уйланхай үүсэх (Baker's cyst, Popliteal cyst)
Арын хэрээсэн холбоосын гэмтэл

Friday, October 25, 2013

Evaluation of knee pain - Өвдөгний системчилсэн үзлэг

Өвдөгний өвдөлттэй тохиолдлууд ихсээд л байна. Би гэдэг хүн "өвдгийг" нэг их сайхан дэлгэрэнгүй бичихсэн гэж бодоод 2 жил болсон байна. Одоо шууд төлөвлөгөөнийхөө дагуу бичээд явахгүй бол назгайрсаар 20 жил болох шинжтэй. Ерөнхийдөө системчилсэн үзлэг, ялган оношилгоо тус тусдаа сэдэв болж ороод, үргэлжлүүлээд өсвөр насны хүүхдүүдийн өвдөгний өвдөлт, спортын гэмтэл, остеоартрит гээд  өвдөгний тухайд  5 бичлэг нэмнэ гэж төлөвлөсөн байгаа.

Асуумж
Механик шинж тэмдэг -  энд гэмтэл авах үед өвдөг тасхийж дуугарах, идэвхитэй хөдөлгөөний дараа өвдөг түгжигдээд байгаа мэт санагдах, өөрөөр хэлбэл бүрэн тэнийж, нугалж чадахгүй, үен дотор хориг үүсээд байх, эсвэл өвдөг бэхэлгээгүй болчихсон мэт , алхахаар өвдөг салж уначих гээд байгаа мэт санагдах шинжүүд багтана.
Гэмтэл авлаа, өвдөг тасхийж дуугараад алхаж чадахгүй өвдлөө гэхэд өвдөгний холбоосын бүтэн урагдал байж болзошгүй гэж сэжиглэх хэрэгтэй.
Жишээ нь: Тамирчид бэлтгэл хийсний дараа өвдөг тэнийчихээд нугарч өгөхгүй удаад байдаг, хөдөлгөөн хийхээр өвдөг түгжигдээд байдаг гэвэл менискусын урагдал байх магадлалтай.
Өвдөг салж уначих гээд айлгаад байгаа бол тойгны хагас мултрал, эсвэл холбоосын 1, 2-р зэргийн урагдал байж болно.
Шингэн хурах- гэмтэл авлаа , тэр дороо их хэмжээний шингэн үүсээд ирвэл нэг бол холбоосын бүтэн урагдал ялангуяа урд талын хэрээс хэлбэрийн холбоосын тасралт эсвэл ясны хугарал байж болно. Харин 1-2 хоногийн дараанаас шингэн хураад, тэгэсгээд аяндаа гайгүй болсноо жаахан идэвхитэй хөдөлгөөн хийнгүүт дахиж шингэн үүсээд яваад байвал менискус гэмтсэн байх магадлалтай.
Гэмтлийн механизм - өвдөг нугалсан байрлалд урд талаасаа хүчтэй цохилт авахад ар талын хэрээс хэлбэрийн холбоос гэмтэнэ. Өвдгийг гадна хажуу талаас их хүчээр үйлчлэхэд дотор хажуугийн холбоос, дотор талаас нь гадагш чиглэлтэй хүчээр үйлчлэхэд гадна хажуугийн холбоос урагдана. Өвдөг хэт тэнийхэд хэрээс холбоосууд гэмтэнэ. Харин гэнэт эргэх, өвдгөөр мушгисан хөдөлгөөн их хийвэл менискус гэмтэнэ. Гүйж байгаад гэнэт зогсох, хурдан чиглэлээ өөрчлөх зэрэгт урд талын хэрээс холбоос гэмтэх нь элбэг.
Нэмээд өмнө нь өвдгөө гэмтээж байсан уу, тийм бол ямар арга хэмжээ авч, хэр хугацаанд өвдөлтгүй болж байсныг лавлана. Мөн бусад үеэр өвдөх шинж илэрдэг үү, тулай, артрит байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.
Үзлэг
2 хөлийг харьцуулж харна. Улайсан, хөхөрсөн, хаван хавдар байгаа эсэхийг ажиглана. 2 талын өвдөгний дээд талын 4 толгойт булчин тэр дундаа өвдөгний дээд дотор талын булчин (m. vastus medialis obliques) 2 хөлд ижил байна уу, өвчтэй талын хөлд энэ булчин хатингаршсан шинж байна уу гэдгийг ажиглаарай. За тэгээд халуун эсэх, өвчин эмзэглэлтэй эсэх, шингэн бий эсэхийг тэмтрээд үзэх хэрэгтэй. 4 толгойт булчин- тойг- тэгээд 4 толгойт булчингийн шилбэний бүдүүн ясанд ирж бэхлэгдсэн шөрмөсийг гэх мэтчилэн өвдөгний бүтцэнд орж буй бүх элементийг нэг бүрчлэн тэмтэрч үзнэ. Дараа нь өвдөгний үеэр бүтэн нугалж, тэнийж, эргүүлж чадах байгаа эсэхийг үзнэ. Өвдөг нь тэнийхдээ 0 хэм, нугалахдаа 135 хэм, гадагш дотогш эргэх хөдөлгөөнийг тус бүр 10 хэмээр хийдэг үе билээ. Эдгээр далайц хэвийн хэмжээнд хадгалагдаж байгаа эсэхийг шалгаад, өвдөг нугалах тэнийлгэх булчингийн хүчийг эсэргүүцэл өгч шалгаж үзнэ. Тойгны зам хэр байгааг 4 толгойт булчингаа чангал гэж хэлж байгаад харж шалгана. 4 толгойт булчингийн өнцгийг тодорхойлно.Q angle 15 хэмээс дээш бол 4 толгойт булчингийн хүчтэй агшилтаар тойг хагас мултрах эрсдэл өндрийг харуулна. (хэрвээ уншигч та энэ талаар сонирхож байвал дэлгэрүүлээд интернетээс хайгаад, яаж өнцөг тодорхойлдог талаар сурч болно. Миний компьютороос зураг орохгүй байгаад хүлцэл өчье)
Өвдөгний үенд шингэн хурсан эсэхийг шалгахдаа өвчтнөө дээш харуулж хэвтүүлээд, өвдөг тэнийсэн байрлалд  тойгны хил хязгаар тод харагдаж байгаа эсэхийг ажиглаарай. Тойг тодорхой харагдахгүй бол шингэн хурсаны шинж юм. Тойг хагас мултарсан эсэхийг шалгахдаа тойгны дотор талд хуруугаа байрлуулаад гадагш чиглэлтэй түлхээд үзэхэд өвдөлт эсвэл тогтворгүй байдал илэрвэл сэжигтэйн шинж. Дараа нь гаднаас дотогш чиглэлтэй тойгыг түлхэж үзнэ.
Дараа нь өвдөгний урд болон ар талын хэрээсэн холбоос, дотор ба гадна хажуу талын холбоос , менискусын урагдалыг тус тусад нь илрүүлэх өвөрмөц сорилыг хийж үзнэ. (зураг оруулж болохгүй байгаа болохоор дараа тайлбарлахаар орхилоо)

Шинжилгээ
Хөлийг бага зэрэг хөдөлгөхөд л өвдөөд байгаа, дарахад хөндүүр эмзэглэл ихтэй, халуу оргиж, хавдсан өвдөгний үенээс соруулаад гарсан шингэнийг нь шинжилгээнд явуулах ёстой. Мөн цусны шинжилгээгээр цагаан эс, СОЭ, цаашилбал РА илрүүлэх бусад үзүүлэлтүүдийг үзнэ.




Monday, September 16, 2013

Neuropathic pain assessment and treatment - Мэдрэлийн гаралтай өвдөлт №2

Оношлогоо

Мэдрэлийн гаралтай өвдөлтийг оношлоход асуумж чухал ач холбогдолтой. Эндээс архаг уу цочмог уу гэдгийг тодруулна. Мөн өвдөлтийн шинж чанараар нь баримжаа авах боломжтой. Өвдөлтийн оноо буюу 0-10 оноогоор өвдөлтийн эрчмийг тодорхойлно. Ингэж асуух зуураа ажиглах хэрэгтэй. Ерөнхийдөө бага зэргийн буюу (Pain score 0-3) үед хүн инээмсэглэх чадвартай байдаг. Өвдөж байгаа гэсэн ч инээмсэглэх чадвараа алдаагүй бол бага зэргийн өвдөлт гээд бодчихож болно. За тэгээд хамгийн сүүлд мэдрэлийн дерматомоор буюу мэдрэл явж салаалж байгаа талбайгаар бүсчилсэн өвдөлт өгч байгаа эсэхийг тодруулаарай.
Дараа нь мэдрэлийн үзлэг хийнэ. Мэдрэхүйг сайтар шалгах хэрэгтэй. Ингэхдээ хүрэлцэх, халуун хүйтнээр үйлчлүүлэх, самаар самнах, даралт учруулах, зүүгээр хатгах гэх мэтээр шалгана. Ингэхдээ эрүүл өвчтэй талыг харьцуулан үзэж, өвчтнөөс мэдрэхүй хэвийн, буурсан, эсвэл ихэссэн гэсэн үнэлгээг сонсон тэмдэглэгээ хөтөлнө. Нэмээд мэдрэлийн салаалалтаар мэдрэхүй алдагдсан эсэхийг өмнө зурж тэмдэглэнэ. Асуумж үзлэгээс урьдчилсан оношийг гаргаад булчингийн цахилгаан бичлэг гэх мэт нарийн шинжилгээгээр оношийг баталгаажуулна.
Үрэвслийн гаралтай өвдөлтийн үед зөвхөн эерэг шинжүүд болох мэдрэхүй ихэссэн шинжүүд илэрдэг бол мэдрэлийн гаралтай өвдөлтийн үед эерэг дээр нэмээд мэдрэхүй буурсан болон алдагдсан сөрөг шинжүүд илэрдэг нь ялган оношлогооны ач холбогдолтой болно.

Эмчилгээ

Гол нь мэдрэлийн гаралтай өвдөлтийн цаана ямар эмгэг байгааг тодруулж өөрөөр хэлбэл шалтгааныг зөв олж эмчлэх нь туйлын чухал.
Дан ганц өвдөлтөөс гадна өөрөөр хэлбэл мэдрэхүйгээс гадна тухайн хүний зан төрх, сэтгэл санааны байдал, сэтгэн бодох чадварт давхар нөлөөлдөг гэдгийг бодолцон эмчилгээг цогцоор шийдэж байвал тун сайн. Эмийн эмчилгээний тухайд хэт мэдрэгжсэн нейроны мэдрэгжилтийг өөр өөрийн механизмаар бууруулж буй хэд хэдэн төрлийн эмүүдийг ашиглана. Жишээ нь:
Сэтгэл гутралын эсрэг эмийн бүлэгт хамаарах амитриптилин мэдрэлийн гаралтай өвдөлтөнд нилээд үр дүн үзүүлж байна. Уналт таталтын эсрэг эмийн бүлгээс Кальцийн сувгийг хориглогч Габапентин (Tebantin), Натрийн сувгийг хориглогч Карбамазепин гэх мэт.
Эдгээр эмүүдийн гаж нөлөө нь өдрийн цагаар нойрмоглох, тэнцвэр алдах, толгой эргэх , жин нэмэх зэрэг болно. Ерөнхийдөө эхний 3-5 хоногт эдгээр гаж нөлөө илрээд аажимдаа алга болдогыг өвчтөнд сануулж байх хэрэгтэй.
Чихрийн шижин буюу диабеттэй хүмүүсийн захын мэдрэлийн эмгэгээс улбаалсан мэдрэлийн гаралтай өвдөлтийг хэрхэн намдаах талаар дурдахад эмчилгээнд 1-р эгнээний, 2-р эгнээний бүр боломжгүй бол 3-р эгнээний эмүүд лүү хэрхэн шилжүүлж эмчлэх талаар гарсан олон улсын аргачлалыг танилцуулая. 1-р эгнээний эмэнд: амитриптилин 10-75мг/хоногт, габапентин 300-3600 мг/хоногт, трамадол 150- 300 мг/хоногт
 2-р эгнээний эмэнд: дээрх 3 эмийг хавсруулан хэрэглэх,
3-р эгнээний эмэнд: lamotrigine 200-400мг/хоногт, сэтгэл гутралын эсрэг эм +опиод байж болно. Хамгийн чухал нь тунг тооцоолох, дээрх мэдрэлийн гаралтай өвдөлтийн эсрэг эмүүдийг бага тунгаас эхлээд барих тунд шилжүүлж явдаг учраас мэргэжлийн эмчийн зөвөлгөөгүйгээр дур мэдэн хэрэглэх нь туйлын осолтой болно. 
Эндээс мэдрэлийн гаралтай өвдөлтөнд үрэвслийн эсрэг эмийг хэрэглээд ямар ч үр дүнгүй болохыг ойлгосон гэдэгт итгэж байна.

Neuropathic pain №1 - Мэдрэлийн гаралтай өвдөлт



Өнгөрсөн баасан гаригт ЭХЭМҮТ буюу хуучнаар ЭНЭШТ-д "Өвдөлтийн менежментийг хөгжүүлэх нь" гэсэн олон улсын сургалт семинар оролцогч цөөнтэй ч мэдлэг түгээгч олонтойгоор боломжын өгөөжтэй сайхан болж өнгөрлөө. Гол санаа нь "Өвдөлтийн менежментийг хөгжүүлэх бодлого, удирдамж, үйл ажиллагааны чиглэл боловсруулах" тал дээр эрх мэдэл бүхий хүмүүсийн бодлыг сонсох, нэг чиглэлд нэгтгэх тал дээр анхаарч байсан болов уу гэж би хувьдаа ойлгосон бөлгөө. Ямартаа ч миний бие "Өвдөлт ба СЗЭ" чиглэлээр бяцхан илтгэл бэлдсэнээ тавьсан. Мөн Дэлхийн Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байсан Troels Staehelin Jensen (Дээр байгаа зургийн голд зогсож буй эрхэм) доктор, профессорын лекцүүдийг орчуулан хэрэндээ идэвхи санаачлагатай оролцлоо. Өмнө нь мэргэжлийн орчуулга хийдэг л байсан. Гэхдээ энэ хүн шиг ийм цэгцтэй, цэвэрхэн, өөгүй үнэхээр мэргэжлийн илтгэгчийн түвшинд хүрсэн гэмээр хүний орчуулгыг хийж байсангүй. Орчуулга хийхэд урамтай сайхан байснаа заавал дурдмаар санагдлаа. Эхний лекц нь IASP Буюу Дэлхийн Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн талаарх танилцуулга, тэтгэлэгт боломжуудыг дурдсан илтгэл байв. Дараагийн лекц нь "Мэдрэлийн гаралтай өвдөлтийн оношлогоо, эмчилгээ" гэсэн сэдэв байлаа. Эндээс товчлон мэдээлэл түгээхээр шийдсэнээ хуваалцаж байна. Хүлээн авна уу?

Архаг өвдөлтийг үндсэндээ 3 ангилдаг. Үүнд:  носисептив буюу үрэвслийн, невропатик буюу мэдрэлийн гаралтай, шалтгаан тодорхойгүй гэж 3 хуваана. Үрэвслийн гэхээр мэдрэлийн төгсгөл цочирч өвдөлт дамжина. Шинж чанарын хувьд янгинах, дүүрэх, унжих, цардайх, чилэх, базлуулах маягийн өвдөлттэй. Өвчин намдаах эмэнд үр дүнтэй. Невропатик гэдэг нь мэдрэлийн эмгэг эсвэл мэдрэлийн гэмтэлтэй холбоотойгоор өвдөлт дамжих ба зүүгээр хатгах мэт, хутгалах мэт, хөрөөдөх мэт, өрөмдөх мэт, цахилгаан гүйх мэт, бадайрч хөлдөх мэт, шатаж түлэгдэх мэт, жирс жирс хийх гэсэн шинж чанартай өвдөлтийг өгнө. Өвдөлт нь захын мэдрэлээс эхлээд нугасаар дамжин тархинд хүрдэг. Невропатик өвдөлтийн үед эмгэг жам, шинж тэмдгийн хооронд ялгах тодорхой зааг байхгүйтэй холбоотойгоор мөн захын мэдрэл болон төв мэдрэлийн системд хэт мэдрэгжил үүссэнээс болоод тэр бүрийд амархан намдаад байдаггүй, архаг хэлбэрт шилжих нь олонтоо, өөрөөр хэлвэл эмчлэхэд туйлын төвөгтэй өвдөлтийн нэг хэлбэр юм.
Үрэвслийн өвдөлт яагаад амархан намддаг вэ гэвэл мэдрэл өөрөө гэмтдэггүй мөн үрэвслийг намжаагаад ирэхээр дагаад өвдөлт буурдаг. Харин мэдрэлийн гаралтай өвдөлтийн үед гэмтсэн мэдрэл эдгэсэн ч дурдатгал өвдөлт байсаар байдаг.
ALLODYNIA- жирийн үед өвдөлт үүсгэхгүй цочруулаар үйлчлэхэд өвдөж байх Жишээ нь: илэхэд өвдөх, хувцас өмсөх тайлахад хувцасны материал биед хүрэлцэхэд өвдөх
HYPERALGESIA- бага зэргийн өвдөлтийг маш хүчтэй өвдөлт мэтээр хүлээн авах шинжийг хэлнэ. Өөрөөр хэлбэл эдгээр нь хэт мэдрэгжилт болсныг зааж өгч байгаа юм. Эмгэг жамын хувьд товчхон ярихад ийм байна. Үргэлжлүүлээд оношлогоо эмчилгээний талаар өгүүлнэ.

Wednesday, May 15, 2013

Knee OA insole effect- эмчилгээний зориулалттай улавч хэрэглэсэн үр дүн



Өвдөгний остеоартриттай майга хүмүүст улны гадна хажуу талыг өндөрлөсөн улавч хэрэглэхэд гарсан үр дүнгийн судалгаа
Касэй Кэрриган  2002 он 


Зорилго:
5-10 хэмийн налуутай улны гадна хажуу талыг өндөрлөсөн улавч нь өвдөгний остеоартриттай майга хүмүүсийн алхаанд хэрхэн нөлөөлж байгааг улавчгүй бүлэг хийгээд гадна хажуу талыг өндөрлөөгүй болохоос бусад материал, зузаан хэмжээгээр ижил улавчыг хэрэглэсэн бүлэгтэй тус тус харьцуулан судлах
Загвар:
Дотор талын өвдөгний остеоартриттай хүмүүсийг 3 янзаар алхуулж судлав. Үүнд: 1. Өөрийнх нь хөлд эвтэй байнга өмсдөг улавчгүй гуталтай нь алхуулна.
2. 5 хэмийн налуутай улавчыг , өндөрлөөгүй мөртлөө 3.175 мм зузаан улавч бүхий хяналтын бүлэгтэй харьцуулж алхуулна.
 3. 10 хэмийн налуутай улавчыг , өндөрлөөгүй мөртлөө 6.35 мм зузаан улавч бүхий хяналтын бүлэгтэй харьцуулж алхуулна.
Эмнэлэг:
Хөдөлгөөний 3 хэмжээст анализ хийдэг, 3 хавтгайгаар хөдөлгөөний чиглэл болон булчингийн хүчийг хэмжигч төхөөрөмж бүхий алхаа судлах лаборатори
Оролцогчид:
1 өвдөгний дотор талын остеоартриттай болох нь эмнэл зүй хийгээд рентген шинжилгээгээр батлагдсан 15 оролцогчыг сонгон хамруулав.
Эмчилгээ:
Байхгүй
Үндсэн үр дүнгийн үнэлгээ:
Алхааны циклийн хөл газар хүрэлцэх үеийн өвдөгний үений гадагш чиглэсэн хамгийн хол цэгийг хэмжив. Доод мөчний эргүүлэх хүч хийгээд хөдөлгөөний талаарх болон төрөл бүрийн улавч хэрэглэсэн судалгаануудын талаарх мэдээллийг цуглуулав.
Үр дүн:
5 болон 10 хэмийн налуу өндөрлөгөө бүхий улавч хэрэглэсэн бүлгийн хувьд өвдөгний майга алхах үед багассан. Үүнийг улавчгүй хийгээд 3.175 мм, 6.35 мм зузаан улавч бүхий хяналтын бүлгүүдтэй харьцуулж судалж гаргасан болно. Улавчгүй бүлэгтэй харьцуулахад 5 хэмийн налуу өндөрлөгөөтэй улавч хэрэглэсэн бүлэгт майга 6%-аар, 10 хэмийнхийг хэрэглэсэн бүлэгт 8%-аар засрал ажиглагдсан байна. Алхааны хурдны хувьд бүлгүүдийн хооронд мэдэгдэхүйц зөрөө гараагүй. Харин 10 хэмийн налуутай өндөрлөгөө бүхий улавч хэрэглэсэн бүлэг хийгээд 6.35 мм тэгш улавч хэрэглэсэн бүлэгт майга засагдахтай холбоотой таагүй мэдрэмж төрсөн гэв.
Дүгнэлт:
Алхах үед майга засахад хоёр төрлийн налуу бүхий улавч үр дүнтэй гэж гарлаа. Онолоор налуу өндөрлөгөө бүхий улавчыг хэрэглэснээр алхааны хурд буурах, мөн улавчний ивээсийн нөлөөгөөр майга засахад өөрчлөлт үзүүлнэ гэж үздэг. Харин бидний хийсэн судалгааны мэдээллийн сангаас харж байхад нэг талын өндөрлөгөө бүхий улавч нь биомеханик талаасаа үр дүнтэй өөрөөр хэлвэл өвдөгний үений дотор талд ирж буй ачааллыг бууруулсанаар остеоартриттай өвчтнүүдэд тусалж байна гэсэн дүгнэлт хийгдлээ. Гэхдээ хувь хүн талаасаа 10 хэмтэй харьцуулахад 5 хэмийнх нь жижиг учраас байнга өмсөж явахад бэрхшээлгүй, тав тухтай байдаг.

Түлхүүр үгс:
биомеханик, алхаа, кинетик, өвдөг, сэргээн засах эмчилгээ, гутал

Magnetic knee wrap- соронзон өвдгөвчний эмчилгээний үр дүнгийн судалгаа



Шинж тэмдэг бүхий өвдөгний остеоартриттай хүмүүст гуяны урд талын 4 толгойт булчингийн хүчийг сайжруулах зорилгоор соронзон өвдгөвч хэрэглэх үед гарах үр дүнгийн судалгаа
                           
Чанг Яао Чэн,  Чиа Линг Чэн (Тайван улс)
2008 оны сэргээн засахын чиглэлийн сэтгүүлд гарсан өгүүлэл

Зорилго: Өвдөлт ихтэй өвдөгний остеоартриттай хүмүүсийн 4 толгойт булчинд соронзон өвдгөвч ямар нөгөө үзүүлж байгааг тодорхойлох
Загвар: Давхар нууцлалтай, санамсаргүй хяналтат, түүврийн судалгаа,  өмнө болон дараах сорилт
Эмнэлэг: 3-р шатлалын эмнэлгийн СЗЭ тасаг
Оролцогчид:  Амбулаториор үйлчлүүлж байсан хөнгөнөөс дунд зэргийн остеоартриттай 50 оролцогчыг сонгож авсан. (Дундаж нас± стандарт хазайлт 66.0±8.6 жил)
74% буюу 37 оролцогч судалгааг дуусгасан. 6% буюу 3 оролцогчид судалгаатай холбоотой гаж нөлөө илэрсэн учраас судалгааг орхисон.
Эмчилгээ: 24 оролцогчид жинхэнэ соронзон өвдгөвч, 26 оролцогчид хиймэл соронзон бус өвдгөвчийг 12 долоо хоногийн турш зүүлгэсэн.
Гол үнэлгээний хэмжүүр: Анхдагч үнэлгээний хэмжүүр нь изокинетик аргаар булчингийн хүчийг шалгах явдал байв. Хоёрдогч үнэлгээний хэрэгсэл нь Чадвар алдалтын индексийг тодорхойлох эрүүл мэндийн үнэлгээний асуумж (HAQ-DI), Өвдөлтийг хэмжих эрүүл мэндийн үнэлгээний асуумж (HAQ) –ыг тус тус хэрэглэсэн болно.
Үр дүн: Анхны эмчилгээнд суурилсан анализыг ашиглан үр дүнг тооцоход соронзон өвдгөвч хэрэглэсний дараа тухайн хөлний 4 толгойт булчингийн изокинетик хүч 30хэм/сек-д P= .007, 60хэм/сек-д P= .022 болж сайжирсан байна. Эмчилгээ эхэлснээс хойш 1 сарын дараах үзлэгийг анхны үзлэгтэй харьцуулахад судалгааны бүлгийн булчингийн хүчний дундаж хяналтын бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Сарын дараа (0.5Нм/кг : - .09Нм/кг 60 хэм/секундэд, P= .038), 3 сарын дараа (30 хэм/сек-д .09Нм/кг: .04Нм/кг, P=.044, 60 хэм/секундэд 17 Нм/кг: .02Нм/кг, P=.031) болсон байна.
Чадвар алдалтын индекс болон өвдөлтийн үнэлгээгээр 2 бүлэг 2-лаа мэдэгдэхүйц сайжрал өгсөн байна. Анхны үзлэгтэй харьцуулахад 3 сарын дараа гэхэд чадвар алдалтын индексийн үнэлгээгээр судалгааны бүлэг хяналтын бүлгээс илүүтэй сайжирсан нь харагдаж байв.
Дүгнэлт: Хөнгөнөөс дунд зэргийн остеоартриттай өвчтнүүдийн изокинетик 4 толгойт булчингийн хүчийг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор соронзон өвдгөвчийг хэрэглэвэл үр дүнтэй байна.
Түлхүүр үгс:  соронзон, булчингийн хүч, остеоартрит, өвдөг, 4 толгойт булчин, СЗЭ