Thursday, August 21, 2014

Evidence- Coronary angioplasty or ET? - нотолгоо

"Percutaneous Coronary Angioplasty Compared with Exercise Training in Patients with Stable Coronary Artery Disease" - Randomized trial by Rainer Hambrecht




ҮНДЭСЛЭЛ— Титэм судасны тогтвортой хэлбэрийн архаг эмгэгтэй хүмүүс тогтмол дасгал хийснээр зүрхний булчингийн перфузи сайжирч, эмгэг даамжрах явцыг зогсоодог нь хэдийн судлагдан тогтоогдсон билээ. Бид энэ удаад стент тавих PCI эмчилгээг дасгал эмчилгээтэй харьцуулсан санамсаргүй түүврийн аргаар хийгдсэн судалгааг танилцуулахад бэлэн боллоо. Судалгаанд голчлон анхаарсан хэсгүүд нь миокардийн перфузид ямар нөлөө үзүүлж байгааг, цээжний өвдөлтгүйгээр дасгал хийх боломж хэр байгааг, мөнгө хэр зэрэг хэмнэж байгааг, гэнэтийн үхэлд хүргэх эрсдэл хэр өндөр байгааг тус тус анхааран судаллаа. 
Арга аргачлал ба үр дүн— Цээжээр өвдөж байна гэсэн зовиуртай 70 настай 101 хүнийг түүж аваад, ангиографиар оношийг баталгаажуулаад, нэг бүлэгт нь стент тавих ажилбар нөгөө бүлэгт нь өдөрт 20 минут дугуй унах дасгалыг тасралтгүй жилийн турш хийлгээд үр дүнг нь харьцуулан судалсан байна.  Дасгалын бүлэгт гэнэт нас барах эрсдэл бүхий хүчтэй өвдөлт өгөөгүй тохиолдол нь өндөр байсан (88% versus 70% in the PCI group, P=0.023) зүрхний булчингийн хүчилтөрөгч зарцуулах чадвар дасгал хийсэн бүлэгт нэмэгдсэн (+16%, from 22.7±0.7 to 26.2±0.8 mL O2/kg, P<0.001 versus baseline, P<0.001 versus PCI group ). Стент тавихад $6956 зарцуулсан бол дасгалын бүлэгт $3429 зарцуулжээ (P<0.001).
Дүгнэлт— PCI бүлэгтэй харьцуулахад 12 сарын турш тасралтгүй дасгал хийж байсан тогтвортой бах эмгэгтэй өвчтнүүдийн дахин эмнэлэгт хэвтэх хугацаа уртассан, нас баралт багассан, санхүүгийн зардал бага гарсан, дасгалд тэсвэрлэх чадвар нэмэгдсэн байна.


 Хөл бол таны хоёр дахь зүрх юм. Хөлний булчингаа сайтар хөгжүүлээрэй.



Зүрхний сэргээн засах эмчилгээг хийхэд хэрэглэгдэх хяналтын тоног төхөөрөмжүүд харагдаж байна.

Cardiac stent or rehab? - Зүрхний стент төгс эмчилгээ мөн үү?

2014.6.13-14-ний өдрүүдэд Бие Бялдар Сэргээн Засал Судлалын Монголийн Нийгэмлэгийн 9-р чуулган " Зүрх Судасны Сэргээн Засалт, ач холбогдол" гэсэн үндсэн сэдвийн дор амжилттай болж өнгөрсөн билээ. Анагаах ухааны доктор Батгэрэл багш, Японы Гүнма Их Сургуулийн Зүрхний Сэргээн Засах Тэнхмийн багш Такафуми Ижима багш нарын тавьсан илтгэлүүд тун сонирхолтой байсан бөгөөд эдгээрийн үндсэн санааг блогтоо тэмдэглэн үлдээе гэж бодлоо.

Яагаад бид Монголд зүрхний сэргээн засах эмчилгээг нэн түргэн хугацаанд далайцтайгаар хөгжүүлэх ёстой вэ гэвэл:
1. Монгол улсын нас баралтын тэргүүлэх шалтгааны 35.1%-ийг цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны эмгэг эзэлдэг. Нас баралтын тоог бууруулахын тулд бид энэ салбарыг хөгжүүлнэ.
2. Сүүлийн жилүүдэд Монгол эмч нар зүрхний шигдээс болоод ирж буй өвчтнүүдэд яаралтай титэм судасны мэс засал хийж, стент тавих үйл ажиллагаа өргөжиж эхэллээ. Нэгэнт яаралтай мэс заслыг хийгээд хүний амийг аварсан тохиолдолд дахин судас нарийсахаас сэргийлэх ажлыг сэргээн засалч эмч нар хийж байж сая эмчилгээ бүрэн дүүрэн болно. Энэ дутагдаад байгаа хоосон зайг дүүргэхийн тулд бид энэ салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юмаа.
Зүрхний сэргээн засалт дэлхий дахинд хэзээнээс хэрхэн яаж хөгжиж ирснийг товчлон бичихэд 1940 оноос өмнө зүрхний шигдээс болсон өвчтнийг хамгийн багадаа 6 долоо хоног оронд нь нам хэвтүүлэх хэрэгтэй гэж үздэг байжээ. Ингээд хэвтэрт удаан байлгаад ирэнгүүт яс сийрэгжинэ, булчин хатингаршина, бие махбодийн үйл ажиллагаа алдагдаж ялангуяа зүрхний цохилт, цусны даралтын зохицуулга алдагдаад, дасгалд тэсвэрлэх чадвар буураад эмчлэхээс илүүтэй маш олон хүндрэлүүд гарч ирдэг байв. 1951 онд Левин "тохой тавих түшлэг бүхий сандал эмчилгээний арга"-ыг нэвтрүүлэв. 1970 оноос зүрх судасны эмгэгүүдийн эмгэг жамын ойлгож, үүнтэй уялдуулан эмчлэх арга өөрчлөгдөж ахиц дэвшил гарч эхлэв.  1980 аад оноос биеийн идэвхитэй үйл ажиллагааг шигдээсийн дараа аль болох эрт эхлүүлэхэд асуудалгүй эсрэгээр үр дүнтэй болохыг баталсан олон судалгааны ажлууд хийгдсэнээр эмнэлэгт хэвтэх ор хоног 10 болж багасав. 1983 онд Япон улсын эрүүл мэндийн яамнаас цочмог зүрхний шигдээс болсон өвчтөн нэг сар зүрхний сэргээн засах эмчилгээнд хамрагдах ёстой гэсэн заалтыг гаргаж, даатгалын системдээ суулгаж өгсөн байна. 2003 онд бусад хавсарсан эмгэггүй зүрхний шигдээстэй өвчтний ор хоног 3.5 өдөр болж богиноссон байна.
Харин Монгол улсын хувьд бид өнөөдөр 20-30 жилээр хоцорч явна. Баярлууштай нь өнгөрсөн жилээс ДЭМБ-ийн тусламжтайгаар " Зүрхний шигдээсийн сэргээн засалтын эмнэлзүйн удирдамж"-ыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна.


Титэм судасны эмгэгт цээжний бах буюу стенокардия, зүрхний булчингийн шигдээс хоёр ордог. Ихэнх мэргэжилтнүүд цээжний бах шигдээсээр хүндэрдэг гэж тайлбарладаг боловч яг үнэндээ нийт шигдээс болсон өвчтнүүдийн зөвхөн 14% нь л цээжээр өвддөг байсан гэсэн өгүүлэмжтэй, 70% дээш хэмжээний титэм судасны нарийсалтай байдаг. Цээжний бахыг дотор нь тогтвортой, тогтворгүй гэж 2 ангилдаг. Тогтворгүй гэдэг нь удаан хугацаагаар цээжний өвдөлттэй явж байгаа, өвдөлт тайван үед намдахгүй мөн нитроглицеринд өвдөлт намдахгүй бол тогтворгүй бах гэж байгаа юм. Зүрхний шигдээс, цээжний бахын тогтворгүй хэлбэрийг " титмийн цочмог хам шинж" -д гэсэн ойлголтонд хамааруулах ба энэ тохиолдолд үхэл өндөр байдаг. Амь насыг нь аврах зорилгоор нарийссан титэм судсанд катетор оруулаад судсыг өргөсгөж барих метал стентийг үлдээгээр ангиографиар харахад дээдэх зураглал үзэгдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн үед амь аврагдаад, ангиографиар л сайжирсан харагдана. Хэрвээ энэ судсыг хөндлөн огтлолоор харах юм бол судасны хана гэмтдэг учраас дахин стеноз болох эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр стент тавина гэдэг маань төгс эмчилгээ болж чаддаггүй.

Титэм судас нарийсна гэдэг маань хананд нь иймэрхүү товруунууд үүсдэг. Энэ товрууг мөн тогтвортой тогтворгүй гэж ангилна. Ямар тохиолдолд тогтворгүй болдог вэ гэвэл судасны хана гэмтэж үрэвссэн тохиолдолд, цусны даралт гэнэт ихэсч гэнэт буух гэх мэт огцом өөрчлөлттэй бол, тэгээд цус их өтгөрсөн тохиолдолд товруу тогтворгүй болж, судас бөглөрч өвчтөн нас бардаг. Эндээс яаж эмчлэх нь зөв юм бэ гэсэн асуулт урган гарч ирнэ.Сэргээн засах эмчилгээ нь өвчтөнд боловсрол олгох, хоол эмчилгээ, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, аеробек дасгалаар хичээллэх, хөлний булчинг хөгжүүлэх ингэснээр хөлний судаснууд өргөсөж, судасны ханын булчингийн уян хатан чанар сайжирдаг. Ингээд ирэхээр зүрхэнд ирэх ачаалал буурна. Мөн цусны даралтыг огцом ихэсгээд байгаа симпатик мэдрэлийг идэвхижилийг бууруулаад ирэхээр гэнэт нас барах магадлал багасна. Хоол эмчилгээний аргаар цусны өтгөрөл, судасны ханын үрэвслийг хянах боломжтой. Тэгэхээр титмийн судсыг эмээр эсвэл металлаар хүчээр өргөсгөөд байх нь зөв үү эсвэл биемахбодид өөрөө өөрийгөө эмчлэх боломж олгож, түүнийг дэмжих нь зөв үү? Өвчин яаж эхлээд ямар механизмаар үхэлд хүргээд байна вэ гэдгийг судалж тогтоогоод, сэргээн засах эмчилгээ ямар механизмаар яаж үйлчлээд байгааг дэлхий даяар олоод мэдчихлээ. Ингээд нотолгоонд суурилсан анагаах ухаанд батлагдаад гараад ирсэн эмчилгээний аргыг Монголд яагаад дэлгэрүүлэхгүй байна вэ? Бас л шийдэх асуудал болоод байна даа.
Цээжний бахаар өвдөхгүй тулд эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Зүрхний шигдээс болохгүйн тулд судас бөглөөд байгаа хүчин зүйлийг буюу тромбыг хянах хэрэгтэй. Хамгийн гол нь манай улсын 3 үхэл тутмын нэгнийх нь шалтгаан болсон эмчлэх боломжтой титмийн эмгэгийн эсрэг зогсох арга хэмжээг эрүүл мэндийн удирдах байгууллага зохион байгуулж явуулахгүй дэмжихгүй байгаа юм бэ?
Мэдлэг дутаж байна уу эсвэл сэтгэл дутаад байна уу???

Tuesday, June 24, 2014

Nice paintings by Mongolian children - Хүүхдүүдийн зурсан зураг





Эрүүл Мэндийн Яамны хурлын зааланд ийм хөөрхөн зурагнууд өлгөсөн байв. Маш их таалагдсан тул утсаараа аваад блогтоо орууллаа.
Монголын үрс маш олон болох болтугай. Хүүхэд бүхэн халамж хайраар хангалуун байх болтугай.

Wednesday, June 18, 2014

Opening Pain Clinic for Cancer Patients in Mongolia- Хавдрын эмнэлэгт Өвдөлт Намдаах Клиник байгуулагдлаа

2014 оны 5 сарын 23нд Хавдар Судлалын Үндэсний Төвд анхны Өвдөлтийн клиник үүсгэн байгуулагдлаа.

Миний хувьд энд ажиллах нь мөрөөдөл мэт санагдаж байна. Сүүлд эзэмшсэн мэргэжил минь өвдөлт намдаах чиглэлийнх тэр дундаа архаг буюу хавдрын өвдөлтөөр мэргэшсэн болохоор тус тасаг нээгдэхэд чин сэтгэлээсээ баярлан нээлтийн ажиллагаанд оролцсон билээ. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Монголын архаг өвдөлтөөр шаналж буй мянга, мянган өвчтнүүдийн авралын газар байх болтугай. Хэзээ нэгэн цагт ажлаа өөрчлөхөөр сэтгэл шулуудвал энд ирж ажиллана даа гэж бодож байна. 

Wednesday, June 11, 2014

Cardiac Rehabilitation in Chronic Heart Failure- Зүрхний дутагдлын үеийн СЗЭ

1980-аад оноос өмнө зүрхний эмгэгийн үед дасгал хийж огт болохгүй гэсэн ойлголт мэргэжлийн хүмүүс хийгээд нийтэд түгээмэл байлаа. Тэр үеэс хойших 30 жилд зүрхний эмгэгтэй хүмүүс дасгал хөдөлгөөн хийснээр нас баралт буурах, дахин өвчлөх эрсдэлээс сэргийлэх өндөр ач холбогдолтой гэдгийг олон судлаач нар нотолж, эдүгээ зүрхний сэргээн засах эмчилгээ нь ерөнхий эмчилгээний үндсэн нэг хэсэг болж байна. Харин Монгол Улсад энэ талын судалгааны ажил дутмаг байгаа тул практикт тэр бүрий хэрэглэгдэхгүй байсаар ирлээ.
Ингээд та бүхэнд Франц улсад хийсэн зүрхний архаг дутагдалтай өвчтнүүдэд завсарлагатай, өндөр эрчимтэй дасгалын хөтөлбөрийн тасралтгүй, дунд эрчмээр хийх аеробек дасгалтай харьцуулан судалсан судалгааг товч танилцуулая.

Зүрх цусыг уушги болон биеийн эдүүд рүү оновчтой шахаж чадахгүйгээс болж хурц эсвэл архаг зүрхний дутагдал үүснэ.

Зүрхний архаг дутагдал үүсэх шалтгаан:

-Титэм судасны эмгэг

-Удаан хугацаанд цусны даралт ихтэй явах

-Кардиомиопати

-Зүрхний хавхлагын эсвэл зүрхний хэмнэлийн эмгэг

-Уушигны архаг бөглөрөлтөт өвчин тус тус багтана. 
Архаг дутагдал үүсч байгаа механизмыг энгийнээр тайлбарлавал уушгинаас хүчилтөрөгчөөр баялаг цус зүрх рүү ороод, зүрхнээс их бие рүү шахагдах ёстой. Энэ цикл алдагдсанаар өөрөөр хэлбэл зүрх цус шахаж чадахаа болиод ирэхээр цус буцаад уушги руу явна. Ингээд уушги хавагнаж үүнтэй холбоотой амьсгаадах, ханиалгах, бие сулрах зовиур илэрдэг. Ийм зовиур, эмгэгтэй 26 өвчтнийг сонгож аваад 2 бүлэгт хуваасан. 2 бүлэг хоёулаа 7 хоногийн 5 өдөр, нэг өдөр 2-3 цаг дасгал эмчилгээнд хамрагдаж байв. Дасгал эмчилгээнд гимнастик, усан дотор хийх гимнастик, нэмээд 2 бүлэг тус тусдаа өөр өөр дасгал буюу судлах гэж байгаа дасгалын хөтөлбөр багтана. Аль алинд нь эрсдэлт хүчин зүйлийн талаар сургалт давхар хийгдсэн. Ингээд 8 долоо хоногийн эмчилгээний дараа өвчтнүүдийн зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоонд үнэлгээ өгч, судалгааны үр дүнг тооцсон. 1-р бүлэг 30 секунд маш хурдтай дугуй жийгээд 60 секунд амраад нэг цикл болно. Энэ циклийг 12 удаа давтаад 5 минут амарна. Дахиад 12 давтаад 5 минут амарна гэсэн дарааллаар 3 сет хийнэ. 2-р бүлэгт 10 минут бие халаалт буюу далайцын дасгал хийгээд 45 минутын турш тасралтгүй аеробек хийнэ. Тэгээд төгсгөлд нь 5 минут амарсан. Судалгааны үр дүнг тооцоход 1-р бүлгийн зүрхний үйл ажиллагаа эрс сайжирсан байна. 
Үнэлгээг хийхдээ судалгааг эхлэхийн өмнө зүрхний эмчийн үзлэгт оруулсан. Ингэхдээ зүрхний ЭХО, биохимийн тест, цусны даралт зэргийг хэмжсэн. Дасгал эхлэхийн өмнө болон дараа ачаалал тэсвэрлэх сорил, steer ramp test, хүчилтөрөгчийн дээд зарцуулалт, амьсгаадалт үүсэх эхний босго, 6 минутын алхааны сорил, сэтгэлийн түгшүүр хийгээд гутралын асуумж зэргийг авч ялгаагаар судалгааны үр дүнг тооцсон. 
1-р бүлэгт хүчилтөрөгчийн дээд зарцуулалт буюу аеробек чадавхи, зүрхний дээд цохилт, амьсгаадалтын эхний босго-д зарцуулах хүчилтөрөгчийн хэмжээ, 6 минутын алхааны сорилд алхсан зай зэрэг үзүүлэлтүүд бүгд нэмэгдсэн. Харин 2-р бүлэгт амьсгаадалтын эхний босго хүрэх хугацаа уртсаж, 6 минутын алхааны сорилын зай нэмэгдсэнээс өөр өөрчлөлт илрээгүй. Эндээс завсарлагатай өндөр эрчимтэй дасгал хийхэд зүрхний зүүн ховдлын булчингийн үйл ажиллагаа эргэн сэргэдэг гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Өөрөөр хэлбэл ядарч цуцаад ажиллахаа больсон зүрхний булчинг ажиллуулаад эхлэхээр уушги руу хаягдах цус багасч хаван буурч эргээд тухайн өвчтний биеийн байдал дээрдэх боломжтой гэдэг нь нотолгоонд суурилсан анагаах ухаанаар батлагдаж байгаа юм. 
Анхааралтай уншиж дууссан танд баярлалаа.


Tuesday, March 4, 2014

Knee osteoarthritis - Өвдөгний остеоартрит

Сайн байцгаана уу?

Өвдөгний остеоартритын талаар бичихээр шийдлээ. Ерөнхийдөө өвдөгний остеоартрит нь нас ахимаг хүмүүст тохиолддог, үений сөнөрлийн үйл явцаар үүсдэг эмгэг юм. Ямар хүмүүс энэ эмгэгээр өвчлөх эрсдэлтэй вэ? Үүнд:
1. Эмэгтэйчүүд
2.  Илүүдэл жин, таргалалт
3.  Үений үрэвсэлт эмгэгээр өвчлөх
4.   Өмнө нь өвдөгний үендээ гэмтэл авч байсан бол
5.   Ажлын шаардлагагаар байнга өвдөг нугалах хөдөлгөөнийг дахин давтан хийдэг бол
6.   Ясны сийрэгжилтэй хэмээн оношлогдож байгаагүй бол
7.   Нас ахихын хэрээр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. (50 нас ба түүнээс дээш)
65-аас дээш насны 3 хүн тутмын нэг нь өвдөгний остеоартрит эмгэгтэй байдаг. Нийт остеоартриттай хүмүүсийн 80%-ийнх нь хөдөлгөөн тодорхой хэмжээнд хязгаарлагдсан, 25% нь өдөр тутмын зарим чухал үйлдлийг гүйцэтгэх чадвараа алдсан байдаг бол 11% бусдын асаргаанд ордог байна. 
Яаж оношлох вэ?
Эхлээд өвдөлтийн онцлогыг харгалзан үзнэ. Амрахаар өвдөлт намдана, хөдлөөд яваад ирэхээр өвдөлт ихэснэ. Өглөөний хөшингө илрэх ба хөдлөөд дээд тал нь 30 минут болсны дараа үений хөшингө байдал арилна. Нэмээд өвдөг дуугарах, хавдах, доголох шинжүүд илэрч болно. 
Хүнд шатандаа ороод ирэхээр хөлний хэлбэр өөрчлөгдөж майга болох хандлагатай. Хамгийн элбэг тохиолддог хэлбэр нь өвдөгний үений дотор талын зай нарийссан хэлбэр учраас майга болдог. Хэрвээ үений гадна талын зай нарийсвал эсрэгээр X хөлтэй болно. Гэхдээ энэ нь маш ховор тохиолдол юм. Үндсэндээ энэ өвчин үүсээд байгаа шалтгаан, эмгэг жамыг тайлбарлах гээд үзвэл 1-т) хувь хүний биеийн онцлог, ажил мэргэжлийн онцлог, хөдөлгөөний онцлогоос шалтгаалсан механик хүчин зүйлсийн оролцоо, 2-т ) бүтцийн буюу үений мөгөөрсний сөнөрөлт үйл явц, эсийн үхэл, синоваль мембраны үрэвсэл гэх мэт биологийн хүчин зүйлс , 3-т) генийн шалтгаан болох аспорин уураг ази хүмүүст илүү байдаг нь ази хүмүүс өвдөгний остеоартритаар өвчлөх эрсдэл европтой харьцуулахад 2 дахин их байдаг байна.
Ялган оношлогооны тал дээр хэлэх үг байна уу? , байнаа...
Өвдөгний зөөлөн эдүүдтэй холбоотой үүссэн үрэвслээс ялгах хэрэгтэй. Мөн бусад төрлийн артритуудаас ялгана. Дараа нь дамжсан өвдөлт байж магад гэж сэжиглэвэл нурууны мэдрэлийн ёзоор дарагдлаас, мэдрэлийн бусад эмгэгээс ялгана. Ховор тохиолдолд хавдраас, өвдөгний үений үхжлээс, тойг гуяны өвдөлтийн хам шинжээс ялган оношлох шаардлагатай. Гол нь оношыг эмнэл зүй хийгээд рентген зураг дээр үндэслэн батлах ёстой. Рентген зурган дээрээс 5 өөрчлөлтийг олж харах боломжтой. Үүнд: үений гадаргуу тэгшрэх, үе хоорондын зай багасах буюу нарийсах, ясны сэртэн ургацаг бий болох, үений мөгөөрсөн доорх яс хатуурах буюу склероз болох, ясан дотор cyst үүсэх тус тус багтана. Рентген зургыг хэвтүүлж байгаад эгц урдаас, өвдсөн хөл дээр нь зогсоож байгаад эгц урд болон хажуу талаас нь, хэвтүүлээд өвдгөөр 30 хэм нугалуулж авах (тойг гуяны ясны хоорондын зай хэр зэрэг багасаж байна вэ гэдгийг харахын тулд) аргуудыг ашиглана. Онош батлах шалгуур шинжүүдийг тоочвол:
А. Эмнэл зүйн шалгуур
1. 50 ба түүнээс дээш нас
2.  Өвдөгний яс том байх
3.  Өвдөгний томорсон ясыг тэмтрэхэд хөндүүр байх
4.  Өвдөг дуугарах
5.  Тэмтрэхэд халуун бус байх (үрэвслийн цочмог шинжгүй)
6.  Үений хөшингө 30 минутын дотор арилдаг байх
Б.  Лабораторийн шинжилгээний шалгуур
1.  Эритроцитийн тунах хурд - (COЭ, ESR) 40 мм/цаг -аас бага байх
2.  RF 1:40 -өөс бага байх
3.  Үений шингэнийг шинжлээд үзэхэд тунгалаг цайвар өнгөтэй, цагаан эс 2.00*10-ын 9 зэрэгтээс бага байх / литрт
В. Рентген зурган дээр ясны сэртэнт ургацаг харагдаж байх
За тэгээд эдгээрээс эмнэл зүйн 3 шинж нэмээд өвдөгний өвдөлт илэрч байгаа бол өвдөгний ОА гэсэн оношыг тавьж болно. Мөн өвдөгний өвдөлт дээр нэмээд эмнэл зүйн 5 шинж эсвэл лабораторын 3 шинж илэрвэл онош баталгаажих боломжтой. Хамгийн сүүлийнх нь өвдөлт +ясны сэртэнт ургацаг + лаб, эмнэлзүйн 5 шинж байвал оношыг тавих боломжит хувилбар юм. 
Яаж эмчлэх вэ?
Үенд тариа хийх нь тийм ч үр дүнтэй арга бус зөвхөн түр зуур шинж тэмдгийг арилгах нөлөөтэй. Дааврын бус гаралтай үрэвслийн эсрэг эм нь зөвхөн энэ эмгэгтэй холбоотой үүссэн өвдөлтийг намдаах ач холбогдолтой. Хамгийн чухал нотолгоонд суурилсан анагаах ухаанд батлагдсан үр дүнтэй арга бол дасгал эмчилгээний арга юм. Өвдгийг тойрсон булчингийн хүчийг хөгжүүлэх мөн сунгах дасгалыг тогтмол хийх нь чухал. Ялангуяа өвдөгний дээд талын буюу гуяны урд талын 4 толгойт булчингийн хүчийг сайжруулах хэрэгтэй. Энэ булчингийн хүч сулраад ирэхээр өвдөгний үе тогтвортой бус болно- өвдөгний үе дээр ирэх ачаалал нэмэгдэнэ - үений мөгөөрсөн эд дээр маш их даралт ирнэ - мөгөөрсний сөнөрөлт үйл явц даамжирна- хоорондоо үрэлцэнэ- үений гадаргуу эвдэрнэ- өвчин даамжирна. Одоогоор мөгөөрсний сөнөрөлт үйл явцыг зогсоох эм гараагүй байна. Тийм учраас бид нар өвдөгний үенд нэмэлт ачаалал учруулахаас аль болох зайлсхийхын тулд жингээ хасахын төлөө тэмцэж, 4 толгойт булчингийн дасгалыг тогтмол хийх, үенд контрактур үүсэхээс сэргийлж сунгалтын дасгалыг өглөө оройд хийж занших хэрэгтэй. Эдгээр эмчилгээ үр дүнгээ өгөхгүй 6 сар болон түүнээс дээш удвал үе солиулах мэс заслын аргыг сонгоно. Тэгэхээр янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн битгий хэрэглээрэй. Кальци, гиалуроны хүчил, хондротин сульфат өөр юу юу билээ янз бүрийн бүтээгдэхүүнүүд зах зээл дээр их байдаг. Өвдөг нь өвддөг эмээ өвөө, эгч ах, ээж аавдаа хүмүүс их авч өгдөг бэлэглэдэг. Тэр бүхэн чинь нотолгоонд суурилсан анагаах ухааны хийсэн судалгааны ажлуудаар үр дүнтэй гэж гараагүй шүү. Тэдгээрийг авч өгөхийн оронд гель хэлбэрийн тавхайн гадна талд гутлан дотроо наагаад хэрэглэдэг улавч авч өгч болно, дасгал зааж өгч болно, эсвэл дасгалын хэрэгслүүдээр тусалж дэмжиж болно. Хамгийн сайн эмчилгээ бол өвчтөнд өгөх тухайн өвчнийх нь талаарх үнэн зөв бодит ойлгомжтой мэдээлэл буюу боловсрол олгох сургалтын арга гэдгийг та бүхэн дахин нэг тунгаан бодоорой. 
Арай л урт болчихов уу хэхэ. За баярлалаа.

Monday, February 17, 2014

Миний тухай

Сайн байцгаана уу?

Би Монголд СОС эмнэлэгт ажилладаг, сэргээн засах, өвдөлт намдаах чиглэлээр мэргэшсэн хүн байгаа юмаа. Энэ блогыг анх Тайландад сурч байхдаа монгол эмч нартайгаа мэдээлэл хуваалцах зорилгоор нээж, хөтөлж эхэлсэн. Одоо ч мөн ажлынхаа зав чөлөөгөөр эндээ мэдээлэл оруулаад явж байгаа. Би Бангкокын Сирираж эмнэлэгт дадлагажиж байх нэг жилийн хугацаанд маш их зүйл сурсан. Ингэхдээ Дэлхийн Өвдөлт Намдаах Нийгэмлэгийн тэтгэлэгээр тэнд ажиллаж, амьдарч байлаа. Тэгээд эргүүлээд төлбөрөө төлж байгаа хэлбэр маань энэ блог гэх үү дээ. Талархсан сэтгэлийн илэрхийлэл гэвэл илүүтэй зохих байх.
Аль болох олон Монгол эмч нар уншаасай, өдөр тутмын ажлаа хийхдээ ашиглаасай, санаа аваасай гэсэн хүслээр хөтөлдөг ийм нэг блог байгаа юм.
Холбоо барих хаягаар олон хүмүүс захидал бичиж байна. Уул нь би эмч нарыг илүү идэвхитэй өөрсдийн санал бодол, туршлагаа хуваалцах болов уу гэж найдаж байсан боловч одоогоор өвчтнүүд олноороо холбогдож байна. Өөрөө өвдсөн, ойр дотны хүмүүс нь өвдсөн, үзүүлье, зөвөлгөө авая гэсэн захиа бүрт хариулах боломжгүй учраас эндээ нэг бичлэг хийгээд үлдээлээ.
Манай эмнэлэгт хандаж, надад үзүүлж болно. Гэхдээ үзлэгийн үнэ төлбөр нилээд өндөр учраас хүн бүрт хаана байгаагаа заагаад, дуудаад байх бас нэг хэцүү юм. Яваандаа илүү туршлагажаад ирэхээр бүр олон өвчтөнд хүрч үйлчлэх боломж гарцыг нээж олох болно. Тэр болтол эндээ бичлэгээ оруулж л байя. Харин та нар минь эрүүл мэндийн асуудлаа надаар шийдүүлэх гэж цаг алдаж, найдаж хүлээх хэрэггүй шүү. Харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандаарай. Баярлалаа.

Monday, January 13, 2014

Alcohol hangover mechanisms - Шарталтын эмгэг жам

Их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсний дараа илрэх биемахбодийн болоод сэтгэцийн шинж тэмдгүүдийн нийлбэрийг шарталт гэнэ. Шарталтын үед илрэх шинж тэмдгүүдийг бүлэглэн жагсаавал:
1. Бүтцийн талаас ядрах, хамаг булчин сулрах, цангах
2.  Өвдөлтийн талаас толгой болон булчин өвдөх, хөндүүрлэх
3.  Хоол боловсруулах системийн талаас дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх
3.  Хоногийн нойрсох - сэрэх хэмнэлд гарах өөрчлөлт нь нойронд муудах, нүдний алимны түргэн хөдлөлтэй нойрсолтын хугацаа буурах, нүдний алимны түргэн хөдлөлийн илрэлгүй нойрсолтын хугацаа ихсэх
4.  Мэдрэхүйн талаас толгой эргэх, гэрэл, дуу чимээнд хэт мэдрэх болох
5.  Танин мэдэхүйн талаас анхаарал төвлөрөлт буурах
6.   Сэтгэл зүйн талаас сэтгэл гутрал, сэтгэл түгшүүрлэл, уур уцаартай болох
7.    Симпатик мэдрэлийн системийн хэт идэвхижлийн шинжүүд болох салганах, хөлрөх, цусны даралт, зүрхний цохилт нэмэгдэх зэрэг шинжүүд тус тус илэрдэг байна. Эдгээр нь ямар төрлийн согтууруулах ундааг, хэр их хэмжээгээр хэрэглэснээс шалтгаалан өөр өөр байж болно. Ерөнхийдөө шарталт нь цусан дахь алкохолын хэмжээ буурч 0 болох үед маш хурцаар илэрч эхлээд 24 цаг үргэлжилнэ.Шарсан хүний зорилгот үйлийн гүйцэтгэл тааруу байдаг тул гэмтэх эрсдэл өндөр байдаг. Ерөнхийдөө удаан хугацаанд их уувал шартах магадлал өндөр. Гэхдээ хувь хүний онцлогоос шалтгаалаад зарим хүн ганц хоёр хундага татсан ч шартдаг байхад зарим хүн маш их уудаг боловч огт шартдаггүй байж болно.Сүүлд хийгдсэн судалгаануудаас харж байхад архичин хүн шартах нь бага байдаг гэсэн дүгнэлт өгч болохоор байна.

Архины биемахбодид үзүүлэх шууд нөлөө
1. Биемахбодь усгүйжих, элетролитүүдийн тэнцвэр алдагдах
Архи нь шээс хөөх үйлчилгээтэй. 250 мл шингэн дэхь 50 гр архи нь хэдхэн цагийн дотор биеэс 600мл-ээс 1 литр хүртэл шээсийг хөөж гаргадаг. Яаж тэр вэ гэвэл антидиуретик болон вазопрессин гэсэн даавруудын ялгарлыг саатуулчихдаг. Антидиуретик дааврын хэмжээ багасаад ирэхээр бөөр усаа дахин эргэн шимэгдүүлж авахаа больчихдог байна. За тэгээд дээр нь нэмээд бөөлжих, гүйлгэх, хөлрөх замаар биемахбодь дахин ус хийгээд бичил элементүүдээ алддаг. Багаас дунд зэргийн усгүйжлийн үед эмнэлзүйд ямар шинж илрэх вэ? ам цангах, бие сулрах, салстууд хатах, толгой эргэх, дотор муухайрах гэх мэт усгүйжлийн үеийн шинж тэмдгүүд шарталтын үед илэрдэг байна.
2. Хоол боловсруулах зам нөлөөлөх
Архи уунгуут шууд ходоодонд очиж үрэвсэл үүсгэх, мөн элгийг өөхлүүлэх аюултай. Үүнээс гадна ходоод, нойр булчирхай, 12 хуруу гэдэсний шүүрлийг ихэсгэж нөлөөлдөг учраас хэвлийн дээд хэсгээр өвдөх, дотор муухайрч, бөөлжих шинж илэрдэг байна.
3.  Цусны чихэр багасах
Архи уусны дараа элэг болон бусад эрхтний метаболизмд өөрчлөлт ордог. Элэг өөхлөх хандлагатайгаас гадна биеийн шингэнүүдэд сүүний хүчил хуримтлагддаг. (сүүн хүчлийн ацидоз) Эдгээр механизмаас болоод чихэр ялгарах үйл явц саатдаг. Архины гаралтай чихэр багасах нь хэд хоног хоол ундгүй дараалж уусан хүмүүст тохиолддог. Чихэр ялгаралтыг саатуулахаас гадна элгэнд гликоген хэлбэрээр нөөцлөгдөх үйл явцад саад учруулдаг.  Цусан дахь чихрийн хэмжээ багасаад ирэхээр тархи тэжээлгүйтэж ядрах, сульдах, сэтгэл санаа хоосорч гуниглах мэдрэмж төрдөг байна. Ялангуяа чихрийн шижинтэй, түүндээ эм уудаг бол архидах нь маш аюултай. Гипогликемийн шоконд орж нас барах эрсдэлтэй. 
4. Нойрны хэмнэл өөрчлөгдөх
Архи уусны дараа богино хугацаанд чанаргүй нойрсолт явагдана. Цусан дахь алкоголь-ний түвшин буураад ирэхээр эсрэгээр нойргүйдэлд хүргэдэг. Ихэвчлэн хүмүүс оройн цагаар архи уудаг нь тухайн өдрийн тайван унтаж амрах цагаас хороодог байна. Мөн архи нь залгиурын булчинг сулладаг учраас архи уусны дараа чангаар хухирч унтах хандлагатайгаас гадна зарим тохиолдолд унтаж байх үед амьсгал тасалддаг. Архи ууж байх үед биеийн температур буурдаг бол шарталтын үед өндөр болдог. Мөн архи нь шөнийн цагаар ялгардаг өсөлтийн дааварт саатуулах нөлөө үзүүлнэ. Өсөлтийн даавар нь ясны хөгжил, бусад уургийн синтез-д чухал нөлөөтэй. Мөн архи нь адренокортикотропный дааврыг ялгаруулах явцыг дэмжсэнээр кортизол ихээр ялгарна. Энэ нь нүүрс усны солилцоо хийгээд стресстэх процесст оролцдог даавар юм. Энэ замаар архи нойр хийгээд хүний биологийн хэвийн хэмнэлийг эвдэж орж ирдгээрээ маш муу үр дагавартай.
5. Архи ба толгойн өвчин
Архи ууж байх явцад судас тэлэгддэг. Дараа нь агшдаг. Үүнтэй холбоотойгоор толгой өвдөх асуудал их тохиолддог байна. Мөн толгой өвдөх эмгэг жамд чухал ач холбогдолтой оролцдог нейротрансмиттерүүд болох гистамин, серотонин, простогландиний нийлэгжилтэнд архи нөлөөлдөг. Гэвч архи ба толгойн өвчнийг холбож буй жинхэнэ шалтгаан одоо хүртэл нууц хэвээр байна. 
6. Олон хоног, долоо хоногоор дараалж ууж байгаад болих үед яагаад хүн үхэх шахдаг вэ?
Үүнийг alcohol withdrawal syndrome гэдэг.   
     Архи, этанол нь төв мэдрэлийн системийн эсүүдэд нөлөөлнө. Мэдрэлийн эсийн мембран дээр GABA, glutamate гэсэн хоёр нейротрансмиттерийн рецептор байдаг. GABA мэдрэлийн эсийг тайван байлгах, глутамат нь мэдрэлийн эсийг идэвхижүүлэх нөлөөтэй. Олон хоног архидаад ирэхээр этанол нь GABA-г дарангуйлж, глутаматыг идэвхижүүлнэ. Дараа нь уухаа больсон ч гэсэн ТМС-ийн хэт идэвхижил үргэлжилсээр салганах, хөлрөх, зүрхний цохилт олшрох шинж илэрнэ. Архаг архичдын хувьд дотор муухайрах, бөөлжих, салганах, хөлрөх, сэтгэл түгших, сандрах, толгой өвдөх, хүрэх, сонсох, харах мэдрэхүйд өөрчлөлт орсноор хий юм харах, цаг хугацаа орон зайн баримжаа алдагдах шинжүүд илэрнэ. Өөрөөр хэлвэл ТМС-ийг хөөрлийн байдалд оруулдаг байна. 
Үргэлжлэл бий 
 

Friday, January 3, 2014

Children and adolescents knee pain- Хүүхэд, өсвөр насныханд тохиолдох өвдөгний өвдөлт

Хүүхэд, өсвөр насныхан гээд бодохоор өвдөгний урд талын өвдөлт санаанд ороод байх юм. Манайхаар эмчлүүлсэн 2 тохиолдлыг дурдая гэж бодлоо.
Тохиолдол 1
16 настай эрүүл, тамирчин хүү. 2  хөлийн өвдөгний урд хэсгээр өвдөнө, зүүн хөлийн өвдөлт илүү анзаарагддаг,  гар бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнд орсны дараа 3 цаг хүртэл хугацаагаар өвдөг түгжигдэж байгаа мэт болоод, өвдгөө тэнийлгэж чадахгүй байдалд ордог. 20 минут хөдөлгөөнгүй суунгуут өвдөөд эхэлдэг. Сүүлийн нэг сар ийм байдалтай байна. Ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэв. Үзэхэд зүүн хөлийн өвдөгний урд тойг болон тойгны доод хэсэгт хөндүүр эмзэглэлтэй, бага зэрэг хаван ажиглагдана. 4 толгойт булчингийн хүчийг шалгахаар эсэргүүцэл өгөхөд өвдөлт нэмэгдэнэ. Гэхдээ үений далайц хязгаарлагдаагүй. Мэдрэлийн талаас өөрчлөлтгүй. Халуун, улайсан шинжгүй. Би дотроо менискусын урагдал байж магадгүй гэж сэжиглээд MRI хийлгэсэн. Хариу нь mild Sinding Larsen Johansson Disease гэж гарсан.

Тохиолдол 2
14 настай хүү. 2 хөлийн өвдгөөр янгинаж байгаа мэт битүү өвдөлт мэдэгдэнэ. Спортын арга хэмжээнд оролцсоны дараа өвдөлт тэсэхүйеэ бэрх болж, хэд хоног хөдөлгөөн хязгаарлаж хэвтэхээр өвдөлтийн эрчим багасдаг. Зүүн нь баруунаас илүү хүчтэй өвддөг. Өөрийн анзаарснаар бол үсрэх хөдөлгөөн өвдөлтийг сэдрээгээд байх шиг санагддаг гэв. Өвчин намдаах үрэвслийн эсрэг эмэнд өвдөлт дарагддаггүй, аажимдаа багасдаг гэнэ. Үзлэгт тойгны доод хэсэгт хөндүүр, халуун, 4 толгойт булчинд эсэргүүцэл өгөхөд мөн өвдгөөр идэвхигүй аргаар хэт нугалахад өвдөлт нэмэгдэнэ. Бага зэргийн хаван хавдар ажиглагдана. Өөр онцын өөрчлөлтгүй. Рентген зургаар Osgood Shlatter disease гэдэг нь батлагдав.
Дээрх хоёр эмгэг бол хүүхэд, өсвөр насныханд хамгийн элбэг тохиолддог эмгэгүүд юм. Үүн дээр нэмээд тойгны хагас мултрал ховор тохиолдолд үхжилт үений үрэвсэл, дунд чөмөгний толгойн эпифиз салах эмгэг тус тус багтана. Товч тайлбарлахад Sinding Larsen Johansson disease гэдэг нь тойгны шөрмөсний дээд хэсгийн үрэвсэл буюу яг тойгны доод талд үрэвсэл явагдана гэсэн үг. Харин Osgood Shlatter disease гэдэг нь тойгны шөрмөсний шилбэ ясны төвгөрт ирж бэхлэгдэх хэсэгт буюу тойгны шөрмөсний доод хэсэгт үрэвсэл явагдахыг хэлнэ. Аль аль нь өвдөгний тэнийлгэгч механизмыг хэтрүүлэн ашигласантай холбоотой. Дээр нь хүүхдийн яс бүрэн бэхжээгүй тохиолдолд гуяны урд талын булчингийн хэт хүчтэй агшилтаас болоод шөрмөс хуулрах эрсдэлээр үүсдэг эмгэг юм.
Тойгны хагас мултрал охидод элбэг тохиолддог. Гол шалтгаан нь гуяны урд талын 4 толгойт булчингийн Q өнцөг 15 хэмээс их байгаа тохиолдолд тойг хагас мултрах эрсдэл өндөр.