For all the happiness mankind can gain, it is not in pleasure, but in rest from pain. John Dryden (1631- 1701)
Saturday, May 28, 2011
Monday, May 23, 2011
Palliative care
Өнөөдөр хөнгөвчлөх эмчилгээний талаар жаал уншлаа. Үхлийн талаар сайхан бичжээ. Хүн мэдэхгүй зүйлээсээ эмээдэг. Тиймээс үхлээс айдаг. Төрөх үнэн, үхэх үнэн. Бид бүгд хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэг. Тайван үхэхийн тулд бид амьд байх хугацаандаа хүссэн бүхнээ хийж, санасандаа хүртэл амьдрах нь чухал. Сүнс таны биед тодорхой хугацаагаар л оршин байгаа. Сүнсний хугацаа дуусах өдөр нэгэнт ирсэн бол бид хүлээн зөвшөөрөх учиртай. Гэнэтийн үхэлд бэлтгэх боломж бараг байдаггүй ч үлдэж байгаа хүмүүс хайртай, баярлалаа гэсэн 2-хон үгийг хэлэх хугацаа ихэнх тохиолдолд гардаг. Харин бид тэр үнэтэй мөчийг ашиглан амжиж чин сэтгэлийн үгээ хэлж чадахгүй байх нь элбэг. Энэ нь үлдсэн хүмүүсийн сэтгэл зүйд маш хүндээр тусдаг. Энэ 2-хон үгийг хэлж чадаагүйдээ насан туршдаа харамсаж яваа хүмүүс их олон бий. Үхэл үүд тогшиж байгаа хормуудад үлдэж байгаа хүмүүс нь барьц алддаг. Яалт ч үгүй хүнд өвчин тусаад, үхэл нь хэдэн өдрөөр, хэдэн цагаар, хэдэн минутаар хэмжигдэж байгаа тохиолдолд эмч болоод эмнэлгийн ажилчид энэ үйл явцад хувь хүнийг, ар гэрийг нь бэлтгэж, салах ёс хэрхэн гүйцэтгэх тал дээр зөвлөж тусалж байх нь хүн ёсны хэрэг. Харамсалтай нь бидэнд энэ талын мэдлэг дутмаг, яг л сексийн талаар нээлттэй ярих нь зохисгүй хэрэг гэдэг шиг үхэлд бид хүндэтгэлтэй хандаж сураагүй. Том эмнэлгүүдийн сэхээн амьдруулах тасгууд үхэлтэй хамгийн их нүүр тулгардаг. Тэгсэн атлаа яагаад үхэж байгаа, үлдэж байгаа хүмүүст зөвлөж, тэднийг удирдан залж болдоггүй юм бол? Жишээ нь: би эхтэйгээ амьдралынх нь сүүлчийн хормуудад ойр байсан ч хамгийн сүүлд хайртай, тандаа маш их баярлалаа, та минь бидэндээ санаа битгий зовоорой гэх мэт эцсийн мөчид өөрийн сэтгэлийн үгээ хэлж чадаагүйдээ одоо болтол харамсдаг. Эргээд бодоод байхад аппаратанд ухаангүй байсан ч хайртай хүний минь нүдэнд үхлийн айдас тод харагдаж байжээ. Амьдралын сүүлийн хормуудад хүний чих хамгийн сүүлд ажиллагаатай үлддэг гэдгийг би мэддэггүй байсан. Хэрвээ тэр сэхээн амьдруулахын эмч одоо энэ хүн явах гэж байна. Та нар салах ёс гүйцэтгэ дээ. Хэдий ухаангүй байгаа ч гэсэн таныг сонсож байгаа шүү, хайртай хүндээ хэлмээр санагдсан бүх үгээ хэлээрэй, бас битгий ай, бид хийсэн бүхэнд чинь талархаж байгаа, нэгнээ харж хандаж явна гэдгээ заавал илэрхийлээрэй. Тэгвэл сүнс нь тайван одох болно гэдэг ч юм уу бидэнд хэлж, удирдаж өгсөн бол магадгүй бидний сэтгэлийн шаналан, харуусал нимгэрэх ч байсан юм билүү.
Хөөрхий дөө, Миний муусайн Монголчууд үхлийн өмнөх үйлчилгээгээ ч бүрэн гүйцэд авч чадахгүй, хээгүй гүдэсхэн гэдэг шиг боргилдуухан амьдралыг туулаад туучаад дуусч байна даа. Залуу үе арай өөрөөр амьдарч эхэлж байгаад итгэнэм. Хөмөрсөн тогооны харанхуй үтэр түргэн эцэс болох болтугай.
Хөөрхий дөө, Миний муусайн Монголчууд үхлийн өмнөх үйлчилгээгээ ч бүрэн гүйцэд авч чадахгүй, хээгүй гүдэсхэн гэдэг шиг боргилдуухан амьдралыг туулаад туучаад дуусч байна даа. Залуу үе арай өөрөөр амьдарч эхэлж байгаад итгэнэм. Хөмөрсөн тогооны харанхуй үтэр түргэн эцэс болох болтугай.
Tuesday, May 17, 2011
Pain in children- Хүүхдийн өвдөлт- CASE
Хүүхэд хүчтэй өвдөлтийг мэдэрч байгааг харах, түүнийгээ хэрхэн илэрхийлж байгааг ажиглах шиг зүрх сийчсэн шаналан үгүй. Яг тэр мөчид бид сайн сурна шүү, энэ хөөрхөнүүдийн төлөө ихийг мэдэх ёстой гэдэг бодол эрхгүй төрдөг. Урдны долоо хоногт ирсэн нэгэн өвчтөн одоог болтол санаанаас гарахгүй байгаа тул энэ талаар бичлэг нэмэхээр шийдлээ.
9 настай охин, 2 жилийн өмнө ачааны машинд дайруулсан. Зүүн хөл бүтнээр, аарцаг ясны зүүн хагасыг тайруулсан. Бүдүүн гэдэс, давсгандаа гуурстай. Өдрийн тал өнгөрөөд бид хоолондоо орох гэж байтал гаднаас орилсоор орж ирсэн. Тэргэнцэрээс ор луу шилжүүлээд хөнжлөөр хучлаа. Манай сувилагч охины гарыг илэн, амьсгалын дасгал заах зуур би баруун хөлийн улыг илж, чадлаараа анхаарлыг нь сарниулж, өвдөлтийн эрчмийг сулруулах гэж оролдож байлаа. Маш хүчтэй өвдөлттэй байгаа нь нүүрнээс нь илт. Яг л төрөлт ойртсон жирэмсэн эхийн өвдөлт шиг үе үе хүчтэй болоход охин байж ядан чарлаж, тайрагдсан хөлийнхөө угыг үрж байгаа нь зүрх шимшрэм. Өвдөлтийнх нь талаар тодруулж асуухад охин зүүн хөл байгаа юм шиг аймаар өвдөөд байна гэхээс өөрийг хэлж чадахгүй уйлна. Эндээс фантом өвдөлт - мэдрэлийн гаралтай өвдөлт байна гэсэн дүгнэлт хийлээ. Охинд морфин сиропоор уулгаад хэсэг харзналаа. Өвдөлт намдах шинжгүй. Хамт сурч байгаа анес-ийн эмч нүүрээ барайлган, толгойгоо сэжиж байснаа кетамин хийе гэлээ. Ингээд кетамин 0.1-0.2 мг\кг\цаг -аар тооцоод 50 мл натрийн хлорид-ээр шингэлээд, дуслаар 3 цаг хийлээ. 30 минутын дараа очоод хартал охины байдал харьцангуй дээрдсэн байв. Тасгуудаар хүнээ үзэж яваад эргэж иртэл охин тараг идэнгээ зураг зурж суулаа. Өвдөлтийн оноо нь 10-аас 5 хүртэл буурсан байлаа. Охинтой ярилцах боломжтой болсныг ашиглаад өвдөлтийн талаар тодруулан асуув. Тайрагдсан хөл нь байгаад, тэр нь шөрмөс татаж байгаа мэт, тогонд цохиулж байгаа мэт өвддөг. Сүүлийн 2 долоо хоногт өдөрт 10 түүнээс олон давтамжтай, нэг удаадаа 1-2 минут цахилгаан гүйдэлээр цохиулах мэт хүчтэй өвдөлт өгдөг гэнэ. Зарим шөнө гэнэт тайрагдсан хөлийн шөрмөс хүчтэй татаж нойрноос нь сэрээдэг гэлээ. Одоо ууж байгаа эмнүүд нь нейронтин 900 мг, флюксетин 10 мг, амитриптилин 10 мг, парацетамол. Бид нейронтины тунг нэмж 1200 мг\хоног, парацетамолыг ултрацэт-ээр сольж тал шахмалаар 6 цагийн зайтай уухыг зөвлөөд, TENS түр хэрэглүүлэхээр өгч 7 хоногийн дараа давтан ирж үзүүлээрэй гэж хэлээд, зурсан зургаа өвдөг дээрээ тавин, инээд алдсаар тэргэнцрээ өөрөө түрэн хурдлуулан гарах охиныг үдлээ. Яг энэ мөчид "аз жаргал гэдэг чинь өвдөлтөөс түрхэн хугацаанд ангижран амсхийх хормыг л хэлнэ" гэж юутай үнэн үг вэ гэсэн бодол төрж байлаа.
Wednesday, May 11, 2011
Siriraj Pain Management Unit
Хуучин байрандаа бараг 4 сар гаран засвар хийсний дараа саяхан биднийг шинэ байранд орууллаа. Үнэхээр чанартай, сайн засвар хийсэн байгаа биз. Эндхийн баат-аар 10 сая-ийг зарцуулсан гэж сонссон. Орчин тавтай болохоор байгаад л баймаар санагдаад байдаг юмаа. Өвчтнүүд маань ч бас их сэтгэл хангалуун байгаа. Миний Монголын эмнэлгүүд хэзээ нэг аль аль талаараа аятайхан болох бол доо. Тэр цаг "ойрхон" байгаа гэж итгэе.
Monday, May 9, 2011
THE 4th ASEAPS NEWS
Энд суралцах хугацаандаа оролцсон 2 дахь конгресс байлаа. Дахиад л нөгөө алдарт аялал жуулчлалын өлгий болсон Паттаяа хот луугаа явж, нөгөө л буудалдаа буудаллав. 5 хоног сайхан амарлаа бас зөндөө сайхан шинэлэг мэдээ мэдээллээр тархиа цэнэглээд авлаа. ASEAPS гэдэг нь зүүн өмнөд азийн өвдөлт намдаах нийгэмлэгүүдийн хамтарсан холбоо бөгөөд энд одоогоор Малайз, Филиппин, Индонез, Сингапур, Тайланд гэсэн таван орон нэгдсэн байгаа юм байна. Ерөнхийлөгчөөр нь Хасни Танра гэдэг хүн сонгогдсон ажээ. Ерөнхийдөө энэхүү 4 дэхь Азийн орнуудын конгрессын үйл ажиллагаа 5 сарын 1-нээс өвдөлтийн сургалтаар эхэлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс өвдөлтөөр мэргэшсэн олон алдартай докторууд ирж, сонирхолтой лекцүүд уншлаа. Энд Монголоос Ачтан эмнэлгийн 2 эмч \ Дэлгэрмаа, Жавхлан\ оролцсон байгаа. Конгрессийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Монголын Өвдөлт Намдаах Нийгэмлэгийн тэргүүн Бямбасүрэн эмч өөрийн орон дахь өвдөлтийн талаар хийгдэж байгаа ажлууд, ахиц хөгжлийн талаар танилцуулах илтгэл тавьсан. Мөн Эх Нялхасын эмнэлгийн Энхтүвшин эмч маань хүүхдийн өвдөлтийн талаар хийгдсэн судалгааны ажлаа poster хэлбэрээр танилцуулсан гээд Монголоос надтай нийлээд нийтдээ 5 эмч энэ арга хэмжээнд оролцлоо. Бидний хувьд бүх зүйл дөнгөж эхэлж байна. Хийх юм маш их байна даа гэсэн "шартай" бодол төрж байлаа. Гэхдээ бас зарим нэг Азийн орнуудтай харилцуулахад өвдөлт болон хөнгөвчлөх эмчилгээний тал дээр илүү ахицтай явж байгаа нь сайшаалтай. Миний хувьд хамгийн сонирхолтой санагдсан сэдвүүд нь өвдөлт сэтгэц-д хэрхэн нөлөөлөх механизм, мэдрэлийн гаралтай өвдөлтийн талаар хийгдсэн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, мөн ревматойд артритийн өвдөлтөнд цитокины нөлөө гэх мэт байлаа.
Цаашдаа бид энэ мэт олон улсын арга хэмжээнд аль болох олуулаа хамрагдан оролцож, дэлхийн анагаах ухааны орчин үеийн арга техникүүдтэй танилцаж, боломжын хэрээр өөрсдийн ажилдаа хэрэгжүүлж, бас давхар эх орноо сурталчлан таниулах ажлыг идэвхитэй хийх хэрэгтэй байна. "Harmony againist pain" - энэ жилийн ASEAPS -ийн конгрессийн уриа. Монголын эмч, эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн яам, бусад нийгэмлэгийн гишүүддээ хандаад " Өвдөлтийн эсрэг хамтдаа нэгдэцгээе" гэж уриалмаар байна.
Tuesday, May 3, 2011
Do you want to be a pain specialist? - Өвдөлтөөр мэргэших хөтөлбөр
Энэ удаад би өөрийнхөө сурч байгаа хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулая гэж бодлоо. Би Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэг болон Дэлхийн Анестизиолог Эмч нарын Холбооны тэтгэлэгээр Махидол их сургуульд 2010 - 2011 онд суралцлаа. Миний нэг жилийн тэтгэлэг 10000 доллар. Энд ирж очих онгоцны билет, сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтана. Эмнэлгийнхээ дотуур байранд амьдарч байгаа үед бол тэтгэлэг яг таг хүрнэ. Харин тусдаа байр хөлсөлж, илүү тохь тухтай амьдрая гэвэл та хувиасаа мөнгө нэмж байж болгоно.
Би энэ тэтгэлгийг хүртсэн 3 дахь хүн. Өмнө нь Малайз, Лаосын эмч нар суралцаж байсан. Ерөнхийдөө зүүн өмнөд Азийн орнууд+ Монголд ээлжилж тэтгэлэг олгодог. Тэгэхээр хэрвээ жилд 1 эмч гэж тооцвол дахиад 3, 4 жилийн дараа Монголоос эмч сурах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ одооноос жилд 2 эмчид тэтгэлэг олгож магадгүй гэсэн сураг дуулдаж байгаа. Энэ бүтвэл 2013 оноос ч юм уу Монголоос эмч сонгож авахнээ.
Шалгуурын тухайд:
1. Анестизиолог юм уу сэргээн засалч эмчийн нарийн мэргэжил эзэмшээд, мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх
2. Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэг эсвэл Дэлхийн Анестизиолог Эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
3. Сургалт явуулж байгаа төвийн бүсэд хамаарагдах хөгжлийн түвшин доогуур улсын иргэн байх
4. Сүүлийн 3 жилд дээрх нийгэмлэгийн тэтгэлэгийг хүртээгүй байх
5. Англи хэлний мэдлэгтэй байх
Дээрх шалгуур танд тохирч байвал та энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн дүүрэн боломжтой.
Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээхийн тулд application form, CV, ерөнхий эмчийн диплом, нарийн мэргэжлийн эмчийн диплом, одоо ажиллаж байгаа эмнэлгийн захирлын дэмжих захиа, их сургуулийн холбогдох мэргэжлийн тэнхмийн эрхлэгчийн эсвэл таныг сайн мэддэг багшийн санал болгосон захидал, нэг хувь зургаа хавсарган цахим шуудангаар илгээнэ.
Сургалт клиник сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн тул өвдөлтөөр мэргэшсэн эмчийн ажлыг хийгээд явна гэсэн үг. Сэргээн засалч эмчийн тойролт болоод мэргэших ур чадвар анес-ийн эмчээс ялгаатай. Жишээ нь: би архаг өвдөлтийн клиник дээр 6 сар, булчин араг ясны өвдөлтийн клиник дээр 2 сар хагас, цочмог өвдөлтөөр 2 долоо хоног, сэтгэцийн тэнхим дээр 1 сар, сэргээн засах тасаг дээр 1 сар, ортопед дээр 2 долоо хоног, ревматалог, толгойн өвдөлт, зүү, уламжлалт эмчилгээний тасагт тус тус 1 долоо хоног ажилласан. Өдөрт хамгийн багадаа 8 хамгийн ихдээ 20 хүртэлх өвдөлтийн өвчтөнийг бусад мэргэжлийн эмч нартай хамтран үзсэн гэж бодохоор хангалттай их туршлага хуримтлагдсан гэж дүгнэх байна. Мөн ажлын бус цагаар цахим болон цахим бус номын сан, усан сан, биеийн тамирын иж бүрэн зааланд хичээллэх бүрэн боломжтой. Аялаж зугаалах цаг ч их гарна. Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд би энд суралцах боломжыг алдалгүй атгаж аваад, зориглон ирсэндээ маш их талархаж байна. Та нөхдийг ч бас хэрвээ өвдөлтийг сонирхож байгаа бол эртнээс суралцах төлөвлөгөөгөө боловсруулж, судлаарай гэж зөвлөх байна. Нэг бэрхшээлтэй тал нь гэвэл англи хэл 2-догч хэл байсан учраас өвчтөнтэй ойлголцох асуудал байлаа. Тай хэлийг сурна гэдэг үнэхээр "хатуу самар" байв. Би хувьдаа бүтэн жилийн хугацаанд гарын 5 хуруунд багтах л үг сурлаа даа. Та доорх хаягаар холбогдож сургалтын товыг асууж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа
Pain clinic, Department of anesthesiology, Siriraj hospital, Mahidol University School of Medicine- Prannok Rd. 10700
@ address: siaspc@diamond.mahidol.ac.th
Telephone: 66- 2- 419- 7842
Fax: 66- 2- 411- 3713
Sunday, May 1, 2011
Pain medication - Өвдөлтийн эм
Тайландад өвдөлтөнд дээрх эмүүдийг хэрэглэж байна. Монголд саяхан нейронтин орж ирсэн гэж сонссон. Одоо хэдүүлээ морфиныг сироп-оор хийдэг болчихвол аятайхан болох гээд л байна. Нээрээ эмийн ард байгаа тоо бол эмийн үнэ нь шүү. Энд нэг баат монголын 40 төгрөгтэй тэнцдэг. Морфин сиропыг гаднаас авна гэвэл тээвэр, гаалийн татвар гээд бөөн нэмэгдэл орно. Харин өөрсдөө хийвэл илүү хямд тусмаар санагдах юм. Энд жишээ нь 1 мл нь 2 мг морфинтой тэнцэх морфин сироп 1 шил нь 16 баат монгол руу шилжүүлвэл 6400 төгрөг болж байгаан. Уул нь үйлдвэрлэхэд асуудал биш юм шиг л санагдаад байгаам даа. Хэрвээ энэ тал дээр хамтарч ажиллах эмийн үйлдвэр байвал холбоо бариарай. Буцахаасаа өмнө морфин сироп хийдэг жорыг нь хуулаад авчих юмсан гэж бодоод л байна. Миний цөөхөн Монголчууд өвчин туссан ч өвдөлт зовиур багатай байгаасай гэж хүснэм. Ерөөл бат орших болтугай.
Subscribe to:
Posts (Atom)