Tuesday, May 3, 2011

Do you want to be a pain specialist? - Өвдөлтөөр мэргэших хөтөлбөр

Энэ удаад би өөрийнхөө сурч байгаа хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулая гэж бодлоо. Би Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэг болон Дэлхийн Анестизиолог Эмч нарын Холбооны тэтгэлэгээр Махидол их сургуульд 2010 - 2011 онд суралцлаа. Миний нэг жилийн тэтгэлэг 10000 доллар. Энд ирж очих онгоцны билет, сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтана. Эмнэлгийнхээ дотуур байранд амьдарч байгаа үед бол тэтгэлэг яг таг хүрнэ. Харин тусдаа байр хөлсөлж, илүү тохь тухтай амьдрая гэвэл та хувиасаа мөнгө нэмж байж болгоно.
Би энэ тэтгэлгийг хүртсэн 3 дахь хүн. Өмнө нь Малайз, Лаосын эмч нар суралцаж байсан. Ерөнхийдөө зүүн өмнөд Азийн орнууд+ Монголд ээлжилж тэтгэлэг олгодог. Тэгэхээр хэрвээ жилд 1 эмч гэж тооцвол дахиад 3, 4 жилийн дараа Монголоос эмч сурах боломжтой болно гэсэн үг. Гэхдээ одооноос жилд 2 эмчид тэтгэлэг олгож магадгүй гэсэн сураг дуулдаж байгаа. Энэ бүтвэл 2013 оноос ч юм уу Монголоос эмч сонгож авахнээ.

Шалгуурын тухайд:
1. Анестизиолог юм уу сэргээн засалч эмчийн нарийн мэргэжил эзэмшээд, мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан байх
2. Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэг эсвэл Дэлхийн Анестизиолог Эмч нарын нийгэмлэгийн гишүүн байх
3. Сургалт явуулж байгаа төвийн бүсэд хамаарагдах хөгжлийн түвшин доогуур улсын иргэн байх
4. Сүүлийн 3 жилд дээрх нийгэмлэгийн тэтгэлэгийг хүртээгүй байх
5. Англи хэлний мэдлэгтэй байх
Дээрх шалгуур танд тохирч байвал та энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн дүүрэн боломжтой.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээхийн тулд application form,  CV, ерөнхий эмчийн диплом, нарийн мэргэжлийн эмчийн диплом, одоо ажиллаж байгаа эмнэлгийн захирлын дэмжих захиа, их сургуулийн холбогдох мэргэжлийн тэнхмийн эрхлэгчийн эсвэл таныг сайн мэддэг багшийн санал болгосон захидал, нэг хувь зургаа хавсарган цахим шуудангаар илгээнэ.
Сургалт клиник сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн тул өвдөлтөөр мэргэшсэн эмчийн ажлыг хийгээд явна гэсэн үг. Сэргээн засалч эмчийн тойролт болоод мэргэших ур чадвар анес-ийн эмчээс ялгаатай. Жишээ нь: би архаг өвдөлтийн клиник дээр 6 сар, булчин араг ясны өвдөлтийн клиник дээр 2 сар хагас, цочмог өвдөлтөөр 2 долоо хоног, сэтгэцийн тэнхим дээр 1 сар, сэргээн засах тасаг дээр 1 сар, ортопед дээр 2 долоо хоног, ревматалог, толгойн өвдөлт, зүү, уламжлалт эмчилгээний тасагт тус тус 1 долоо хоног ажилласан. Өдөрт хамгийн багадаа 8 хамгийн ихдээ 20 хүртэлх өвдөлтийн өвчтөнийг бусад мэргэжлийн эмч нартай хамтран үзсэн гэж бодохоор хангалттай их туршлага хуримтлагдсан гэж дүгнэх байна. Мөн ажлын бус цагаар цахим болон цахим бус номын сан, усан сан, биеийн тамирын иж бүрэн зааланд хичээллэх бүрэн боломжтой. Аялаж зугаалах цаг ч их гарна. Ерөнхийдөө дүгнэж хэлэхэд би энд суралцах боломжыг алдалгүй атгаж аваад, зориглон ирсэндээ маш их талархаж байна. Та нөхдийг ч бас хэрвээ өвдөлтийг сонирхож байгаа бол эртнээс суралцах төлөвлөгөөгөө боловсруулж, судлаарай гэж зөвлөх байна. Нэг бэрхшээлтэй тал нь гэвэл англи хэл 2-догч хэл байсан учраас өвчтөнтэй ойлголцох асуудал байлаа. Тай хэлийг сурна гэдэг үнэхээр "хатуу самар" байв. Би хувьдаа бүтэн жилийн хугацаанд гарын 5 хуруунд багтах л үг сурлаа даа. Та доорх хаягаар холбогдож сургалтын товыг асууж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа

HOST PROGRAM ADDRESS:
Pain clinic, Department of anesthesiology, Siriraj hospital, Mahidol University School of Medicine- Prannok Rd. 10700
@ address: siaspc@diamond.mahidol.ac.th
Telephone: 66- 2- 419- 7842
Fax: 66- 2- 411- 3713

2 comments:

  1. мундаг шүү, миний найз. хүн бүр сурсан мэдсэнээ ингээд чам шиг хуваалцаж, түгээж байгаасай. баярлалаа. бусдыг анагаах агуу үйлсэд нь улам их амжилт бүтээлийг ерөөе

    ReplyDelete
  2. Ерөөл бат оршиг.

    ReplyDelete