Өнөөдөр хөнгөвчлөх эмчилгээний талаар жаал уншлаа. Үхлийн талаар сайхан бичжээ. Хүн мэдэхгүй зүйлээсээ эмээдэг. Тиймээс үхлээс айдаг. Төрөх үнэн, үхэх үнэн. Бид бүгд хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэддэг. Тайван үхэхийн тулд бид амьд байх хугацаандаа хүссэн бүхнээ хийж, санасандаа хүртэл амьдрах нь чухал. Сүнс таны биед тодорхой хугацаагаар л оршин байгаа. Сүнсний хугацаа дуусах өдөр нэгэнт ирсэн бол бид хүлээн зөвшөөрөх учиртай. Гэнэтийн үхэлд бэлтгэх боломж бараг байдаггүй ч үлдэж байгаа хүмүүс хайртай, баярлалаа гэсэн 2-хон үгийг хэлэх хугацаа ихэнх тохиолдолд гардаг. Харин бид тэр үнэтэй мөчийг ашиглан амжиж чин сэтгэлийн үгээ хэлж чадахгүй байх нь элбэг. Энэ нь үлдсэн хүмүүсийн сэтгэл зүйд маш хүндээр тусдаг. Энэ 2-хон үгийг хэлж чадаагүйдээ насан туршдаа харамсаж яваа хүмүүс их олон бий. Үхэл үүд тогшиж байгаа хормуудад үлдэж байгаа хүмүүс нь барьц алддаг. Яалт ч үгүй хүнд өвчин тусаад, үхэл нь хэдэн өдрөөр, хэдэн цагаар, хэдэн минутаар хэмжигдэж байгаа тохиолдолд эмч болоод эмнэлгийн ажилчид энэ үйл явцад хувь хүнийг, ар гэрийг нь бэлтгэж, салах ёс хэрхэн гүйцэтгэх тал дээр зөвлөж тусалж байх нь хүн ёсны хэрэг. Харамсалтай нь бидэнд энэ талын мэдлэг дутмаг, яг л сексийн талаар нээлттэй ярих нь зохисгүй хэрэг гэдэг шиг үхэлд бид хүндэтгэлтэй хандаж сураагүй. Том эмнэлгүүдийн сэхээн амьдруулах тасгууд үхэлтэй хамгийн их нүүр тулгардаг. Тэгсэн атлаа яагаад үхэж байгаа, үлдэж байгаа хүмүүст зөвлөж, тэднийг удирдан залж болдоггүй юм бол? Жишээ нь: би эхтэйгээ амьдралынх нь сүүлчийн хормуудад ойр байсан ч хамгийн сүүлд хайртай, тандаа маш их баярлалаа, та минь бидэндээ санаа битгий зовоорой гэх мэт эцсийн мөчид өөрийн сэтгэлийн үгээ хэлж чадаагүйдээ одоо болтол харамсдаг. Эргээд бодоод байхад аппаратанд ухаангүй байсан ч хайртай хүний минь нүдэнд үхлийн айдас тод харагдаж байжээ. Амьдралын сүүлийн хормуудад хүний чих хамгийн сүүлд ажиллагаатай үлддэг гэдгийг би мэддэггүй байсан. Хэрвээ тэр сэхээн амьдруулахын эмч одоо энэ хүн явах гэж байна. Та нар салах ёс гүйцэтгэ дээ. Хэдий ухаангүй байгаа ч гэсэн таныг сонсож байгаа шүү, хайртай хүндээ хэлмээр санагдсан бүх үгээ хэлээрэй, бас битгий ай, бид хийсэн бүхэнд чинь талархаж байгаа, нэгнээ харж хандаж явна гэдгээ заавал илэрхийлээрэй. Тэгвэл сүнс нь тайван одох болно гэдэг ч юм уу бидэнд хэлж, удирдаж өгсөн бол магадгүй бидний сэтгэлийн шаналан, харуусал нимгэрэх ч байсан юм билүү.
Хөөрхий дөө, Миний муусайн Монголчууд үхлийн өмнөх үйлчилгээгээ ч бүрэн гүйцэд авч чадахгүй, хээгүй гүдэсхэн гэдэг шиг боргилдуухан амьдралыг туулаад туучаад дуусч байна даа. Залуу үе арай өөрөөр амьдарч эхэлж байгаад итгэнэм. Хөмөрсөн тогооны харанхуй үтэр түргэн эцэс болох болтугай.
Хөөрхий дөө, Миний муусайн Монголчууд үхлийн өмнөх үйлчилгээгээ ч бүрэн гүйцэд авч чадахгүй, хээгүй гүдэсхэн гэдэг шиг боргилдуухан амьдралыг туулаад туучаад дуусч байна даа. Залуу үе арай өөрөөр амьдарч эхэлж байгаад итгэнэм. Хөмөрсөн тогооны харанхуй үтэр түргэн эцэс болох болтугай.
No comments:
Post a Comment