Wednesday, May 15, 2013

Magnetic knee wrap- соронзон өвдгөвчний эмчилгээний үр дүнгийн судалгаа



Шинж тэмдэг бүхий өвдөгний остеоартриттай хүмүүст гуяны урд талын 4 толгойт булчингийн хүчийг сайжруулах зорилгоор соронзон өвдгөвч хэрэглэх үед гарах үр дүнгийн судалгаа
                           
Чанг Яао Чэн,  Чиа Линг Чэн (Тайван улс)
2008 оны сэргээн засахын чиглэлийн сэтгүүлд гарсан өгүүлэл

Зорилго: Өвдөлт ихтэй өвдөгний остеоартриттай хүмүүсийн 4 толгойт булчинд соронзон өвдгөвч ямар нөгөө үзүүлж байгааг тодорхойлох
Загвар: Давхар нууцлалтай, санамсаргүй хяналтат, түүврийн судалгаа,  өмнө болон дараах сорилт
Эмнэлэг: 3-р шатлалын эмнэлгийн СЗЭ тасаг
Оролцогчид:  Амбулаториор үйлчлүүлж байсан хөнгөнөөс дунд зэргийн остеоартриттай 50 оролцогчыг сонгож авсан. (Дундаж нас± стандарт хазайлт 66.0±8.6 жил)
74% буюу 37 оролцогч судалгааг дуусгасан. 6% буюу 3 оролцогчид судалгаатай холбоотой гаж нөлөө илэрсэн учраас судалгааг орхисон.
Эмчилгээ: 24 оролцогчид жинхэнэ соронзон өвдгөвч, 26 оролцогчид хиймэл соронзон бус өвдгөвчийг 12 долоо хоногийн турш зүүлгэсэн.
Гол үнэлгээний хэмжүүр: Анхдагч үнэлгээний хэмжүүр нь изокинетик аргаар булчингийн хүчийг шалгах явдал байв. Хоёрдогч үнэлгээний хэрэгсэл нь Чадвар алдалтын индексийг тодорхойлох эрүүл мэндийн үнэлгээний асуумж (HAQ-DI), Өвдөлтийг хэмжих эрүүл мэндийн үнэлгээний асуумж (HAQ) –ыг тус тус хэрэглэсэн болно.
Үр дүн: Анхны эмчилгээнд суурилсан анализыг ашиглан үр дүнг тооцоход соронзон өвдгөвч хэрэглэсний дараа тухайн хөлний 4 толгойт булчингийн изокинетик хүч 30хэм/сек-д P= .007, 60хэм/сек-д P= .022 болж сайжирсан байна. Эмчилгээ эхэлснээс хойш 1 сарын дараах үзлэгийг анхны үзлэгтэй харьцуулахад судалгааны бүлгийн булчингийн хүчний дундаж хяналтын бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Сарын дараа (0.5Нм/кг : - .09Нм/кг 60 хэм/секундэд, P= .038), 3 сарын дараа (30 хэм/сек-д .09Нм/кг: .04Нм/кг, P=.044, 60 хэм/секундэд 17 Нм/кг: .02Нм/кг, P=.031) болсон байна.
Чадвар алдалтын индекс болон өвдөлтийн үнэлгээгээр 2 бүлэг 2-лаа мэдэгдэхүйц сайжрал өгсөн байна. Анхны үзлэгтэй харьцуулахад 3 сарын дараа гэхэд чадвар алдалтын индексийн үнэлгээгээр судалгааны бүлэг хяналтын бүлгээс илүүтэй сайжирсан нь харагдаж байв.
Дүгнэлт: Хөнгөнөөс дунд зэргийн остеоартриттай өвчтнүүдийн изокинетик 4 толгойт булчингийн хүчийг нэмэгдүүлэхэд туслах зорилгоор соронзон өвдгөвчийг хэрэглэвэл үр дүнтэй байна.
Түлхүүр үгс:  соронзон, булчингийн хүч, остеоартрит, өвдөг, 4 толгойт булчин, СЗЭ







Monday, April 29, 2013

Далны маяагийн доод талын хавчигдлыг илрүүлэх эмнэл зүйн сорилын талаарх судалгаа- diagnostic accuracy of clinical test for SIS


2012 онд хийгдсэн мета анализ, Ирландын судлаачид болох Марван Алкунаээ, Роз Галвин, Том Фахэй нарын ажил юм байна. Энэ хэд интернетээр search хийгээд гарч ирсэн судалгааны ажлуудыг уншиж байгаад нэгтгэж дүгнээд нэг ийм юм хийчихсэн байна. Мэдээж зөндөө олон статистик тооцоо энэ тэр байгаа. Бүгдийг нь алгасаад практикт хэрэг болох эмнэл зүйн оношлогооны магадлал хамгийн өндөр гарсан 5 сорилыг танилцуулаад явчихая гэж бодлоо.
1. Нээрийн шинж - Neer's sign 
Эмч далыг тогтворжуулж барина. Тэгээд өвчтөнг гараа урагш сунгаад дээш тултал нь өргө гэж хэлнэ. Энэ хөдөлгөөний үеэр өвдөлт мэдрэгдэж байвал сорил эерэг гэж үнэлнэ. 
2. Хавкэнс Кеннедийн шинж - Hawkins- Kennedy test
Өвчтөн гараа урагш 90 хэм нугална. Тэгээд аажим дотогш эргүүлнэ. Энэ үед өвдөлт мэдрэх эсвэл дал дагаад дотогш эргэж байвал сорил эерэг гэж үнэлнэ.
3. Хоосон лаазны сорил - Empty can test- supraspinatus
Өвчтөнг далны хавтгайгаар гараа өргөөд мөрний үеэр дотогш эргүүлэх хөдөлгөөнийг эрхий хурууг доош харуулна уу гэсэн заавраар хийлгэнэ. Тохойн үеэр тэнэгэр байх шаардлагатай. Энэ байрлалд эмч гарны бугалга орчмоос бариад доош дарах үед эсэргүүцэж чадахгүй, булчин сул  байвал сорил эерэг гэж үнэлнэ. Дээрх 2 сорилтой нийлээд 3-уулаа сөрөг гэж гарвал SIS байхгүй гээд үзчихэж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл sensitivity буюу мэдрэг чанар нь specifity буюу өвөрмөц чанараасаа илүү өндөр гарсан байна. 
4. Гар унах шинж - Drop arm sign
Өвчтөн гараа өргөнө. Дараа нь буулгана. Буулгах үед огцом гар унах, эсвэл хүчтэй өвдөлт мэдрэгдвэл сорил эерэг гэж үнэлнэ. Энэ сорил дээр нэмээд "Гар хөндийрүүлэх сорил" эерэг гарвал SIS гээд оношилчихож болохнээ.  Өөрөөр хэлбэл specificity нь sensitivity-ээс өндөр гарсан гэсэн үг юм.


  5. Гар хөндийрүүлэх сорил - Lift off test - subscapularis
 Өвчтний мөрийг дотогш эргүүлж, гарын алгыг гадагш харуулан эсрэг талын хонгон дээр наалдуулж тавина. Дараа нь эмч бага зэрэг эсэргүүцэл гарын алган дээр нь өгөөд, гараа биенээсээ хөндийрүүл гэж хэлнэ. Хэрвээ ротатор каффын нэг хэсэг болох далны доод булчинд урагдал байвал эсвэл сулрал байвал энэ үйлдлийг гүйцэтгэж чадахгүй. Энэ тохиолдолд сорил эерэг гэж үнэлнэ. Нийт 2390 өвчтнийг хамруулсан, 16 судалгааны ажлууд дээр дүн шинжилгээ хийж үзэхэд энэ сорилын мэдрэг хийгээд өвөрмөц байдал хамгийн өндөр гарчээ. Тэгэхээр далны акромион сэртэн буюу маяа-гийн доод талын хавчигдал байна гэдэг оношыг энэ сорил эерэг гарсан үед шууд тавих боломжтой гэсэн үг юм. Оношийн магадлал 82 - 93% гэж гарчээ. 
Эдгээр эмнэл зүйн сорилоор тавигдсан оношыг мэс заслын аргаар баталгаажуулж явсан ажлуудыг л зөвхөн түүвэрлэж судласан учраас өдөр тутмын практикт хэрэглэхэд нотолгоонд суурилсан оношлогооны арга болж чадна гэдгийг хэлэхэд баяртай байна. Мөрний маш олон сорил байдаг. Дунд нь төөрч будилалгүй хавчигдалт байж магадгүй гэж сэжиглэсэн тохиолдол бүртээ зөвхөн энэ 5 сорилыг хийгээд үзээрэй. Бүр мартчих гээд байвал сүүлийн хоёрыг яг таг цээжлээд аваарай.  

Rehab SLAP lesion repair - Мөрний хагалгааны дараах СЗЭ

Дундговь аймагт амьдардаг, 25 настай, Энх тайвны корпусын сайн дурын ажилтан өвчтөн маань Тайландад мөрний дурангийн мэс засалд ороод, тэндээ 3 долоо хоног СЗЭ хийлгэж байгаад ирсэн. Ирмэгцээ хөдөө яваад, тэндээ иллэг, бумба, ультразвук эмчилгээ хийлгэж, давхар дасгалаа хийж байгаад дал орчмын булчин хэт чангараад, мөрний хөдөлгөөн хориод байна гэсэн зовиураар манайд хандсан юм. Анх хальтарч унаад мөрөө гэмтээсэн, өвдөлт намдаах эм ууж, жин тавьж нилээд үзээд бүр болохгүй болохоор нь MRI хийлгэхэд Labral tear гэсэн онош тавигдсанаар мэс заслын эмчилгээнд хамрагдсан хүн юм. Намайг үзэх үед буюу мэс засал хийлгэснээс хойш 3 сарын дараа мөрний үений далайц ерөнхийдөө сэргэсэн, өвдөлт намдсан, гэхдээ давуулах, хүчтэй хөдөлгөөн хийхээс эмээдэг гэсэн асуумжтай байлаа. Үений далайцыг үзэхэд мөр дотогш эргэх хөдөлгөөн хоригдсоны улмаас хэмжих боломжгүй, гадагш эргэх хөдөлгөөн эрүүл мөртэй харьцуулахад 30 хэмээр бага байлаа. Далны доод буюу ротатор каффын нэг бүрдэл болох m. infraspinatus мөн m. teres minor маш чанга, булчингийн өвдөлт сэдээх цэг буюу trigger point 5-6 ширхэг байлаа. 1%-ийн лидокайнтай тарилгыг булчингийн сэдээх цэгт нийтдээ 3 удаа тарьсан. Өнжөөд нэг гэсэн үг юм. Тэгээд 1500 Гц-ийн лазер соронзон аппаратаар тухайн цэгүүдэд шарлага хийсэн. Мэдээж инфрарэд-ээр халааж байгаад гүний даралттай иллэг, ультразвук сунгалтын дасгал идэвхигүйгээр өгөөд үндсэндээ 7 өдрийн эмчилгээний дараа trigger point байхгүй болсон, үений далайц нэмэгдсэн, эсрэгээр булчингийн хүч бага зэрэг суларсан. Эмчилгээний үр дүнг хангалттай сайн байлгах зорилгоор эмчилгээний хугацаанд эсэргүүцэлтэй дасгал хийхийг хориглосонтой холбоотой байж мэдэх юм. Ингээд СЗЭ-ний 3-р үе шатанд оруулаад, гэрт хийх дасгалыг зааж өгөөд явууллаа. Эндээс мэргэжлийн хүмүүс хийгээд энэ эмгэгээр шаналж буй хүмүүст хэрэг болох байх гэсэн сэтгэлээр СЗЭ-ний 5 үе шатыг товч танилцуулая гэж бодлоо.
1-р үе шат Мэс засалд орсны дараах нэг сар үргэлжилнэ. Гол анхаарах зүйлс нь: зөөлөн эдийн эдгэрэлтийг дэмжих зорилгоор сойлт хэрэглэнэ. Суганы мэдрэлийн салааг дагаад хэт мэдрэмтгий болсон байж болно. Мэс заслаас хойш 6 долоо хоногийн хугацаанд 2 толгойт булчингийн урт толгойд ирэх даралт, ачааллыг чөлөөлж өгөх ёстой. Ингэхийн тулд мөрөөр нугалах , гарын алга дээш харуулах, тохой нугалах хөдөлгөөнүүдийг огт хийх болохгүй. Эдгээр хөдөлгөөнийг 2 толгойт булчин оролцдог учраас labral татаж дахин гэмтээх аюултай. За мөн мөрөөр холдуулж байгаад гадагш эргүүлэх хөдөлгөөнийг хорино. Эхний 1 сард нейтрал байрлалд мөрөөр гадагш эргэх хөдөлгөөнийг 40 хэмээс илүү явуулж болохгүй. Юу хийх вэ? Мөр гэмтсэн үед дагаад хүзүү, тохой, бугуй, хурууны хөдөлгөөн хязгаарлагддаг. Тэгэхээр эдгээр үенд үений далайцын дасгал өгөхөө хэзээ ч битгий мартаарай. Нэмээд мөрний үенд идэвхигүйгээр далайцын дасгал өгнө. Зүрх судасны фитнес талаасаа дугуй жийж болно. Харин гүйлтийн зам дээр гарахгүй.
2-р үе шат Ойролцоогоор мэс заслын дараах 2-3-р сар. 2 толгойт булчинд бага багаар ачаалал өгч эхэлнэ. Идэвхигүйгээр мөрийг холдуулж байгаад гадагш эргүүлэх, тэнийлгэх хөдөлгөөнийг огтоос хийлгэж үл болно, хориотой хөдөлгөөн шүү. 2 толгойт булчинд бага ачаалал өгөх зорилгоор үений далайцын дасгалыг хэвтүүлж байгаад хийвэл газрын татах хүчнээс чөлөөлөх давуу талтай. Мөрийг дотогш эргүүлээд тэнийлгэх хөдөлгөөн нь labrum -ын дээд хэсэгт хамгийн их даралт өгдөг хөдөлгөөн учраас татгалзаарай.
3-р үе шат
Мэс заслын дараах 3-р сараас эхэлнэ. Энэ үед сэлэх, шидэх, толгой давуулсан хөдөлгөөнүүдийг хориглоно. Унах эрсдэлтэй идэвхитэй хөдөлгөөнөөс татгалзана. Арын капсул чангарсанаас болоод хөдөлгөөн хоригдоод байдаг талтай учраас sleepers stretch хийж болно.
 За тэгээд хүчний дасгалуудаа хийж эхэлнэ. Алхах, гүйх, дугуй унах, шатаар өгсөж уруудах дасгалыг хийж болно. Энэ үед дасгалын эрчим багаас дунд зэрэг байна.
4-р үе шат
Дасгалын эрчмийг дундаас өндөр болгоно. Сэлэх хориотой
5-р үе шат
Спорт луу орж болно. Өндөр хурдтай, эрчимтэй хөдөлгөөнүүдийг хийж эхэлнэ.
Ийм төрлийн мэс засал хийлгэсэн хүн байвал холбогдож дэлгэрэнгүй зөвөлгөө авч болно шүү. Хамгийн гол нь хориотой хөдөлгөөнүүдийн талаар мэдээлэл сайтай байж, мэс заслынхаа үр дүнг үзэх нь чухал юм.

Monday, April 1, 2013

SLAP LESIONS- Мөрний гэмтлийн нэг төрөл

SLAP гэмтлийг тайлбарлахын өмнө эргээд суурь ухагдахуун луу ороё. Мөгөөрс гэдэг маань ясны төгсгөлд байдаг, ясыг хамгаалж байдаг бүтэц юм. Дотроо шиллэг болон ширхэглэг гэж хоёр хуваагдана. Ширхэглэг нь шиллэгээ бодвол илүү хатуу бүтэц юм. Тэгэхээр мөрний үеийг бүтээж байгаа далны тогоон дээр атгаал чөмөгний толгой ирж суухад далны тогоон доторх эмжээр маягийн ширхэглэг мөгөөрсийг labrum гэж нэрлээд байгаа юм. Үүний урагдлыг SLAP гэмтэл гэнэ. Ерөнхийдөө хүний биед завсартай болон завсаргүй гэсэн хоёр төрлийн үе байдаг. Завсартай нь хөдөлгөөнийг хамгийн чөлөөтэй хийдэг үе юм. Үүнээс мөр, түнхний үе нь бөмбөлөг үе гэсэн ангилалд багтах ба хүний биеийн хамгийн олон төрлийн хөдөлгөөнд хийдэг үенд зүй ёсоор тооцогдоно. Labrum -ыг хар үгээр тайлбарлавал дов товцог толгод дээр зогсож буй машины арын дугуйнд ивсэн тоосготой зүйрлэж болно. Гол үүрэг нь мөрний үений тогтвортой байдлыг хангахад оролцоно. Мөн тохойг нугалагч хоёр толгойт булчингийн урт толгой нь labrum-д бэхлэгддэг. Гар толгой дээгүүр давуулсан хөдөлгөөнийг хүчлэн хийхэд энэ хэсэгт их даралт ирдэг. Цохиурт спортоор хичээллэгсэдэд элбэг тохиолдоно. SLAP lesion гэдэг нь Superior (дээд) Labral Anterior (урд) to Posterior (хойд) Tear (урагдал) гэсэн үгийн товчлол юм.
Дотор нь 4 төрөлд хуваана.
1.Partial tear - хэсгийн урагдал. Энэ тохиолдол арзгар сарзгарын мэс заслын аргаар тэгшитгэн засч цэвэрлэх ажилбарыг хийнэ.




2. Энэ нь хамгийн элбэг тохиолддог төрөл бөгөөд урд талын, арын, урд ба арын гэсэн 3 төрөлд дотроо хуваагддаг. Мөр мултрах үед ихэвчлэн тохиолддог, бүтэн урагдал ба энэ үед дурангийн мэс заслын аргаар зангуу маягаар буцаад ясанд нь бэхлэх эмчилгээ хийнэ.
3. Үе рүүгээ унаж урагдсан байдалтай байх ба энэ тохиолдолд унжсан хэсгийг салгаж аваад оёх мэс ажилбарыг хийнэ.
4. Хоёр толгойт булчингийн шөрмөс рүү тэлсэн урагдлыг хэлнэ. Энэ тохиолдолд шөрмөс засварлах мэс заслыг хавсарч хийх шаардлагатай болно.
SLAP гэмтлийн үеийн үндсэн эмчилгээ нь дурангийн мэс засал байдаг ба үүний дараах сэргээн засах эмчилгээг зөв хийж чадвал эргэж хэвийн байдалдаа орох магадлал 91%-тай байдаг. Мэс засал хийхгүйгээр амжилттай эмчлэгдсэн тохиолдол хэсгийн урагдлын үед цөөн тохиолджээ.



Thursday, March 14, 2013

Жин хасахад чихний сэдээгчийг хэрэглэсэн судалгаа

Өнгөрсөн оны 12 сард Италид хийгдсэн нэгэн судалгааны ажил ихээхэн анхаарал татсан учраас эндээ сийрүүлье гэж бодлоо. Турахын тулд чихэнд зүү тавьдаг гэж сонсож байсан байх. Тэгвэл Англид food watcher гээд чихэвчний хөгжим мэт аппарат гарсан нь чихний зүүтэй төстэй үйлчлэл үзүүлж, хоолны дэглэм барьж буй хүмүүст өлсөх мэдрэмж төрөхийг бууруулснаар жин хасахад нь дэм болдог байна. Чихний зүү биеийн жинд хэрхэн нөлөөлөх талаарх анхны судалгаа 1970-80 он хавьцаа хийгдэж байжээ. Тарган хүмүүст мэдрэл дотоод шүүрлийн тэнцвэрт байдал алдагдсанаас болоод өлсөх, цадах мэдрэмж өөрчлөгддөг. Зарим судалгаа үүнийг генийн мутациар хүртэл тайлбарлаж байна. Тиймээс хэт тарган хүнийг турчихаж чадахгүй, арчаагүй гээд хэлчихэж бас болохгүйнээ.

Ерөнхийдөө физиологи талаасаа бол тархины гипоталамуст өлсөх болон цадах төв гэж байдаг. Үүнд мэдээлэл хэрхэн очдог вэ? Энэ замд яаж хориг хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулж чадвал турах эмчилгээ үр дүнтэй болно. Мөн тархинаас ялгардаг норадреналин, допамин, серотонин зэрэг аминууд хоолны дуршилд чухал нөлөө үзүүлнэ. Жишээлвэл серотонин ихсээд ирэхээрээ хүн уургийн төрлийн бүтээгдэхүүн идэх сонирхолтой болж ирдэг. Харин хоолны дэглэмийн үед серотонины түвшин буурснаас болоод хүн маш их өлсдөг байна. Тэгэхээр серотонины түвшинг нэмэгдүүлэх талын аргыг сүвэгчилж болох юм гэсэн санаа эндээс цухалзаж байна.
Эргээд чихний зүү лүүгээ орцгооё. Судлаад байсан чинь чихний зүү нь идэх дуршилд нөлөөлөхөөс илүүтэйгээр эрт цадах дохиог тархинд илгээдгээрээ ач холбогдолтой байдгыг тогтоожээ. Харин энэ Италид хийгдсэн судалгаагаар бол food watcher аппарат нь тэнэгч мэдрэлийн чихний салааг идэвхижүүлж өгснөөр ходоодны шүүрэл хөдөлгөөнийг багасгаж, гипоталамус-өнчин тархины тэнхлэгээр турах үйлийг дэмждэг нь тогтоогджээ. Food watcher нь 80:110 мм хэмжээ бүхий электродтой гаднаас нь харахад зүгээр л чихэвчний хөгжим сонсож буй мэт харагддаг. 40 вольтийн, 50Гц-ийн, 40мА гүйдлийн хүчээр үйлчилдэг эд юм. Энийг өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө 10 минутын турш ажиллуулна. Давхар бага илчлэг бүхий нүүрс уст хоолны дэглэм, эсвэл Аткины гэх тодотголтой уургийн дэглэмийг 2 сарын турш барьж судалсан. Үнэлгээг биеийн жин, бүсэлхийн тойрог, цусан дахь чихрийн хэмжээ, биеийн жингийн индексээр тус тус хувьд шилжүүлэн бодож гаргасан байна. Эндээс уургийн дэглэмийг чихний сэдээгчтэй хавсруулан хэрэглэх нь үр дүнтэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Хоногийн илчлэг 1200-1800 ккал байхаар тооцоолсон, хоолны эмчээс долоо хоногт 1 удаа зөвөлгөө авч байсан. Ойролцоогоор хамгийн ихдээ 10 кг хассан байна. Эрүүл, илүүдэл жинтэй хүмүүс энэхүү судалгаанд хамрагджээ.

Tuesday, January 29, 2013

Management of obesity in menopause- Цэвэршилтийн үеийн таргалалттай тэмцэх

Тарган хүн тал бүрийн өвчтэй.
Дийлэнх Монгол ээжүүд маань цэвэршилтийн насан дээр ирмэгц гэдсээрээ таргалаад муухай харагддаг. Харвин гэдэсний таргаас болоод хачин бага насладаг гээд хэлчихэд буруудахгүй л болов уу? Би юу хүсдэгээ танд шивнэчих үү?  60 гарчихсан япон эмэгтэй цасаар байлдаад, шоудаад, аялаад гүйдэгтэй адилхан 60 настай Монгол эмэгтэй амьд төдийгүй эрч хүчтэй байгаасай гэж хүсдэг. Хөдөлж хөдөлж ажиллаж ажиллаж үр хүүхдээ хоолонд нь хүргэв үү гүй юу өнхрөөд өгдөг, Монгол амьдралын хэмнэлийг тас огтолж, өөр зам луу чиглэлээ өөрчлөе, үүний төлөө та ч бас хичээгээрэй гэж уриалмаар байна.

Цэвэршилт гэдэг маань эстроген даавар эрчимтэйгээр багасахыг хэлдэг. Харин таргалалт гэдэг нь энергийн баланс нэмэх рүү шилжихийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоол тэжээлээр авч байгаа илчлэг, зарцуулж байгаа энергиэс илүү гараад ирмэгц биемахбодид өөх болж хуримтлагдана гэсэн үг. Хэр их өөхөн эд, биеийн аль хэсэгт илүүтэй хуримтлагдах вэ гэдэг нь 1. нас 2. хүйс 3. удамшил 4. Орчин (хөдөлгөөн хийх нөхцөл байхгүй мөртлөө илчлэг ихтэй хоолоор хангадаг газар) зэргээс хамаарна.Өндгөвчний үйл ажиллагаа муудаад ирэхээр хэвлий хэсгээр өөх хуримтлагдах нь ихэсдэг. Үүнээс гадна өөх тосны солилцоо алдагдах, цусны сахар ихсэх, даралт ихсэх гэх мэт зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг байна. Үүн дээр нэмээд стрессын нум идэвхижнэ. (HPA axes)
Эндээс эстроген даавар их бол биеийн жин бага байна, эстроген бага бол сонгомлоор хэвлий хэсгээр зузаарч, биеийн жин нэмэгддэг гэсэн гаргалгааг харж болно. Тэгэхээр даавар орлуулах эмчилгээ үр дүнтэй гэсэн үг юм. Эстроген дааврын рецепторууд завсрын тархины харааны төвгөрийн доод орчин болох гипоталамуст олноор байрласан байдаг бөгөөд үүний нөлөөгөөр липолиз буюу өөх тос задлах үйл хийгддэг байна. Мөн эстроген нь судасны хананд нөлөөлж судасыг өргөсгөж судах хатуурах эмгэгээс сэргийлэх үйлд гол нөлөө үзүүлдэг ажээ.
Таргалалтанд нөлөөлдөг дараагийн хүчин зүйл бол бөөрний дээд булчирхайгаас ялгарах кортизолын ихсэлт юм. Стресс кортизолын ялгаралтыг нэмэгдүүлнэ. Кортизол нь биед өөх хуримтлагдахыг дэмждэг байна. (HPA axes) Дааврын өөрчлөлттэй холбоотой учраас таргалалт нь Кушинг хэв маягаар явагддаг. За тэгэхээр цэвэршилтийн үеийн таргалалттай тэмцэхийн тулд эхлээд биеийн жингийн индексийг бодно. Эмчилгээ нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, эмийн болон мэс заслын эмчилгээ гэсэн дарааллаар явагдана. БЖИ 30 дээш бол эмийн эмчилгээ, БЖИ 35-аас дээш бол мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ.
1. Хоолны дэглэм
Хоол хүнсээр авч буй илчлэг, зарцуулж алдаж байгаа энергийн зөрөө өдөрт 500-1000 ккал байхаар дэглэмийг сонгох хэрэгтэй. Өдөрт энергийн баланс -500 ккал байвал долоо хоногт 500гр жин хасна гэсэн үг юм. Олон янзын хоолны дэглэмээс нүүрс ус багатай дэглэм илүү үр дүнтэй.
2. Дасгал хөдөлгөөн
Аеробек дасгал бүх насныханд жин хасахад хамгийн үр дүнтэй дасгалын төрөл гэдэг нь хэдийн батлагдсан билээ. Цэвэршилтийн насныханд эсэргүүцэлтэй дасгалыг нэмж өгвөл илүү үр дүнтэй.
3. Эмийн эмчилгээ
Хоолны дэглэм бариад хөдөлгөөн хийгээд жин хасагдахгүй байгаа хүмүүст нэмэлтээр сонгох арга юм. Үүнд: симпатомиметик бүлгийн эм (sibutramine) биеийн хэмийн зохицуулгыг идэвхижүүлсэнээр цадах төвд нөлөөлдөг. Ходоод гэдэсний замыг липазаг хориглогч эм болох orlistat (120мг -аар өдөрт 3 удаа уух) биед шингэх калорийг багасгах, нойр булчирхайн липаза ферментийг үйл ажиллагааг хориглоно. Мэдээж эм бол хор. Өөрөөр хэлбэл суулгах, яр гарах, даралт ихсэх, өтгөх хатах, толгой эргэх, паникт орох зэрэг гаж нөлөө үзүүлдэгийг мартаж болохгүй.
4. Мэс засал
Нарийн гэдэс тайрах, ходоодыг тайрч багасгаснаар их идэлтийг болиулах арга зам юм. Мэс заслын дараах 30 хоногт нас баралтын хувь 0.1- 4.6% байдаг.

Дүгнэлт: 
Хамгийн чухал нь стрессдэхгүй байх, нүүрс ус бага хэрэглэх, тодорхой хэмжээгээр хоолны дэглэм барьж байх, тэгээд  " хөдөл хөдөл бас дахин хөдөл" :)

эввв.....баба.....