Monday, November 29, 2010

Морфин сульфат тасарснаас эмчлүүлэгсэд нэмэгдсэн

Манай улсад морфин сульфат уухаар тасарсан талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт энэхүү эм ирсэн эсэхийг мэдээлэхээр дахин сурвалжиллаа. 
Өвчтөнүүдэд хийх эм, тарианы хувиарын жагсаалтны эхэнд  уух зориулалттай морфин болон тариа­гаар гэж тэмдэглэжээ. Гэсэн ч уух зориулалттай хэмээн тэмдэглэсэн нү­дэнд өвчтөнүүдэд өгөхөөр тэмдэг­лэсэн зүйл харагдаагүй нь морфин сульфат одоо болтол ирээгүйг илтгэнэ. Эм тарианы жагсаалт бичиж байсан сувилагч морфин тариаг хүргэхийн тулд өвчтөнүүдэд хийх ёстой хэмжээнээс нь багаар хуваарилж  байгаа тухай ярьсан ч үүнээс тодорхой зүйл хэлэхийг хү­сээгүй юм. 

Тиймээс ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ахлах эмч Ц.Гантуяатай уулзсан юм.
-Танай төвд морфин гидрохлорид тарианы хүрэлцээ хэр байна вэ?


-Уух зориулалттай морфин суль­фат нь дотроо хоёр янз байдаг. Нэг нь 10 нөгөө нь 30 милограммтай бий. Уух зориулалттай морфин тасарснаас болж  морфин тарианы хэрэглээ нэмэгдсэн. Манай төвд сард 200 гаруй грамм морфин тариа хэрэглэдэг байсан бол уух зориулалттай морфин тасарснаас хойш сард 600 гаруй граммыг хэрэглэж байна. Гэхдээ тарианы хомсдол гарсан тохиолдол алга. 
-Морфин уухаар тасарснаас хойш өвдөлтийн шокоор нас баран тохиолдол гарсан уу?

-Манай төв өвчтөнүүдийнхээ тариаг таслахгүй байх үүрэг хүлээсэн. Тиймээс өвдөлтийн шокоор нас барсан тохиолдол гараагүй.
-Морфин тариа нь эмийг бодвол өндөр үнэтэй учир эмнэлэгт хэвтэж, үнэгүй тариулах гэсэн хүмүүсийн дараалал тасрахгүй байна гэсэн. Үнэн үү?

-Манай тасаг ердөө л 16 ортой. Гэтэл сүүлийн үед  морфин тариа хийлгэхийн тулд хэвтэхээр хандаж байгаа иргэдийн тоо нэмэгдэх болсон. Тухайлбал, одоо хэвтэж байгаа 16 өвчтөний тал нь морфин тариулахын тулд хэвтсэн. Үүнээс гадна 60 гаруй хүн ор гарахыг хүлээж байна. Үүний тал хувь нь морфингүйгээс хэвтэх хүсэлт гаргасан хүмүүс байгаа.
-“Монголэмимпекс”-ийнхэн морфин сульфат оруулж ирэхгүй удааж байгаа шалтгаанаа юу гэж тайлбарлаж байх юм?

-Морфин сульфат хориотой эмийн жагсаалтад ордог учир олон шат дамжлагаар олгодог. Экспорт, импортын явцад ч  иймэрхүү тохиол­дол гардаг юм билээ. “Монгол­эмимпекс”-ийнхний тайларласнаар өмнө нь Энэтхэгийн “Вест Кост” гэдэг компаниас морфинсульфат авдаг байсан нь цуцлагдсанаар ийм асуудал үүссэн. Тиймээс энэт­хэгийн өөр нэг компанитай гэрээ байгуулж, эм авсан ч манайх руу шууд нислэггүй учир гацчихаад байгаа гэсэн.
-Морфин сульфатыг нөөцөлж болдоггүй юм уу. Нөгөө талаар ганцхан компани оруулж ирж байгаа нь ийм асуудал үүсгээд байгаа юм биш үү. Эрүүл мэндийн яаманд энэ талаар санал хүргүүлж үзсэн үү?

-Морфин сульфатыг нөөцлөгд­дөггүй учир нийлүүлэлт удааширвал тасрах  аюултай нь бодит байдал дээр мэдрэгдэж байна. Манай төвөөс морфин импортлох саналаа олон компанид тавьсан ч хүлээж  аваагүй. “Монголэмимпекс” компани улсын компани байхдаа морфин импортлох  үүргийг хүлээсэн байдаг. Тус компани 2006 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зуучлалаар морфин нийлүүлж эхэлсэн юм билээ. Ганцхан компани нийлүүүлж байгаа учир морфин тасалдах асуудал гарч байгаа нь үнэн. Тиймээс энэ асуудлыг төр хариуцах ёстой. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад морфины нийлүүлэлтэд анхаарлаа хандуулна уу гэдэг саналаа хүргүүлсэн.
-Манай улсын морфины жилийн хэрэгцээ хэд байдаг юм бэ?

-Жилд хэрэглэвэл зохистой хэмжээ нь долоон килограмм байдаг. Гэтэл одоо хэрэглэж байгаа хэмжээ нь 2-3 килограмм л байна даа.    

Морфин уухаар тасраад 10 сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт зөвхөн морфин тариулахын тулд хэвтэх захиалга өгсөн өвчтөнүүдийн тоо жирийн үеийнхээс хэд дахин ихэсч, уртаас урт дараалал үүссэн аж. Үүний шалтгаан нь морфин уухаар тасарсанаас хойш өвчиндөө шаналж байгаа хүнээ амьдрах хугацаанд нь тайван байлгахын тулд ар гэрийнхэн нь морфины өндөр үнийг хамааралгүй тариагаар олж хэрэглэсний эцэст мөнгөгүй болсноос үүдэлтэй. Учир нь ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт морфиныг үнэгүй хэрэглэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар манай улсад морфин тогтмол хэрэглэдэг 1000 гаруй хүн бий.  Эдгэршгүй хүнд өвчин туссан хүмүүс хэдхэн өдөр ч байсан хамаагүй өвдөлтөө мартан, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхын тулд морфиноос хамааралтай болж байна. Энэхүү тоо одоогоор бага мэт сонсогдож байгаа ч жил ирэх тусам морфин хайсан хүмүүс олширч, хэрэглэгчид нь нэмэгдсээр л. Сүүлийн жилүүдэд хавдар гэсэн оноштойгоор нас барагсад зүрх, судасны өвчлөлийн дараа орох болсныг мэргэжлийн эмч нар халаглан ярьж эхэллээ. Энэ байдал нь морфины эрэлтийг улам нэмэгдүүлж байхад жилд долоохон килограмм морфин нийлүүлж чадахгүй байгаа манай улсад цаашид хэчнээн хүн өвдөлтийн шокын улмаас  нас барахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Р.САРАНГОО http://www.news.mn/ 

Үр ашигтай сурах арга замууд

Сургалтын талаар тусад нь бичлэг оруулна гэж хэлж байсан. Амлалтаа биелүүлэх цаг хэдийн болжээ.

1. Хувийн сургалтын төлөвлөгөө

Хувийн сургалтын төлөвлөгөөгөө гаргахад доорхи асуултууд танд хэрэг болно.
А. Яагаад би энэ сургалтыг сонгох болов? \ холын зорилгоо тодорхойлно гэсэн үг. Энэ сургалт миний ирээдүйн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр анхаарч бодоорой. \
Б.  Би яг юу сурах гээд байгаа билээ?  \ энэ дээр одоогийн буюу сургалтынхаа зорилгыг бичнэ.\
В.  Би хэрхэн, яаж суралцах вэ?  \ сурах үйл явц, арга барилаа тодорхойлно.\
Г.  Хоногийн хэдэн цагийг би сурах үйл явцдаа  зарцуулах вэ? \ цагийн менежмент-ээ хийнэ.\
Д.  Би хэр сайн сурч байна гэдгээ яаж мэдэх вэ? \ өөрөө өөрийгөө үнэлэх, шалгалт өгөх, интернетээр тухайн сэдэвтэй холбоотой тест олж бөглөх гэх мэт хувилбаруудаас өөрт тохирохыг сонгож болно.\
Е.  Өнгөрсөн, одоо, ирээдүйг хэрхэн, яаж холбох вэ? \ өнгөрсөнд та тодорхой хэмжээгээр ажлын туршлагатай болсон байгаа. Тэгвэл энэ сургалтанд хамрагдсанаар ирээдүйд ажилдаа юуг өөрчлөх, шинээр нэвтрүүлэх, сайжруулах вэ? Ингэснээр сургалтын аль хэсэгт илүү анхаарал хандуулах вэ гэдгээ тодорхойлчихож байгаа юм.\

2. Үр ашигтай сурах арга замууд

А. Тэмдэглэл. Бичиж тэмдэглэх боломж бүрийг битгий алд. Сайн тэмдэглэгээ гэдэг бол чанартай сургалтын үндэс. Шинээр өвчтөн үзэх бүрдээ нас, хүйс, онош, эмчилгээний тактикийг тэмдэглэж яв. Лекц сонссон ч товч тэмдэглэл хий. Дараа нь олоод авчихна гэж битгий залхуур.
Б. Карт зохио
Гэхдээ бүтэц нь ямар байх вэ гэдэг дээр илүүтэй анхаараарай. Жишээ нь: бичгийн цаасыг 8 хуваагаад, нэг талд нь асуултаа бичнэ. Нөгөө талд нь хариултаа товч бөгөөд тодорхой бичнэ. Энд тэнд явж байхдаа халаасандаа картуудаа хийхээ битгий мартаарай. Цаг гарах бүрийд,  өөрийгөө шалгаад байх боломжтой болно.

В.  Давт, давт бас дахин давт \ сэргээж харах\

19-р зуунд Германы сэтгэцийн эмч Эббингхаус хүний санах ойг судалж, олон жилээ зарцуулсны дүнд доорх дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргажээ. Энэ нь Эббингхаусын алдарт
 " марталтын" муруй юм.
Хэрвээ тухайн шинэ сэдвийн чухал хэсгүүдийг карт болгож хийчихээд, тэднийгээ тодорхой хугацаанд сэргээж хараад, давтаад байвал ямар үр дүнд хүрэх вэ?

Г. Сурах үйл явцынхаа үнэлгээг хий, сард 1 удаа ч юм уу өөрөө өөрөөсөө бяцхан шалгалт авчихаж бай. Тэгээд өөрийгөө зөв үнэл, хонгилын үзүүрт харагдаж байгаа гэрэлд хэр ойртож яваагаа мэдэж авах нь олон талын ашигтай. Юун дээр алдав, юун дээр онов гэдгээ тунгаан бод.

3. Суралцагч хүний ихэвчлэн гаргадаг алдаанууд

А. Тодорхой нэг сэдэв бүлэг дээр их уддаг. Хэт том бүлэг сонгоод авчихвал уншиж барахгүй нь дээ гэж шаналсаар, эхний сэдвээ ч дуусгаж чадахгүй олон хоногийг алддаг. Тиймээс хамгийн түрүүнд тухайн бүлгийг олон жижиг хэсэгт хуваагаад, хэсэг тус бүрээр нь уншаад яв. Тэгвэл зүрхшээх шаардлага гарахгүй.
Б. Тухайн сэдвийн талаар гол цөм болсон хэсгүүдээ ойлгоогүй байж, илүү детайлчилсан, шинэ зүйл дээр нь анхаарлаа хандуулж, дэмий цаг алддаг.  Ийм алдаа гаргахгүйн тулд гэр барихтай адилхан замаар явах хэрэгтэй. Эхлээд баганаа тулж, ханаа тойруулж, униа өлгөнө. Энэ нь тухайн сэдвийн цөм хэсгийг барьж ав гэсэн үг. Баганаа тулж, униа өлгөөгүй байж, өрхөө бүтээх гээд байвал юу болох билээ?
В. Сургалтынхаа төлөвлөгөөг гаргаагүй байж сурах гэж яараад байдаг. Хэрвээ та юу сурах гээд байгаа зорилгоо тодорхойлж мэдэхгүй бол юу ч сурч чадахгүй.

4. Сургалтын хэлбэрүүд

Энэ нь дотроо идэвхитэй, идэвхигүй гэж 2 хуваагдана. Идэвхигүй сургалтанд номноос хуулан бичлэг хийх, лекц сонсох гэх мэт суралцагчын зүгээс бүтээлч сэтгэлгээ шаардагдахгүй хувилбарууд багтана. Үр дүн ихэвчлэн сөрөг байдаг. Харин идэвхитэй хэлбэрт ажлын туршлагаа онолын мэдлэгтэй уялдуулах, шалгалтын асуултанд хариулах, тодорхой нэг сэдэв сонгон авч, хамт суралцаж байгаа нөхөддөө илтгэл тавих зэрэг хувилбарууд багтдаг байна.

Өвдөлтөөр мэргэшиж байгаа эмч нарын хувьд идэвхитэй хэлбэрээр суралцдаг. Өдөрт 1 хүн 10- 15 өвчтөн үздэг. Өглөө нь pain clinic дээр гаднаас ирсэн өвчтнүүдээ үзээд, үдээс хойш тасгуудаас ирсэн дуудлагуудын дагуу явж, эмнэлэгт хэвтэж байгаа өвчтнүүдийг үзнэ. Тэгэхдээ өдөр бүр, ээлжээр 1 профессор багш биднийг ахалж ажилладаг. Хамт өвчтөн үзнэ, зөвөлгөө өгнө. 7 хоногт 2 удаа, өглөө 8-9 цагийн хооронд сурч байгаа эмч  нар хуваарийнхаа дагуу тодорхой 1 сэдэв сонгож аваад, илтгэл бэлдэж, түүнийгээ бусаддаа танилцуулдаг. Мөн ээлжээр сэтгэцийн эмч нартай хамтарсан тохиолдол- конференцийг 2 сард 1 удаа зохион байгуулдаг. За нэг иймэрхүү. Эерэг өөдрөг бодолтой, төлөвлөгөөнийхөө дагуу юмаа хийчихдэг хүнд бол толгой өвдөх хэрэг гарахгүй. Харин ч зугаалж, амрах цаг илүү их гарна. Аль болох амьдралаас сайхан амтыг нь мэдрэхийг хичээгээрэй. Хэнийх нь амьдрал хэзээ дуусахыг хэн ч урьдчилан хэлж мэдэхгүй шүү дээ.

"Study smarter- not harder"
Бүх суралцагчиддаа амжилт хүсье.


Tuesday, November 23, 2010

Thai National Anthem / Тайланд улсын төрийн дуулал









 Одоогийн Тайланд улс 66 сая хүн амтай. 73 аймагтай. Нийслэл хот Бангкокт албан бус тоогоор 15 сая хүн амьдардаг. Газар нутгийн хувьд Монголоос 3 дахин жижиг. 1949 оныг хүртэл Сиамын Хаант улс гэж нэрлэгдэж байсан. Аль нэг улсын дарлалд, колон орон байж үзээгүй гэдгээрээ маш их бахархдаг. Тийм учраас сүүлд Тайланд буюу эрх чөлөөт орон гэсэн нэртэй болжээ.  Борооны болон хуурай гэсэн 2 улиралтай, чийглэг дулаан уур амьсгалтай, жилдээ дулааны хэм 23.7- 32.5  хооронд хэлбэлздэг. Нийт хүн амын 95% нь буддийн шашинтай.
Албан ёсны хэл - Тай. 3 өнгө бүхий төрийн далбаа нь 1917 онд бүтээгдсэн. Улаан нь үндэстний аюулгүй байдал, цагаан нь шашин, голын цэнхэрээр хааныгаа төлөөлүүлсэн. Төрийн дуулал нь өдөр бүр өглөө 8, орой 6 цагт эгшиглэж, бүх хүн хөдөлгөөнгүй зогсож, хүндэтгэл үзүүлдэг хуультай.  12 сарын 5 буюу хааныхаа төрсөн өдрийг үндэсний өдөр болгон тунхагласан.
Товчхондоо ийм орон байна. Дараа үргэлжлүүлье.

Mongolian National Anthem / Монгол Улсын Төрийн Дуулал

Saturday, November 20, 2010

Монголд хэрэгжүүлж болохоор юм юу байна?

 1. Эмийн жагсаалт. Энэ зурган дээр  архаг өвдөлтийн практикт түгээмэл хэрэглэгддэг эмүүд байна. Эмийн харагдах хэлбэр, нэр, тун, нэг ширхгийн үнийг биччихсэн байгаа. Бид ч бас байнга хэрэглэдэг эмнүүдээ ингээд хийчихвэл өвчтөнд илүү ойлгомжтой, эмчид ч эмчилгээгээ тайлбарлахад дөхөмтэй болох бус уу?















2. Family tree
Архаг хууч өвчин эмгэгтэй, архаг өвдөлттэй өвчтөн бүр дээр family tree  зурж хэвшие. Өвчтний сэтгэл зүй, санхүүгийн байдал, ар гэрийн халамж анхаарал,асаргаа сувилгаа гээд асар чухал мэдээллийг өгнө, цаг хэмнэнэ, treatment option-оо тухайн хувьд хүнд тохируулан сонгоход тусална.



3. Гар чийдэн
Энэ ширээн дээр улаан өнгөтэй гар чийдэн байгаа биз. Энэ эмч болгоны үзлэгийн ширээн дээр байх юмаа. Өвчтнийхээ ам луу, нүд лүү тусгаад, нилээд олон мэдээлэл олоод авчихдаг оношлогооний сүрхий хэрэгсэл юм. Бид л анзаардаггүй болохоос биш.

4. Дотоод сүлжээ
Тэр компьюторыг харж байна уу? Өвчний түүхийн дугаарыг нь оруулаад, тэр хүний шинэ, хуучин бүх шинжилгээг харьцуулаад харчих боломжтой. Эмнэлэг дотор ийм компьюторууд хаа сайгүй байна.
Манайхан цахим өвчний түүхтэй болно гэж бүтэшгүй юм ярьж байхаар эхлээд ядаж, шинжилгээгээ ингээд харчихдаг болмоор юм.

Friday, November 19, 2010

Шинэ салбар

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд, өндөр хөгжсөн анагаах ухааны 3 салбар одоо болтол Монголд хөгжиж чадаагүй, дөнгөж эхлэл нь тавигдаж байна. Энэ бол бие бялдар сэргээн засах анагаах ухаан, хөнгөвчлөх эмчилгээ, өвдөлт 3 юм.  Монголд хөнгөвчлөх эмчилгээг хөгжүүлж байгаа хүн бол Одонтуяа багш. Эмч нар  андахгүй сайн мэдэх байх, би хэд хэдэн удаа лекц, хичээлд нь сууж байсан. Мэдлэгтэй, чадвартай, дайчин хүн шиг санагдсан. Улаанбаатарт нилээд хэдэн хоспис-ууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хөнгөвчлөхөөр мэргэшсэн эмч нарын тоо ч нэмэгдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сэргээн засах АУ-ыг жинхэнэ утгаар нь таниулж эхэлсэн хүн бол Балжинням багш. Энэ хүнээр хичээл заалгаж, резидентээ хийсэн эмч нар хэдийн улсын том эмнэлэгүүдийн сэргээн засах тасагт ажиллаад эхэлчихсэн явж байгаа. Тасагтаа төдийгүй эмнэлэгтээ орчин үеийн сэргээн засах анагаах ухааныг таниулж, хөгжүүлж, өөрсдийн мэдлэг чадварыг ч өсөн нэмэгдүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.  Өвдөлтийн тухайд гэвэл зайлшгүй бид Тайланд улсыг, Сирираж эмнэлгийг дурдах ёстой. Энд суралцсан эмч нар Монголд өвдөлт намдаах хамтлаг, нийгэмлэгийг байгуулж, дор бүрнээ их зүйл хийсэн, хийж ч яваа. Эх нялхсын Энхтүвшин эмч анх Тайланд улсад мэргэшил дээшлүүлсэн, Сирираж эмнэлгийг Монголтой холбож өгсөн хүн. Хүүхдийн өвдөлтөөр тэр дундаа хурц өвдөлтөөр маш их зүйл хийж байгаа чадалтай эмч. Би өөрөө энэ хүнтэй танилцаж, ярилцаж байгаагүй. Гэхдээ Монголд буцаж очоод, хамтарч олон зүйл хийнэ гэсэн хүсэл байна. Монголын өвдөлт намдаах нийгэмлэгийн тэргүүнээр Ачтан эмнэлгийн Бямбасүрэн эмч ажилладаг. Бас л Сирираж эмнэлэгт ирж, суралцаж байсан хүн. Энэ хүн өвдөлтийн салбар ШУ Монголд хөгжих үндсийг их сайхан тавьж өгсөн. Дэлхийн өвдөлт намдаах нийгэмлэгийн Монгол дахь албан ёсны салбарыг нээсэн. Олон улсын сургалт, семинар зохион байгуулсан. Бас манай эмч нар гадагшаа явж мэргэжил дээшлүүлэхэд юу саад болж байна гэдгийг маш соргог олж харсан. Хэлний бэрхшээл бол хамгийн нэн түрүүнд гарц олох асуудал. Тиймээс эмнэлгийн англи хэлний сургалтыг тогтмол явуулж байгаа. Үүнд аль болох олон хүн хамрагдаасай гэж хүсч байна. Сургалтын тухайд тусад нь нэг бичлэг оруулах учраас ингээд зогсоё.  Ямарваа нэгэн хэлбэр төдий гоё ганган, шинэ зүйлийн тухай би бичээд байгаа юм биш. Монголчуудад дутагдаад байгаа, зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай, тулгамдсан асуудал учраас би бичиж байна. Өвчин зовиургүй, өвдөлтгүй байхсан, тахир дутуу болохгүй байхсан, нэгэнт төгсгөлийн шатанд орчихсон хайртай хүнийхээ амьдралын сүүлчийн өдрүүдийг чанартай байлгахсан гэсэн хүсэлтэй хүмүүс Монголоор дүүрэн байгаа. Тэдэнд хэн туслах вэ? Эмч, эмнэлгийн ажилчид бид нар л тусална. Тэр үнэтэй итгэл найдварыг алдахгүй байх тангарагыг өргөсөн учраас бид хариуцлага өндөртэй байх ёстой. Нэгнээ сонсож чаддаг, дэмжиж чаддаг, хамгийн гол нь нэгдэж хамтарч чаддаг байх учиртай. Нийгэм маань ядуу тарчиг, цалин хөлс бага, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, эм тарианы хангамж муу гэсэн олон бэрхшээл байгаа ч бид ухрахгүй. Нэгэнт сонгосон мэргэжил учраас урагшаа зүтгээд л байх хэрэгтэй. Яагаад гэвэл бид Монголдоо төрж өссөн, Монгол хүмүүс шүү дээ. Энэ чинь бидний гэр, бидний ард түмэн. Бид л хийхгүй бол, бид л хөгжүүлэхгүй бол өөр хэн хийх билээ?







Tuesday, November 16, 2010

Үнэн үнэтэй, Үнэ цэнэтэй хэмээгч нэгэн шинэ шүлэг

Гандангийн тагтаа шиг
Энгийн амьдрахсан
Гар хөл шигээ
Эвэлж амьдрахсан
Шонгийн мод шиг
Шулуун амьдрахсан
Шархалсан зүрхгүй
Шинэхэн амьдрахсан
Төрөх өрөө шиг
Эхэлж амьдрахсан
Төгс хулс шиг
Эгцэрч амьдрахсан

Тэнгэр шиг хол биш
Газар шиг ойр амьдрахсан
Тэмээ шиг хүлцэж биш
Адуу шиг давхиж амьдрахсан
Цурам шиг унтарч биш
Түүдэг шиг асаж амьдрахсан
Цөл шиг мөхөж биш
Төгөл шиг ургаж амьдрахсан
Цоож шиг хадгалж биш
Түлхүүр шиг нээж амьдрахсан
Цаг шиг урсаж биш
Түүх шиг үлдэж амьдрахсан

Үхэн үхтлээ өөрийнхөөрөө
Үнэн амьдрахсан
Үхлийн дараах ертөнцөд ч
 Цэнэтэй очихсон

Saturday, November 13, 2010

Хос шүлэг

Хүн- Зураач
Чиний үнэр - миний онгод
Чиний дуу- миний хөгжим
Чиний амьсгал- миний агаар
Чи бүхлээрээ миний мэдрэмжийн туйл


Уул нь би зураач байгаагүй юм
Угтаа энгийн дүрсийг ч зурж чаддаггүй байлаа
Чамайг сэтгэлрүү минь өнгийхөд
Би зурж эхэлсэн
Хөлд орж буй бяцхан жаал мэт
Мэдрэмж өсөж эхэлсэн
Хос хоёр нүд тулгарах бүрийд
Хамаг цус минь буцлаад ирдэг
Оргил мэдрэмж тэр л эгшинд төрж
Онгод минь хөглөгдөөд ирдэг
Тэгээд л би нүдээ тас аниастайгаар
Зурж эхэлдэгээ
Хайраараа харандаа хийж
Харцаараа түүнийг үзүүрлэж
Халуун амьсгалаараа баллуурдаж
Хар цагаан зургаа гаргана
Тэгснээ
Үнэрээрээ усан будаг хийж
Уруулын амтаараа өнгөлж
Үелзэх ус мэт хөдөлгөөнөөр
Сүүлийн будгаа түрхэнэ
Уран зураг ингэж бүтдэг юм
Угтаа бидэн хоёрын хайраас мэндэлдэг юм
Зургыг минь ганцхан чи л хардаг
Зүгээрээ энэ л надад хангалттай
Хүн- Зураач хэзээ мөхөхийг
Харин бидэн хоёрын сэтгэлийн уяа мэднэ




ЗУРААЧИЙН МӨХӨЛ
Чамтай учирсан цагаас хойш
Би зурдаг болсон
Чамаас хагацсан өдрөөс хойш
Би зурахаа больсон
Хажууд байхад нь
Биен дээр нь зурдаг байсан
Холоо явахад нь
Сэтгэлдээ сараачдаг болсон
Хачин жаргалтайгаар
Инээмсэглэн таталбараа гаргадаг байсан
Хайртай байсан болохоор
Итгэлтэйгээр зурж чаддаг байсан
Нэг л өдөр бийр минь хатаж
Нэг л өдөр будаг минь дууссан
Нулимсаараа ч болтугай норгон байж
Зурья гэж хичээсэн болсонгүй
Насаараа зураач явах нь гэж
Итгэж хөөрч байсан бүтсэнгүй
Цэнхэр өнгө найруулая гэсэн
Саарал болчихоод
Цэлмэг тэнгэр зурья гэсэн
Бүрхэг болчихоод болсонгүй
Ягаан өнгө гаргая гэсэн
Ногоон болчихоод
Сарнай цэцэг зурах гэсэн
Халгай болчихоод бүтсэнгүй
Гар минь хөшөөд
Хуруунууд салганаад
Ганц ч бүтээл туурвиж чадсангүй
Нүд минь бүрэлзээд
Нулимс бүрхээд
Аниастайгаар зурах гэсэн
Бийрээ олсонгүй
Бүтсэнгүй
Би чамд хайргүй болжээ
Нэг л өдөр би зурдаг болсон
Нэг л өдөр би зурахаа больсон.

Надаар дүүрэн чи байдаг

НАДААР ДҮҮРЭН ЧИ БАЙДАГ
Надад тэр нь сайхан байдаг
Нүдний алиманд нуугдчихаад
Чи гардаггүй
Уруулын улаанд нь шингэчихээд
Чи явдаггүй
Хөлд минь тээглэчихээд
Өөр залуу руу алхуулдаггүй
Хэлд минь орооцолдоод
Өөр залуутай яриулдаггүй
Надаар дүүрэн чи байдаг
Уйлж гуниглах гэхээр
Нулимсан дусалд орж суучихаад
Босдоггүй, гардаггүй
Урсгаад алдчихаасаа айгаад
Уйлж ч чаддаггүй
Ууж согтое гэхээр
Өмнөөс минь уучихаад
Үг нь ээдрээд зогисоод
Өрөвдмөөр харагдахаар нь
Хайрлаад
Ууж ч чаддаггүй
Надаар дүүрэн чи байдаг
Муу яваад эхлэхээр
Саад болоод
Уруулнаас
Нүднээс
Хэлнээс
Хөлнөөс
Ургачихдаг чи
Сайн яваад эхлэхээр
Санаа нь амраад
Урууланд
Нүдэнд
Хэлд
Хөлд
Байгаа үгүй нь мэдэгдэхгүй
Унтчихдаг чи
Надаар дүүрэн чи байдаг
Надад тэр нь сайхан байдаг

Зүрхний үнэр

Анагаах төгсөх жилээ би "Зүрхний үнэр" нэртэй бяцхан шүлгийн ном гаргаж, ойр дотны хүмүүстээ бэлэглэж байсан юм. Ихэнх шүлэг нь хайрыг минь булааж, нэгэн цагт өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан монголын нэгэн сайхан залууд зориулагдсан билээ. Тэр хүн надад хайраас амталж болох бүхий л мэдрэмжийг мэдрүүлж чадсан болохоор насан туршдаа талархаж явах болно. Баярлалаа чамдаа. Ингээд шүүлтүүр тавьж байгаад арай гайгүй болсон гэж бодсон шүлгүүдээрээ блогоо бас таныг мялаая.

Оршлын оронд Би
Үдэш бүр биш юмаа гэхэд ихэнх шөнө өөртөө цаг гаргаж, би ганцаарддаг. Хэний ч тухай бус зөвхөн өөрийнхөө тухай бодож суудаг. Алтан мөчүүдээ би амиа бодон өнгөрөөдөг. Би би-гээрээ үлдэхийн тулд бяцхан амиа зан гаргадаг. Түүнээсээ хичнээн их энерги авдагаа бодохоор гайхалтай. Амьдралд би өөрийнхөөрөө амьсгалж чадаж байгаагаараа бахархдаг. Тэгэж чадаж байгаа болохоор маргаашийг инээж угтдаг.

СЭТГЭЛ МИНЬ УНТАЖ БАЙНА
Чишш, чимээгүй
Сэтгэл минь унтаж байна
Нялх хүүхэд өлгийндөө нойрсох шиг
Сэтгэл минь амгалан унтаж байна
Үнэгчлээд л, инээгээд л
Үнэхээр тайван унтаж байна
Олон сар зовсон сэтгэл минь
Одоо л нэг тайвширсан бололтой
Амгалан гэгч нь унтаж байна
Амар тайвныг нь бүү эвд
Ахиад ингэж унтах хүртэл
Арван жил хүлээж ч мэднэ
Чишш, чимээгүй
Сэтгэл минь унтаж байна

Thursday, November 11, 2010

Эхлэл

Сайн байна уу?
Миний блогоор сонирхон зочилж байгаа танд баярлалаа.
 Аан, намайг Жинтана гэж дуудаж байгаарай.
Яагаад блог нээв гэсэн үү? Би бүтээлч байхыг, бусадтай хуваалцахыг хүссэн юм. Өөрөө би хүмсүүдийн блогыг унших их дуртай. Сэтгэл санаа онцгүй өдрийн төгсгөлд бол тувт блог хэсээд уншаад явчихдаг. Нөхдүүдийн бичлэгээс таалагдсан мөр, өгүүлбэр, үгийг дэвтэртээ бичиж аваад, унтахынхаа өмнө харж хэвтэж байгаад, нүдээ аниад яг ямар орчинд яагаад энийг бичих болов гэж ургуулан бодсоор унтана. Өглөө нь жигтэйхэн эрч хүчтэй хүн босч ирдэг болохоор блог ертөнцийг хүндэтгэдэг би.
Айн, блогийн нэр үү? утгатайгаар барах уу. Би Тайланд улсын Махидол их сургуульд өвдөлтийн менежментээр fellowship  хийж байгаа хүн байгаам. Найз нөхдийн маань 80% нь эмч. Тэд маань надаас их олон юм асууж байна. Тэр болгонд хариу өгөөд байж чадахгүй болохоор блогоороо дамжуулаад Монгол эмч нартаа мэдээлэл өгөх, харилцан санал бодлоо солилцох гол зорилготой. Гэхдээ мэргэжил насны хувьд зааг байхгүй шүү. Хүссэн хүн бүхэнд хаалга маань нээлттэй.
Таны мэдлэгт нэмэр болохуйц чанартай бичлэг оруулж байхыг эрмэлзэнэ.
Надтай нэгдсэн танд дахин баярлалаа.  Бичлэг бүр маань бэлэг болох болтугай.