Анагаах төгсөх жилээ би "Зүрхний үнэр" нэртэй бяцхан шүлгийн ном гаргаж, ойр дотны хүмүүстээ бэлэглэж байсан юм. Ихэнх шүлэг нь хайрыг минь булааж, нэгэн цагт өдрийн бодол, шөнийн зүүд болж явсан монголын нэгэн сайхан залууд зориулагдсан билээ. Тэр хүн надад хайраас амталж болох бүхий л мэдрэмжийг мэдрүүлж чадсан болохоор насан туршдаа талархаж явах болно. Баярлалаа чамдаа. Ингээд шүүлтүүр тавьж байгаад арай гайгүй болсон гэж бодсон шүлгүүдээрээ блогоо бас таныг мялаая.
Үдэш бүр биш юмаа гэхэд ихэнх шөнө өөртөө цаг гаргаж, би ганцаарддаг. Хэний ч тухай бус зөвхөн өөрийнхөө тухай бодож суудаг. Алтан мөчүүдээ би амиа бодон өнгөрөөдөг. Би би-гээрээ үлдэхийн тулд бяцхан амиа зан гаргадаг. Түүнээсээ хичнээн их энерги авдагаа бодохоор гайхалтай. Амьдралд би өөрийнхөөрөө амьсгалж чадаж байгаагаараа бахархдаг. Тэгэж чадаж байгаа болохоор маргаашийг инээж угтдаг.
Чишш, чимээгүй
Сэтгэл минь унтаж байна
Нялх хүүхэд өлгийндөө нойрсох шиг
Сэтгэл минь амгалан унтаж байна
Үнэгчлээд л, инээгээд л
Үнэхээр тайван унтаж байна
Олон сар зовсон сэтгэл минь
Одоо л нэг тайвширсан бололтой
Амгалан гэгч нь унтаж байна
Амар тайвныг нь бүү эвд
Ахиад ингэж унтах хүртэл
Арван жил хүлээж ч мэднэ
Чишш, чимээгүй
Сэтгэл минь унтаж байна
No comments:
Post a Comment