Thursday, February 24, 2011

Congratulations Ajarn PU

Сирираж эмнэлэг 2010 оны шилдгүүдээ тодрууллаа. Эхний зурган дээр манай "Өвдөлтийн клиник"- ийн захирал, проф, багш Понгпарадээ эмнэлгийн даргаас цомоо гардан авч байна. Яагаад энэ хүн шагнал авах болов оо гэж үү? Хийж бүтээсэн зүйлээрээ дэлхийд танигдсан тул хөдөлмөрийг нь ийнхүү үнэлэн урамшуулж байгаа хэрэг юм. Австрали, Шинэ Зеландын Honorary fellowship- т шалгаран уригдсан тул шагнав гэж бичсэн байна лээ. 




2 дахь нь оны алдартнууд нэгэн дор цуглан дурсгалын зураг татуулж байгаа байдал.
Бүгдээрээ гайхамшигтай мундаг хүмүүс учраас сайн энерги нь компьюторын дэлгэцээр дамжин танд хүрэх болтугай хурай хурай хурай...
"Ээж охин хоёр" Охин нь манай анги. Бид 2 нас чацуу, мэргэжил нэгтэй нөхөд.



                          " Манайхан"

Эмч байх сайхаан

Эмч байхын нэг сайхан нь юу гээч? Өдөрт маш олон түүх уншигддаг болохоор би мэргэжилдээ хайртай. Олон хүний амьдралд шууд болон дам холбоогоор оролцох боломжтой. Өвчин гэдэг эмчлэхэд бэрхтэй. Би таныг эдгээгээд өгнө гэж ам гарах аргагүй. Оролдоод үзье гэсэн нь л хамгийн шударга хариулт болох байх даа. Эмч хүн зарим нэг онцгой сэтгэгдэл төрүүлсэн тохиолдлыг мартдаггүй. Жишээ нь: надад энэ 7 хоногийн байдлаар үхлээ хүлээн дэмийрч хэвтээ ээжийн охин нь болох трансжэндэр бүсгүй онцгой санагдсан. Анх би тэднийг 3 сарын өмнө харж байсан юм. Ямар мундаг өөрийгөө арчилдаг охин бэ гэж дотроо дуу алдтал эрэгтэй хоолойгоор ярьж намайг цочоож алах шахсан хог байгаан. Тухайн үед ээжийнх нь биеийн байдал харьцангуй сайн байсан. Тэр ээжийнхээ эмчилгээг маш сайн мэдэж байсан нь надад удаах хүчтэй сэтгэгдэлийг төрүүлсэн. Ээждээ хайртай сайн охин. Хэд хоногийн өмнө дахин дуудагдаад очтол өвчтөн өөрийн ухаангүй, дэмийрэлтийн байдалтай, ерөнхийдөө явахаар болчихсон нь ойлгомжтой байлаа. Ийнхүү энэ 7 хоногт өдөр бүр тэднийг эргэдэг ажилтай болов. Очих тоолонд өөртөө итгэлтэй, өрөөлд хүндэтгэлтэй ханддаг, жигтэйхэн ганган цэмцгэр охин нь сууж л байдаг. Харин өнөөдөр охины аав бололтой хүн ирсэн байв. Эрэгтэй мөртлөө эмэгтэй хувцас өмсөөд байгаад нь дургүй бололтой. Хүний хүсэл сонирхол ямар байх нь хамаагүй, магадгүй масс " гажиг" хэмээн дургүйлхэн хүлээж авдаг тэр трансжэндэр охин миний үнэлэмжээр бол хамгийн сайн хүн. Эхийгээ хайрлаж байгаа хайр нь түүнийг хүчирхэг болгон тодотгож өгч байгаа юм. Би хайр мэдрэхээрээ хамар шархираад амархан уйлчих гээд байдаг. Ингээд бичиж байтал намайг уйлуулсан нэг тохиолдол санаанд орчихлоо. Эцэг эхээ багадаа алдсан, ээжийнхээ дүү дээр өссөн 17 настай хүү. Тэгсэн ээжийн оронд ээж болсон хүн нь бас хавдраар нас барчихаж байгаа юм. Бид эгчийг нь амьдралын сүүлчийн өдрүүдэд очиж үздэг, хөнгөвчлөх эмчилгээ хийдэг байлаа. Тэр хүү эгчийнхээ дэргэдээс холдоно гэж байхгүй, дэвүүрээр сэвэх, нулимс, хөлсийг нь арчих, гар хурууг нь илэх, ус уулгаж байгаа хандлага зэрэг нь эгчдээ маш их хайртайг сохор хүнд ч мэдрэгдтэл харуулж байсан болохоор би мартдаггүй юм. Эгч нь өнгөрөхөд би тэр хүүг өрөвдөн, элэг эмтрэн уйлж байлаа. Гэхдээ эмч хүн хариуцлагатай бас хатуу чанга байх ёстой. Ялангуяа үхэл амьдралын зааг дээр ажилладаг мэргэжилтнүүд хурц ухаантай, зоригтой байх шаардлагатай. Өвчтний ар гэртэй нь нийлэлдээд, тохиолдол бүр дээр уйлаад байвал утгаа алдана биз дээ.
Манай мэргэжлийн бас нэг сайхан нь юу гээч? Эмч өвчтөн 2-ын хоорондын нандин харилцаанд оршино. Тэр бүр хүнд хэлдэгггүй, яриад байдаггүй нууцаа эмчид л дэлгэнэ. Тэр бүр хүний гар хүрээд байдаггүй хэсэгт эмч л хүрнэ. Маш хүчтэй архаг өвдөлттэй шаналж яваа өвчтөн ганцхан эмчийнхээ хошин үгэнд баясаж, бүр нэг сайхан сэтгэл уужиртал инээж байхыг би харсан. Итгэл гэдэг хүний энергийн цөм гэлтэй. Өвдөлтийн эрчмийг өвчтөн өөрийн сэтгэлийн хүчээр бууруулах боломжтой гэдгийг та мэдэх үү? Тэр замд нь эмч хүн л өвчтнөө хөтөлнө шүү дээ. Үүний тулд эмчээ та ихийг унших ёстой, шинэ бүхнээс хоцрохгүй байх хэрэгтэй.
Эмч байх сайхан ч эмч шиг эмч байх амаргүй.

2013 онд гарах " Ээждээ" номын хэсгээс


2010.08 сар \ өврийн дэвтрээс ургасан тэмдэглэл\
Яг жилийн өмнө та минь тэнгэр лүү одсон. Яг энэ цаг мөчид гэнэтхэн, палхийтэл яваад өгсөн. Энэ өдрийг, тэр жилийг таны хайрладаг, таныг хайрладаг, таниас тасарч унасан үрс чинь мартахгүй. Голоо тасартал харамсаж, элгээ эгштэл уйлж өнгөрөөнө. ҮР чинь унтаагүй, харийн нутгийн 2 лааг ээлж дараалан асааж, эхлэхээс дуусах хүртэл нь ажиглаж, дөлөнд нь таныгаа олж харах гэж хичээн сууна. Та минь надад ямар их хайртай байлаа, дэндүү их хайртай байсан. Насаараа тандаа эрхэлж явах юм шиг л бодож байлаа.

Наран нааддаг энгэрт тань
Гунигаа би асгачихаад
Цэцэгс дэлбээлдэг харцнаас тань
Урмаа би асаадагсан

Ээжээ, охин чинь таныгаа хэмжээлшгүй ихээр санаж байна. Зүгээр нулимс урсгах биш бүр мэгшин уйлж байгаад тандаа бичиж байна. Энэ давчидсан сэтгэлийг ямар нэг аргаар гадагшлуулахгүй бол шөнө бүр таныгаа зүүдлээд, эрүүл солиотой нь мэдэгдэхгүй, хүн сүг болчих гээд байна.

Намар, намар, намар л үргэлжилнэ
Намайг та минь санадаггүй юм уу?

Уйлж дуудлаа зүрхэндээ би
Та аргадсангүй
Унаж ойчоод бэртлээ би
Та эмчилсэнгүй


Ийм эрт орхиод явна гэж зүүдлээ ч үгүй шүү ээжээ. Одоо ч таныгаа байхгүй гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна. Ээжээ, охин чинь таныгаа санаад байх юм байна шүү дээ, би тэгээд тангүйгээр яаж хорвоог туулах юм бэ? Нүд хавдаад, хамар бөглөрөөд, амьсгалж чадахгүй, амьсгалж болохгүй, давчдаад байна. Дэлхий хүртэл жижигхэн санагдаад, ганцхан надад л амьсгалах агаар олдохгүй байгаа мэт хэцүү байна.

Айлын хүүхдүүдэд шоглуулаад
Айдсандаа хүлэгдэж жихүүцээд
Бүтэн хүмүүст атаархаад
Битүүхэндээ таныг үгүйлээд


Охинд нь гэрийнхнээ харах хэцүү байсан. Тэднийг дотроо яаж шаналж яваа бол гэж бодохоор гол тасрах гээд байдаг. Бушуухан зугтаад, хэн ч намайг танихгүй газар луу явчихмаар байсан үед олдсон боломж болохоор алдахыг хүсээгүй, цор ганцаараа харийн газарт нисээд ирсэн. Охинд нь өөр өөртэйгөө ярилцах, өөрийгөө уучлах, ирээдүйд итгэх итгэлээ дахин олж авах орон зай хэрэгтэй байсныг та минь ойлгоорой. Эргэж очоод, гэр бүлээсээ дахин холдохгүй. Аавыгаа асарч халамжлах болно. Таныхаа хийж дуусгаагүй, үзэж амжаагүй бүхнийг хийж, үзэж, нэр төртэй сайхан амьдралаар амьдарч, урт удаан наслах болно. Бас яг л тан шиг сэргэлэн цовоо байж, тачигнатал инээж амьдарнаа үр чинь. Тэгээд насан эцэслэхийн цагтаа, тандаа очиж, өвөрт тань үүрд амгалан нойрсох болно.

Энгэрт тань зүүгдэн
Эрхэлж өссөн дөө үр чинь.
Ачийг тань хариулж амжаагүй ч
Амьсгалах тоолондоо санаж яваа шүү үр чинь.



Хатуу амьдралын өршөөлгүй тавиланд бүдчин байж, охин нь таныгаа явуулая даа. Бүтэн жил өнгөрлөө. Одооноос эхлээд таныг байхгүй гэдэгтэй эвлэрье. Албан ёсоор, зүрх сэтгэлдээ тантайгаа салах ёс гүйцэтгэж байна. Баяртай миний хайртай ээжээ. Та минь энэ нэг жил тэнгэртээ амар байж чадахгүй, газраас байнга дуудлагатай хэцүү байсан байх. Одоо амар даа. Охин нь дахиж таныгаа дуудахгүй ээ. Сүнсийг тань амраая. Та минь үүлгүй цэнхэр тэнгэртээ үүрд тайван нойрс доо.

Надаас явсан өдрөөс хойш
Намар, намар, намар л үргэлжилнэ.,,


Жихүүн намрын өдрүүдийг
Сэтгэлээсээ яаж холдуулах вэ?
Жирийн зуны өдрүүдийг
Санаандаа яаж ургуулах вэ?

Wednesday, February 23, 2011

Declaration of Montreal - Монтрэйлийн тунхаглал

2010 оны Дэлхийн Өвдөлтийн Нийгэмлэгийн чуулга уулзалт Канадын Монтрэйл- д болж өнгөрсөн билээ. Эндээс дэлхийн өвдөлт намдаах нийгэмлэгийн гишүүн 129 орон санал нэгдэн, нэгэн тунхаглал гаргасныг чадах ядахаараа орчуулан Монгол эмч нартаа хүргэж байна.
Тунхаглалын гол мессеж нь "Хүн өвдөлтгүй байх эрхтэй"
Дэлхийн хэмжээнд өвдөлтийг зохих хэмжээнд хүртэл нь намдаахгүй байгаатай холбогдуулан өвдөлт намдаах нийгэмлэгийн салбар 64, гишүүн 129 орон санал нэгтэйгээр дэмжиж, уг тунхаглалыг гаргасан болно.
Дэлхийн ихэнх оронд өвдөлтийн менежмент хангалтгүй байгаагийн учир нь:
1. Гэмтэл, өвчин, эцсийн шатандаа орсон эмгэгээс үүдэлтэй цочмог өвдөлтийг эмчлэх эмчилгээний тактик муу, архаг өвдөлтийг бусад архаг хууч өвчний \ жишээ нь: чихрийн шижин, зүрхний эмгэгүүд гэх мэт\  нэгэн адил түвшинд авч үзэхгүй байх
2. Эмч, эмнэлгийн ажилтан хүмүүсийн өвдөлтийн механизм, менежментийн талаарх мэдлэг хомс байх
3. Архаг өвдөлтийг үл тоомсорлож, анхаарч үзэхгүй байгаа байдал
4. Дэлхийн ихэнх улс оронд төрийн зүгээс өвдөлт, түүний менежменттэй холбоотой гаргасан эрх зүйн акт байдаггүй учраас өвдөлттэй холбоотой судалгааны ажил, сургалт явуулах боломж хомс, дэмжигдэх нь ховор байна.
5. Өвдөлтийн АУ нь тодорхой, биеэ даасан, онол практикаар батлагдсан, сургалтын тусгай хөтөлбөрөөр заагддаг анагаахын шинжлэх ухааны нэгэн том салбар ШУ болохыг таньж мэдээгүй байдал
6. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шинэчлэн гаргасан тооцоогоор дэлхий дээр дунд зэргээс хүчтэй өвдөлттэй 5 тэрбум хүн зохих эмчилгээг хүлээж авах, хийлгэх боломжгүй нөхцөлд амьдарч байна.
7.  Өвдөлт намдаахад зайлшгүй шаардлагатай эм бэлдмэл тэр дундаа хар тамхины бүлгийн эмэнд тавих хяналт хэт чанга байгаа байдал тус тус нөлөөлж байна гэж үзжээ.

Хүний үндсэн эрхтэй холбогдуулан \ уучлаарай, дараа үргэлжлүүлье\

Declaration that Access to Pain Management Is a Fundamental Human Right

We, as delegates to the International Pain Summit (IPS) of the International Association for the Study of Pain (IASP) (comprising IASP representatives from Chapters in 64 countries plus members in 130 countries, as well as members of the community), have given in-depth attention to the unrelieved pain in the world,
Finding that pain management is inadequate in most of the world because:

  • There is inadequate access to treatment for acute pain caused by trauma, disease, and terminal illness and failure to recognize that chronic pain is a serious chronic health problem requiring access to management akin to other chronic diseases such as diabetes or chronic heart disease.
  • There are major deficits in knowledge of health care professionals regarding the mechanisms and management of pain.
  • Chronic pain with or without diagnosis is highly stigmatized.
  • Most countries have no national policy at all or very inadequate policies regarding the management of pain as a health problem, including an inadequate level of research and education.
  • Pain Medicine is not recognized as a distinct specialty with a unique body of knowledge and defined scope of practice founded on research and comprehensive training programs.
  • The World Health Organization (WHO) estimates that 5 billion people live in countries with low or no access to controlled medicines and have no or insufficient access to treatment for moderate to severe pain.
  • There are severe restrictions on the availability of opioids and other essential medications, critical to the management of pain.

And, recognizing the intrinsic dignity of all persons and that withholding of pain treatment is profoundly wrong, leading to unnecessary suffering which is harmful; we declare that the following human rights must be recognized throughout the world:
Article 1. The right of all people to have access to pain management without discrimination (Footnotes 1-4).
Article 2. The right of people in pain to acknowledgment of their pain and to be informed about how it can be assessed and managed (Footnote 5).
Article 3. The right of all people with pain to have access to appropriate assessment and treatment of the pain by adequately trained health care professionals (Footnotes 6-8).
In order to assure these rights, we recognize the following obligations:

  1. The obligation of governments and all health care institutions, within the scope of the legal limits of their authority and taking into account the health care resources reasonably available, to establish laws, policies, and systems that will help to promote, and will certainly not inhibit, the access of people in pain to fully adequate pain management. Failure to establish such laws, policies, and systems is unethical and a breach of the human rights of people harmed as a result.
  2. The obligation of all health care professionals in a treatment relationship with a patient, within the scope of the legal limits of their professional practice and taking into account the treatment resources reasonably available, to offer to a patient in pain the management that would be offered by a reasonably careful and competent health care professional in that field of practice. Failure to offer such management is a breach of the patient's human rights.

Note: This Declaration has been prepared having due regard to current general circumstances and modes of health care delivery in the developed and developing world. Nevertheless, it is the responsibility of: governments, of those involved at every level of health care administration, and of health professionals to update the modes of implementation of the Articles of this Declaration as new frameworks for pain management are developed.

Monday, February 21, 2011

Зар- "Өвдөлтийн сургалт" - ISAP, Pain Camp

Сайн байцгаана уу?
Зарын чанартай нэг зүйлийг зайлшгүй оруулах шаардлага гарлаа. Энэ оны 5 сарын 1-нээс 5-ны хооронд Тайландад олон улсын хэмжээний томоохон сургалт зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнгөрсөн оны нэг бичлэг дээр цухас дурдаад өнгөрч байсан санагдана. Монголоос нэг эмчийн бүх зардлыг дааж оролцуулая гэж байгаа юм. Тэгэхээр сонирхсон хүмүүс www.painmanagementcamp.com -луу ороод, application-ээ бөглөөд, холбогдох баримт бичиг, захидлаа хавсаргаад, энэ сарын 28-ны дотор @ хаягаар нь явуулна уу?
Нийт зардал 1500 доллар болно. \ онгоцны зардлыг оролцуулахгүйгээр\  Монголоос ирэх нэг л эмчийн бүх зардлыг нь даана. Харин өөр сонирхсон хүмүүс байвал тодорхой хэмжээний хөнгөлөлт хүртэх боломж бас байгаа.  Энэ сургалтыг Олон улсын өвдөлтийн нийгэмлэг, Тайландын өвдөлтийн нийгэмлэг, Зүүн Өмнөд Азийн холбоо, Махидол их сургууль гэсэн газрууд ивээн тэтгэж оролцож байгаа юмаа. Тэгэхээр та бүхэн материалаа хоног алдалгүй яаралтай бүрдүүлээд, 2 сарын 28-наас өмнө электрон шуудангаар илгээгээрэй. Шалгаруулалт нээлттэй шударгаар явагдах учраас хэн ч сонгогдож болно. Хамгийн гол нь англи хэлний мэдлэгтэй байх, улсын эмнэлэгт ажилладаг байх, дор хаяж 2 жилийн туршлагатай байх гэсэн шалгуур байгаа. Үүнийг хангаж байвал та ямар ч мэргэжлийн эмч, эм зүйч, сувилагч, хөдөлгөөн засалч байсан хамаагүй энэ сургалтанд сонгогдох бүрэн боломжтой. Асуух зүйл байвал jintana_negt@yahoo.com гэсэн хаягаар надтай холбогдоорой.
Монголоос аль болох олон эмч нар өвдөлтийн талаар өндөр мэдлэгтэй болоосой гэж хүсч байна.

Tuesday, February 15, 2011

What is brain plasticity? \ тархины саа зөвлөмж - 1\

Энд би хэд гурван чухал зүйлийг ойлгуулах гэсэн юм. Яагаад тархины сааг эрт илрүүлж оношлох нь чухал вэ гэвэл хүүхдийн тархи 2 нас хүртлээ эрчимтэй хөгждөг. Ялангуяа brain plasticity \ монголоор орчуулж мэдэхгүй байна. Тархины нейроны уян хатан чанар?\. Энэ юу гэсэн үг вэ гэвэл орчны нөлөөлөлд тохируулан зохицсон хариу урвал үзүүлэх тархины чадамж юм. Тэгэхээр энэ тохиолдолд орчин босс болно гэсэн үг. Орчиндоо тааруулан тархины нейронууд өөр хоорондоо холбогдон, гайхамшигт архитектурийн бүтээлийг босгоно. Үүний дүнд хүүхэд тухайн орчиндоо тохирсон хариу үйлдлийг хийх чадварт суралцдаг. Хэрвээ эрүүл хүүхдийг төрөхөөс нь эхлүүлээд өрөөг нь сайхан тохижуулж бэлдээд, хараа, сонсгол, амтлах, үнэрлэх, хүрэлцэх гэсэн бүх мэдрэхүйг байнга цочроож байвал хүүхдийн тархины уян хатан чанар дээд зэргээр хөгжинө. Харин мэдрэхүйг өдөөхгүй, хүүхэдтэйгээ ажиллахгүй, зүгээр л нэг хооллоод унтуулаад байвал brain plasticity муу байхнээ. Тархины саатай хүүхдүүдийн хувьд тархины тодорхой нэг хэсэг эргэшгүйгээр гэмтдэг. Энэ гэмтлээс болоод мэдрэхүйн мэдээлэл дамжих замд саад үүсдэг. Мэдрэлийн систем мэдээллийг хүлээн авах, дамжуулах, хариу урвал үзүүлэх гэсэн үйлдлүүдийг хийдэг. Эдгээрийн аль нэг нь ажиллахаа больчихвол тархины уян хатан чанарт асуудал үүснэ. Орчиндоо тааруулан тархины нейронууд өөр хоорондоо холбогдон, гайхамшигт архитектурийн бүтээлийг босгох ёстой. Харамсалтай нь энэ хэсэгт бэрхшээл үүснэ. Тэд холбогддогоороо холбогдоно. Гэхдээ чиглэл, хэлбэр нь тэс өөр болоод явчихна.  Үүний дүнд хүүхэд гэнэтийн огцом хяналтгүй хөдөлгөөн хийх, булчингийн хүчдэл хэт сул эсвэл хэт чанга болох гэх мэт шинжүүд илэрдэг байх нээ. Харин орчин үеийн сэргээн засах эмчилгээ энэ тал дээр илүүтэй анхаарч ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл тодорхой нэг зөв үйлдлийг олон дахин давтан хийлгэснээр  тархины эсүүдийн өөр хоорондоо холбогдсон буруу хэлбэрийг зөв болгон засах боломжтой. Гэхдээ энэ нь хүүхэд 2 нас хүртэлх хугацаанд илүү үр дүнтэй байдаг. Brain plasticity-тэй холбоотой амьдралд ойр нэг жишээ авая. Төрөөд удаагүй байгаа ээж ядарсандаа цонхоор орж ирэх машины чимээг үл хайхран нам унтдаг мөртлөө хүүхдээ уйлангуут тэр дороо сэрчихдэг. Адилхан сонсох мэдрэхүйгээр авч байгаа мэдээлэл боловч тухайн ээжийн тархины эсүүд төрсөн хүүхдийнхээ уйлах дууг танихаар болгож, шинэ холбоос үүсгэсэн байх нь. Энэ бол хүний тархины бас нэгэн гайхамшигт чадвар.
Эргээд тархины сааны эмчилгээ лүү орое. Хамгийн энгийнээр товчлоод хэлэхэд үүсч болох хүндрэлээс сэргийл, нэгэнт үүсчихсэн хүндрэлийг цааш даамжруулахгүй байх арга хэмжээг ав, эцэст нь хамгийн чухал эмчилгээний тактик бол өсөлт хөгжлийг дэмжих, 5 мэдрэхүйг сэдээх эмчилгээг хий. Таны хүүхэд сэргээн засах эмчилгээ хийлгүй байсаар 2 нас хүрчихсэн бол одоо зөвхөн хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийх боломжтой. 9 нас хүрчихсэн бол сэргээн засах эмчилгээ үр дүнгүй. Зөвхөн аминд халтай шинжүүдийг мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ л авах боломжтой.


Дараагийн нэг анхаарал татсан зүйл бол алхаа. Манай хүүхэд хөлд орох уу? Энэ бол ар гэрийнхний тавьдаг жижүүрийн асуулт. Хэрвээ таны хүүхэд 2 нас хүрчихээд, сууж чадахгүй бол алхах боломж 50%. Хэрвээ 4 нас хүрчихээд сууж чадахгүй бол хэзээ ч алхахгүй гэсэн үг. Тэгэхээр эмч хүн энэ тохиолдолд хүүхдийн тавиланг маш сайн тодорхойлж чаддаг байх ёстой. Алхах уу? үгүй юу? гэдгийг эхлээд тодорхойл. Дараа нь хэрвээ хүүхэд хөлд орох боломжтой бол яаж зөв алхаанд сургах уу? Үүнд хүрэх замуудыг нэг бүрчлэн тоочиж, төлөвлөгөө гаргаж, түүний дагуу өвчтөнтэйгөө ажиллана. Анхны алхам маш чухал. Хэрвээ хүүхэд нэг л буруу алхаад сурчихвал дараа нь түүнийг засахад маш төвөгтэй. Эмийн болон мэс заслын эмчилгээ аль нь ч тус болохгүй. Бараг л засах боломжгүй. Харин хүүхдийг хөлд орохоос өмнө гарч болох бүх хүндрэлийг мэдэж, авах арга хэмжээг урьдчилан бэлтгэж, анхны алхмыг л зөв хүрээгээр  хийгээд өгвөл та сая өөрийгөө тухайн өвчтний ирээдүйд чухал тус боллоо гэж үнэлж болно.

Saturday, February 12, 2011

Би


Би бүрхүүлтэй
Бүрхүүл дотроо
Бөгтийж суугаа
Бяцхан охин

Зүүн гартаа
Зүрхээ тас атгаад
Зүүрмэглэж суугаа
Зөнч хүүхэлдэй

Битгий цочоо
Бядгүй гартаа
Атгасан зүрх нь
Айдсандаа хахна

Бүүвэйн дуу аяла
Бүлээн энгэртээ тэвэр
Бүрхүүл хайлтал нь
Хайрла
2010.12.24

 \Бас нэг Би-гийн мөртүүд \
Би цацраг
Би цацардаг

Илч нь халуун
Илбийн хүчтэй
Энергийн хуримтлал

Би цацраг
Би цацардаг
2010.12 сар

Wednesday, February 9, 2011

LONG LIVE THE KING OF THAILAND

2010 оны 11 сард Тайландын хааныг дэндүү ойроос харсан даа. Азын тэнгэр ивээсэн нэг тийм үйл явдал болохын хувьд болсон юмаа. Сүрлэг сайхан инээмсэглэсэн яг л энэ зурган дээрх шигээ хүн байна лээ. Бидний сурч байгаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд жил илүү болж байгаа гэсэн сураг сонссоноос хойш нэг харчих юмсан гэж хүсдэг байлаа. Бодлын хүч их болохоор тэгээд биелсэн юм. Энэ хаандаа ард иргэд нь маш их хайртай. Хаандаа эрүүл энхийг ерөөхөөр ирэх хүмүүсийн цуваа тасардаггүй. 1950-иад оны үед ах нь гэнэтийн золгүй явдлаар өнгөрөөд, Америкт төрж өссөн дүү нь нутагтаа ирж, ажил хэргийг нь үргэлжлүүлсэн гэдэг юм билээ. Ард иргэддээ элэгтэй, хар бор гэж ялгалгүй, хатуу хүтүү гэж халшралгүй энэ улсыг хөл дээр нь бат зогсоохын төлөө маш их зүйл хийсэн, эерэг энергийн хуримтлал болсон тэр сайхан хүний ачаар өнөөдөр Тай үндэстний тоглолтыг үзлээ. Сэтгэл хөдлөм үлгэр байсан болохоор хуваалцахаар шийдлээ. Сүүлийн 3 зураг нь жүжигчид \ дунд сургуулийн сурагч хүүхдүүд\ хаандаа мөргөж байгаа байдал. Эсрэг талын барилгын 16 давхарт нь 83 настай Хаантан амьдардаг. Урлагын мэдрэмж өндөртэй хүн гэж сонссон. Ая зохиогч, хөгжимчин, хувцас загварын тал дээр тэргүүлэгч, хурц тод өнгийн пиджак өмсдөг \ ягаан, цэнхэр гэх мэт\. Эрэгтэй эмэгтэйгүй ягаараад байхаар нь гайхаад байсан чинь эзэн хааных нь өнгө юм билээ. Хааны нэр сүрэн дор би бас аятайхан нөхцөлд ажиллаж амьдраад байх шиг байна.  Тайланд улсын хаанд талархалаа илэрхийлье. Урт удаан наслах болтугай.

P.S Би фото зураг сонирхдоггүй, тэр талын авьяас чадвар маруухан амьтаан. Уучилж өршөөгөөрэй. Харин сүүлийн үед гоё аппараттай болох юмсан гэж бодогдоод байдаг болсон.


 













My elective- Pediatric rehab unit in Siriraj














Сирираж эмнэлгийн хүүхдийн сэргээн засах тасаг нь 4 хөдөлгөөн засалч, 3 ахуй засалч, 1 сувилагч, 3 эмч, 2 туслах ажилтантай. Хоолны эмч  7 хоногт 1 удаа ирж,  үзлэг хийнэ. Өндөр эрсдэлтэй хүүхдийн клиник, оромотор клиник, мэдрэхүй хөгжүүлэх өрөө болон усан эмчилгээгээр Монголынх дутуу байж магадгүй. Бусдаар бол бид хөл зэрэгцэн алхах гэж хичээж яваа л юм байна. Усан сан хийх гэхээр эмнэлэг усанд живүүлэх гээ юу гэж загнадаг даргатай шүү дээ, манайх. Харин энд Хаан нь хүүхдүүдэд зориулж усан сан том, жижгээр нь хийж бэлэглэсэн байх жишээтэй. Ялгаа байнаа, байна. За тэр ч яахав. 
 Хамгийн эхний зурган дээрх хоолны хэрэгсэл их эгдүүтэй санагдсан. Чихэрлэг сиропт хөвөнгөө дүрж байгаад, амны хөндийн дотно, гадна стимуляци хийнэ. Харин тэр жүржийг марль-нд боож байгаад зажлах дасгал хийлгэдэг болой. Усан сан нь 40 хэмийн дулаантай болохоор хүүхдүүдэд тун тааламжтай.  Тоглоомын өрөөнөөс өвчтөн өөрт тохирсон тоглоомоо түр хугацаагаар гэр лүүгээ авч явах боломжтой. Гар хөлийн нэг сплинт 40000 төгрөгөөр хийгддэг. Ийм өндөр үнэтэй байгаагийн учир нь халуунд хайлж, хэв ордог пластик материалтай холбоотой. 3 дахь зурган дээр харагдаж байгаа 1 дөрвөлжин термопластик 200 долларын үнэтэй орж ирдэг юм билээ. За тэгээд туслах хэрэгсэл, ортез гутал энэ тэр бол маш их үнэтэй. 1 гутал 250 доллар орчим гэхээр арай л сонсогдож байгаа биз? Гэхдээ эмчийн заалтаар өвчтөнд зайлшгүй шаардлагатай туслах хэрэгслийн үнийг засгийн газраас төлдөг. Бас эцэг эхийн аль нэг нь төрийн байгууллагад ажилладаг бол тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх систем бий гэж ярьж байна лээ. Ямартаа ч энэ тасагт ажилласан өдрүүд маань мартагдашгүй дурсамж болон үлдэнэ. Хичнээн хүнд өвчтэй байсан ч хамаагүй хүүхэд гэдэг тэр чигээрээ баяр баясгалан юм. Урмаар тэтгэгдсэн өдрүүд үргэлжилсээр...

Monday, February 7, 2011

Тархины саа- энэ өвчний тавиланг та мэдэх үү?


Би сэргээн засалч эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байх хугацаандаа хүүхдийн салбарыг илүүтэй сонирхдог байв. Тэр дундаа тархины саатай хүүхэдтэй ажиллах юмсан, тэдэнд туслахсан гэж их хүсдэг байлаа. Ерөнхийдөө энэ өвчний талаар хангалттай их уншсан. Олон ч тохиолдол харсан. Хэсэгтээ хөндийрсөн ч, сэтгэлийн мухарт бодогдсоор л байсан юм. Харин өнөөдөр азын тэнгэр ивээж, Сирираж эмнэлгийн хүүхдийн сэргээн засах тасгийн эрхлэгч Сринуал эмчтэй хамт тархины саатай хүүхдүүд үзэх боломж олдоод, хариултыг нь олж чадалгүй гацаад орхичихсон олон асуултандаа хариулт аваад, бүр цаашаа явах, илүү ихийг хийх хүсэл төрж, урам зориг орлоо.
 Сүүлийн үед дэлхий дахинд тархины саатай хүүхдийн тоо зогсолтгүй нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь юу вэ? гэж анх уулзангуутаа Сринуал гуай асууж байна. Дутуу төрсөн хүүхдийг аврах боломж улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотой, хүндрэл маягаар тархи гэмтээд байж болох юм гэж хариулсан чинь овоо тоогдоод, асуух юм байвал асуу гэдэг юм байна. Би ч бөөн баяр дуржигнуулж өгсөн. Дэлгэрэнгүй ямар гоё хариултууд өгсөн гээч. Мартахаасаа өмнө блог дээрээ бичээд авая, бас та нөхөдтэй хуваалцая, хэрэг болж магад гэж бодлоо. Амьдралынхаа 20 жилийг хүүхдийн сэргээн засах салбарт тэр дундаа тархины саатай хүүхдийн эмчилгээнд зориулсан, одоо амжилттай ажиллаж байгаа профессор хүн ингэж ярьж байх юм.
 "Тархины саа бол эдгэдэг өвчин. Гол нь бид эрт оношилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авч чаддаг байх хэрэгтэй. Сэргээн засах эмчилгээний үндсэн зорилго нь 1-т хүүхдийн өсөлт хөгжлийн хоцрогдлыг арилгах, өсөлт хөгжлийг нь дэмжих, стимуляци хийх, 2-т гарч болох хүндрэлүүдийг аль болох багасгах, болж өгвөл хамгийн бага хэмжээнд нь барих явдал юм. Тархины саа эмгэгийг 2 наснаас хойш оношилвол тавилан муу байна. Дэлхий дахинд 1 нас хүртэлх хүүхдэд тархины саа гэсэн оношийг тавьдаггүй, гэхдээ манай эмнэлэг дээр бид 6 сартайгаас дээш хүүхдийг оношлох боломжтой. Хэдэн жилийн өмнөөс "Өндөр эрсдэлтэй хүүхдийг илрүүлэн оношлох клиник" -ийг ажиллуулж эхэлсэн. 27 долоо хоногоос дотогш төрсөн, 1500 граммаас бага жинтэй нярайг төрсөн цагаас нь эхлээд 2 нас хүртэлх хугацаанд 3 сар тутамд үздэг. Үзлэг бүртээ тархины саа гэж онош тавьчихаар критерүүдийг хайдаг. Хэрвээ сэжигтэй шинж илэрвэл тэр даруйд нь эрчимжүүлсэн хөдөлгөөн эмчилгээг эхэлдэг.  Бүхэл хөдөлгөөн, гарын нарийн хөдөлгөөн, нийгмийн харилцаа, хэл яриа гэсэн 4 чиглэлээр илрүүлэх үзлэгээ хийдэг. Хэрвээ зөвхөн хөдөлгөөний хувьд асуудалтай байвал тавилан сайн. Булчингийн чангарлыг эмээр эмчилдэг. \ ихэнхидээ баклофен, дандролен, шаардлагатай тохиолдолд Ботулины хор тарьдаг\  Диазепамыг хүүхдийн практикт хэрэглэх нь зохимж муутай. Хүүхэд өдөржин унтаараад хөдөлгөөн болон ахуйн эмчилгээндээ идэвхитэй оролцох боломжгүй болдог, тиймээс энэ эмнээс аль болох зайлсхийж байгаарай. Хүүхдэд 6 сараас хойш анхдагч рефлексүүд арилахгүй үүсээд байвал, хэл нь бултганаад байвал, толгойгоо дааж, сууж чадахгүй бол, ankle clonus (+ )  байвал яаралтай сэргээн засах эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. " гэж байна.
Өнөөдрийн хамгийн сүүлчийн өвчтөн 18 сартай жигтэйхэн сэргэлэн охин байлаа. 27 долоо хоногтойдоо, 680 грамм жинтэй төрсөн. Нярай үеээс нь эхлээд сэргээн засах эмчилгээ хийсэн. Хөнгөн хэлбэрийн тархины саа гэсэн оноштой. Одоо өсөлт хөгжлийн хувьд хоцрогдолгүй, эрүүл болсон тул эмчийн хяналтнаас гаргаж байна гэвэл яах уу?  Итгэл төрж байгаа биз?

P.S Бас нэг сайхан мэдээ гэвэл надад зураг авах зөвшөөрөл өгсөн. Маргаашнаас эхлээд хүүхдийн сэргээн засах тасгийн үйл ажиллагааг зураг хөрөгтэй нь танилцуулах болно.