2010.08 сар \ өврийн дэвтрээс ургасан тэмдэглэл\
Яг жилийн өмнө та минь тэнгэр лүү одсон. Яг энэ цаг мөчид гэнэтхэн, палхийтэл яваад өгсөн. Энэ өдрийг, тэр жилийг таны хайрладаг, таныг хайрладаг, таниас тасарч унасан үрс чинь мартахгүй. Голоо тасартал харамсаж, элгээ эгштэл уйлж өнгөрөөнө. ҮР чинь унтаагүй, харийн нутгийн 2 лааг ээлж дараалан асааж, эхлэхээс дуусах хүртэл нь ажиглаж, дөлөнд нь таныгаа олж харах гэж хичээн сууна. Та минь надад ямар их хайртай байлаа, дэндүү их хайртай байсан. Насаараа тандаа эрхэлж явах юм шиг л бодож байлаа.
Наран нааддаг энгэрт тань
Гунигаа би асгачихаад
Цэцэгс дэлбээлдэг харцнаас тань
Урмаа би асаадагсан
Ээжээ, охин чинь таныгаа хэмжээлшгүй ихээр санаж байна. Зүгээр нулимс урсгах биш бүр мэгшин уйлж байгаад тандаа бичиж байна. Энэ давчидсан сэтгэлийг ямар нэг аргаар гадагшлуулахгүй бол шөнө бүр таныгаа зүүдлээд, эрүүл солиотой нь мэдэгдэхгүй, хүн сүг болчих гээд байна.
Намар, намар, намар л үргэлжилнэ
Намайг та минь санадаггүй юм уу?
Уйлж дуудлаа зүрхэндээ би
Та аргадсангүй
Унаж ойчоод бэртлээ би
Та эмчилсэнгүй
Ийм эрт орхиод явна гэж зүүдлээ ч үгүй шүү ээжээ. Одоо ч таныгаа байхгүй гэдэгт нэг л итгэж өгөхгүй байна. Ээжээ, охин чинь таныгаа санаад байх юм байна шүү дээ, би тэгээд тангүйгээр яаж хорвоог туулах юм бэ? Нүд хавдаад, хамар бөглөрөөд, амьсгалж чадахгүй, амьсгалж болохгүй, давчдаад байна. Дэлхий хүртэл жижигхэн санагдаад, ганцхан надад л амьсгалах агаар олдохгүй байгаа мэт хэцүү байна.
Айлын хүүхдүүдэд шоглуулаад
Айдсандаа хүлэгдэж жихүүцээд
Бүтэн хүмүүст атаархаад
Битүүхэндээ таныг үгүйлээд
Охинд нь гэрийнхнээ харах хэцүү байсан. Тэднийг дотроо яаж шаналж яваа бол гэж бодохоор гол тасрах гээд байдаг. Бушуухан зугтаад, хэн ч намайг танихгүй газар луу явчихмаар байсан үед олдсон боломж болохоор алдахыг хүсээгүй, цор ганцаараа харийн газарт нисээд ирсэн. Охинд нь өөр өөртэйгөө ярилцах, өөрийгөө уучлах, ирээдүйд итгэх итгэлээ дахин олж авах орон зай хэрэгтэй байсныг та минь ойлгоорой. Эргэж очоод, гэр бүлээсээ дахин холдохгүй. Аавыгаа асарч халамжлах болно. Таныхаа хийж дуусгаагүй, үзэж амжаагүй бүхнийг хийж, үзэж, нэр төртэй сайхан амьдралаар амьдарч, урт удаан наслах болно. Бас яг л тан шиг сэргэлэн цовоо байж, тачигнатал инээж амьдарнаа үр чинь. Тэгээд насан эцэслэхийн цагтаа, тандаа очиж, өвөрт тань үүрд амгалан нойрсох болно.
Энгэрт тань зүүгдэн
Эрхэлж өссөн дөө үр чинь.
Ачийг тань хариулж амжаагүй ч
Амьсгалах тоолондоо санаж яваа шүү үр чинь.
Хатуу амьдралын өршөөлгүй тавиланд бүдчин байж, охин нь таныгаа явуулая даа. Бүтэн жил өнгөрлөө. Одооноос эхлээд таныг байхгүй гэдэгтэй эвлэрье. Албан ёсоор, зүрх сэтгэлдээ тантайгаа салах ёс гүйцэтгэж байна. Баяртай миний хайртай ээжээ. Та минь энэ нэг жил тэнгэртээ амар байж чадахгүй, газраас байнга дуудлагатай хэцүү байсан байх. Одоо амар даа. Охин нь дахиж таныгаа дуудахгүй ээ. Сүнсийг тань амраая. Та минь үүлгүй цэнхэр тэнгэртээ үүрд тайван нойрс доо.
Надаас явсан өдрөөс хойш
Намар, намар, намар л үргэлжилнэ.,,
Жихүүн намрын өдрүүдийг
Сэтгэлээсээ яаж холдуулах вэ?
Жирийн зуны өдрүүдийг
Санаандаа яаж ургуулах вэ?
чиний бичиж байгаа ном ?
ReplyDeleteТиймээ.
ReplyDelete