4 сар бол тэр чигээрээ сэргээн засалч эмч өвдөлтийн багт багтдагийн учир жанцанг яс махандаа шингэтэл ойлгож авах гол зорилго-д тэмүүлсэн сар байх болноо. Ерөнхийдөө миний сүүлийн тойролт. Энийг дуусгаад өвдөлтийн клиник дээр 2 сар байна. Тэгээд үндсэндээ өвдөлтөөр мэргэшсэн Монголын анхны сэргээн засалч их эмч болж байгаа юм даа.
Тайландын өвдөлт намдаах нийгэмлэгийн тэргүүн, проф. Прадит эмч энэ сарын удирдагч багшаар ажиллаж байгаа. Өнөөдөр энэ хүний " Өвдөлтийн менежмент-д сэргээн засах эмчийн оролцоо" гэсэн 3 цагын лекцийг сонссон. Өвдөлтийн ангилал, механизм, физикийн аппарат, халуун хүйтэн жин, дасгал, туслах хэрэгсэл яагаад архаг өвдөлтөнд чухал байр эзэлдэг талаар, механик өвдөлтийн шалтгаан, механизм, өвдөлтийн тухай мэдээллийг өвчтөнд хэлж өгөхийн чухлыг, өвчтний өвдөлтийн талаарх бодлыг яаж өөрчлөх, түүнтэй холбоотой урган гарч ирэх сэтгэцийн асуудлуудын тухай тус тус ярилцсан болно.
Өвдөлт намдаах багт анес-ийн эмч, сэргээн засалч, сэтгэцийн эмч, хөдөлгөөн засалч, өвдөлтийн сувилагч, нийгмийн ажилтан гэсэн нөхдүүд багтан ажиллах учиртай юмаа. Өвдөлтийг байршлаар нь хэвлийн, бугуйн, өвдөгний гэх мэтчилэн ангилна. Механизмаар нь үрэвсэлт, невропатик, үйлийн хямралт гэж хувааж үзнэ. Зөвхөн өвдөлтийн механизм дээр гэхэд л маш олон өнцгөөс харсан, зүсэн зүйлийн хувилбарууд байгаа. Дараа нь үргэлжлэх хугацаагаар нь цочмог \ адал явдалт кино\, архаг \ савангийн дуурь\, хавдрын өвдөлт
\ аймшгийн кино\ гэж ангилна. Хүний биеийн амин чухал үзүүлэлтэнд пульс, амьсгалын тоо, цусны даралт, биеийн хэм ордог. Тэгвэл орчин үед 5 дахь чухал үзүүлэлт нь өвдөлт гэж явдаг болжээ. Тиймээс эмч, сувилагч нар бүгдээрээ өвдөлтийн талаар зайлшгүй мэдлэгтэй байх шаардлага тулгарч байгаа биз. Тайландад нийт өвдөлтийн 80%-ийг өрхийн болон бусад эмч нар намдааж чаддаг. Зөвхөн 10% нь л өвдөлтөөр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмчийн туслалцаа авдаг. Өөрөөр хэлбэл энд Сирираж эмнэлэг дээр бидний үзэж харж байгаа бүх тохиолдолууд шийдэхэд хэцүү, хамгийн хүнд хэлбэр гэж ойлгож болно гэх юм. Үргэлж хэцүү тохиолдолтой таараад байхаар эргэж нутагтаа очоод, хялбар тохиолдлыг эмчилж чадахгүй байх аюул бий шүү гэж анхааруулж байна. Бас зан заншил, соёлын ялгааг мэдэрч ажиллахын чухлыг зөвлөв. Саяхан нэг сонирхолтой судалгаа хийгджээ. Америк, Веатнам 2 улсын нас чацуу, өвдөгний үе суулгах хагалгаанд орсон хүмүүсийн хар тамхины бүлгийн хэрэглээний талаар харьцуулан судалжээ. Тэгсэн Америк өвчтнүүдээс Вьетнам эмээ нар 3 дахин бага тунгаар морфин хэрэглэсэн бөгөөд тэдгээрийн зөвхөн 8% нь л эмийн тун өвдөлт намдаах хангалттай хэмжээнд хүрээгүй гэж үзжээ. Харин Америк эмгэчүүл 3 дахин их тунгаар морфин авсан байж 80% нь өвдөлт намдаах хангалттай тун биш гэж үзсэн байхын. Үүн дээрээс харахад өвчтний итгэл үнэмшил, зан заншил, амьдралын хэв маяг өвдөлтөнд нөлөөлөх чухал хүчин зүйл болох нь тодорхой байна. Өвдөлт гэдэг маань өөрөө субьектив учраас өвчтний бодол, сэтгэцийн байдал, хамгаалах механизм, тэмцэх чадвар зэрэг нь нөлөөлөх чухал хүчин зүйлс юм. Тиймээс өвдөлтийг эмээр эсвэл ажилбараар намдаах нь үр дүн багатай байдаг. Хамгийн гол нь би юу хэлэх гээд байна вэ гэвэл сэтгэх хүрээгээ өргөжүүлэх хэрэгтэй мэт санагдана. Нэг давхарт гарлаа өвдөлтийн органик шалтгааныг л олж харна, 2 давхарт гарвал сэтгэцийн талаас нь өргөжүүлж харна, 3 давхарт гарлаа бие, сэтгэц, нийгмийн талаас нь өвдөлттэй өвчтнийг бүрэн ойлгох боломжтой болно. Өөрөөр хэлбэл өндөрт гарах тусам харах талбай өргөн уужим болно, харах талбай өргөн болоод ирэхээр авах арга хэмжээ хүртэл аяндаа чанаржаад ирэх учиртай.
No comments:
Post a Comment