Булчин хальсны өвдөлтийн үед "сэдээгч цэг"-ийг олж, түүнийг арилгах нь чухал. Анх энэ тухай Жанэт Травэлл \ 1901- 1997\ гэдэг эмч бичиж байжээ. Энэ хүн цагтаа цагаан ордонд ерөнхийлөгч Кэнниди-гийн эмчээр ажиллаж байв. Насааараа энэ цэг дээр анхаарч ажиллачихаад, " сэдээгч цэг"-ийн талаарх анхны номоо 95 настайдаа хэвлэлтэнд өгчээ гэвэл та итгэх үү? Тэгэхээр ном шиг ном бичье гэвэл их туршлага шаардагдах мэт санагдах юм. Орчуулгын ном ч гэсэн, тэр талаараа маш сайн судалж мэдсэн, түүнийгээ энгийн үгээр тайлбарлах чадвартай болсон хойноо хийх ажил. Травэлл эмч залуу байхдаа зүрх, уушиг гээд дотрын тасгуудад нилээд хэдэн жил ажиллаж байжээ. Тэр үедээ өвчтнөөс " За таны бие хэр байна даа" гэж асуухаар " өө гайгүй дээ, гэхдээ энэ талын мөр нэг л биш. Хажуугаараа харж унтахаар өвдөөд, шөнө ч бүтэн нойртой хонуулахгүй юм." гэж хариулах нь элбэг. Зүрхний тасгийн резидент эмчээс өвдөлтийн шалтгааныг асуухаар зүрхтэй холбож тайлбарлана. Уушигны тасгийн эмчээс асуухаар уушиг өвдсөнтэй холбоотойгоор рефлексээр мөр өвдөж байгаа юм гэнэ. Тэгсэн эмнэлгийн бичиг цаас хариуцсан эмэгтэй бас л миний мөр хүзүү өвдөөд байна гэсээр орж ирэхэд энэ өвдөлт юутай холбоотой вэ гэхээр сэтгэцийн эмгэг гэсэн хариулт сонсоно. Тэгээд Травэлл энэ өвдөлтийн учрыг олохоор шийджээ. Дээрх өвчтнүүдийн мөрний өвдөлтийг тайлбарлах органик шалтгаан байгаагүй ч өвчний түүхийг судлаад байсан эмч нар булчин, араг ясны үзлэгээ огт бичдэггүй нь анхаарлыг нь татав. Тэгээд өөрөө өвчтнүүдэд үзлэг хийж, хөндүүр хэсэг болох мөр, гар, цээжний булчин дотор зангирсан багцыг тэмтэрч, тухайн үед анагаах ухаанд танигдаж амжаагүй байсан " булчин хальсны хам шинж" гэсэн оношыг анх тавьжээ. Орчин үед сэргээн засалч эмч нарын заавал хийж сурсан байх чадварын нэгт " булчин хальсны хам шинжийг" оношлох, эмчлэх асуудал зайлшгүй багтдаг болсон байна. Энэ талын гол сурах бичиг нь Травэлл ба Саймонс гэсэн зохиогчтой " Булчин хальсны өвдөлт ба үйлийн хямрал" гэсэн 2 боть ном юм. \ үргэлжлэл бий\
No comments:
Post a Comment