Monday, January 9, 2012

Human development - Хүний сэтгэцийн хөгжил №2

Сэтгэц нийгмийн хөгжил
Эрик Эриксон эмчийн ангилалаар хүний сэтгэц нийгмийн хөгжлийг 8 үе шатанд хуваадаг байна.
1 үе- Итгэлийн шат \ төрөхөөс 18 сар хүртэлх\
Энэ үед хүүхэд бусдад итгэх эсэхээ шийдэж эхэлдэг, өөрөөр хэлбэл хүүхдийг байнга харж халамжлан, анхааралтай ярилцаж, хайрлан энхрийлж байвал бусдад итгэдэг хүн болно. Харин хөндий хүйтэн харьцаж, хайр энэрэлээр дутаавал хүнд итгэдэггүй хүн болж төлөвших эсэх нь энэ үеэс шийдэгддэг байхнээ.
2 үе- Ичих, эргэлзэх мэдрэмж төрж эхлэх шат \ 18 сараас 3 нас хүртэл\
Хүүхэд энэ үеэс өөрөө өөрийгөө хянах анхны алхмаа хийнэ. Өөрийгөө мэдэрч, хүүхдийн сэтгэл эргэлзээгээр дүүрч эхэлнэ. Тиймээс хүүхдийг шинэ зүйл сурах бүрт нь урамшуулж, дэмжиж байх хэрэгтэй. Эндээс хүүхэд өөрөө өөртөө итгэх итгэл, бусдаас хараат бус байх эхлэлийг олж авдаг. Хүүхдийг хийсэн үйлдэлд нь буруутгаж, загнаж, зэмлэж, зодвол бусдаас хамааралт, өөртөө итгэлгүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадамжгүй нэгэн болохын эх үүсвэр тавигдах тул хүн та ургаж буй цэцэгт болгоомжтой хандаарай.
3 үе- Санаачлагатай байхын зэрэгцээ гэмших сэтгэл төрж эхлэх шат 
\ 3-6 нас\
Хүүхдээс бүтээлч сэтгэлгээ гарч эхэлдэг чухал үе учраас үүнд сэргэг байж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд ямар нэгэн буруу зүйл санаачлан хийвэл түүнийг нь сайтар тайлбарлан хэлж ойлгуулах нь чухал. Энэ үе шатыг амжилттай давахад нь туслахыг хүсч байвал зорилготой алхам бүрийг нь ажиглаж, тохирсон үед нь урам хайрлаарай.
Хүүхэд хэрвээ буруу зүйл хийвэл түүнийг ял шийтгэлээр бүү айлга. Хэрвээ сүрдүүлээд байвал хүүхэд аливаа зүйлийг хийхдээ буруу хийчих вий гэсэн айдастай болохоос гадна өөрийн алхмаа хэтрүүлэн хянагч, шинэ зүйлд оролцохоос цааргалагч нэгэн болох эрсдэлтэй.
4-р үе - Хөдөлмөрч зан ба өөрийгөө дорд үзэх зан хослон төлөвших шат \ 6-12 нас\
Энэ үе шатанд хүүхдэд нийгмийн болон бие бялдрын чиглэлтэй амьдралд хэрэгтэй олон ур чадварууд бий болж эхлэхээс гадна өөрийгөө бусдаас доогуур, үнэ цэнэгүй мэтээр мэдрэх анхны сэтгэгдэл төрж эхэлдэг үе юм.
 Хүүхдийн бүтээлч эрч хүч, мэдрэмтгий байдлыг ажиглан таньж, тухайн тавьсан зорилгодоо хүрэхээр тэмүүлж буй үйлдлийг амжилттай давахад нь тохирсон туслалцааг үзүүлж байснаар энэ үе шатны хөгжил амжилттай явагдаж дуусна. Хүүхдийн ажлыг бүтээмжийг хэрээс хэтэрсэн түвшнээр хэмжих, үр дүнгийн шатыг хэт өндөрт тогтоож өгөх нь аюултай. Хүүхэд өөрийн чадварт сэтгэл дундуур үлдэж, цаашлаад өөрийгөө бусдаас дор, үнэ цэнэгүй амьтан юм гэсэн сөрөг бодлыг тээж эхэлдэг.
5-р үе - Бие хүн болон төлөвших эсвэл сарнин алга болох үе \ 12-20 нас\
Өсвөр нас бол хамгийн эмзэг үе. Энэ үеэс хүүхэд бие хүн болон төлөвшдөг. Бэлгийн чиг баримжаа болон ирээдүйн амьдралдаа ямар дүр бүтээх бол гэдэгтээ эргэлзэж, зүгээ олохгүй төөрч будилах нь элбэг. Энэ үед шийдвэр гаргахад нь туслах, гэр болон сургууль дээр болж буй үйл ажиллагаануудад идэвхитэйгээр татан оролцуулах, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад нь туслах, ур чадвараа нэмэгдүүлэхэд нь найдвартай түшиг болж чадвал хүүхэд энэ үе шатны хөгжлийг амжилттайгаар даван туулдаг. Тухайн хүүхдийн хувьд чухал санагдсан асуултанд нь хариулахгүй байх, өдөр тутмын үйл ажиллагаануудад босс маягаар хандаж, эрх мэдлийн илүүгээр сүрдүүлгэн айлгах зэргээр харьцаад байвал бэлгийн чиг баримжаа болон зан төрхийн хувьд эргэлзээнээсээ салж чадахгүй байсаар доголдолтой нэгэн болж хүмүүжинэ.
6-р үе - Бусадтай ойртох эсвэл өөрийгөө бусдаас тусгаарлах шат \ 18-25 нас\
Энэ үе шатанд ажлын болон бусад холбоогоор холбогдсон хүмүүстэй ойр дотно харилцаа үүсгэх эсвэл ганцаардан холдох сэтгэл зүйн төлөв байдал хөгжиж эхэлдэг. Тиймээс залуу хүнийг ажил мэргэжлийн тал дээр зорилгоо зөв тодорхойлох болон хувийн харилцааг амжилттай эхлүүлэхэд нь тусалж, дэмжиж, зөвлөснөөр хөгжлийн энэ шатыг үр дүнтэйгээр даван туулна гэсэн үг. Эсрэгээр хайр дурлалын асуудлыг нь үл хайхран, тэнэг романс хэмээн шоолж гомдоон ажил, албан тушаалын сонголтыг нь буруушаан шоглож харьцаад байвал хүн найз нөхөд, ажил мэргэжил, нийгмийн амьдралаас аажим аажмаар холдон одох, бусдаас тусгаарлагдмал, ганцаардмал нэгэн болж хувирдаг.
7-р үе - Амьдралын идэвхитэй эсвэл идэвхигүй нэгэн болох шат \ 21-45 нас\
Хөгжлийн энэ шатанд хүн гэр бүлтэй болохоос гадна амьдралд бүтээлчээр хандаж, нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулах эсвэл бусадтай харьцах нь бараг үгүй, дотогш аниргүй алсарсаар алга болно.
Тухайн хүний хариуцлагыг зөв таних, хариуцлагаа үүрч явах үед нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, амжилттай хэрэгжүүлэлт бүрд нь баяр хүргэж урамшуулах нь хөгжлийн энэ шатыг амжилттай давах түлхүүр болно. Ажил болоод хувийн амьдралдаа удаа дараа бүтэлгүйтэх, нийгэмд эзлэх байр суурьгүй байх зэрэг нь хүнийг нийгмээс дайжиж зугтаахад хүргэдэг.
8-р үе - Сэтгэл бүтэн байх эсвэл горьдлого тасарсан цөхрөлийн шат \ 45 наснаас үхэх хүртэл\
Хүн амьдралаа дахин эргэн хардаг үе. Амьдралынх нь утга учир юунд байв, санасан бүхнээ хийж чадсан эсэх, дараагийн үе удамдаа юу хийж бүтээж өгөв зэрэг асуултуудыг өөртөө тавьж, хариулт хангалтгүй санагдвал амьдарсандаа сэтгэл хангалуун бус байх, өөрийгөө оршин байсныг үгүйсгэх, үхлээс айх зэрэг сөрөг мэдрэмжүүд төрдөг.
Тухайн хүний амьдралыг өөр өнцгөөс харж, эерэг талуудыг нь товойлгон гаргаж өгснөөр хөгжлийн энэ шатыг дэмжих боломжтой. Амьдрал зорилгогүй, утгагүй мэт санагдаад ирэхээр хүн цөхрөлд ордог.

Эдгээр сэтгэц нийгмийн хөгжлийн 8 үе шатын аль нэгийг эсвэл хэд хэдийг нь амжилтгүй өнгөрөөснөөр хүн сэтгэц нийгмийн хувьд өвчилж эхэлдэг байна.
Бусдад эгзэгтэй үед нь халуун сэтгэлээр харамгүй тусалж, дэмжиж байгаасай гэсэн үүднээс энэхүү бичлэгийг орууллаа.