Monday, February 6, 2017

Элэгний хавдар



Элэгний хавдар
Элэгний хавдрыг 4 үе шатанд хувааж ангилдаг.
1 үе шат- хавдар 2 см-ээс бага хэмжээтэй, үүдэн венийн даралт нэмэгдээгүй. Билирубины хэмжээ хэвийн. Энэ үед мэс заслын эмчилгээг хийх хэрэгтэй.
2 үе шат- Хавдар 5 см-ээс бага хэмжээтэй, элэгний үйл ажиллагаа алдагдсан эсвэл алдагдаагүй байж болно. Энэ үед мэс заслаар хавдартай хэсгийг тайрах эсвэл элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ.
3 үе шат- Хавдар 5см-ээс том хэмжээтэй эсвэл хэд хэдэн голомт байна. Энэ үед хавдрыг тэжээгч судсыг бөглөх ажилбар хийнэ.
4 үе шат- Хавдар 5 см-ээс том хэмжээтэй, холын эрхтнүүд буюу уушиг, яс, тархи бөөр зэрэгт үсэрхийлсэн байна. Энэ үед шинж тэмдгийн буюу зовиур бууруулах эмчилгээ хийнэ.
Тавилан
1-2 үе шатанд оношлогдвол 5 жил амьдрах нь 31%-тай байдаг. 3 үе шатанд оношлогдвол 5 жил амьдрах нь 11% байна. 4 үе шатанд оношлогдвол 5 жил амьдрах нь 3% байдаг.

Эмчилгээ
1-жил амьдрах
3-жил амьдрах
5-жил амьдрах
Эмчилгээ хийхгүй байх эсвэл хими эмчилгээ хийх
13%
3%
0%
Хавдрыг тэжээгч судсыг бөглөх
55%
26%
13%
Хавдартай хэсгийг тайрч авах мэс засал
72%
58%
58%
Элэг шилжүүлэн суулгах
81%
74%
74%

Thursday, June 23, 2016

TLS- Mechanism of injury- Гэмтлийн механизм



                     Гэмтлийн механизм

Энерги шилжсэнээс болж гэмтэл үүсдэг. Кинетик энерги нь жинг хурдын квадратаар үржүүлээд 2-т хуваасаны нийлбэр юм. Энэ нь гэмтэл гарсан газар очоод тоо бод гэсэн үг биш юм. Харин бага энергийн осол уу эсвэл өндөр энергийн осол уу гэдгийг л ялга гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл жингээс илүүтэй хурд гэмтлийн зэрэгт нөлөөлнө. Хурд бага зэрэг нэмэгдэхэд шилжиж буй энерги маш их болдог. Гэмтлийн механизмыг мэдсэнээр үзлэг хийхэд хялбар болоод зогсохгүй битүү гэмтлийг илрүүлэхэд тустай. Өндөр энергийн осолд орсон хүн маш хүнд гэмтэл авсан байдаг. Заримдаа гэмтэл нь сүүлд илэрдэг. Тиймээс өвчтнийг маш хянуур үзэх хэрэгтэй.

                       Гэмтлийн механизм ба үүсэх эмгэгүүд

          Гэмтлийн механизм
                Үүсэх эмгэг
Урдаас хүч үйлчилсэн үед:

-          Машины жолоо эвдэрсэн
-          Машины урд хананд өвдөгний мөр ором гарсан
-          Машины урд шил аалзны тор мэтээр цуурсан
·         Хүзүүний нугалмын хугарал
·         Хавирганууд хугарах
·         Зүрхний битүү гэмтэл
·         Пневмоторакс
·         Гол судас урагдах
·         Элэг дэлүү няцарч урагдах
·         Түнх ар тийш мултрах
·         Өвдөгний мултрал
Хажуунаас хүч үйлчилсэн үед (Т хэлбэр)
·         Хүзүү эсрэг тал руу хазайж гоёодох
·         Хүзүүний нугалмын хугарал
·         Цээжний гадна талд хавирганууд хугарах
·         Пневмоторакс
·         Гол судас урагдах
·         Өрц урагдах
·         Элэг, дэлүү, бөөр няцрах
·         Аарцагны хугарал

Ар талаас хүч үйлчилсэн үед
·         Хүзүүний нугалмын гэмтэл
Дэлбэрэлт
·         Бүх төрлийн гэмтэл болон нас барах эрсдэл нэмэгдэнэ
Явган зорчигч ба машин
·         Толгойн гэмтэл
·         Гол судас урагдах
·         Хэвлийн дотор эрхтний гэмтэл
·         Доод мөч болон аарцагны хугарал
Гэмтлийн механизм ерөнхий байна уу хэсэг газрынх уу гэдгийг эхлээд тогтоох нь маш чухал ач холбогдолтой. Жишээлбэл: ерөнхий гэдэгт өндрөөс унах болон автомашины осол орно. Хэсэг газрын гэдэгт биеийн тодорхой нэг хэсгийг хамарсан гэмтэл буюу хэвлийдээ хутгалуулах, хөлөө тастуулах гэх мэт багтана. Ерөнхий үед бүх биеийг хамруулан гэмтлийн товч үзлэгийг хийх шаардлагатай болдог бол хэсэг газрын гэмтлийн үед зөвхөн тухайн гэмтсэн хэсэгт л үзлэг хийхэд хангалттай. Гэмтлийн чиглэл, хурд, өвчтний жин, кинетик (хийж байсан хөдөлгөөн), энерги гарсан шинж тэмдэг (том машины ослын үед) зэргийг бодолцож үзэх хэрэгтэй. Машины хурдаас гэмтлийн зэрэг шууд шалтгаална. Өндөр хурдтай байх тусмаа л хүнд гэмтэл үүснэ. Машинд гарсан эвдрэлээс хүнд учруулсан гэмтлийн зэргийг багцаалж болно. Ослын газар ирээд хамгийн түрүүнд хариулт хайх чухал 2 асуулт бол юу болов? Яаж гэмтэв? Өвчтнүүдэд ангилал хийх хамгийн чухал хэрэгсэл бол гэмтлийн механизм юм. Яаралтай тусламжын эмч болон гэмтлийн мэс засалч нарт гэмтлийн механизмыг хэлж өгөх шаардлагатай. Гэмтлийн физиологийн бус шинж тэмдэг нь машинд гарсан гэмтэл юм. Тиймээс ослын газарт машины зургыг хэдэн талаас нь аваад яаралтай тусламжын эмчид үзүүлэхэд хэр их хүчээр өвчтнийг гэмтээсэн болох нь харагддаг. Эмнэлэгт очиж нарийн шинжилгээгээр гэмтлийн зэрэг батлагдах хүртэл өвчтөнд хүнд гэмтэл учирсан гэж бодож хандах хэрэгтэй.

Хөдөлгөөнт гэмтлийн механизм

Хөдөлгөөнт гэмтэл нь дэлхий даяар хамгийн их үхэл өндөртэй гэмтэлд тооцогддог. Энерги үүсдэггүй алга болдоггүй зөвхөн хэлбэрээ өөрчилж шилждэг гэдгийг ойлгох нь маш чухал юм. Хөдөлгөөний кинетик энерги нь шингээгддэг. Шингээгдсэн энерги маань гэмтэл үүсгэх үндсэн хүчин зүйл болдог. Хөдөлгөөнт гэмтлийг механизмаар нь битүү болон нэвтэрсэн гэмтэл гэж хоёр ангилна.

Машины осол

Машины ослын үед машин, бие махбод, эрхтэн гэсэн дарааллаар 3 мөргөлдөөн болдог. Жишээлбэл 64 км/цагийн хурдтай явж байсан машин мод мөргөөд зогслоо гэж бодъё. Мод машин 2 эхлээд гэмтэнэ. Дотор нь сууж явсан хүн мөн дээрх хурдаар өмнөх жолоо, машины хяналтын самбар, машины шил зэргийг мөргөж зогсоно. Энэ үед шилжсэн энерги хүнийг болон хүн хүрэлцсэн гадаргууг гэмтээнэ. Дараа нь дотор эрхтнүүд мөн дээрх хурдаар урагш саадыг цохиж зогсоно. Үүнд: гавлын яс, өвчүү яс, холбоосууд гэх мэт эрхтний хөдөлгөөнийг зогсоодог. Ийм учраас олон эрхтний гэмтэл үүсдэг байна. Тэгэхээр ослын газарт ирээд машины гадна эвдрэл, машины доторх эвдрэл, өвчтний гэмтлийг сайтар ажиглаж үнэлгээ хийх нь чухал юм. Үүнээс гадна хоёрдогчоор мөргөлдөөн үүсдэг. Энэ нь машин дотор байсан эд зүйлс эсвэл хүн машины хурдаар нисч очоод өөр нэг эд зүйл эсвэл хүнийг гэмтээдэг. Жишээ нь суудлын бүсээ зүүгээгүй хүүхдээ өвөр дээрээ авч явсан ээж осолд орлоо гэхэд хоёрдогч мөргөлдөөнөөр хүүхдээ бэртээдэг.

Зорчигч, жолоочийн даруулга

Гуяны даруулга нь хэвлийгээр бус аарцагны ясан дээгүүр дарж өгсөн байх ёстой. Хэрвээ бүсээ зөв бүсэлсэн бол урдаас ирсэн ослын үеэр жолоочын бие эвхдэг хутга шиг байрлалд ороод урагш жолоогоо очиж мөргөснөөс бол нүүр, толгой, хүзүү гэмтэнэ. Хэрвээ бүсээ буруу бүсэлсэн бол хэвлийн дотор эрхтнүүд давтах гэмтэх эрсдэлтэй. Мөн гэнэт хүчтэй бүсэлхийгээр нугалах хөдөлгөөн хийж байгаа учраас бүсэлхий нурууны гэмтэл тохиолдож болно. Цээж гуяыг оролцуулсан босоо бүс нь хүнийг илүү найдвартай хамгаална. Цээж аарцагыг оролцуулан хөдөлгөөнийг нь хязгаарлагддаг учраас энэ төрлийн бүстэй хүнд аминд халтай гэмтэл учрахгүй гэж ойлгож болно. Толгойг даруулдаггүй учраас хүзүүний нугалам хугарах, мултрах, нугас гэмтэх эрсдэлтэй. Үүнээс гадна даруулга явж өнгөрсөн хэсгээр эгэмний яс хугарах нь олонтоо тохиолдоно. Нэмээд цээжний хэнхэрцэг яс гэмтэж болно. Бие доторх хурдтай огцом хөдөлгөөний дүнд дотор эрхтэнд битүү гэмтэл учрахыг үгүйсгэхгүй. Машин осолдоход агаараар дүүргэсэн уут гарч ирдэг. Энэ нь мөн хүнд гэмтэл учрахаас сэргийлдэг. Ингэснээр нүүр, хүзүү, цээжний гэмтлийн тохиолдлын тоо буурна. Гэхдээ бүрэн үзлэг хийж дуусахаас нааш хүзүүг хөдөлгөөнгүй барьж байх хэрэгтэй. Агаараар дүүргэсэн уут нь зөвхөн нэг хүчнээс л хамгаална. Хэрвээ машинуудын дараалсан мөргөлдөөн болвол гэмтэнэ. Агаараар дүүргэсэн уут гарч ирдэг тохиргоотой байсан ч гэлээ заавал гуя цээжийг оролцуулсан суудлын бүсийг бүсэлж байх шаардлагатай. Агаартай уут доод мөчдийн гэмтлээс сэргийлж чадахгүй учраас хөл, аарцаг, хэвлийн дотор эрхтний гэмтэл учирдаг. Ослын дараахан гэмтээгүй мэт харагдаж байгаа жолооч сүүлд дотор эрхтний битүү гэмтлээс болж шаналдаг. Дотор эрхтний гэмтлийг жолоо хэр зэрэг эвдэрсэнээр баримжаална. Агаартай уутыг сөхөж жолооны хүрдний гэмтлийг заавал харж зургийг нь авч баримтжуулаарай.
Ослын газарт очоод цаг хожихын тулд өвчтний нас, орчны байдал, үүсч болох гэмтлүүд, хавсарсан өвчин эмгэгтэй эсэх, цус шингэлэх эм уудаг эсэхийг хамгийн түрүүнд мэдсэнээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой болно.

Явган зорчигч машинд дайруулж гэмтэх
Машинд дайруулсан явган зорчигч яс хугарах, дотор эрхтний битүү гэмтэл авах өндөр эрсдэлтэй. Их энергийн шилжилт бүхий гэмтэлд тооцогддог. Хүнтэй харьцуулахад машины жин хэдэн зуу дахин илүү учраас хурд удаантай явсан ч явган зорчигчид хүн гэмтэл учруулна гэж үздэг. Хэрвээ өндөр хурдтай яваад хүн дайрсан бол дайрагдсан хүн амиа алдах аюултай. 2 механизмаар гэмтдэг. Эхлээд машин хүнийг мөргөнө, машины хурдаар тухайн хүн газар юмуу өөр юм луу цохиж унана. Хохирогчийн өндрөөс шалтгаалаад үүсэх гэмтэл өөр өөр байна. Том хүн ихэвчлэн өвдөгний үеэр хугарах, 2 хөл хугарч машины хамар луу шидэгдээд эргээд газар унадаг. Ингэхэд доод мөчдийн хугарал, дотор эрхтний гэмтэл, тархины гэмтэл авна. Хүүхэд аарцаг эсвэл цээжээрээ эхэлж гэмтээд дараа нь толгойгоороо газар шааж унадаг. Явган зорчигч машинд дайрууллаа гэсэн дуудлага авсан бол ясны хугарал, дотор эрхтний битүү гэмтэл, тархины гэмтэл хүлээж байгаа гэж ойлгоод бэлтгэлээ хангах шаардлагатай.

Өндрөөс унах
Унахад үүсэх гэмтэл нь 3 хүчин зүйлээс шалтгаална. Үүнд:
1. Унаж буй өндөр
2. Биеийн аль хэсгээр газардсан
3. Унасан гадаргуугийн байдал тус тус нөлөөлнө.

Том хүмүүс болон 5 наснаас бага хүүхдүүд орон сууцнаас унаж гэмтэх нь элбэг. Хүүхдүүд ихэвчлэн хамгийн жин ихтэй хэсэг болох толгойгоороо газар шааж унадаг. Томчууд хоёр хөл дээрээ газардаад бөгсөөрөө суун тусаад гараа гадагш алдалж унадаг. Энэ үед хөл, тавхайн яс хугарах, аарцаг гэмтэх, бүсэлхий хүзүүний нугаламд дарагдлын хугарал үүсэх, босоо уруудах хүч дотор эрхтнүүдийг гэмтээх, бугуйд Колле хугарал үүсч болно. Унаж буй өндөр дээшээ байх тусмаа л хүнд гэмтэл авна. Бетон шалан дээр унах элсэн дээр унах, шалан дээр унах шатан дээр унах мөн өөр өөр нөлөөтэй. Тийм учраас өндрийн хэмжээ, унасан гадаргуугийн шинж чанараас эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэл гарч ирнэ гэсэн үг юм. Настай хүмүүс алхаж яваад унахад түнх, аарцагны яс хугарах эрсдэлтэйг мартаж болохгүй. Өвдөлтийг намдаах арга хэмжээ авах нь маш чухал юм.

Нэвтэрсэн гэмтэл
Цахилгаан хөрөөнөөс авхуулаад зүлэг тэгшлэгч хүртэл гэмтэл учруулж болно. Хамгийн элбэг тохиолддог нь хутга, бууны шарх юм. Хутганы шархнаас үүсэх гэмтлийн зэрэг нь биеийн аль хэсгийг хамарсан, хутганы ирний урт, хутгалсан өнцгөөс шалтгаална. Хутгалах нь бага энергитэй гэмтэлд хамаарагдах бөгөөд хутганы ирээр шууд гэмтэл үүсдэг. Сумаар харвах нь хутганаас илүү гүн шарх үүсгэдэг. Учир нь хутгатай харьцуулахад хурд, энерги хамаагүй өндөр байдаг. Зоогдсон зүйлийг зөвхөн эмнэлэгт очсон үед л авна эмнэлэг хүртэл тэр чигт нь тогтворжуулж авч явах ёстой гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн хацарт зоогдсон зүйл болон агаар дамжуулах замыг бөглөсөн зүйлийг л осол болсон газар салгаж авна. Бууны шархны хувьд ямар буугаар буудсан, сум нь ямар хэмжээтэй вэ, хэр холоос буудсан бэ зэргийг мэдэх нь гэмтлийн үнэлгээнд тустай. Гэхдээ зэвсгийг бус хүнийг нь эмчлэх гэж байгаагаа бүү мартаарай. ( бүү хэтрүүл)
Тэсэрч дэлбэрсэн ослын үеэр уушиг хамгийн түрүүнд гэмтдэг.

Дүгнэлт
Нэг дор олон ажил амжуулах шаардлагатай болдог учраас багаар ажиллаж сурсан байх нь маш чухал. Үүнээс гадна өөрийгөө болоод өвчтөнөө аюулд оруулахгүйн тулд эхлээд орчны байдлыг судалж, аюултай эсэхэд нь үнэлгээ хийнэ. Дараа нь нийт хэдэн өвчтөнд тусламж үзүүлэх шаардлагатай байгааг тооцоолно. Үүний үндсэн дээр нэмэлт хүч, машин дуудах эсэхээ шийднэ.
Ингээд ослын газарт очиж, гэмтлийн механизмыг тодруулна. Гэмтлийн механизм дээр юу болов, ямар төрлийн энергийн шилжилт явагдав, хэр их энергийн шилжилт болсон, биеийн аль хэсгийг хамарсан бэ гэдгийг тодруулна. Олсон мэдээллээ баримтжуулах цаг байхгүй бол дараагийн тусламж үзүүлэх хүнд амаар мэдээллийг дамжуулна.

Wednesday, May 25, 2016

Найз



Найз гэдэг хүнийг ойлгох гэж битгий хичээ. Бодох ч хэрэггүй. Найзууд үргэлж сайн сайхан байх албагүй. Насаараа хайрлаж явсан анд чинь хэзээ нэг өдөр чиний элэг рүү өшигчөнө. Харин дандаа болох бүтэхгүй юм хийж, чамайг элэгдэж явсан тэр нөхөр хэзээ нэг өдөр аминд чинь орно. Нийгмийн шаар гэж бодож явсан хүнтэйгээ анд болох тохиол байхад амин хайрт найз минь гэж итгэж явсан андаа нэг нүдээрээ ч харах сонирхолгүй болж холдох нь бий.  Найзууд орон зайн хувьд ойр байх тусмаа улам дотносох агаад ямар нэгэн нөлөөллөөр орон зай нь холдоход дотносол нь алсарч одно. Найзаараа заавал өрөвдүүлэх албагүй. Зовлонгоо ярих, тусламж нэхэх, жаргалаа хуваах, зовлонгоос нь үүрэлцэхийг хүсэх, за тэгээд хэт хүлээлт үүсгэчихсэн үедээ хонзон санан өсөрхөх ч шаардлагагүй. Тийм ёс ч байхгүй. Түүнд чинь тусгайлан бэлтгэгдсэн хүнийг хань гэж нэрлэдэг юм. Харин найз гэдэг бол би чиний найз шүү гэдгээ сануулчихдаг, үе үе уулзаж, ярилцаж, хамтдаа тэнэгтэж, хоорондоо сайдаж, муудаж  явах чадалтай хүнийг хэлнэ. Заавал нэг тийм төгс харилцааг найзаасаа хүсч яах гээд байгаа юм бэ? Төгс найз байтугай төгс хань төгс чи гэж байхгүй. Сэрүүн зүүднээсээ сэрж үз. Зүгээр л өөрийгөө болоод найзыгаа тайван байлгаад, дураараа сайхан амьдарцгаа. Аандаа амьдрал ах бүгдийг ойлгуулаад өгөмз. Ойлгохгүй байгаад л байвал өөрийгөө хүүхдээрээ сайхан явнаа л гэж ойлгох хэрэгтэй. Түүнд бас давуу тал бий хихи.