Thursday, April 16, 2020

Ковид 19 халдварын үед эмнэлэгт хийгдэх хөдөлгөөн засал эмчилгээний удирдамж




 Physiotherapy Management for COVID-19 in the Acute Hospital Setting:
Recommendations to guide clinical practice

Ковид 19 халдварын үед эмнэлэгт хийгдэх хөдөлгөөн засал эмчилгээний удирдамж



Энэхүү удирдамжийг ДЭМБ-ээс 2020 оны 3 сарын 23-нд гаргасан болно.



САРС-КоВ 2 вирус нь шинж тэмдэг илрэхээс өмнөх буюу халдвар авснаас хойших 2-10 хоногт хүнээс хүнд амьсгалын замаас ялгаруулсан шүүрлээр дамжин халдварлана. Халдвартай хүн ханиах, найтаах, нусаа нийх үед вирус агуулсан шүүрлийн томоохон дуслууд 2 метрийн доторх зайнд тархана. Энэхүү вирус нь хатуу гадаргуу дээр 24 цаг хүртэл, зөөлөн гадаргуу дээр 8 цаг хүртэл амьдрах чадвартай. Халдвар нэг хүнээс нөгөөд, халдвартай гадаргууд хүрэлцсэн гараар гар барих үед дамжих бөгөөд гар барьсаны дараа ам, хамар, нүдэнд хүрэх үед салст бүрхүүлээр дамжин биед орно. Агаар дуслын замаар гэдэг нь халдвартай хүн ханиаж найтаах үед ялгарах вирус бүхий шүүрэл нь агаарт 3 цаг орчим хадгалагдах бөгөөд энэ агаараар амьсгалсан хүнд амьсгалын замаар дамжин биед орно. Эсвэл агаарт дэгдсэн вирус нь шүүрлийн хамтаар эрүүл хүний нүдэнд бууж ирэх үед нүдний салст бүрхүүлээр дамжин биед орж өвчлүүлнэ.

 Халдварын шинж тэмдэг илрэх үед халуурах – 89%, ханиалгах- 68%, ядарч сульдах- 38%, цэр гарах -34%, амьсгаадах-19% зовиурууд тус тус илэрдэг.

Өвчний хүрээ нь шинж тэмдэггүй халдвар, амьсгалын дээд замын үрэвсэл, хүнд хэлбэрийн вирусын гаралтай уушигны хатгалгаа, амьсгалын дутагдал, үхлийг хамарна. Одоогоор бүртгэгдсэн тохиолдлуудын 80% нь шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрийн халдвар, 15% нь хүчилтөрөгч шаардсан хүнд хэлбэр, 5% нь эрчимт эмчилгээний өрөөнд эмчлүүлж, амьсгалын аппарат болон бусад дэмжих хэрэгслүүдийг хэрэглэх шаардлагатай гэсэн байна. Дүрсийн оношилгооны аргуудаас рентген зураг нь ач холбогдол багатай. Уушигны КТ, уушигны хэт авиан шинжилгээ нь илүү тустай. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч хүмүүсийн 42%-д хүчилтөрөгч нэмэлтээр өгөх шаардлага тулгарч байна. Эрсдэлтэй бүлэгт настай хүмүүс, эрчүүд, нэгээс дээш хавсарсан архаг хууч өвчинтэй хүмүүс, халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүс, лимфоцитопенитэй хүмүүс орж байна.

 Зүрх судас, амьсгалын хөдөлгөөн засал эмчилгээ нь цочмог өвчнөөс илаарших явцыг хурдасгахад тусалдаг. Цэртэй ханиалга нь тус өвчний үед 34%-д тохиолддог. Өөрөө цэрээ гадагшлуулж чадахгүй өвчтнүүдэд хөдөлгөөн засалчийн тусламж шаардлагатай. Цэр гадагшуулах техникээс эхлээд өвчтний бие хүчилтөрөгчөөр хангагдах тохиромжтой байрлалд оруулах (доош харж хэвтүүлэх), үл ашиглах хам шинж үүсэхээс сэргийлэхийн тулд эрчимт эмчилгээний өрөөнд орны дэргэд үений далайцын дасгал өгөх гэх мэт үйл ажиллагааны эргэшгүй өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, эдгэрэх шатанд аль болох хурдан хугацаанд өдөр тутмын үйл ажиллагааг бусдаас хараат бусаар гүйцэтгэхэд нь хөтлөх, дэмжих тусламжийг үзүүлэхийн тулд дэлхийн хөдөлгөөн засалч нар эрчимт эмчилгээний багтай хамтран ажиллаж байна. Монгол улсад шаардлагатай тохиолдолд дээрх удирдамжийн дагуу сэргээн засах баг эмч нартай хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Удирдамжийг товчлон орчуулсан сэргээн засахын эмч Б.Золзаяа